Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/00125

 

 

П.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дүгээр шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 226/МА2024/00006 дугаар магадлалтай,

П.Аын нэхэмжлэлтэй

“Т Б” ХК-ийн Хэнтий салбарт холбогдох

“Т Б” ХК-ийн Хэнтий салбарын захирлын 2023.10.13-ны өдрийн Б/119 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Ю, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Аоос хариуцагч “Т Б” ХК-ийн Хэнтий салбарт холбогдуулан “Т Б” ХК-ийн Хэнтий салбарын захирлын 2023.10.13-ны өдрийн Б/119 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “Т Б” ХК-ийн Хэнтий салбарын захирлын 2023.10.13-ны өдрийн Б/119 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Т Б” ХК-ийн Хэнтий салбарын  тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10,612,800 төгрөгийг хариуцагч “Т Б” ХК-ийн Хэнтий салбараас гаргуулж, нэхэмжлэгч П.Аод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 10,612,800 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 226/МА2024/00006 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч П.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №226/МА2024/00006 магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дугаартай шийдвэрээр миний ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж....нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж, мөн Т Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э цахимаар оролцохдоо хариуцагч Б.Юийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэл зоригийг илэрхийлсэн тул хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. А.Эхэргийн оролцогч биш тул оролцуулаагүй тухай дүгнэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Юийн давж заалдах гомдлыг үндэслэн Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт дүгнэхдээ: Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Т Бны "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 2.1.1-д зааснаар тус банкны Хэнтий салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, орон нутгийн салбар нэгж байна. Төлөөллийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасан ба хуулийн этгээдийн төлөөллийн асуудал хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг анхаараагүй. Т Бны Хэнтий салбараас А.Эд итгэмжлэл олгогдоогүй гэж явцуу хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. ... Хариуцагчийг зөв тодорхойлоогүй, төлөөллөөрөө дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн этгээдийн эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасанд нийцээгүй гэжээ.

Би анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Т Б-Хэнтий салбар гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулийн этгээд болох Т Б ХК мөн бөгөөд түүний нэрийн өмнөөс салбар нь зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж байгаа, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахүйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба нэгжийг ойлгоно гэж заасан учраас салбарыг нэрлэн заасан. Ингэсэн нь зөвхөн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хариуцагчаар татсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Хуулийн этгээд гэх тодорхойлолт болон хуулийн этгээдийн салбарын талаар Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Өмчлөлдөө буюу эзэмших. Ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”. 29 дүгээр зүйлийн 29.6-д "Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно". 7.7-д "Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хүулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна", 7.9-д "Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна", 7.10-д "Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна" гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, тухайн хуулийн этгээдийн нэгж байх бөгөөд зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг төлөөллөөр хэрэгжүүлдэг болох нь тодорхой байгаа. Тийм ч учраас салбарын захирал нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилох чөлөөлөхдөө Т Бийг төлөөлж гарын үсэг зурдаг.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ю нь салбар хариуцагч биш, Т Б хариуцагч байх ёстой гэж маргаагүй, нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа гаргаад шүүх хуралдаанд оролцсон. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө оролцохоос зайлсхийж шалтаг шалтгаан гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Мөн өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулаад дараагийн хуралдаанд өмгөөлөгч аваагүй, харин өөрөө оролцохоос татгалзаж, Т Бнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулна гэж А.Эг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцуулсан ч тэр нь хариуцагчийн төлөөлөгч Б.Ютэй хамт шүүх хуралдаанд оролцоно гэсэн. Шүүх хариуцагчийг төлөөлж Б.Ю нь шүүх хуралдаанд ирсэн байгаа учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эг хамт оролцуулах боломжгүй гэж үзэж А.Эг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн юм.

Ийнхүү хариуцагчийг тодорхойлох тал дээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс өөрөөр дүгнэсэн, өөрөөр хэлбэл хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байх тул энэхүү зөрүүг арилгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00649 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч П.Аын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

7. Нэхэмжлэгч П.А хариуцагч “Т Б” ХК-ийн Хэнтий салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний бие Т Бны Хэнтий салбарт идэвхи зүтгэлтэй, чин шударгаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, салбарын захирлын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа эсэргүүцсэн, салбарын ерөнхий ня-бо болон харилцааны менежерүүдийн өрөөнд хэрүүл маргаан үүсгэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн “...үдийн цайны цагаар хоцорч ажилдаа ирдэг, олны дунд биеэ зохисгүй авч явдаг, салбарын ажилчдын өрөөнд хэрүүл маргаан үүсгэж, элдэв үгээр дайрч доромжлох үйлдэл гаргасан, өөрийн хариуцсан нэгжүүдийг чиг үүргээр хангаж ажилладаггүй, нэгж дээр үүссэн асуудлыг шийдвэрлэлгүй, өөрөөсөө байнга ажлыг түлхдэг. ... удаа дараа сануулсан боловч алдаа дутагдлаа засаагүй тул ажлаас халах тушаал үндэслэлтэй” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... П.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй, зан харилцааны хувьд хүндрэлтэй талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээс үзэхэд цаг хугацаа нь тодорхойгүй, ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгааг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоогоогүй атлаа ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд сахилгын шийтгэл хүлээж байсан баримт байхгүй, хөдөлмөрийн ноцтой зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан нь баримтаар тогтоогдохгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Т Бны Хэнтий салбарын захирал Б.Юийг тодорхойлсон ба Т Бийг хариуцагчаар татаагүй байхад Т Бны итгэмжлэлээр А.Эг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ба магадлалд “... Т Бны Хэнтий салбараас А.Эд итгэмжлэл олгогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, салбарын захирал Б.Ю “Т Б” ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, төлөөлөх эрх хэмжээ тодорхойгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй, хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн байна.

11. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргажээ. Нэхэмжлэгчийн энэ гомдол үндэслэлтэй байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийн хариуцагчийг зөв тодорхойлоогүй, төлөөллөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн этгээдийн эрхийг хангаагүй, тухайн хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн, хэрхэн ямар хүрээнд төлөөлөхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/ …-ыг хэлнэ гэж заасныг анхаараагүй байх ба иргэний материаллаг болон процессын эрх зүйн харилцаанд оролцох эрх бүхий этгээд нь байгууллага байх тохиолдолд гагцхүү хуулийн этгээдийн эрхтэй байх шаардлагатай гэж үзэх нь өрөөсгөл болно.

Нэхэмжлэгч ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн ба нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хариуцах этгээдийг өөрийн ажил олгогч “Т Б” ХК-ийн Хэнтий салбар гэж тодорхойлсон байна. Улмаар ажилтныг ажилд авах, чөлөөлөх, орлон ажиллуулах гэх мэт хөдөлмөрийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох үр дагавар бүхий шийдвэрийг Хэнтий салбарын хувьд салбарын захирал гаргахын зэрэгцээ салбарын ажилтнуудтай захирал Б.Ю хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. 

Иймд хариуцагчийг зөв тодорхойлоогүй буюу “Т Б” ХК-ийг хариуцагч гэж үзэн түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй ноцтой зөрчил гаргасан гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. 

13. Энэ үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан чиг үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “хариуцагчийг тодорхойлох тал дээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс өөрөөр дүгнэсэн нь хууль бус болсон” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 226/МА2024/00006 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Аоос 2024.05.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                             ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА