Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00105

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Т.Ганзориг,

Насанд хүрээгүй гэрч Ч.Нарантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Энхбаяр

Иргэдийн төлөөлөгч М.Мөнхтуяа,

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Болд-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэ-Очир нарт холбогдох 201614000532 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

  Монгол Улсын иргэн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 6-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Сосор овгийн Ганболдын Болд-Эрдэнэ. / ФБ 97010111/

 

  Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын цахилгаанчны 12б ангид сурдаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-42 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн  22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1сарын хорих ялаар шийтгүүлж, ялыг хойшлуулж байсан, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 96 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж,  1 жил 2 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Илжгэн овгийн Эрдэнэтуяагийн Эрдэнэ-Очир / ФБ 97121318 /

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

        Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто центр төвд Э.Эрдэнэ-Очиртой архидан согтуурч байгаад маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан,

     Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 7-18 тоотод Ш.Даариймаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1 485 000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Шүүгдэгч Г.Болд-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найз Эрдэнэ-Очирынд очихоор гэрээсээ гарсан. Гудамжинд явж байтал нэг халамцуу ахтай таарсан, би ч өөрөө жаахан архи ууя гэсэн бодолтой байсан юм. Би өөрийнхөө мөнгөөр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авч гудамжинд нөгөө ахтай уугаад салсан. Гудамжинд сууж байхад согтоод байсан учир найз Эрдэнэ-Очирын гэр рүү явах гэхээр хол санагдаад тамхи татаад гудамжны сүүдэрт сууж байсан. Гудамжинд сууж байхад Рашаант багаас явж байгаа бололтой машинтай ах айлуудын хаалга тогшиж хүмүүстэй уулзаад яваад байсан. Миний хулгай хийсэн айлын хашааг тогшиж яваад хүн байхгүй гээд яваад өгсөн. Би тэр айлыг эзэнгүй байна гэж бодоод хашааг нь урдуур нь даваад орсон. Урагш харсан 2 цонхтой байшингийн баруун талын вакум цонхыг гараараа түлхсэн чинь онгойсон. Цонхоор нь ороод ханын шкафыг онгойлгоод үзэхэд хураалттай хувцаснууд дээр эмэгтэй хүний мөнгөн бүс байсныг аваад буцаад гарсан. Найз Эрдэнэ-Очирын гэрт очоод түүнд айлаас хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Бид хоёр хотын төв ороод 3-22-р байрны арагшаа харсан ломбарданд 25 000 төгрөгөөр зарсан. Ингээд Цагаанчулуут багт очиж сагсны талбай дээр тоглосон. Тэнд бид хоёр 2.5 литрийн Боргио пиво авч уусан. Харанхуй болоход тэндээс явж гэр хорооллын эцсийн буудлын дэлгүүрээс 2 ширхэг ажлын бээлэй аваад өдөр нь мөнгөн бүс хулгайлсан айл руу орж хулгай хийхээр явсан. Хүн ирсэн байх гэж бодоод гудамжинд явж байсан танихгүй 2 хүүхдээр хаалгыг нь цохиулсан чинь хүн байхгүй байсан. Ингээд Эрдэнэ-Очир бид 2 нөгөө айлын хойд хаалгаар очиж хашаа руу нь орсон. Эрдэнэ-Очир 2 ширхэг дайлантай хөөрөг, эрэгтэй хүний цагаан мөнгөн мэт тоногтой бүс, ногоон чулуун хийцтэй бүс гэмээр зүйл аваад цүнхэндээ хийж байсан. Би гал тогооны өрөөний шкаф дээрээс улаан ягаан өнгийн шигтгээтэй 1 ширхэг мөнгөн бөгжийг авч цүнхэнд хийсэн. Эрдэнэ-Очир хоймор нь байсан зурагтыг залгуураас нь салгаад эрэгтэй хүний дээлэнд боосон байсан. Тэгээд цонхоор Эрдэнэ-Очир түрүүлж гараад би араас нь зурагтыг авч өгсөн. Тэгээд Эрдэнэ-Очирын гэрт очиж зурагтыг хашаан доторх амбаарын ард нууж, цүнхтэй зүйлээ амбаарт оруулж тавьсан. Маргааш нь зурагтаа зараад Эрдэнэ-Очирын найз охин Отгонцэцэгийн хамт караокед орсон. Улаанбаатар хот руу явах гэж байгаад согтуу байсан учир вокзалын цагдаагийн ажилтан Орхон аймгийн цагдаагийн газар дуудлага өгч бид хоёрыг саатуулсан. 2016  оны 11 дүгээр сарын 17-нд ажил дээрээ байж байтал манай найз Эрдэнэ-Очир ирээд намайг пиво аваад өгчих маргааш хоёулаа хуваагаад өгчихье гэж хэлэхээр нь том Сэнгүр пиво авч уугаад дуусч байтал 0.5 аваад ууя гэхээр нь үгүй гээд хоёулаа дахиад 2 пиво авч уусан. Гэтэл Эрдэнэ-Очир гэнэт агсан тавиад би шоронд ийм байгаагүй атман байсан гээд над руу салаавч гаргаад баньд минь гээд байхаар нь боль гэж хэлчихээд хамт явж байсан охинтой нь юм яриад сууж байтал гэнэт намайг цохиод авсан. Би газар унаад босох гэтэл дээр суучихаад дахин 2 цохиод миний хоолойг бооход миний нүд харанхуйлаад эхлэхээр нь би гараараа тэмтэрч байтал гарт юм баригдахаар нь тэр зүйлээрээ 3-4 удаа толгойд нь цохисон. Гэтэл Эрдэнэ-Очир одоо болио гэхээр нь би босоод чи одоо яв ямар гайтай юм гэж хэлээд би гаргаад явуулсан. Би тэр хавиар цус болчихсон байхаар нь арчиж цэвэрлэчихээд гэртээ харсан гэсэн мэдүүлэг,

   Шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:..2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байтал Г.Болд-Эрдэнэ эмэгтэй хүний мөнгөн бүс барьчихсан ирээд энэ бүсийг эзэнгүй айлаас ороод авчихсан гэж хэлсэн. Тэгээд түүнтэй хамт хотын төв ороод 3-22-р байрны арагшаа харсан ломбарданд 25 000 төгрөгөөр зарсан. Ингээд Цагаанчулуут багт очиж сагсны талбай дээр тоглосон. Тэнд бид хоёр 2.5 литрийн Боргио пиво авч уусан. Ингэж явахдаа Болд-Эрдэнэ надад тэр өдөр хулгай хийсэн айлынхаа талаар яриад байсан. Орой нь хамт тэр айл руу орж хулгай хийе гэж байсан. Бээлийтэй хулгай хийхгүй бол ул мөр үлдэж магадгүй гээд хоёулаа гэр хорооллын эцсийн дэлгүүрээс 1, 1 ширхэг даавуун бээлий авсан. Болд-Эрдэнэ наад айлын чинь хашааны арын хаалгыг өдөр онгойлгосон байгаа гээд бид 2 арын хаалгаар нь ороод тэр айлын цонхоор гэр рүү орсон. Авдарнаас нь дээл аваад дээлэндээ зурагтыг нь боосон. Даалинтай хөөрөг 2 ширхэг, мөнгөн гэмээр бүс, ногоон өнгийн чулуун бүс, мөнгөн ээмэг, бөгж гэх мэт зүйлийг авсан. Маргааш өглөө нь зурагтаа 150 000 төгрөгөөр зараад караокед орсон. Орой Г.Болд-Эрдэнэ Улаанбаатар явна гээд вокзал дээр төмөр саадан хашааны хажууд пиво ууж байгаад вокзалын цагдаад баригдаад согтуу байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газар хүргэгдэн ирсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Эрдэнэ-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Тэр өдөр 5 дугаар микрт байдаг Г.Болд-Эрдэний ахын ажил болох Авто центр төв дээр түүнтэй интернетээр чат бичиж байгаад очсон. Тэгээд бид 2 түүний ахын орлогын мөнгөнөөс 2.5 литрийн пиво авч хувааж уусан. Пивоо ууж дуусчихаад дахиад 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Сүүлийн 1 пиво ууж байхад Болд-Эрдэнэ найз болох Нарантуяатай утсаар яриад хаана байгааг нь асууж байсан. Тэр Шанд багт гэртээ байна гэж хэлсэн. Би такси барьж очоод гитарыг чинь авчихъяа жаахан тоглох гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь тэг, тэг гэрийн гадаа ирээд дохьчих гэж байсан. Гэрийнх нь гадаа очоод дохисон чинь Нарантуяа гитараа аваад гарч ирэхээр нь түүнийг хамт явъя гээд машинд суулгасан. Тэгээд Болд-Эрдэний ажил дээр ирсэн. Би түүнтэй яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Болд-Эрдэнэ би чамайг жаахан мөнгөтэй болж байгаад зодьё гэж хэлэхээр нь би түүнийг сууж байсан сандал дээрээс нь түлхэж унагаад заамдаж нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Гэтэл Болд-Эрдэнэ миний толгой руу пиво ууж байсан Нийслэл гэсэн бичигтэй аягаар 1 удаа цохиж байсныг нь санаж байна. Нарантуяа хажуунаас наад хүн чинь үхлээ шүү дээ толгойноос нь цус гараад байна гэж байсан. Тэгэхээр нь би Болд-Эрдэнэд болье гэсэн. Болд-Эрдэнэ намайг нөгөө өрөөнөөс гаргасан. Би гараад ээж рүүгээ ярьж хүүхдийн ордны урд уулзаад БОЭТ-ийн хүлээн авахад ирж үзүүлсэн. Гомдолтой байна, өмнө нь эмчилгээний зардал, өмгөөллийн хөлс бүгд 5.371.600 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Болд-Эрдэнэ 5.336.000 төгрөг төлсөн. Өнөөдөр мөн эмчилгээний 2.106.800 төгрөг, замын зардал 100.000 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний 4 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,  

     Хохирогч Ш.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би нөхөр Ц.Миймаагийн хамт 2016 оны 09 дүгээр сарын  06-ны өдөр хүргэн хүү Эрдэнэтүлхүүрийн гэрт очиж өвс хадлан хадахад нь туслахаар явсан. Манайх Рашаант багийн 7-18 тоотод байдаг бөгөөд  гэрээ эзэнгүй орхиод явсан. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай ач хүү Түвшинбагана очиж хашааг эргээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод ороход хойморт байсан авдар дотроос эд зүйлийг нь гаргаад хаячихсан байсан гэсэн. Байшингийн арын тавиур дээр байдаг ЛСД зурагт алга болсон, байшингийн баруун талын вакум цонх онгойсон манай гэрт хулгайч орсон байдалтай байсан болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм билээ. Манай гэрээс Тошиба маркийн 37 инчийн ЛСД зурагт, манай нөхрийн хэрэглэж байсан орчин цагийн хийцтэй хув толгойтой манан хөөрөг 1 ширхэг дайлангийн хамт, дангаараа хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, хүүхдийн хуванцар хийцтэй жижиг хөөрөг 1 ширхэг даалингийн хамт, манай нөхрийн хэрэглэж байсан цагаан металл тоногтой эрэгтэй хүний суран бүс 1 ширхэг, миний өөрийн хэрэглэж байсан мөнгөн тоногтой эмэгтэй суран бүс 1 ширхэг, арьсан кошлак 1 ширхэг, кошлок дотор байсан шар чулуун эрх, ягаан шигтгээтэй ээмэг, кулон, бугуйвчны хослол, цагаан сувдан шигтгээтэй кулон 1 ширхэг, 4х2 см, 2.6х4 хэмжээтэй 50 грамм мөнгө 2 ширхэг, саарал өнгийн эмэгтэй хүний монгол дээл 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна лээ  гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 831 дугаартай: Э.Эрдэнэ-Очирт гавал тархины ил гэмтэл, гавлын орой ясны зүүн талын цөмөрсөн хугарал, тархины тал бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дунд зэргийн няцрал, хуйханд язарсан шарх, нүүрэнд язарсан шарх гэмтэл үүсчээ.  Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, гавал тархины ил гэмтэл, гавлын орой ясны зүүн талын цөмөрсөн хугарал, тархины зүүн тал, тал бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд зэрэгт, нүүрэнд язарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хх-ийн тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Болд-Эрдэнэ түүнийг явах гэхэд нь 1000 төгрөг өгч байсан. Эрдэнэ-Очир нь Болд-Эрдэнэд хандан “ ээ андаа чи  гээд бага зэрэг уурлаад гарсан”. Тэгсэн чинь Болд-Эрдэнэ андаа чи яагаад байнаа гээд дагаад гарсан. Би нөгөө өрөөндөө суугаад үлдсэн. Тэр 2 гадаа 5-6 минут болоод орж ирсэн. Орж ирээд Эрдэнэ-Очир ээжтэйгээ утсаар яриад байх шиг байсан. Ээжээ би согтуу байна намайг хүүхдийн ордон дээр ирээд аваач гэж байсан. Ингээд сууж байхад Болд-Эрдэнэ гитар тоглоод бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир Болд-Эрдэнэд би шорон, хүүхдийн клонд ийм байгаагүй гэж байсан. Тэр хоёр гадаа гарсан хойноо л өөр юм ярьсан байж магадгүй миний мэдэхийн ийм л зүйл яриад байсан. Тэгсэнээ сандал дээр гитар тоглоод сууж байсан Болд-Эрдэнийг Эрдэнэ-Очир толгой руу нь гараараа цохиж унагаагаад дээр нь гарч нүүр рүү нь 2-3 удаа цохиод мөн хувцасаар нь хоолойг нь боосон. Тэгсэн Болд-Эрдэнэ гараараа юм тэмтэрч байгаад тэр хавьд нь байсан бид нар пиво хийж тойруулан ууж байсан нийслэл гэсэн бичигтэй, бариултай өндөр шилэн аягаар Эрдэнэ-Очирын толгой руу 3-4 удаа цохисон юм. Тэгсэн чинь Эрдэнэ-Очирын толгойноос цус гараад ирсэн юм. Тэгэхлээр нь би Болд-Эрдэнэд хандан  наад хүн чинь үхлээ шүү дээ Бобоо одоо боль гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэ-Очирын толгой дээр гараа тавьж үзсэн чинь цус гарсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 тал/

 

Гэрч О.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 11 дүгээр сарын 17-нд миний хүү Э.Эрдэнэ-очир нь 2016 оны 09 сард Рашаант багт айлын байшингийн цонхоор орж хамт хулгай хийсэн Г.Болд-Эрдэнэ гэгчид толгойруугаа шилэн аягаар цохиулж  толгойдоо хүнд гэмтэл авсан юм. Энэ өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний хүү Эрдэнэ-Очир над руу залгаж найзынхаа гэрт ирээд Гордод байна, та гэртээ харих болж байгаа юм уу хамт харих уу гэж байсан. Тухайн үедээ надад тодорхой юм яриагүй. Сүүлд мэдэхэд Болд-Эрдэнэтэй хамт байсан юм байна лээ ингэж ярихад нь би айлд хувийн ажлаар Наран багт хүнтэй уулзаад явж байсан юм. Тэгээд түүнд айлд байна харих арай болоогүй байна гарахдаа чамруу утсаар яръя гэж хэлээд утсаа салгасан. Удаа ч үгүй байхад 10-20 минутын дараа тэрээр мөн миний гар утас руу залгаж, Болд-Эрдэнэ намайг зодчихлоо толгой хагарсан юм шиг байна. Толгой эргээд цустайгаа холилдчихсон байна гэж байсан. Тэгээд нөгөө айлаас гарах хооронд над руу хүү маань 2-3 удаа залгаад миний толгой эргээд унах гээд байна хурдан ирээрэй ээжээ, би Их хаадын цуваа хороолол, хүүхдийн ордоны хажууд байна гэж байсан. Яваад очиход толгойноос нь цус гарсан хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 228 тал/,

 

Гэрч Н.Сандуйн ... Э.Эрдэнэ-Очир нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс манай тасагт хэвтэж байна. Анх толгой руугаа шар айрагний бакалаар цохиулсан гэж ирсэн, толгойдоо компьютер томографики хийлгэсэн, зулай чамархай хэсэгт гавлын яс цөмөрсөн хугаралтай бага зэрэг цус хуралттай хэвтсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 25-нд Балдорж эмч бид хоёр түүний толгойд хагалгаа хийж цөмөрсөн ясыг авч титанаар нөхсөн байна. Үүнээс хойш миний бие түүнийг үзэж байсан, хагалгааны дараа шархаар нь шүүс татаж шарх идээлж хувилсан, оёдлыг нь авч шархыг нь угааж цэвэрлэж байсан. Өвчтөн өөрийн хүсэлтээр Улаанбаатар явж эхний стор хаалгасан.... 2017 оны 01 дүгээр сарын 05-нд титан төмрийг нь авсан одоогоор гайгүй шарх нь эдгэрч байгаа, шарх нь хэдэн сарын дараа дахин эдгэрэхээр дахин нөхөөс титанаар нөхөх хагалгаа хийнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 230 тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл ... Бат-Эрдэний Дагвадоржоос Тошиба маркийн зурагт хураан авав .. гэх тэмдэглэл /хх-12 тал/

 

 Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл ... Г.Болд-Эрдэнээс

1. хар өнгийн үүрдэг цүнх,

2. улаан дайлантай бор чулуун хөөрөг 1 ширхэг,

3. Улаан дайлан дотор байх хөөрөгний толгой мэт улаан чулуу нэг ширхэг,

4. ногоон дайлантай жижиг ягаан чулуун хөөрөг 1 ширхэг,

5. эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс нэг ширхэг,

6. ногоон чулуун хийцтэй эмэгтэй хүний бүс нэг ширхэг,

7. цахилгаантай бор арьсан уут нэг ширхэг үүний дотор шар өнгийн эрх нэг ширхэг, ягаан шигтгээтэй ээмэг 3 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй кулон нэг ширхэг, ээмэг нэг ширхэг, ягаан шигтгээтэй мөнгө мэт бугуйвч нэг ширхэг, цагаан өнгийн мөнгө мэт жижиг төмөр хоёр ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй бөгж нэг ширхэг,

8. нокиа маркын гар утас нэг ширхэг,

9.түлхүүр гурван ширхэг

10. сэнгүр пиво нэг ширхэг,

11. Мянган төгрөг 2 хоёр,

12. таван зуун төгрөг 1 ширхэг,

13. зуун төгрөг нэг ширхэг,

14. хорин төгрөг нэг ширхэг,

15. сурагчийн хувийн хэрэг 2 ширхэг гэх тэмдэглэл /хх-ийн 13 тал/ 

 

 Э.Эрдэнэ-Очироос саарал өнгийн материалтай эрэгтэй хүний монгол дээл 1 ширхэгийг хураан авав гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-ийн 14 тал\,

 

... И.Наранбаяраас 107 см урт, 2.8 см өргөн эмэгтэй хүний тоноглолгүй бүс 1 ширхэгийг хураан авав гэсэн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23 тал/

 

...И.Наранбаяраас цагаан өнгийн том жижиг нийлсэн 8 ширхэг хээ бүхий дүрстэй бүсний тоноглол мэт зүйлс байна. Хамгийн том нь 8х4 см хэмжээтэй бусад нь 4х2,5 см хэмжээтэй зүйлс байв. Мөн 0,6 см хэмжээтэй 5 ширхэг цэнхэр өнгийн шигтгээ байсныг тус тус хураан авав.... гэх эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 тал/,

 

Эд зүйлийн ... нийт дүн 1.460.000 төгрөг ... гэх үнэлгээ /хх-ийн 30 тал/,

 

Гэрч А.Амарсайханы ... Эрдэнэт өртөөний гэрээт цагдаагаар 4 жил ажиллаж байна. 2016 оны 09 сарын 14-ний өдөр Эрдэнэт өртөөн дээр 18 цаг өнгөрч байхад эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Өртөөний зорчигчийн тавцан дээр өндөр нам нуруутай 2 залуу нэг охины хамт 2,5 литрийн пиво уучихсан сууж байсан. Пиво нь бараг дуусч байсан очоод шалгахад хоёр залуу согтуу байсан. Ингээд 2 залууг харуулын өрөөнд оруулж бичиг баримтыг нь шалгахад ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан. Харин өндөр нуруутай залуугийн үүрч явсан цүнхэнд юу байгааг шалгаж үзэхэд  дотроос нь улаан дайлантай бор өнгийн хөөрөг 1 ширхэг, үүний дотор ягаан өнгийн хөөрөгний дан толгой 1 ширхэг, мөн өөр ногоон өнгийн дайлантай жижиг ягаан хөөрөг 1 ширхэг, мөнгө мэт тоногтой бүс 1 ширхэг зэрэг эд зүйлс гаргаж ирсэн. Тухайн хоёр залуу согтуу байсан тул хамт явсан Э.Отгонцэцэг гэх охиныг байлцуулан тэмдэглэл хөтлөн эд зүйлийг түр хураан авч тухайн хоёр этгээд согтуу байсан учир Орхон аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч жижүүрийн машин ирэхэд уг хоёр этгээдийг болон түүний үүрч явсан цүнхтэй эд зүйлийн хамт Цагдаа жолооч Ганзоригт хүлээлгэн өгөөд дараагийн ажилдаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Отгонцэцэгийн ... тэр өдөр цагийг нь сайн санахгүй байна, өдөр дунд байх гэж бодож байна. Эрдэнэ-Очир миний гар утасруу залгаж найз Богоог Улаанбаатар гаргаж өгөх гэж байна гээд Согоот багийн 14 дүгээр сургуулийн ойролцоо байна гэж дуудсан юм. Яваад очиход Эрдэнэ-Очир өөрийнхөө найз Бобоо гэх жинхэн нэрийг нь мэдэхгүй залуутай хамт байж байсан. Тэгээд тэр залуу нь Улаанбаатар хот явна гэж ярьж байсан. Тэгээд 3-уулаа Эрдэнэт зочид буудлын кораокед орж тэр хоёр пиво уусан. Би тэр пивоос нь уугаагүй, амсаад л ширээн дээр буцаагаад тавьчихсан юм. Ингээд байж байгаад би түрүүлээд байрлуугаа явчихсан юм.Байрандаа очоод байж байхад орой 16-17 цагийн үед нөгөө хоёр явах гэж байна гэж Эрдэнэ-очир надруу яриад барилгачдын талбай дээр хүрээд ир гэж байсан. Намайг яваад очиход Бобоо буюу өнөөдөр нэрийг нь мэдэж авсан Болд- Эрдэнэ гэх залуу зорчих тасалбар авсан юм. Тэгээд 3-уулаа хамт таксинд сууж төмөр замын вокзал орсон. Очиход вагон арай явах болоогүй байсан. Тэгсэн чинь Бобоо дэлгүүрээс нэг том савтай пиво авсан. Тэгээд тэр хоёр нөгөө пиво ууж байгаад вокзалын цагдаад баригдсан юм... Тэр хоёр надад ямар нэгэн байдлаар хулгай хийсэн талаар айлаас эд зүйл хулгайлсан талаар ярьж байгаагүй. Бобоо нь нэг цүнх үүрсэн байсан. Би түүнийг Улаанбаатар хот явж байгаа учир хувцасаа авч яваа байх гэж бодсон тэгсэн чинь вокзалын цагдаа ах цүнхийг нь шалгаж үзэхдээ дотроос нь хөөрөг, мөнгөн мэт бүс, ээмэг бөгж зэрэг эд зүйлийг гаргаж ирээд бичиж тэмдэглэж аваад байсан. Тэгээд тэр хоёрыг согтуу байсан учир цагдаа дуудаж дуулагаар ирсэн цагдаад хүлээлгэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

            Гэрч Б.Дорждагвын ... 2016 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдөр байх гэж бодож байна, манай хамаатны дүү  Бобоо буюу Болд-Эрдэнэ миний 99353754 гэсэн дугаар руу залгасан байсан бөгөөд тухайн үед би гар утасны дууг хаасан байсан учир сонсоогүй, ...  2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Бобоо надруу ярихдаа танд урьд Дархан-Уул аймагт байгаа гэж ярьж байсан зурагтыг аваад ирсэн, та хямдхан авчих гэж байсан мөн Улаанбаатар хот руу явах гээд мөнгөний хэрэг гарсан гэж байсан, 150 000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд би түүнд үзэе, авъя гэж ярьсан. Маргааш өглөө нь наймаа хийхээр болсон юм. Өглөө би танил зах дээр ажил дээрээ оччихсон байхад Бобоо миний гар утасруу ярьж нөгөө зурагтаа авахуу, ирж үзэх үү гэж байсан. Би рашаант багийн урд гудамжинд нэг айлд машинтайгаа очсон юм. Бобоо намайг гудамжинд тосч авсан. Нэг хашаанд өөрөөсөө гадна нэг бандитай нөгөө зурагтаа авсан гарч ирсэн юм. Тэгээд миний машинтай город орж тэр зурагтыг нь би гэртээ авч ирж асааж үзэж байгаад авна гээд Уурхайчин баг 3-12-15 тоотод ирсэн юм. Тэгээд 220-д залгаад үзсэн чинь асч байсан. Тэр зурагтыг нь авахаар болж Танил зах орж лангуун дээрээс 150 000 төгрөг өгч явуулсан...гэх мэдүүлэг хх-ийн 40 дүгээр хуудас/,  Миний бие хэрэгт шалгагдаж байгаа Болд-Эрдэнэээс түүнд өгсөн 150 000 төгрөгөө авсан. Тэрээр намайг хохиролгүй болгож 150 000 төгрөг өгснийг хүлээн авсан. Үүнийгээ мөрдөн байцаагчид мэдэгдэх гэж ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41тал/,

 

Гэрч И.Наранбаярын .. тухайн өдөр Уурхайчин багийн 3-22-64 тоотод байрлах хүүхдийн сүүний худалдаа хийдэг дэлгүүр дээрээ байж байхад гаднаас өндөр нам нуруутай урьд харж байгаагүй танихгүй 2 залуу орж ирээд мөнгөн бүс авах уу гэж байсан. Манай гадна бичиг ломбард гэсэн хаяг байдаг юм. Урьд нь манай хамаатны эгч болох Алтаа гэдэг хүн миний хажууд сууж ломбард ажиллуулж байгаад 2016 оны 07 дугаар сараас больсон ... тэгээд үзэхэд эмэгтэй хүний мөнгөн тоногтой нарийн бүс байсан. Тэгээд хэдэд зарах гэж байгаа талаар асуухад үнээ тодорхой хэлэхгүй байсан. Би тэр хоёрт 25 000 төгрөгнөөс дээш үнээр авахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр надад 25 000 төгрөгөөр заръяа гээд мөнгөө аваад яваад өгсөн. Тэгэхлээр нь би тэр бүсийг Чандмань төвд байдаг Алт мөнгөн эдлэл авдаг Хүннү дэлгүүрт мөнгийг нь хуулж аваад 35 000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь хуулж авсан суран бүсийг ажил дээрээ байлгаж байсан чинь 2016 оны 09 сарын 15-ны өдөр мөрдөн байцаагч ирээд хураан авсан юм. тэр өдрөөс хойш хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

 

Гэрч А.Долгорсүрэнгийн ... Наранбаяр гэж залуугаас мөнгөн бүсний тоног /толь түүний арал 5 ширхэг гоёл, тоноглолыг/ электрон жин дээр тавихад барагцаагаар 37,5 грамм орчим байсан. Түүнийг 35 000 төгрөгөөр худалдан авсан... би өөрт нь тухайн зүйлийг өгөөд, надаас авсан 35 000 төгрөгийг буцааж өгөөд миний зүгээс тухайн зүйлийг хулгайн зүйл гэж мэдээгүй. Уурхайчин багийн 3-22 дугаар байранд ломбард ажилуулдаг гэдгийг мэддэг байсан. Мөн ломбард нь манай ажилтай ойрхон байдаг учир хулгайн эд зүйл гэж бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болголоо.

 

Иймд шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Авто центер” төвд  согтуугаар Э.Эрдэнэ-Очиртой маргалдан улмаар толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж бие махбодид нь гавал тархины ил гэмтэл, гавлын орой ясны зүүн талын цөмөрсөн хугарал, тархины тал бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 7-18 тоотод иргэн Ш.Даариймаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 1.485.000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Дааримаа, Э.Эрдэнэ-Очир,насанд хүрээгүй гэрч Э.Отгонцэцэг, Ч.Нарантуяа, гэрч О.Эрдэнэтуяа, Н.Сандуй,А.Амарсайхан нарын мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 831 дугаартай дүгнэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл,эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэдэнд Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй,шүүгдэгч нар гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар нь Э.Эрдэнэ-Очиртой бүлэглэж үйлдсэн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.Харин Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “хохирогч Э.Эрдэнэ-Очир нь эхэлж шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг түлхэж унагааж дээр нь суугаад хоолойг нь боож,амь насанд нь аюул учирч амьсгал боогдож эхэлмэгц шилэн аягаар хохирогчийн толгойн тус газарт цохьсон” гэж тайлбарлан аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

 

Аргагүй хамгаалалтын үндсэн нөхцөл нь халдлага бодитой эхэлсэн дуусаагүй байх явдал бөгөөд халдлага нэгэнт эхэлж,хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн тохиолдолд аргагүй хамгаалалт хийх эрх буюу үндэслэл үүснэ.

 

Хохирогч болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Г.Болд-Эрдэнэ нь шилэн аягыг авч хохирогчийн толгойн тус газарт цохиж байх үед Эрдэнэ-Очир нь халдлага довтолгоогоо үргэлжлүүлж байсан,шүүгдэгч хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрхи хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар согтуугаар гэмт хэрэг үйлсэнийг хүндрүүлэн үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо заримыг төлж барагдуулсан, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  

Хохирогч Э.Эрдэнэ-Очир нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ, замын зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 5.371,660 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 5.336.000 төгрөгийг төлсөн.Өнөөдөр Орхон аймгийн ЭХМК 2017 оны 2 сарын 21-ны өдрөөс 2018 оны 2 сарын 21 хүртэл хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан гэж тогтоосон.Ингээд надад Халамжийн төвөөс ажил хийж болохгүй гээд сар бүр 140.000 төгрөгийн тэтгэмж олгож байна.Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ,тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу дараах байдлаар нөхөн төлбөр гаргуулахыг хүсэж байна.Үүнд : зодуулж гэмтэл авсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр тооцвол / 192.000х1,5%=288.000төгрөг/,2017 оны 1 сарын 01-ны өдрөөс 2017 оны 3 сарын 01-ны өдөр хүртэл 480.000 төгрөг, 2017 оны 3 сарын 01-нээс 2018 оны 03 сарын 01 хүртэл 1200.000 төгрөг / 240000-140000=100.000х12 сар / бүгд 2.106.800 төгрөг ,замын зардал 100000 төгрөг бүгд 2.206.800 төгрөг нэхэмжилж байна.Мөн үүн дээр цаашид хийгдэх хагалгаа,эмчилгээний 4 сая төгрөгийг бас нэхэмжилнэ гэжээ.

 

1 дүгээр хавтас 244 дүгээр хуудаснаас 2 дугаар хавтас 74 дүгээр талд 5.024.890 төгрөгийн хохирлын баримтууд авагдсан байх ба шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 5.336.000 төгрөг буюу 311.110 төгрөг илүү төлсөн байна.Иймд өнөөдөр нэхэмжилж буй 2,206.800 төгрөгөөс 311.110 төгрөгийг хасч 1.895.690 төгрөгийг Г.Болд-Эрдэнээс гаргуулан Э.Эрдэнэ-Очирт олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 4 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Шүүгдэгч Г.Болд-Эрдэний цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хээ бүхий дүрстэй 8 ширхэг бүсний тоноглол, 5 ширхэг цэнхэр өнгийн шигтгээ,суран бүс, хар хөх өнгөтэй өндөр захтай,ханцуйтай нимгэн ноосон цамц,энгэр хэсгээрээ 5 ширхэг цагаан өнгийн товчтой юүдэнтэй цамц зэргийг шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд буцаан олгож, бариултай жижиг шилэн аяга, нийслэл гэсэн бичигтэй өндөр шилэн аяга зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Илжгэн овгийн Эрдэнэтуяагийн Эрдэнэ-Очир, Сосор овогт Ганболдын Болд-Эрдэнэ нарыг бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир, Г.Болд-Эрдэнэ нарын эд хөрөнгийг хураахгүйгээр Э.Эрдэнэ-Очирыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Г.Болд-Эрдэнийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сараар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Г.Болд-Эрдэний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэний цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

    6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнээс 1 895 690 төгрөг гаргуулан хохирогч Э.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хээ бүхий дүрстэй 8 ширхэг бүсний тоноглол, 5 ширхэг цэнхэр өнгийн шигтгээ, суран бүс хар хөх өнгөтэй өндөр захтай ханцуйтай нимгэн ноосон цамц, энгэр хэсгээрээ 5 ширхэг цагаан өнгийн товчтой юүдэнтэй цамц зэргийг шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд буцаан олгож, бариултай жижиг шилэн аяга, Нийслэл гэсэн бичигтэй өндөр шилэн аяга зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

     8. Энэ хэрэгт  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Эрдэнэ-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

      9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилээр хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

       10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА

                          ШҮҮГЧИД                                Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ     

                                                                            Ц.АЛТАНГАДАС