Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01554

 

  

Булган аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дүгээр шийдвэр, 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 

Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

З.Батзоригт холбогдох  

Хохирол 1,618,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантулгын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Булган аймгийн Прокурорын газар нь З.Батзоригт холбогдуулан хохирол 1,618,677 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан З.Батзоригоос гэм хорын хохиролд 1,564,684 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Музейд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39,984 төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэжээ. 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалаар хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газраас 2021.09.28-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.29-ний өдрийн 001/ШХТ2021/00807 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон. 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна. Булган аймаг дахь Прокурорын газар нь хариуцагч З.Батзоригт холбогдуулан гэм хорын хохирол 1,618,677 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч З.Батзориг миний буруутай үйлдлээс болж, төрд ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. Хариуцагч З.Батзориг нь Булган аймгийн Музейн дарга ажилтан Ц.Жаргалсайханыг Засаг даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2018.04.02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна. Булган аймгийн Засаг даргын 2018.10.15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар Ц.Жаргалсайханд ажилгүй байсан хугацааны цалин 1,618,677 төгрөгийг олгуулахаар Музейн санхүүд зөвшөөрсөн тухай захирамжийг тус тус гаргасан байна.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар "...иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ." гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Батзориг нь тухайн үед иргэн Ц.Жаргалсайханыг ажлаас нь халж шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаанд нь олговол зохих нөхөх олговрыг тухайн байгууллагын төсвөөс гаргуулан олгосон байна. Хариуцагч З.Батзориг нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Ц.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс болж төрд ямар хор хохирол учруулсан, гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан, хохирлыг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж төрийн байгууллагад учирсан гэм хохирлыг арилгасан нь бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.

3.2. Булган аймгийн Музейн дарга ажилтай Ц.Жаргалсайханыг Булган аймгийн Засаг дарга ажилтай З.Батзориг нь 2018.04.02-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн чөлөөлж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болохыг Ц.Жаргалсайханыг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 1,564,684 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн Булган аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэр, мөн оролцогчийн гомдлоор хянан хэлэлцээд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар магадлалаар Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.Батзоригийн гэм буруутай үйлдлээс өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрээгүй хүнийг өөрийн хүсэлт гаргаагүй байхад захиргааны санаачилгаар чөлөөлж, илтэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буруутай үйлдлийг тогтоосон байна. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Ц.Жаргалсайханыг Булган аймгийн Музейн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1,564,684 төгрөгийг хариуцагч болох Булган аймгийн Музейгээс гаргуулж, ажилгүй байх хугацааны цалинг буцаан олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрээр 2018.10.29-ний өдөр 1,564,684 төгрөгийг төсвөөс гарган олгож, Ц.Жаргалсайханы Хаан банкны 5270327384 тоот данс руу Булган аймгийн Музейн Төрийн банкны 100040035010 дугаартай дансаар дамжуулан 1,564,684 төгрөгийг хийсэн баримтын хуулбараар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх нь дээрх үндэслэл бүхий гарсан шүүхийн шийдвэр, магадлал, гэм хорын хохирол барагдуулсан баримтууд зэрэг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газрын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

5. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хүсэлтээр Булган аймгийн Прокурорын газраас З.Батзоригт холбогдуулан хохирол 1,618,677 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 1,564,684 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ...Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нь Ц.Жаргалсайханг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг шүүх хүчингүй болгож түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,564,684 төгрөгийг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан байх тул З.Батзориг нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, ... 1,564,684 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Музейд олгох нь зүйтэй, ...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй... гэх дүгнэлт хийсэн байна.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...З.Батзориг нь Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Ц.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний улмаас төрд ямар хохирол учруулсан, гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан, хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж төрийн байгууллагад учирсан гэм хорын хохирлыг арилгасан нь бусад нотлох баримтаар нотлоогүй... гэж дүгнэсэн.  

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх тухайн хэргийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзсэн бол, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учирсныг нотлоогүй тул Иргэний хуулийн уг зүйл, заалтыг хэрэглэхгүй гэж үзжээ.

6. Прокурорын нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:  

6.1. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021.04.01-ний өдрийн 26 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр тус аймгийн прокурорын газарт хандан ...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлийн дагуу зохигчийн төлөөлөгчөөр манай байгууллагыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож өгнө үү гэжээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан. Аймаг, эсхүл нийслэлийн Засаг даргын хувьд дээд шатны Засаг дарга гэх ойлголт угаас байхгүй тул тухайн шатны Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд дээд шатны дотоод аудитын нэгж байхгүй гэж үзэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан ойлголт хамаарахгүй.  

Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016.07.01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, мөн 103.4-т Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр... гэж хуульчилснаар захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх (нөгөө тал маргаагүй тохиолдолд), эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх (нөгөө тал маргасан тохиолдолд) боломжтой болсон байна.  

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д, мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, ... -ээр захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж тус тус заасан байх тул Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба (захиргааны байгууллага)-аас тус аймгийн прокурорын газарт хандан шүүхэд төлөөлөх хүсэлт гаргасны дагуу прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсныг шууд буруутгах боломжгүй. 

Гэвч нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн тул цаашид нэхэмжлэгч-захиргааны байгууллага өөрөө байгаа тохиолдолд прокурорыг оролцуулах үндэслэл үүссэн эсэхийг тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх, мөн нэхэмжлэгч өөрийгөө төлөөлөх эрхийг прокурорт олгосноор төлөөлөгч нь нэхэмжлэгч болдоггүйг (хоёр шатны шүүх шийдвэртээ Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй... гэж буруу бичсэн) анхаарах нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн эрх зүйн байдал эргэлзээтэй гэсэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар (нэхэмжлэгч өөрөө магадлалыг хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүй) нэгэнт хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй юм. Нөгөөтээгүүр, энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандсан ч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн процесс хэмнэлттэй байх зарчим-ын үүднээс хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

7. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэв.  

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч З.Батзориг нь аймгийн Засаг даргын хувиар буюу захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байх үедээ 2018.04.02-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Булган аймгийн Музейн захирал Ц.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.12-ны өдрийн 317 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.26-ны өдрийн 15 дугаар магадлалаар хууль бус гэж үзэж, Ц.Жаргалсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 1,564,684 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.  

Уг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2018.10.15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар Ц.Жаргалсайханы ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор заасны дагуу Булган аймгийн Музейн данснаас Ц.Жаргалсайханы дансанд 1,618,677 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. 

8. Хариуцагч нь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн (улс төрийн) албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх... төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх тусгай зарчмыг дагаж мөрдөх, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заасны дагуу хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу аливаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэх ёстой ба хэрэв хууль бус шийдвэр гаргасан бол түүний үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.  

Иймээс хариуцагч З.Батзориг нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүрэг-ийг хэрэгжүүлэхдээ Ц.Жаргалсайханыг хууль бусаар (Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэж) ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр захирлын ажлыг хийж гүйцэтгээгүй Ц.Жаргалсайханд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-ийн дагуу ...өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ. 

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ. 

Нэгэнт Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ... захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, мөн хуулийн 103.2 болон 103.3.-т хохирлыг төлүүлэх этгээдийг тодорхой заасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан ...гэм хорыг арилгасан байгууллага... гэдгийг захиргааны байгууллагаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т заасан этгээд гэж тайлбарлах нь зүйтэй.  

Энэхүү хэргийн тухайд, хариуцагч-төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас Ц.Жаргалсайханы хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч өөрөө захиргааны байгууллагын хувьд (Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.) нөхөх олговор олгох байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ.  

Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг (санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нь байж болно) гэм буруугүй гэж үзэхгүй ба тухайн гэм буруутай үйлдлийн улмаас тодорхой иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол (хөдөлмөрлөх эрх) зөрчигдөж, хохирол учирсан (цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан), уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.  

10. Хэрэгт цугларсан баримтаар, дээрх нөхцөл байдал хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх холбогдох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор тогтов. 

11. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг оновчгүй баримтлан хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00304 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39,984 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ЭРДЭНЭСУВД

                                             ШҮҮГЧИД                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                   Х.СОНИНБАЯР