Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00848

 

 

 

 

 

 

Б.Цнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00470 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цхариуцагч ХУД ИТХажлын албанд холбогдуулан гаргасан Хууль зүйн хэлтсийн 5 дугаар хороо хариуцсан ...ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар тус албанд 5 дугаар хороо хариуцсан ...ажилтнаар анх ажилд томилогдон ажиллаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан. Хувийн байдлаас шалгаалан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б/58 дугаар тушаалаар ажилдаа буцаж орсон. Намайг хүүхэд асрах чөлөө авахад миний орон тоон дээр Д.Бтүр тушаалаар ажилд авсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүтэц орон тооны Б/02 дугаар ажилд томилох тушаал гарахад гэрээт ажилтнаар тушаал гарсан. Би хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байхад албаны дарга Ж.Ичи Ажлын албаны даргадаа итгэхгүй өөр яах гэсэн юм, бид нар нөөц бололцоогоо ашиглаад та нарыг үндсэн орон тоон дээр шилжүүлэхийг бодно гэхэд би та бичгээр надад хэлж амлалтаа бичээд өг гэхэд Ажлын албаны даргадаа итгэ, гэрээний хугацаа дууслаа гээд халахгүй гэсэн дарга нарын үгэнд хууртаад гэрээт ажилтан болсон. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ очиход гэрээ дууссан талаар албан ёсоор мэдэгдэлгүй цалинг зогсоож 8 сараас өөрөө нийгмийн даатгалаа төлөөрэй гэж хэлсэн. Иймд намайг хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орон тооны өөрчлөлтөөр ...үндсэн орон тоон дээр 3 ажилтан, /1 нь жирэмсний амралттай/ гэрээт орон тоон дээр 10 ажилтан гэж баталсан. Гэтэл шинэ гэрээт ажилтан нэмж ажилд аваад байгаа атал үндсэн орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаа гэрээт болгож халсанд гомдолтой байна. Хэдийгээр гэрээт ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой байтал гэрээ байгуулаагүй. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тус ажлын албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсгийг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж үндсэн ажилтнуудыг гэрээт болгон ажлаас халж хууль бус ажиллагаа хийсэн тул хууль бусаар ажлаас халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Миний хийж гүйцэтгэж байсан ажлын байранд өөр хүн томилон ажиллуулсаар байж, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь илт хуульд нийцээгүй. Намайг үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхаж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж үзэж байх тул хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож зөрчигдсөн эрхийг сэргээн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Ажлын алба нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, иргэний танхим хариуцсан ажилтны орон тоог 3 болгож, 10 хүртэл гэрээт ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон. 2017 онд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр 1-16 дугаар хороодыг хариуцдаг ...ажилтны орон тоог 4 болгон цөөрүүлсэн. Ажлын ачаалал, зохион байгуулагдаж буй арга хэмжээг харгалзан ажилтнуудыг хуваарилан ажиллуулдаг ба 5 дугаар хорооны Иргэний танхим хариуцсан ажилтан гэж албан тушаал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар бүтцийн өөрчлөлтөд иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болж байгаа, цалин бууруулахгүйгээр гэрээт ажилтнаар ажиллуулах талаар Ажпын албаны дарга Ж.Инар Б.Цтай сонсох ажиллагаа хийж тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Энэ хугацаанд Б.Цөргөдлийн дагуу эмчилгээ хийлгэхэд нь 500 000 төгрөгийн тусламж, 2019 оны хагас жилийн ажлын үр дүнг нь үнэлэн 627 928 төгрөгийн урамшууллыг олгосон. Хөлсөөр ажиллах гэрээг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан. Б.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын ачаалал буурсан үед гэрээг сунгалгүй, ажлын ачаалал нэмэгдэх үед дуудан ажиллуулахаар тохиролцсон. Тухайн үед тэрээр хөгжлийн бэрхшээлтэй байсан учир нийгмийн даатгал тасрахгүй гэж байсан. Нэхэмжлэгчийг гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой. Б.Ц нь бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх болон томилох тушаал гарсантай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн И Ттэргүүлэгчдийн Ажлын албаны 2019 оны Б/01 Ажлаас чөлөөлөх тухай тушаалтай маргаж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэмэгдүүлсэн нь үндсэн шаардлагатай нь холбогдохгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан ХУД ИТХажлын албанд холбогдох хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, хууль эрх зүйн хэлтсийн 5 дугаар хороо хариуцсан ...ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай Монгол овогтой Баяраагийн Цагааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьджээ.

  Нэхэмжлэгч Б.Цдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Ажлын байр нь орон тооны цомхотголд орсон буюу байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчилсөн гэх үндэслэлээр ажиллаж байсан орон тоо хэвээр байсаар байхад өөр хүн томилон, гэрээт ажилтан гэх орон тоон дээр шилжүүлсэнийг үл хайхарсан. Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны хуулийг баримтлан тушаал, захирамж гаргасанд гомдолтой байна. Миний бие гэрээт ажилтан болох үед өөрийн харъяалах дээд шатны дарга нарт бичгээр хүсэлт гаргаж биечлэн уулзаж, утсан дээрээ бичлэг хийж үндсэн ажлын орон тоон дээр чинь буцаан ажиллуулна гэсэн яриаг нотолгоо болгож авсан. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч ХУД ИТХажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх117/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс талуудын ирүүлсэн баримтад дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

ХУД ИТХТэргүүлэгчдийн ажлын алба нь нэхэмжлэгчийг 2018 оны Б/58 тоот тушаалаар дүүргийн И Тхурлын тэргүүлэгчдийн ажлын албаны хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн Иргэний танхим хариуцсан ажилтнаар ажиллуулж байгаад тус ажлын албаны хэлтсийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон гэж үүрэгт ажлаас нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар чөлөөлжээ. Тэрээр нэхэмжлэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 сарын хугацаатай, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хөлсөөр ажиллах гэрээг байгуулан орон нутгийн хэмжээний бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгах, шийдвэр гаргагчдад иргэдийн санал санаачлагыг хүргэх, орон нутгийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулах ... ажил үүргийг гүйцэтгүүлж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх16-19, 30-36/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ .., ажил олгогчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээгээр түр ажиллуулж байгаад эргээд үндсэн ажилтан болгоно гэж хуурч мэхлэн, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан гэж тайлбарлаж тухайн үед байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай ярилцсан ярианы CD бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд ирүүлсэн ярианы бичлэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 51 дүгээр зүйлийн 51.2-т заасан журмын дагуу холбогдох ажиллагааг хийлгүй дан ганц хариуцагчийн тайлбарт үндэслэн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь буруу болсон байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарласан байх тул дээрх ярианы бичлэг тухайн цаг хугацаанд хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай байхын зэрэгцээ энэ талаар ажил олгогчийн зүгээс тэмдэглэл үйлдсэн эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч нь бүтэц орон тооны өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, ажил олгогчид мэхлэгдсэний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ хугацаатай байгуулсан гэж тайлбарладаг тул шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээний талаарх хуулийн зохицуулалт болон талуудын хөдөлмөрийн гэрээг цуцлаж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан шалтгаант холбоог анхаарч үзэх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