Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01558

 

  

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00310 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 214/МА2021/00014 дүгээр магадлалтай,

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Баттогтоход холбогдох

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 30,839,505.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнбаяр, Б.Галбадрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул, Б.Мөнгөнзул, Э.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1.   Хас банк ХХК нь С.Баттогтоход холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 30,839,505.99 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...үндсэн зээлдэгч Ж.Отгонтуяа нас барсан, би өөрөө цалингийн зээлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2.   Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00310 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Баттогтохоос 30,839,505.99 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Баттогтох нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-0405002134 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000184926 дугаарын гэрчилгээтэй, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 10 дугаар гудамж, 11 тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 6308001973 нэгж талбарын дугаартай, 000179418 дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-0405001775 дугаартай Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 10 дугаар гудамж, 11 тоот 830 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ...Ж.Отгонтуяа, С.Баттогтох нар зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч, зээлдэгч Ж.Отгонтуяа нар барсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баттогтох өөрийн цалин орлогоо барьцаалж хамтран зээлдэгчээр оролцсон тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх этгээд мөн... гэж дүгнэсэн.

 

3.   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 214/МА2021/00014 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С.Баттогтоход холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...зээлдэгч Ж.Отгонтуяа өөрийн цалингаа барьцаалж зээл авсан, ...иргэн ажил хөдөлмөр эрхэлж цалин авах нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсдэг бөгөөд өөрийн орлогыг барьцаалаагүй С.Баттогтоход хамааралгүй, ...зээл төлөх хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй тул С.Баттогтохыг хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй, зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно, ...нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй ... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнбаяр, Б.Галбадрах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.16-ны өдрийн 214/МА2021/00014 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Зээлдэгч Ж.Отгонтуяа нь 2020.01.25-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч С.Баттогтох нь өөрийн цалин орлогоо барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий этгээд мөн байна. гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалын Хянавал хэсэгт Анхан шатны шүүх хариуцагч С.Баттогтохыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. ...Иргэн ажил хөдөлмөр эрхэлж цалин авах нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсдэг бөгөөд 1310015117 дугаартай зээлийн гэрээгээр авсан Ж.Отгонтуяад холбогдолтой болохоос тухайн гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй С.Баттогтоход хамааралгүй юм. Цалингаа барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй тул С.Баттогтохыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй байна. гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн яг нэг заалтыг эрс тэс 2 өөр байдлаар тайлбарлаж, 1 нөхцөл байдалд 2 өөр дүгнэлт хийн хуулийг зөрүүтэй хэрэглэн улмаар 2 өөр эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргасан болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй талаар.

Монгол Улсын дээд Шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаартай тогтоолын 2.1-д хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэж тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх Магадлалдаа Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч Ж.Отгонтуяа нь 2018.10.04-ний өдөр Булган аймаг дахь Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 38,000,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр С.Баттогтох гарын үсэг зурсан үйл баримт болжээ. гэж дүгнэсэн атлаа Иргэн ажил хөдөлмөр эрхэлж цалин авах нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсдэг бөгөөд 1310015117 дугаартай зээлийн гэрээгээр авсан Ж.Отгонтуяад холбогдолтой болохоос тухайн гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй С.Баттогтоход хамааралгүй юм. гэж хууль тогтоомжид нийцэхгүй тайлбар хийсэн. Хамтран зээлдэгч С.Баттогтох нь зээлдэгч Ж.Отгонтуяагийн хамт Хас банк ХХК-тай 2018.10.04-ний өдөр 1310015117 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 38,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Тус Зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасныг үндэслэн зээлийн үндсэн төлбөр болох 30,839,505.99 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баттогтохоос бүхэлд нь гаргуулахаар шаардсан болно. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэр томьёог Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан шууд утгаар нэг мөр ойлгох бөгөөд түүнийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд мөн адил утгаар ашигладаг. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь хамтдаа гэрээний нэг тал болж буйн хувьд хариуцлага хүлээх нь гарцаагүй байхаар Иргэний хуулийн 242.2-т заасан. Мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэл нь бүх үүрэг гүйцэтгэгчид хамааралтай байхаар хуулиар зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байсан ч өөрийн орлогоо барьцаалаагүй л бол хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хамааралгүй гэж буюу зээлдэгч, барьцаалуулагч хоёр нь нэг хүн байх тохиолдолд л үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй мэтээр, гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр талууд гэрээний агуулгыг харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжгүй мэтээр өөрийн үзэмжээр, хууль зөрчиж тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог учир С.Баттогтоход холбогдуулан гаргасан ... нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтын агуулга нь үүрэг гүйцэтгэгч нь нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүргийн гүйцэтгэл нь дуусгавар болохоор зохицуулагдсан агуулга юм. ...Үүрэг гүйцэтгэгчийн оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй... гэдэгт тухайлбал, Иргэний хуулийн 361 дүгээр зүйлд заасан ажилтан заавал биеэр гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх зэргийг ойлгоно. Үүнээс харвал Иргэн Ж. Отгонтуяа нь нас барсан боловч түүний нөхөр С.Баттогтох нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний нэг тал болсон байгаа нь үүргийн гүйцэтгэлийг С.Баттогтох гүйцэтгэх бүрэн боломжтойг илтгэж байна. Ж.Отгонтуяа, С.Баттогтох нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү Ж.Отгонтуяа биш, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч аль аль нь мөн тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу Ж.Отгонтуяагийн гэрээний үүрэг нь хувийн байдлаас үүдэн дуусгавар болсон хэдий ч энэ нь хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баттогтохын гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй болно.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаартай тогтоолын 2.2-т Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэж тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Цалингаа барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсэх үндэслэлгүй тул С.Баттогтохыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй байна. гэжээ. Анхан шатны шүүхээс Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс няцаагаагүй бөгөөд ийнхүү няцаагаагүй нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл болохыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болох бөгөөд Хас банкны зүгээс ямар нэгэн байдлаар хариуцагч С.Баттогтохыг хүчээр гарын үсэг зуруулж, хүсэл сонирхлынх нь эсрэг үйлдэл хийлгэсэн гэх аливаа баримт байдаггүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зээлдэгч Ж.Отгонтуяа нь 2018.10.04-ний өдөр 1310015117 дугаартай зээлийн гэрээний зарцуулалтыг өрхийн хэрэглээний зориулалтаар гэж тодорхойлсон байдаг буюу хамтран зээлдэгч С.Баттогтох нь Ж.Отгонтуяагийн нөхрийн хувьд өрхийн хэрэглээнд хамтдаа зарцуулж, ашигласан болох нь харагдаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ямар нотлох баримтад үндэслэсэн болохоо дурдалгүйгээр зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд тодорхой баримтад тулгуурлалгүйгээр өөрийн үзэмжээр нөхцөл байдалд, хүний оюун бодолд үнэлэлт, дүгнэлт өгч, түүндээ үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнбаяр, Б.Галбадрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.11.12-ны өдрийн 001/ШХТ2021/00854 дүгээр тогтоолыг гаргажээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

6.   Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7.   Хэрэгт цугларсан баримтаар Хас банк ХХК Ж.Отгонтуяа, С.Баттогтох нартай 2018.10.04-ний өдөр №1310015117 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар олгож, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, зээлдэгч Ж.Отгонтуяагийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Б хэсэг 10 дугаар гудамжны 11 тоот, хувийн ууцны зориулалттай 60 м.кв талбайтай дүнзэн байшин, мөн хаягт байршилтай 830 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 

8.   Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлд 7,180,494.01 төгрөг, зээлийн хүүд 8,448,658.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,247.07 төгрөгийн төлсөн боловч зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, төлбөрийг төлөөгүй 421 хоног хугацаа хэтэрсэн, зээлдэгч Ж.Отгонтуяа 2020.01.25-ны өдөр нас барснаар банк зээлийн хүүг зогсоосон үйл баримт тогтоогджээ.

 

9.   Нэхэмжлэгч Хас банк ХХК ...үндсэн зээлийн үлдэгдэл 30,819,505.99 төгрөгийг нотариатын зардлын хамт нийт 30,839,505.99 төгрөгийг нэхэмжилж, зээлдэгч төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан, хариуцагч ....эхнэр Ж.Отгонтуяа зээл авсан, өвчний учир 2010 оны 01 сард нас барсан, ...зээлийг төлж чадахгүй шалтгаанаа банкны захиралд танилцуулж, зээлийн эрсдлийн сангаасаа 50 хувийг төлбөл үлдэх 50 хувийг төлөхийг зөвшөөрсөн боловч шийдвэрлээгүй, ...намайг хамтран зээлдэгч гэж байгаа боловч надтай холбоотой ямар ч судалгаа хийлгүйгээр өндөр зээл олгосон нь журмаа зөрчсөн, гэрээнд гарын үсэг зурсан гэдгээрээ 50 хувийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

10. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018.10.04-ний өдрийн Зээлийн гэрээнд хариуцагч С.Баттогтох хамтран зээлдэгчээр оролцож, зээлдэгчийн үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байна.

 

Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ...үүсэх ба үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.2.-т тодорхойлжээ.

 

Иймд зээлдэгч С.Баттогтох зээлийн гэрээний үүргийг Ж.Отгонтуяатай хамтран хариуцахаар гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон тул тэрээр зээлийн үүргийг хамтран хариуцах этгээд мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул банк хариуцагч С.Баттогтохоос зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: ...банк зээлдэгч Ж.Отгонтуяагийн цалинг барьцаалж зээл олгосон нь түүний хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах хувийн байдалтай салшгүй холбоотой, ...С.Баттогтохын орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүрэг С.Баттогтоход хамааралгүй, ...гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3.-т зааснаар С.Баттогтохыг хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй, улмаар зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно... гэж дүгнэжээ.

 

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч С.Баттогтох нь хамтран үүрэг хүлээхээр хамтран зээлдэгчээр оролцож, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авахыг хүсч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсгээ зурсан нөхцөл байдал болон нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байна.

 

Улмаар шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд заагаагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд үндэслэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 214/МА2021/00014 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнбаяр, Б.Галбадрах нарын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2021.10.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД