Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 280

 

Г.Б, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Г.Болд-Эрдэний өмгөөлөгч Д.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 80 дугаар магадлалтай, Г.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 201614000532 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гомдол, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв.        

1. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сосор овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг хойшлуулсан,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1 жил 2 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Илжгэн овогт Э.Э нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир, Г.Б- нарыг бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир, Г.Б- нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сараар тогтоож, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир, Г.Б- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Г.Болд-Эрдэний цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Э-нь цагдан хоригдоогүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-эс 1.895.690 төгрөг гаргуулан хохирогч Э.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Болд-Эрдэний эд зүйлийг буцаан олгож, бариултай жижиг шилэн аяга, Нийслэл гэсэн бичигтэй өндөр шилэн аяга зэргийг устгаж, шүүгдэгч Э.Э-бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Э-нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудад дараах өөрчлөлтийг оруулсан байна.

“шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар 20 хоногийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас чөлөөлсүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч Г.Болд-Эрдэний өмгөөлөгч Д.Энхбаярын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Ганзориг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/18 дугаар хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд “… давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан ялыг багтааж шийдвэрлэх ойлголт шинэ Эрүүгийн хуулиар хасагдсан гэж Г.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэх заалтыг баримтлан ял шийтгэлээс чөлөөлж байгаа нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нийт эдлэх ялыг хэмжээг тогтоолгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалд заасан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн үйлдэл нь санаатай, зориудаар хохирогчийн биед хүнд хохирол учруулах гэсэн үйлдэл биш юм. Хохирогч Э.Э-нь Г.Болд-Эрдэнийг сандал дээр сууж байхад нь цохиж унагаан цээжин дээр нь мордож суугаад шанаа орчим нь 2, 3 удаа цохиж улмаар цамцных нь захаар хоолойг нь боосноос амьсгал авч чадахгүйн улмаас гарыг нь тавиулах гэж оролдоод дийлээгүй тул тэмтэрч байгаад гарт таарсан шилэн аягаар цохиж үйлдлийг таслан зогсоосон. Үүнийг гэрч Нарантуяа тодорхой мэдүүлдэгээс гадна мөн хохирогч өөрөө Болд-Эрдэнийн цамцны захнаас 2 гараараа заамдаж авсан гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгчийн хоолойг боосныг үгүйсгэж чадахгүй, мөн гэрч Ганболд, Норовсүрэн нар Г.Болд-Эрдэнийн хоолой улаан, боолтын ул мөртэй байсныг гэрчилж мэдүүлсэн. Эдгээр гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн гэм бурууг үгүйсгэсэн нотлох баримт болж байхад эдгээрийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх өгсөнгүй. Дээр дурдсан гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн үйлдэл нь өөрийн амь насыг халдлагаас хамгаалсан хууль ёсны аргагүй хамгаалалтын үйлдэл болохыг нотолсон гол баримтууд юм. Мөн хохирогч өөрөө боосон үйлдлээ хулээн зөвшөөрч Болд-Эрдэнийн эцэг Ганболдод энэ тухайгаа гараар бичиж баталгаажуулж өгсөн ба бид 2 харилцан зодоон хийсэн учраас гомдол саналгүй гэсэн утга бүхий баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Г.Болд-Эрдэнийн энэ үйлдэл нь гаднах байдлаараа бусдын биед хүнд хохирол учруулж байгаа харагдах боловч доторх шинж чанараараа гэмт халдлагаас довтолгооны үед өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл болохыг дээрх нотлох баримтууд ялангуяа хэрэг гарах үед дэргэд нь харж байсан гэрч Нарантуяа мэдүүлдэг. Г.Болд-Эрдэнийн энэхүү үйлдлийг прокурор хянаад 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мөрдөн байцаалтанд буцааж шалган улмаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор түүний энэхүү үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь шүүгдэгчийн үйлдэл холбогдол эргэлзээтэй болохыг харуулж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн бусдын биед хүнд гэмтэл, хохирол санаатай учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Г.Б- бусдын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь санаатай биш, аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна. Хохирогч нь шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн хоолойг боогоогүй бол шүүгдэгч тус үйлдлийг хийх үндэслэл, шалтгаан байгаагүй. Хэрэг үйлдэх нөхцөл нь өөрийн биеийг хамгаалах үүднээс зайлшгүй хийгдсэн учир зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Үйлдлийг нотолсон нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэхдээ орхигдуулсан. Хоолой боогдсоны улмаас битүү улаан явсныг гэрч Ганболд болон Норовсүрэн нар мэдүүлсэн. Хэрэг болсон өдөр шүүгдэгч Г.Б- хохирогчийн гэрт аавтайгаа очсон. Хохирогч Э.Э-өөрөө боосон үйлдлээ хүлээн зөвшөөрч шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн эцэг Ганболдод энэ тухайгаа гараар бичиж баталгаажуулж өгсөн ба үүндээ бид хоёр харилцан зодоон хийсэн учраас гомдол, саналгүй гэсэн утга бүхий баримтыг хэрэгт хавсаргуулсан. Эдгээр үндэслэлийг хохирогч Э.Э-няцаадаггүй. Шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн талаар дурьдаагүй нь алдаа болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг аргагүй хамгаалалтаар тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөхдөө 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч захирамж гарган Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонх оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ” гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

Тухайн шүүхийн адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүх гэж хяналтын шатны шүүхийг ойлгох бөгөөд зөвхөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр ижил шатны шүүхийн шүүгчийг өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилдог болно.

Гэтэл Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч нь өөр аймгийн шүүхийн шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилж хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон учир шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гэм буруугийн талаарх гомдол болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн прокурорын эсэргүүцлийг энэ удаа хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын  5-ны өдрийн 80 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б, Э.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Б, Э.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН