Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 214/МА2021/00014

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.*******од холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,839,505.99 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.******* нар, хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.*******, С.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 38.000.000 /гучин найман сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Ж.*******гийн “Хасбанк” дахь ******** дансанд 38.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь *******  тоот зээлийн төлбөрт үндсэн зээлд 7.180.494,01 төгрөг, зээлийн хүүнд 8.448.658,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7.247,07 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1310015117 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй. 421 хоног хугацаа хэтэрсэн.

******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэх байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Үндсэн зээлдэгч Ж.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан ба ******* нь зээлийн хүүг зээлдэгчийг нас барсан өдрөөр зогсоосон.

1310015117 дугаартай тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1310015117-01 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.

  1. Ж.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн *******  дугаар гэрчилгээтэй Булган аймгийн Булган сумын * дугаар баг, “*” хэсэг ** дугаар гудамж ** тоотын 60мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх; 
  2. Ж.*******гийн өмчлөлийн *******  нэгж талбарын дугаартай, 000179418 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-*******  дугаартай Булган аймгийн Булган сумын * дугаар баг “*” хэсэг ** дугаар гудамж ** тоотын 830мкв өмчлөх эрхтэй газар;

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310015117 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 30.819.505,99 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар баталгаажуулсан зардал 20.000 төгрөг, нийт  30.839.505,99 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулах хүсэлтэй байна.

Мөн хариуцагч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай банкнаас зээлдэгч Ж.*******, С.******* нарт 38.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй олгосон. ... Зээлдэгч Ж.******* 2020 оны 01 сард нас барсан. Энэ өдөр С.******* манай байгууллагад хүсэлт гаргаж зээлийн хүүг зогсоосон. Ингээд цаашид үндсэн зээлийг төлөх хуваарь гаргасан боловч зээлийн төлөлт хийгдээгүй. Зээл авах тухай хүсэлтийг үндсэн болон хамтран зээлдэгч нар гаргадаг. Тухайн хүсэлтийн дагуу банк зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээл олгохдоо банкнаас зээлдэгч нарын цалингийн орлогыг үндэслэсэн. Хариуцагч С.*******ын Хаан банкны дансаар ордог цалингийн орлогыг үндэслэн зээл олгосон. Мөн зээл олгохдоо зээлдэгч Ж.*******гийн өмчлөлийн хувийн сууц, болон өмчийн газрыг барьцаалсан.

Иймд хариуцагч С.*******оос 30.839.505,99  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Баттогттох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний эхнэр  Ж.******* нь тус банкийг байгуулагдсан цагаас хойш харьцсан найдвартай харилцагч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон удаа  зээл авч хугацаанд нь төлж ирсэн. 2018 оны 10 дугаар сард цалингийн зээлээ нэмж авахаар намайг дуудан гарын үсэг зуруулсан. Би цалингийн зээл юм чинь түүгээрээ төлөгдөнө гэж ойлгоод шууд л гарын үсгээ зурсан. Гэтэл эхнэр маань 2020 оны 1 дүгээр сард өвчний улмаас нар барсан. Үүнээс хойш банк намайг зээл төлөхийг шаардах болсон.

Би өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан тул түүнийгээ төлөх эдийн засгийн боломжгүй нөхцөлд орж одоогоор зөвхөн зээлийн хүүг төлж байгаа.

Одоо би нялх хүүхэдтэй, оюутан охины хамт ам бүл дөрвүүлээ түрээсийн байранд амьдардаг. Ажил хийж ар гэрээ тэжээж байгаа нь би бөгөөд зөвхөн улирлын чанартай том машин жолоодох ажил хийдэг, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил зогссон тул зээлээ төлж барагдуулж чадахгүй байна. Би зээлийг  төлж чадахгүй байгаа шалтгаанаа банкинд танилцуулж өөрийн зээлийн хүүг төлж байна.

 *******ны зээлийн хувьд төлөх ямар ч боломжгүй тухайгаа танилцуулж үндсэн зээлдэгч нь нас барсан тул зээлийн эрсдэлийн сангаасаа банк 50 хувийг төлөхийг зөвшөөрвөл би үлдэх 50 хувь буюу 15.500.000 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн боловч шийдвэрлээгүй.

Зээлийн барьцаа болгосон үл хөдлөх хөрөнгө ямар замаар Ж.*******гийн өмчөөр бүртгэгдсэнийг би мэдэхгүй. Энэ хашаа байшин түүний дүү Ж.Наранбаатарын өмч бөгөөд барьсан цагаас нь тэр айл амьдарч байгаа. Энэ барьцаа хөрөнгийг аваад худалдах  юм бол 2 айлын амьдралыг сүйрүүлэх хэмжээнд очоод байна.

Банк өөрийн эрх ашгаа бодож хэт өндөр зээл олгоогүй бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Намайг хамтран зээлдэгч гээд байгаа боловч миний цалин орлого, зээл зэрэг надтай холбоотой ямар ч судалгаа хийлгүйгээр өндөр зээл олгосон нь зээлийн журмаа зөрчсөн гэж үзэж байна.

Гарын үсэг зурсан гэдгээрээ би зээлийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч барьцаалсан эд хөрөнгийг авна гэвэл би төлж чадахгүй. Учир нь өөрөө ийм өндөр өр зээлд унаад дээр нь нэг айлыг гудамжинд гаргаж чадахгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан банк оновчтой зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШШ2021/00310 дугаар шийдвэрээр:

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.*******оос  30.839.505,99  /гучин сая найман зуун гучин есөн мянга таван зуун таван төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК /РД: *******/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.******* нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-*******  дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн *******  дугаарын гэрчилгээтэй,  Булган аймаг, Булган сум, * дугаар баг, ** дугаар гудамж, ** тоот хаягт байрлах, 60 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,  *******  нэгж талбарын дугаартай, ******* дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-0405001775 дугаартай Булган аймаг, Булган сум, * дугаар баг, ** дугаар гудамж, ** тоот 830 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус  хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 312.048  /гурван зуун арван хоёр мянга дөчин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 312.048  /гурван зуун арван хоёр мянга дөчин найм/  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК /РД: ******/ -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч С.******* давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 132/ШШ 2021/00310 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хариуцагч ******* надаас 30 839 506 төгрөг гаргуулан *******инд олгохдоо зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөлгүй 421 хоног хугацаа хэтрүүлж, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна гээд хариуцагч С.******* нь өөрийн цалин орлогоо барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий этгээд мөн гэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2018 оны 10-р сарын 04-ний өдөр Ж.******* болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.******* нартай байгуулсан 1310015117 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн барьцааны 1310015117-01 дугаар барьцааны гэрээгээр Ж.*******гийн тогтмол цалингийн орлого, түүний өмчлөлийн гэх /төрсөн дүүгийнх нь гэр орон/ хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газрыг барьцаалж, *******гийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр гэрээнд зааж, зээл талийгаачийн дансаар орж захиран зарцуулагдсан. Ийм байхад ******* намайг цалин орлогоо тодорхойлж өгсөн гэсэн нь баримтаар нотлогдоогүй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22,1-д “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөнө” гэснийг мөн хуулийн 22.6-д зээл хүсэгчийн өр орлогын харьцааг нотолсон баримтгүй, 22.8-дзээлдэгчийн бусад зээлдүүлэгчээс авсан зээлийн мэдээлэл зэргийг судалсан баримт байхгүй зэрэг нь надаас энэ гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй байна. Тухайн үед би цалингийн өндөр зээлтэй, улирлын чанартай ажил эрхэлдэг байсан, талийгаач эхнэр маань би цалингийн зээлээ нэмж авч байгаа юм чи ирээд гарын үсэг зурчих гэхээр түүний цалингаар төлөгдөнө гэж ойлгон очиж зурсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* цалин барьцаалсан зээл гэдгээ батлан тайлбарласан. Уг зээлийн олгохдоо зөвхөн *******д хамааралтай цалин, үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан гэрээний хуулбар. ******* нь тухайн банкнаас 9 удаа зээл авсан зээлийн түүхээс үзэхэд 2017 оны 12-р сарын 01-ний өдөр 26,0 сая төгрөгний цалингийн зээл аваад зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2018 оны 10-р сарын 04-ний өдөр 38,0 сая болгосоныг тодорхойлсон албан тоот зэрэг нотлох баримтаар тогтоогдоно. Ажил хөдөлмөр эрхэлж түүндээ тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалсан зээл авах нь түүний хувийн байдалтай холбоотой үүргийг бий болгоно. Энэ ч утгаарааа ******* нас бартлаа зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. Ийм байхад өөрийн орлогоо барьцаалаагүй надад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зээлийн үүргийг бүхэлд нь хамааруулж байгаа нь иргэний хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т зааснаар “үүргийн гүйцэтгэл гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно “ гэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Хэдийгээр талийгаач маань сүүлийн 2 зээлээ цалингаа барьцаалж авсан зээл байгаа ч би түүний ясыг өндөлзүүлж яахав гээд дээрхи нөхцөл байдлыг үндэслээд зээлийн 50 хувиар багасгаад өгвөл үлдсэн 50 хувь буюу 15,0 сая төгрөгийг төлье гэж банкинд удаа дараа хандсан боловч зөвшөөрөөгүй шүүхэд өгсөн. Иймд би дээрхи хүсэлтээ мөн шүүхэд хандан гаргаж байна. Банк зээл олгохдоо Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин зээлийг судалж талийгаачийн цалингаас бараг нэг дахин илүү төлөлттэй зээл өгснөөс зээлээ хугацаанд нь төлөхийн тулд ломбарднаас өндөр хүүтэй мөнгө авч өгөх зэргээр манай амьдралд зээлийн дарамтад орсон нь одоо ч үргэлжилж байгаа нь манай болоод талийгаачийн төрсөн дүүгийн амьдралыг сүйрүүлэх хэмжээнд хүрсэн. Би өөрөө цалингийн зээлтэй одоо үлдэгдэл 6,0 сая төгрөгний хүүг нь төлөхөөр гэрээгээ өөрчлөөд явж байгаа. Би улирлын чанартай олдсон ажил хийдэг тогтсон ажилгүй одоо Цагаан хаданд машин барихаар ирсэн боловч бараг 2 сар тусгаарлалтанд байсан зэргээс үнэхээр хүнд байдалд байна. Ийм нөхцөлд ороход банкны байгууллагын буруутай үйлдэл байгааг харгалзан үзэж намайг төлөх ёстой гэж үзвэл зээлийг ядаж 50 хувиар багасгаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.839.505.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч талийгаач цалингийн зээл авсан би зээлийг гардаж аваагүй, барьцаа хөрөнгийн талаар мэдэх юм байхгүй зээлийг бүрэн төлөх боломжгүй,50 хувийг нь төлөх талаар тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримаас үзэхэд зээлдэгч Ж.******* нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Булган аймаг дахь “*******” ХХК-тай 13100015117 тоот зээлийн гэрээ байгуулж 38.000.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр С.******* гарын үсэг зурсан үйл баримт болжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1310015117-01 дугаар барьцааны гэрээ байгуулж зээлдэгч Ж.******* гарын үсэг зурсан байна.

