Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/шш2021/01752

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/01752

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ИТ-д холбогдох,

 

Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаар тушаалын дагуу ит-д анх ажилд томилогдон ажиллаж, ТҮ-4 ангиллаар 40 хувийн ур чадварын нэмэгдэлтэйгээр ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан. Миний бие санхүүгийн байдлаас шалтгаалан ажилд эргэн орох хүсэлтийг удаа дараа өгч, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажилдаа орсон. Ажилд томилох тушаалд албан тушаалын зэрэглэлийн шатлалыг ТҮ-4-2, ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу болгон бууруулж томилсон болно. Намайг хүүхэд асрах чөлөөг авахад миний оронд түр тушаалаар Д.Б гэдэг хүнийг ажилд авч байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүтэц орон тооны Б/02 дугаар ажилд томилох тухай тушаал гарахад гэрээт ажилтан гэж гарсан. Миний бие хөлсөөр ажиллах гэрээг зөвшөөрөхгүй байхад дарга Б.Ц  ажилтан албан хаагчдад бүтэц орон тоог танилцуулах хурлыг удирдаж, тус хурлаар бүх ажилчдын өмнө бүтэц орон тоог танилцуулж байхдаа 3 ажилтанг гэрээт болгосон байгаа, та нар гэрээт гэхээр эмзэглээд байх шиг байна. Гэрээт ажилтан болгосон хүмүүсийн эрх зүйн байдлыг огтхон ч дордуулахгүй, цаасан дээр гэрээт болохоос өөр ялгарах зүйлгүй, гэрээ дуусгавар болно гэж санаа зовох хэрэггүй гэдгийг би батлан хэлж байна гэсэн. Мөн гэрээг жилээр хийнэ гэж хэлсэн боловч байгуулахдаа 3 сараар хийхээр болсон. Намайг хуурч миний эрхийг зөрчиж, ямар ч намын харьяалалгүй байхад өмнөх намын үед ажиллаж байсан гэж ялгаварлан гадуурхаж, үндсэн орон тооны ажилтанг гэрээт ажилтан болгосон нь ажлаас халах хэтийн зорилго байсныг мэдэлгүй дарга нарын амлалтад итгэснээс болж, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ очиход гэрээ дууссан нэрээр албан ёсоор мэдэгдсэн юмгүй, цалин хөлсийг зогсоож 8 дугаар сараас өөрөө нийгмийн даатгалаа төлөөрэй гээд ажилгүй болгоод байна. Иймд намайг хууль бусаар ажлаас халсан учраас гомдолтой байна. Миний оронд түр тушаалаар ажилд орсон Д.Б  нь Монгол Ардын намын идэвхтэй гишүүн, .. дүүргийн Монгол Ардын намын 4 дүгээр үүрийн дарга хийж байсан хүнийг үндсэн орон тоонд ажилд авсан нь ашиг сонирхлын зөрчил, намаар төрийн албанд ялгаварлан гадуурхаж байгааг харуулж байна. ...дүүргийн ИТ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүтэц орон тооны өөрчлөлтөөр иргэний танхимын үндсэн орон тоонд 3 ажилтан, гэрээт орон тоонд 10 ажилтан гэж баталсан байдаг. Гэтэл шинэ гэрээт ажилтан нэмж ажилд аваад байгаа атал үндсэн орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаа гэрээт болгоод халж байгаад гомдолтой. Гэрээт ажилтан гээд байгаа нь үндсэн орон тооны ажилтнаас гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байсан. Хэдийгээр гэрээт ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах учиртай байсан хэдий ч гэрээгээр ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй. Мөн би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, улсын архивын үзлэг болж байгаатай холбогдуулан сүүлийн 2 сар хагас, бүтэн сайнд амрахгүй, зарим өдрүүдэд 22.00-23.30 цаг хүртэл илүү цагаар ажиллаж байснаас ажлаас хоцрох болон ажил тасалж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц-ы хувьд ажил мэргэжилдээ алдаа дутагдал гаргаагүй, ажлаа хийж байхад нь бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх асуудал яригдаж, үндсэн ажлаас гармааргүй байна гээд хэдийгээр шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн ч, энэ талаар даргатайгаа уулзахад үндсэн орон тоо буюу Б.Ц-ы чөлөөтэй байх хугацаанд өөрийнх нь оронд авсан хүнийг тэтгэвэртээ гарах үед нь буцааж томилно гэсэн тохиролцоонд хүрч, хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ утгаараа Б.Ц-д үндсэн цалингаас гадна нэмэлт цалин олгож байсан учир хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаад байх боломжтой юм гэсэн ойлголт өгсөн. Энэ үед Б.Ц-ы хувьд төөрөгдөлд орсон нөхцөл байдал үүссэн. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал гарахад тохиролцоонд хүрч хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, түүний ажлын орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр нэмэгдэл, цалин урамшуулал өгч байсан тул Б.Ц  шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Гэтэл ажлын албаны дарга нь амлалтдаа хүрээгүй, Төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Б.Ц  нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б1 тоот тушаалд маргаж байгаа. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж яриад байна, тухайн үед шүүхэд хандая гэхэд итгэл төрүүлж, төөрөгдүүлж хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Иймд Б.Ц-ыг иргэний танхим хариуцсан ажилтнаар эгүүлэн томилж өгнө үү. Б.Ц  хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр 7 дугаар сарыг дуустал хугацааны цалингаа авсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулж, иргэний танхим хариуцсан ажилтнаар ажиллаж байх үеийн сарын цалин 453.159 төгрөгөөр тооцож, 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ шүүхийн шийдвэр гарах хүртэл 2020 оны 8 дугаар сарын 16 хүртэл хоёр жилийн хугацаагаар тооцож, цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол өөр ажил олж өгнө... гэж заасны дагуу ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Б.Ц-ыг иргэний танхим хариуцсан ажилтнаар томилсон. Тус тэргүүлэгчдийн ажлын алба нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн. Уг шинэ тогтоолоор иргэний танхим хариуцсан ажилтны тоог 3 болгож баталсан бөгөөд 10 хүртэл гэрээт ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон. 2017 онд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр 1-16 дугаар хороодыг хариуцдаг байсан иргэний танхимын ажилтны орон тоог 4 болгон цөөрүүлсэн. Ажлын ачаалал зохион байгуулагдаж буй арга хэмжээг харгалзан ажилтнуудыг хувиарлан ажиллуулдаг бөгөөд 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан ажилтан гэж албан тушаал байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т ...Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй... гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөд иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болж байгаа, цалин бууруулахгүйгээр гэрээт ажилтнаар ажиллуулах талаар ажлын албаны дарга Ж.И , Т.А  нар Б.Ц-тай уулзаж, сонсох ажиллагаа хийж тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Ажиллах хугацаанд нь Б.Ц-ы гаргасан өргөдлийн дагуу эмчилгээ хийлгэхэд нь 500.000 төгрөгийн тусламж, 2019 оны хагас жилийн ажлын үр дүнг үнэлэн 627.928 төгрөгийн урамшууллыг олгосон. Хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулан, Б.Ц  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай хийгээд, ажлын ачаалал буурсан үед гэрээг сунгалгүй, ажлын ачаалал нэмэгдэх үед дуудан ажиллуулахаар тохирсон. Тухайн үед Б.Ц өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн учир нийгмийн даатгал тасрахгүй гэж хэлж байсан. Гэтэл Б.Ц-тай харилцан тохиролцож шийдэлд хүрсэн байтал үндэслэлгүй шалтгаанаар шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц-ы ажиллаж байсан ажлын байранд бүтэц орон тооны өөрчлөлт орсноор ажлаас нь чөлөөлж, улмаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. *** дүүргийн ИТ-ын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор тус ажлын албаны хэлтсийн зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт орж, бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаал гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаал гарсан өдрөөс нэхэмжлэгч Б.Ц  нь хуульд заасан хугацаанд Төрийн захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэлээ гаргах хангалттай хугацаа боломж байсан. Тэрийгээ өөрөө ашиглаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар ажилчдыг ажлаас чөлөөлж, мөн өдөр ажилд томилохдоо төрийн албан хаагчид тавигдах шаардлага хангасныг нь буцаан томилж, хангаагүйг гэрээт ажилтан болгож, улмаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөлсөөр ажиллах гэрээг төөрөгдлийн улмаас байгуулсан гэж тайлбарлаад байна. Энэ хүн бичиг үсэг тайлагдсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн учир гэрээнд гарын үсгээ зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Ц  *** дүүргийн ИТ албанд холбогдуулан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Б.Ц  нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны даргын Б/09 дүгээр тушаалаар 5 дугаар хороо хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авч, чөлөөний хугацаа дууссанаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар иргэний танхим хариуцсан ажилтнаар томилогдон ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан нэг сарын үндсэн цалин 453.149 төгрөгөөр байхаар харилцан тохирч ажиллаж байсан байх бөгөөд *** дүүргийн ИТ ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/02 дугаар тушаалаар иргэний танхим хариуцсан гэрээт ажилтнаар томилжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц  намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ямар нэг алдаа зөрчил гаргаж байгаагүй байхад ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, улмаар мөн өдрөө иргэний танхим хариуцсан гэрээт ажилтан гэх албан тушаалд томилж, худал амлалт өгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр тушаал шийдвэр гаргалгүй ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин ажил олгогч *** дүүргийн ИТ албанд нь Б.Ц-ыг бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлж, мөн өдрөө гэрээт ажилтнаар ажилд авсан ба үүний үндсэн дээр түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн бол тухайн үед гомдлоо гаргах байсан, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэж маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ...Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн... бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан байна.

 

*** дүүргийн ИТ албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/02 тоот тогтоол 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр /х.х 73 дугаар тал/ гарч, уг тогтоолын хавсралтад... Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтэс... 11 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний танхим хариуцсан ажилтан 4 байхаар тогтоож, дээрх орон тоогоор ажиллаж байсан байх ба *** дүүргийн ИТ албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 03 тоот тогтоол 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр /х.х 66 дугаар тал/ гарч, уг тогтоолоор дээрх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон байна.

 

Энэ тогтоолын хавсралтад Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийг Хууль эрх зүйн хэлтэс нэрээр өөрчилж, 11 хүний бүрэлдэхүүнийг 13 болгож, харин иргэний танхим хариуцсан ажилтанг 3, иргэний танхим хариуцсан гэрээт ажилтанг 10 хүртэл байхаар тогтоож, иргэний танхим хариуцсан ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэний танхим хариуцсан гэрээт ажилтан хөлсөөр ажиллах гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг үзүүлэх гэж заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *** дүүргийн ИТ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор тус ажлын албаны хэлтсийн зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт орж, бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаар тушаал гарсан гэж тайлбарлав.

 

Дээрх Б/01 тоот ажлын албаны даргын тушаалаар Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад дурдсан нэр бүхий 35 албан хаагчдыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба үүнд нэхэмжлэгч Б.Ц  буюу иргэний танхим хариуцсан 5 ажилтан багтжээ.

 

Улмаар ажлын албаны даргын мөн өдрийн Б/02 тоот ажилд томилох тушаалаар Б/02 тоот тушаалын хавсралтад дурдсан 37 албан хаагчдыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажилд томилж, иргэний танхим хариуцсан 5 ажилтны 3-ыг дээрх албан тушаалд томилж, 4 ажилтанг иргэний танхим хариуцсан гэрээт ажилтнаар томилсны нэг нь Б.Ц  байна.

 

Өөрөөр хэлбэл *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тогтоолд иргэний танхим хариуцсан ажилтан 4 байсныг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор 3 болгосон байх ба дээрх тогтоолыг үндэслэж гарсан гэх ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот ажлаас чөлөөлөх тушаалын хавсралтад иргэний танхим хариуцсан 5 ажилтныг ажлаас чөлөөлж, мөн өдрөө 3-ыг иргэний танхим хариуцсан ажилтнаар 2-ыг гэрээт ажилтнаар томилсноос харахад иргэний танхим хариуцсан ажилтны тоо тогтоол, тушаал дээр өөр өөр байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онцын шаардлагагүй орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах, ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор орон тоог хасах, бүтцэд өөрчлөлт оруулж болох боловч энэ тохиолдолд тус ажлын албаны хэлтсийн зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт оруулах ямар үндэслэл шаардлага байсан, орон тоог ямар үндэслэлээр хасах, цөөрүүлэх болсноо тогтоолдоо тодорхой тусгах байтал ийм үндэслэл дээрх тогтоолоос харагдахгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар ажилчдыг ажлаас чөлөөлж, буцааж томилохдоо төрийн албан хаагчид тавигдах шаардлага хангасан ажилтнуудыг иргэний танхим хариуцсан ажилтнаар томилж, харин шаардлага хангаагүй ажилтнуудаа гэрээт ажилтан болгосон гэж тайлбарласан болон *** дүүргийн ит-ийн  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолоор иргэний танхим хариуцсан ажилтны тоог 3 болгон цөөрүүлж, харин иргэний танхим хариуцсан гэрээт ажилтны тоог 10 хүртэл байхаар тогтоож, иргэний танхим хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гэрээт ажилтан адилхан хийж гүйцэтгэж байгаагаас үзэхэд тухайн байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах бодит шаардлага байсан эсэх, дээрх тогтоол, тушаал нь асуудлыг бодитоор шийдвэрлэх зорилготой байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

 

Нөгөө талаар ажил олгогч нь ажилтныг анх ажилд авахдаа төрийн албан хаагчид тавигдах шаардлагад нийцэх эсэхийг шалгаж ажилд томилох үүрэгтэй бөгөөд нэгэнт ажилд томилсон тохиолдолд ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэг, түүнийгээ ажил үүрэгтэй хэрэглэх чадвар, дадал дүй нь эрхэлдэг албан тушаалд тавигдах бодит шаардлагад нийцэж байгаа эсэх талаар болон цөөрүүлж байгаа ажилчдаас аль чадвартай, мэргэжилдээ илүү сайныг нь үлдээх зарчмыг баримтлах ба энэ тохиолдолд тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комиссын шийдвэрийг үндэслэн тушаалаа гаргаагүй буруутай байна.

 

Өөрөөр хэлбэл *** дүүргийн ит албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 тоот Б.Цагааныг ажилд томилох тухай тушаалаар тус ажлын албаны Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн иргэний танхим хариуцсан ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын албаны дарга, ажилтантай ажлын байрны тодохойлолтыг танилцуулж, талууд гарын үсгээ зурсан байх ба улмаар гэрээт ажилтан болж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахад хөлсөөр ажиллах гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана гэж зааснаас харахад хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг гэрээт ажилтан хийж байсан байна.

 

Дээрхээс дүгнэхэд иргэний танхим хариуцсан ажилтанг гэрээт ажилтан болгох шаардлага байсан эсэх, заавал бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж шийдвэрлэх байсан эсэх нь ойлгомжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн байгууллагын бүтэц орон тоог бодитой өөрчлөх үндэслэл байсан эсэх талаар хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан Б.Ц  нарын ажилчид төрийн албан хаагчид тавигдах шаардлага хангаагүйгээс гэрээт ажилтан болгож, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хариуцагч байгууллага анхнаасаа ажлаас чөлөөлөх үүднээс дээрх тушаал шийдвэрийг гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот ажилд томилох тушаал гарсны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *** дүүргийн ит ажлын алба, Б.Ц  нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээг байгуулагдаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сард 697.698 төгрөгийн хөлс авахаар тохиролцжээ.

 

Дээрх хугацаа дууссаны дараа хугацааг сунгах талаар аль нэг талдаа мэдэгдээгүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байсан байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар гэрээг сунгагдсанд тооцох ба улмаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

Б.Ц тухайн ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон нэрээр иргэний танхимын 5 ажилтанг 3 болгож, гэрээт болгосон ажилтны хувьд эрх зүйн байдал дордохгүй, хийх ёстой ажлаа хийнэ, цалингаа авна гэж хуурч хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, төөрөгдүүлсэн гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан байх боловч ажилтан иргэний танхим хариуцсан ажилтан буюу дээрх ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсний хувьд ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй юм.

 

Ажил олгогч *** дүүргийн ит ажлын алба Б.Ц-г хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлж, мөн өдрөө гэрээт ажилтнаар ажилд авч үүний үндсэн дээр түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан тул ажлуулаагүй, тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалыг үндэслэлгүй гарсан гэж маргаж байгаа тохиолдолд тухайн үед гомдлоо гаргах байсан, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч зохигчдын тайлбар, хэргийн баримтаас дүгнэж үзэхэд Б.Ц  нь тус ажлын албатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, улмаар бүтэц орон тооны өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, эдгээр гэрээнүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүх тус ажлын албаны даргаын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаал хуульд нийцэж гарсан эсэхэд дүгнэлт хийх нь зөв юм.

 

Нэхэмжлэгч Б.Ц  нь хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгож, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай гэж шаардлагаа тодорхойлж, ажлаас чөлөөлсөн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалын үндэслэлтэй маргаж байгаагаас үзэхэд ажилтанг анх 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар иргэний танхим хариуцсан ажилтнаар томилж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад нь *** дүүргийн ит ажлын албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/02 тоот тушаалаар иргэний танхим хариуцсан гэрээт ажилтнаар томилж, улмаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хоорондоо харилцан хамааралтай, сүүлд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажиллуулаагүй нь ажилтны эрх ашгийг хөндсөн, дээрх тогтоол, тушаалууд нь хуульд нийцээгүй байх тул Б.Ц-ыг иргэний танхим хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Б.Ц-ы хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх ба иргэний танхим хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсний хувьд ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй түүнийг иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоосон тул хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах гэх шаардлагыг дүгнэж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ыг иргэний танхим хариуцсан ажилтнаар томилсон тус ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаал болон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэг сарын үндсэн цалинг 453.149 төгрөгөөр тогтоосон байх тул 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 24 сарын цалинг сарын 453.159 төгрөгөөр тооцож Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 10.875.576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ыг *** дүүргийн ит иргэний танхим хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *** дүүргийн ит ажлын албанаас 10.875.576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч *** дүүргийн ит албанд даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** дүүргийн ит албанаас 188.959 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН