Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01647

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01647

 

 

ххххххх нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01752 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ххххххх нэхэмжлэлтэй хариуцагч ххххххххххолбогдуулан гаргасан хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт даалгах, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ххххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би хххххххххны даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар тус албаны 5 дугаар хорооны иргэний танхимын ажилтнаар анх ажилд томилогдон ажилласан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар буцааж ажилдаа орсон. Тус ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт орж иргэний танхимын үндсэн орон тоонд 3 ажилтан, гэрээт орон тоонд 10 ажилтан гэж баталж, намайг гэрээт ажилтан болгосон. Үндсэн орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаа гэрээт болгож, ажлаас халж байгаад гомдолтой.

Ажил олгогчоос гэрээт ажилтныг үндсэн орон тооны ажилтнаас гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй гэж хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байсан. Хэдийгээр гэрээт ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах учиртай. Гэтэл гэрээгээр ажиллаж байх хугацаанд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ хийж байгаагүй. Миний бие хөлсөөр ажиллах гэрээг зөвшөөрөхгүй. Дарга н.Ц нь гэрээт ажилтан болгосон хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, гэрээ дуусгавар болно гэж санаа зовох хэрэггүй гэж хэлж байсан боловч хөлсөөр ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа очиход гэрээ дууссан талаар албан ёсоор мэдэгдэлгүй, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт даалгах, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож өгнө үү хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хххххххххны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: хххххххххны даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар хххххххг иргэний танхим хариуцсан ажилтнаар томилсон. Тус Тэргүүлэгчдийн ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ххххххх ажиллаж байсан ажлын байранд бүтэц орон тооны өөрчлөлтөөр орж, түүнийг ажлаас нь чөлөөлж, улмаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ажлын ачаалал зохион байгуулагдаж буй арга хэмжээг харгалзан ажилтнуудыг хуваарлан ажиллуулдаг бөгөөд 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан ажилтан гэж албан тушаал байхгүй болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт зааснаар цалин бууруулахгүй гэрээт ажилтнаар ажиллуулах талаар ажлын албаны дарга Ж.И, Т.А нар хххххххтай уулзаж, сонсох ажиллагаа хийж тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулан, ххххххх нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай хийгээд, ажлын ачаалал буурсан үед гэрээг сунгалгүй, ажлын ачаалал нэмэгдэх үед дуудан ажиллуулахаар тохирсон. Тухайн үед ххххххх өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн учир нийгмийн даатгал тасрахгүй гэж хэлж байсан. Гэтэл хххххххтай харилцан тохиролцож шийдэлд хүрсэн байхад үндэслэлгүй шалтгаанаар шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар хххххххг хххххххххны иргэний танхим хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хххххххххнаас 10 875 576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххххд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч хххххххххдаалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххххххх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хххххххххнаас 188 959 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч хххххххххны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаар тогтоолоор тус ажлын албаны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан. Иргэний танхим хариуцсан ажилтнууд хороон дээр байнга байрлан ажилладаггүй, шаардлагатай үед ажилладаг байсан тул сул зогсолт их байсан. Иймээс иргэний танхим хариуцсан ажилтныг 3 болгон багасгаж, гэрээгээр ажиллах 10 хүний орон тоо баталсан

Тухайн үед иргэний танхимын ажилтан байсан ххххххх болон н.Б нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хүмүүсийг төөрөгдөлд оруулж, хуурсан мэтээр тайлбарласан үндэслэлгүй юм. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч хххххххд хөлсөөр ажиллах гэрээгээ сунган ажиллуулж байгаад 10 сард 1 хүн тэтгэвэрт гарахаар эргүүлэн иргэний танхимын ажилтнаар ажиллуулах талаар санал тавьж байсан. Гэтэл ххххххх нь хурлыг хууль бус шийдвэр гаргасан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус ажлын албанаас бүтэц зохион байгуулалтыг дахин өөрчлөн баталсан. Иргэний танхимын ажилтан гэх ажлын байр үгүй болж хууль эрх зүйн хэлтэс мөн өөрчлөгдөж бүх албан хаагчид төрийн захиргааны албан хаагчид байхаар батлагдсан.

Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус, нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэсэн нь буруу байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3 дугаартай тогтоолыг үндэслэн хххххххг иргэний танхим хариуцсан гэрээт ажилтнаар ажиллуулахаар тус ажлын албаны дарга Ж.И, Т.А нар уулзаж, сонсох ажиллагаа хийсэн. Талууд харилцан тохирч гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 7 сар гэрээгээр ажилласан болно. Тухайн үед тэрээр гомдол гаргаагүй боловч хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдсөн гэж үзэн хууль мэдэхгүй гэх үндэслэлээр 7 сарын дараа шүүхэд гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн ххххххх нотлох баримтаар өгсөн аудио бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн тул үзлэг хийлгэх хүсэлт хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргахад шүүх хангаагүй. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус нотлох баримтыг хүлээн авч дүгнэлт хийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч ххххххххххолбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч ххххххх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон тооны өөрчлөлт орсон гэж намайг гэрээт ажилтан болгосон, ... би хөлсөөр ажиллах гэрээг зөвшөөрөөгүй, ажил олгогчоос ... гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн учир хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ... 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар талаар мэдэгдэлгүйгээр ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэх агуулгаар тайлбарлажээ.

Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, ххххххх Хан-Уул хххххххх хууль тогтооомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн иргэний танхимын ажилтны ажил үүргийг ажил олгогч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтыг хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаар тушаал, түүний хавсралт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-4-5, 7,108-111/

Хан-Уул дүүргийн ххххххххх 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор тус хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. /хх-66-72/ Үүнтэй холбогдуулан тус дүүргийн хххххххххх дарга нь мөн оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай тушаал гаргаж, ажлын албаны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөө Б/02 дугаар тушаалаар ажлын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан албан хаагчдын ажил, албан тушаалыг хавсралтаар баталж, албан хаагчдыг ажилд нь буцаан томилохдоо нэхэмжлэгч хххххххг иргэний танхим хариуцсан гэрээт ажилтан гэсэн нэршилтэй албан тушаалд томилсон байна. /хх-12-15/

Улмаар хариуцагч байгуулага нь нэхэмжлэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллуулах тухай нэртэй гэрээг тус тус байгуулсан байх ба уг гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгч хххххххг ажлаар хангаагүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-16-20, 185-186/

Ажил олгогч нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрхтэй боловч энэ нь бодитой, хуульд нийцсэн байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул хххххххххх 2017 оны А/02 дугаартай тогтоолын хавсралтын 2.5-д иргэний танхим хариуцсан мэргэжилтэн албан тушаалд 4 орон тоо, 2019 оны 03 дугаар тогтоолоор дээрх албан тушаалын орон тоог 3 болгон, иргэний танхимын гэрээт ажилтан албан тушаалд 10 хүртэл орон тоог тус тус баталж, уг албан тушаалыг Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд багтаасан байна. /хх-30-43/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо цөөрүүлсэн буюу тухайн байгууллагын баталсан ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багассан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд ямар журам, шалгуурыг үндэслэн ажилтнуудыг сонгож тухайн ажил, албан тушаалд ажиллуулахаар сонгож байгаагаа ажил олгогч нь нотлох үүрэгтэй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг төрийн албан хаагчид тавигдах шаардлага хангаагүй учир гэрээт ажилтан болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Нөгөөтэйгүүр, талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзнэ. Учир нь зохигчдын байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нэртэй гэрээний 1.4, 2.8, 5 дугаар зүйлд ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд дагаж мөрдөх журам, цалин хөлс олгох зохицуулалт, гэрээг цуцлах үндэслэл зэргийг зохицуулсан байх ба энэ нь хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ххххххх хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллахдаа өмнөх хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг Иргэний танхимын гэрээт ажилтны албан тушаалд авсан гэх агуулгатай тайлбар гаргажээ. Мөн СД бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэлд талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусаагүй гэх агуулга бүхий харилцан яриа тусгагдсан байна. /хх-176-178/

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах үүрэгтэй. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь дээрх өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд нийцэх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч хххххххг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэн, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, үр дагаврыг хариуцагч байгууллагаар арилгуулахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч тал анхан шатны шүүх нотлох баримт хасах хүсэлтийг хангаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэх үндэслэлээр давж заалдах гаргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хэргийн баримтаас нотлох баримт хасуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтээр СД бичлэгт үзлэг хийхээр шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн заасныг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ мөн хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД