Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 214/МА2021/00011

 

 

Булган аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй З.*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.*******т холбогдох,

Хохирол 1.618.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Булган аймгийн Музейн дарга ажилтай Цагаан овогтой *******ыг Булган аймгийн Засаг дарга асан З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Ц.******* эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Засаг дарга З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №317 дугаартай Шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Замбал овогт Цагааны *******ыг Аймгийн музейн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гомдлыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №15 дугаартай магадлалаар хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Ц.*******ыг нь Булган аймгийн Музейн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагч болох Булган аймгийн Музейгээс гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинг буцаан олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрээр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1.618.677 төгрөгийг төсвөөс гарган олгож, Ц.*******ы Хаан банкны ******** тоот данс руу Булган аймгийн Музейн 100040035010 дугаартай дансаар дамжуулан 1.618.677 төгрөгийг хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Ц.******* нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болох 1.564.684 төгрөгийг гарган төлүүлэхээр заасан байх ба Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед төрөөс гарсан дараах мөнгө болох 1.618.677 /нэг сая зургаан зуун арван найман мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан иргэн З.*******оос гаргуулж, тус аймгийн Булган Музейн 100040035010 дугаарын дансанд оруулж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******т Булган аймгийн Санхүүгийн хяналт аудитын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу төр, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Уг хүсэлтэд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.******* тухайн үед Булган аймгийн Музейн захирлаар ажиллаж байсан Т.*******ыг ажлаас үндэслэлгүй халсан байна. Уг нөхөн олговор болох 1.618.677 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь хариуцагч З.*******ийн ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч Т.******* 2018 онд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 сарын 12-ны өдөр хэлэлцээд 317 дугаартай шийдвэрээр 1.618.677 төгрөгийн нөхөн олговор олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч уг шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тийм учраас төрд учирсан хохирол болох 1.618.677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Булган аймгийн Музейн дансанд шилжүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Прокурорын газраас гаргасан 1.618.677 төгрөг гаргуулж, Булган аймгийн Музейн ******** дансанд оруулах агуулгатай шаардлага бүхий нэхэмжлэлийг миний бие эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.Прокурорын нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

Булган аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэж “Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн 2021 оны 4 сарын 01-ний өдрийн 26 дугаар албан бичигт / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу манай байгууллагыг төлөөлж зохигчийн төлөөлөгчөөр оролцож өгнө үү” гэжээ.

Тэгэхээр энэ албан бичиг, прокурорын нэхэмжлэл, доод шатны прокурорт олгосон итгэмжлэл /албан бичиг/ зэрэгт дурдсан үндэслэл, тайлбараас үзэхэд аймгийн Прокурорын газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байна уу, эсхүл төрийг төлөөлж өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна уу гэдэг нь зөрчилтэй байгааг шүүх юуны өмнө анхаарч үзэхийг хүсье.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “... хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаас үзвэл Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах /аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт ацдитын алба биш/. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаас үзвэл аймгийн Музей нэхэмжлэл гаргах, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учирсан хохирлын төлөлтөд хяналт тавьж, ... төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл ажилтны ажилгүй байсан хугацаанд харгалзах цалинг хохирол гэж үзвэл хэнд учирсан, ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан зэргээс хамаараад шаардах эрх нь өөр өөр этгээдэд байхаар хуулиудад нарийвчлан зохицуулсан байна.

Гэтэл прокурорын байгууллага нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллын хүсэлтээр, ... иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана" гэж ерөнхий зохицуулалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхзүүгийн хяналт аудитын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан төрийн аудитын байгууллага биш.

2.Төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэх асуудалд

Прокурор нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргах үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн заалтад холбогдуулжээ.

Эдгээр хуулийн заалтаар “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх”-д /шийдвэр гаргасан этгээд нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан, б/ гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхээр тогтоогдсон байх, в/ гэм хорыг арилгасан байгууллага хохирлыг шаардах нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай.

Харин миний хувьд, Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар аймгийн Музейн дарга Ц.*******ыг ажлаас нь чөлөөлж байсан.

Ингэхдээ түүний ажлыг шалгасан ажлын хэсгийн илтгэх хуудас болон түүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс судалж танилцуулсан хууль зүйн үндэслэлийг баримталж, шийдвэр гаргасан /энэ талаар захирамжийн хяналтын дагалдах хуудас нотолно/ учраас шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргаж гэм хор учруулсан гэж үзэхгүй байна.

