Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2021/00310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“*******банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30.839.505,99 төгрөг гаргуулах тухай 132/2021/00215/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Г, хариуцагч С.******* /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О, С.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1310015117 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 38.000.000 /гучин найман сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 10 сарын 14-ний өдөр зээлдэгч Огийн “*******банк” дахь 5002363423 дансанд 38.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1310015117 тоот зээлийн төлбөрт үндсэн зээлд 7.180.494,01 төгрөг, зээлийн хүүнд 8.448.658,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.247,07 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1310015117 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 4 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй. 421 хоног хугацаа хэтэрсэн.

******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэх байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Үндсэн зээлдэгч О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан ба ******* банк нь зээлийн хүүг зээлдэгчийг нас барсан өдрөөр зогсоосон.

1310015117 дугаартай тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 сарын 4-ний өдрийн 1310015117-01 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.

  1. Огийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**************** дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ************** дугаар гэрчилгээтэй 60мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх;  
  2. Огийн өмчлөлийн ************** нэгж талбарын дугаартай, ************** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-************* дугаартай 830мкв өмчлөх эрхтэй газар;

 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310015117 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 30.819.505,99 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсан зардал 20.000 төгрөг, нийт  30.839.505,99 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулах хүсэлтэй байна.

Мөн хариуцагч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай банкнаас зээлдэгч О, С.******* нарт 38.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй олгосон. ... Зээлдэгч О 2020 оны 01 сард нас барсан. Энэ өдөр С.******* манай байгууллагад хүсэлт гаргаж зээлийн хүүг зогсоосон. Ингээд цаашид үндсэн зээлийг төлөх хуваарь гаргасан боловч зээлийн төлөлт хийгдээгүй. Зээл авах тухай хүсэлтийг үндсэн болон хамтран зээлдэгч нар гаргадаг. Тухайн хүсэлтийн дагуу банк зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээл олгохдоо банкнаас зээлдэгч нарын цалингийн орлогыг үндэслэсэн. Хариуцагч С.*******ын Хаан банкны дансаар ордог цалингийн орлогыг үндэслэн  зээл олгосон. Мөн зээл олгохдоо зээлдэгч Огийн өмчлөлийн хувийн сууц, болон өмчийн газрыг барьцаалсан.

Иймд хариуцагч С.*******оос 30.839.505,99  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Баттогттох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний эхнэр  О нь тус банкийг байгуулагдсан цагаас хойш харьцсан найдвартай харилцагч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон удаа  зээл авч хугацаанд нь төлж ирсэн. 2018 оны 10 дугаар сард цалингийн зээлээ нэмж авахаар намайг дуудан гарын үсэг зуруулсан. Би цалингийн зээл юм чинь түүгээрээ төлөгдөнө гэж ойлгоод шууд л гарын үсгээ зурсан. Гэтэл эхнэр маань 2020 оны 1 дүгээр сард өвчний улмаас нар барсан. Үүнээс хойш банк намайг зээл төлөхийг шаардах болсон.

Би өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан тул түүнийгээ төлөх эдийн засгийн боломжгүй нөхцөлд орж одоогоор зөвхөн зээлийн хүүг төлж байгаа.

Одоо би нялх хүүхэдтэй, оюутан охины  хамт ам бүл дөрвүүлээ түрээсийн байранд амьдардаг. Ажил хийж ар гэрээ тэжээж байгаа нь би бөгөөд зөвхөн улирлын чанартай том машин жолоодох ажил хийдэг, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил зогссон тул зээлээ  төлж барагдуулж чадахгүй байна. Би зээлийг  төлж чадахгүй байгаа шалтгаанаа банкинд танилцуулж өөрийн зээлийн хүүг төлж байна.

 ******* банкны зээлийн хувьд төлөх ямар ч боломжгүй тухайгаа танилцуулж үндсэн зээлдэгч нь нас барсан тул зээлийн эрсдэлийн сангаасаа банк 50 хувийг төлөхийг зөвшөөрвөл би үлдэх 50 хувь буюу 15.500.000 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн боловч шийдвэрлээгүй.

Зээлийн барьцаа болгосон үл хөдлөх хөрөнгө ямар замаар Огийн өмчөөр бүртгэгдсэнийг би мэдэхгүй. Энэ хашаа байшин түүний дүү Ж.Наранбаатарын өмч бөгөөд барьсан цагаас нь тэр айл амьдарч байгаа. Энэ барьцаа хөрөнгийг аваад худалдах  юм бол 2 айлын амьдралыг сүйрүүлэх хэмжээнд очоод байна.

Банк өөрийн эрх ашгаа бодож хэт өндөр зээл олгоогүй бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Намайг хамтран зээлдэгч гээд байгаа боловч миний цалин орлого, зээл зэрэг надтай холбоотой ямар ч судалгаа хийлгүйгээр өндөр зээл олгосон нь зээлийн журмаа зөрчсөн гэж үзэж байна.

Гарын үсэг зурсан гэдгээрээ би зээлийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч барьцаалсан эд хөрөнгийг авна гэвэл би төлж чадахгүй. Учир нь өөрөө ийм өндөр өр зээлд унаад дээр нь нэг айлыг гудамжинд гаргаж чадахгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан банк оновчтой зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******банк” ХХК нь хариуцагч С.*******од  холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 30.839.505,99  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зээлдэгч О, С.******* нар нь  “*******банк” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13100015117 тоот зээлийн гэрээ байгуулж, 38.000.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлийн гэрээг байгуулжээ.

Хариуцагч нар нь дээрх зээлээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.180.494,01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.448.658,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.247,07 төгрөг, нийт 15.636.399,81 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч С.******* нь үндсэн зээлдэгч О нас барсан, би өөрөө цалингийн зээлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж  байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн  хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Зээлдэгч О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтооогдож байх ба хариуцагч С.******* нь өөрийн цалин орлогоо барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий этгээд мөн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс барьцаалагч шаардлагаа хангуулах эрхтэй. Нэгэнт шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №1310015117 дугаар барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн учир үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч нь санхүүгийн хүндрэлтэй байгаа нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч С.*******оос зээлийн гэрээний үүрэгт 30.839.505,99  төгрөг гаргуулан “*******банк” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.*******оос  30.839.505,99  /гучин сая найман зуун гучин есөн мянга таван зуун таван төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК /РД: 2578697/-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.******* нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-******  дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарын гэрчилгээтэй,  60 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай, ******* дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаартай 830 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус  хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 312.048  /гурван зуун арван хоёр мянга дөчин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 312.048  /гурван зуун арван хоёр мянга дөчин найм/  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “*******банк” ХХК /РД: 2578697/ -д олгсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