Зээлдэгч Ж.******* нь зээлээс эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.180.494.01 төгрөг зээлийн хүүд 8.448.658.73 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 7.247.07 төгрөг нийт 15.636.399.81 төгрөгийг өөрийн цалингаас төлсөн нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Зээлдэгч Ж.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд зээлдүүлэгч ******* нь зээлийн хүүг энэ өдрөөс эхлэн зогсоожээ.

Анхан шатны  шүүх хариуцагч С.*******ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэн  Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гэрээний тодорхой нөхцлүүд, зээл хүссэн Ж.*******гийн өргөдлөөс үзэхэд өөрийн цалингаа барьцаалж зээл авсан нь тогтоогджээ.

Иргэн ажил хөдөлмөр эрхэлж цалин авах нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо  барьцаалж зээл авсан нь хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсдэг бөгөөд 1310015117 дугаартай зээлийн гэрээгээр авсан Ж.*******д холбогдолтой болохоос тухайн гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан  боловч өөрийн орлогыг барьцаалаагүй С.*******од хамааралгүй юм.

Цалингаа барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй  тул С.*******ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн гас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний  үүрэг дуусгавар болдог байна.

Иймд хариуцагч С.*******од холбогдуулан гаргасан  “*******”-ний Булган салбарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.*******од холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С.*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                   ШҮҮГЧИД                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                 

                                                                                                  М.ХҮРЭЛБААТАР