Аймгийн Засаг даргын хувиар гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжид Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон нь буруу, Ц.*******д холбогдох зөрчил нь 40.1.2-т хамаарна гэж анх ба давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл Ц.*******ы гаргасан зөрчилд үл тохирох хуулийн заалтыг захирамжид  удирдлага болгосон нь надаас шууд шалтгаалах буюу шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл биш юм. Яагаад гэвэл музейн даргын ажлыг шалгасан ажлын хэсгийн илрүүлсэн зөрчилд тохирох хуулийг зүйл заалтыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, мэргэжилтэн судлан боловсруулж, захирамжийн төсөл боловсруулдаг журамтай. Мөн уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэгт заасныг анхаарна уу.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.*******ы гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай  магадлалаар тус тус шийдвэрлэхдээ Булган аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, хууль бус эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, гагцхүү Ц.*******ыг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан.

3. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1-д "... 1.584.684 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай” гэсэн байтал нэхэмжлэлд “1.618.677 төгрөг” гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 1.584.684 төгрөг гаргуулах”-аар заасан бол прокурор “аймгийн Музейн дансанд оруулах”-ыг шаардсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.*******ы ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 1.564.684 төгрөгийг аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар аймгийн  Музейн төсвөөс олгосон болох нь тус музейн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт гэхдээ үнийн дүнг захирамжаас зөрүүтэй бичсэнээр нотлогдоно.

Ц.*******д дээрх байдлаар олгосон цалинг прокурор төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн музейн алиных нь төсвийн, ямар зардлаар гарсан болох, тэдгээр байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэхийг тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй ба Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаас төсвийн байгууллагын зарлагын гүйлгээг холбогдох зориулалт, эдийн засгийн ангиллаар, байгууллагын баталгааг гарын үсгээр шилжүүлдэг.

Хоёр шатны шүүхийн шийдвэр, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаартай захирамжийн дагуу Ц.*******д олгосон 1.564.684 төгрөг бол аймгийн музейн төсөвт нэгэнт батлагдсан мөнгө байсан учраас төсвийн шууд захирагч нь түүний дагуу зарцуулсан гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх, нэмэлт зардал гаргах, өр авлага үүсгэх зэргээр төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй байна.

Мөн үүнийг төрд учирсан хохирол гэж үзэж буй бол татварын хэлтсийн, эсхүл орон нутгийн холбогдох Төрийн сангийн дансанд шилжүүлэх ёстой байтал “аймгийн музейн дансанд олгох” гэж дурдсан нь “төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх” эрх, зарчимд нийцээгүй үйлдэл болжээ гэж үзэж байна.

Иймд Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл гаргасныг, гаргасан нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч З.*******оос гэм хорын хохиролд 1.564.684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Музейд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.993 /тавин гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.984 /гучин есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргав.

Анхан шатны шүүхээс, дээрх хэргийг шийдвэрлэхдээ "... Прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжпэл гаргасныг буруутгах боломжгүй, ... Засаг дарга үндэслэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэхчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэлийн зарим хэсэгт л дүгнэлт хийж. /заримд нь эрх зүйн дүгнэлт, тайлбар өгөөгүй/, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, З.*******оос 1.564.684 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Музейд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба хариуцагчийн татгалзлын үндэслэл тус бүрт хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт хийсэн "... Ц.*******ы ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна”, “... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1.564.684 төгрөгийг гаргуулан ... Булган аймгийн Музейд олгох нь зүйтэй” гэх хууль зүйн агуулгын зөрчилтэй дүгнэлтийг, мөн шийдвэрт дурдсан “Засаг даргын дэргэдэх ажлын албыг буруутай гэж үзэх боломжгүй, Засаг дарга гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээнэ, ... төрд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэх эрх зүйн дүгнэлттэй харьцуулж авч үзвэл, аймгийн Прокурорын газар нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн учраас нэхэмжпэл гаргасан уу, эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан уу гэдгийг тодруулж, дүгнээгүй; Булган аймгийн Музейг төр/төрийн байгууллага гэж үзсэн үндэслэлээ илэрхийлээгүй; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дүн /төрд буцаан олговол зохих/ хэд болохыг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо ... буруутай этгээдээс нэхэмжлэх” зарчмыг тусгасан бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Ц.*******д олгосон олговор нь Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, эсхүл Булган аймгийн Музейн алинд нь учирсан хохирол болохыг нэхэмжлэгч баримтаар хангалттай нотлоогүйгээс гадна сургуулийг захиргааны байгууллага гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь ч эргэлзээтэй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс “.. нөхөн олговрыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж үндэслэлгүй шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан” гэж, хариуцагчаас “төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй, хохирол учраагүй” гэж тус тус маргаж байхад аймгийн Музей гэх төсвийн байгууллагыг захиргааны байгууллага гэж эрх зүйн хэм хэмжээг тайлбарлахгүйгээр шууд дүгнэснээс гадна төрд учирсан хохирлыг Төрийн сан, эсхүл аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дансанд бус дурын төсвийн байгууллагын дансанд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, аль төрийн байгууллагад хохирол учирсныг нотлоогүй болохын илрэл юм.

Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны байгууллага”, Төсвийн тухай хуульд заасан “төсвийн байгууллага” гэх ойлголтууд нь агуулга ба зохицуулалтын хувьд ялгаатай бөгөөд ерөнхий боловсролын сургууль нь энэ харилцаанд захиргааны байгууллага болохгүй.

Прокурорын газар нь нэхэмжпэл гаргах, улмаар төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорын ажиллагаа нь Прокурорын тухай хуульд заасны дагуу үүсч болох ч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийг төлөөлөх харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1,35.2, 36.2-т заасан шаардлагын дагуу итгэмжпэлээр үүсэх учиртай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг “томилолт”-оор оролцуулж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байгааг ч дурдах нь зүйтэй болов уу.

Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд хариуцагчаас “Иргэний хуулийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103.3-д заасан шийдвэр гаргасан албан тушаалтны гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй” гэж маргаж байхад анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсгийг баримталж, “хариуцагч гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ” гэж татгалзлын үндэслэлд дурдсан эрх зүйн хэм хэмжээнд тайлбар хийлгүйгээр дүгнэсэн нь “шийдвэр үндэслэл бүхий байх” хуулийн зарчимд үл нийцнэ.

Өөрөө хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасан “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүулэх”зохицуулалт нь шийдвэр гаргасан этгээдийн гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх, шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байх, гэм хорыг арилгасан байгууллага хохирлоо нэхэмжпэх гэсэн үндсэн нөхцлүүдийг буруу тайлбарлаж, бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсэн энэ маргаанд хамааралгүй заалтыг, тайлбарлахгүйгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт баримталж хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын "... хариуцагч З.*******оос гэм хорын хохиролд 1.564.684 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Музейд олгож,” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Булган аймгийн прокурорын газар нь хариуцагч З.*******т холбогдуулан 1.618.684 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд аймгийн засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албыг төлөөлж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч З.******* миний буруутай үйлдлээс болж Монгол улсын төрд ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч З.******* нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн Музейн дарга Ц.*******ыг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 317 дугаар шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар магадлалаар Ц.*******ыг эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.564.684 төгрөгийг Булган аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар Ц.*******ыг аймгийн музейн даргын албан тушаалд эгүүлэн томилж,  ажилгүй байсан хугацааны цалин 1.564.684 төгрөгийг нөхөн олгохыг тухайн музейн санхүүд зөвшөөрсөн тухай захирамж гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж  шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээр дурьсан хуулийн зохицуулалтаар  “... иргэн хуулийн этгээдийн хохиролыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ” энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”  гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн засаг даргаар ажиллаж байсан З.******* нь тухайн үед иргэн Ц.*******ыг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхлэж байсан албан тушаалын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хуцагаанд нь олговол зохих нөхөх олговорыг  тухайн байгууллагын төсвөөс гаргуулан олгосон байна.

Харицагч З.******* нь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Ц.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс болж төрд ямар хор хохирол учруулсан, гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан, хохирлыг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж төрийн байгууллагад учирсан гэм хохирлыг арилгасан нь бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд томилогдсон иргэдийн төлөөлөгчийг зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн атлаа энэ талаарх шийдвэрээ үндэслэх хэсэгтээ бичээгүй байгааг дурьдах нь зүйтэй.          

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хариуцагчийн өмгөөлөгч М.*******гийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Т.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.030 / дөчин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                   ШҮҮГЧИД                                      Н.БАЯРХҮҮ

                                                                                 

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР