Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 000080

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2017/0042/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

               Шүүх хуралдаанд: 

 

                           Прокурор                              Т.Ганзориг

                           Шүүгдэгч                               Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир                                         

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч    Д.Энхбаяр, Д.Оюунчимэг

                           Нарийн бичгийн дарга     У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарт холбогдох, 201614000532 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1997 оны 01 дүгээр сарын 01-нд Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 6-12 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФБ 97010111 регистрийн дугаартай, Сосор овгийн Ганболдын Болд-Эрдэнэ,

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 13-нд Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын цахилгаанчны 12б ангид сурдаг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-42 тоотод оршин суух, урьд 2013 оны 02 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 1сар хорих ялаар шийтгүүлж, ялыг хойшлуулж байсан, 2014 оны 05 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 2 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ФБ 97121318 регистрийн дугаартай, Илжгэн овгийн Эрдэнэтуяагийн Эрдэнэ-Очир.

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто центр төвд Э.Эрдэнэ-Очиртой архидан согтуурч байгаад маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 7-18 тоот Ш.Даариймаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Илжгэн овгийн Эрдэнэтуяагийн Эрдэнэ-Очир, Сосор овогт Ганболдын Болд-Эрдэнэ нарыг бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир, Г.Болд-Эрдэнэ нарын эд хөрөнгийг хураахгүйгээр Э.Эрдэнэ-Очирыг 2 жил 6 сарын хорих ялаар, Г.Болд-Эрдэнийг 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сараар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Г.Болд-Эрдэний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэний цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнээс 1.895.690 төгрөг гаргуулан хохирогч Э.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хээ бүхий дүрстэй 8 ширхэг бүсний тоноглол, 5 ширхэг цэнхэр өнгийн шигтгээ, суран бүс хар хөх өнгөтэй өндөр захтай ханцуйтай нимгэн ноосон цамц, энгэр хэсгээрээ 5 ширхэг цагаан өнгийн товчтой юүдэнтэй цамц зэргийг шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд буцаан олгож, бариултай жижиг шилэн аяга, Нийслэл гэсэн бичигтэй өндөр шилэн аяга зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Эрдэнэ-Очир бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Эрдэнэ-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4.д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар  хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105-р шийтгэх тогтоолоос зарим хэсгийг буюу шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд эрүүгийн хуулийн 96.1.д заасан гэмт хэргийг үйлсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна.

 

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн, санаа сэдэлт зэргүүдийг авч үзвэл түүний энэхүү үйлдэл гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг агуулаагүй учир гэмт хэрэгт тооцох боломжгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Шүүгдэгч хохирогч нарын удаа дараагийн мэдүүлгүүдийг задлан авч үзвэл шүүгдэгчийн талаас: хохирогч Эрдэнэ-Очир өөрийг нь сандал дээр сууж байхад нь цохиж унагааж, унангуут нь биеэн дээр нь мордон сууж 2-3 удаа шанаа орчим цохиж улмаар өмсөж явсан цамцны захаар нь хоолойг нь боосноос амьсгал авч чадахгүйн улмаас гарыг нь тавиулах гэж оролдоод дийлээгүй тул гараар тэмтэрч байгаад гарт таарсан шилэн аягаар цохьсоноор түүний үйлдэл таслан зогсоогдсон гэсэн утга санааг хэлдэг бол хохирогчийн зүгээс хоолойг боосон үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй харин Г.Болд-Эрдэнийн цамцны захнаас нь заамдсан гэж мэдүүлдэг.

 

Тэгэхээр хохирогч хоолой боосон юм уу үгүй юмуу гэдгийг авч үзэхээр гэрч Нарантуяагийн мэдүүлгээр боосон гэдэг нь тогтоогддог. Цамцны захнаас нь заамдаж бариад тавихгүй атгаад зуураад үүнийгээ чангалаад байгаа үйлдэл нь өөрөө амьсгал боогдуулахад хүргэх үйлдэл болоогүй гэдгээ нотолж, үгүйсгэж чадахгүй байгаа тул шүүгдэгчийн хоолой боогдож амьсгал авч чадахгүй амь насанд аюултай байдал үүссэн гэх мэдүүлэг үнэн байх боломжтойг харуулж байгаа. Шүүгдэгч хоолойгоо боолгоод, /хохирогчийн мэдүүлгээр бол цамцны захнаас нь заамдаж барьчихаад тавихгүй байсан/ гарыг нь тавиулах гэж оролдоод чадахгүй болохоор гараараа тэмтэрч байгаад гарт нь пиво ууж байсан шилэн аяга таарсанаар хохирогчийн толгойруу 1 удаа цохиход улам чангатгаснаар амьсгал улам давчидсан учраас үүнийг нь таслан зогсоож амь насаа аврах зорилгоор дахин 2-3 удаа дараалан цохьсоны дараа тэр 2-н дэргэд байсан гэрч Нарантуяа толгойноос нь цус гарсаныг нь хараад боль гэж хэлэхэд нь хохирогч Эрдэнэ-Очир өөрөө больё гэж хэлээд гараа тавьж босч ирсэнээр Болд-Эрдэнэ чөлөөтэй болж боссон байгаа. Үүнийг хх-н 226 -р хуудсанд гэрч Нарантуяагийн /2017-01-09 ний өдрийн мэдүүлэг/ Эрдэнэ-Очир нь Г.Болд-Эрдэнийг цохиж унагаагаад унасан хойно нь дээр нь гараад өмсөж явсан цамцных нь захаар хоолойг нь боосон. Тэгтэл Болд-Эрдэнэ гараараа юм тэмтэрч байгаад гартаа таарсан пиво ууж байсан шилэн аягаар Эрдэнэ-Очирийн толгойруу 2-3 удаа цохиод авсан Эрдэнэ-Очир андаа больё гээд гараа өөрөө тавьсан гэсэн мэдүүлэг давхар нотолж байна.

 

Мөн Г.Болд-Эрдэнийн ээж Норовсүрэн аав Ганболд нар хэрэг болдог өдрийн орой хүүгийх нь хүзүүнд нь улаан ором, мөр гарсан байсныг харсан талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Эдгээр нотлох баримтуудаар Г.Болд-Эрдэнийн үйлдэл нь өөрт нь халдлага бодитоор эхлээд уг халдлага дуусаагүй байхад үйлдэгдсэн аргагүй хамгаалалтын хууль ёсны үйлдэл болох нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдол нь ЭБШХ-ийн 208.1.1.д зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

 

Миний бие хулгайн хэрэг үйлдсэн нь үнэн тул энэ талаар гомдол санал гаргахгүй. Харин Э.Эрдэнэ-Очирын биед хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдолд ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Э.Эрдэнэ-Очир миний хоолойг боосон асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зүгээр заамдсан гэж худал мэдүүлэг өгч байгаад нь гомдолтой байна. Миний цамцны захыг мушгиж хоолойг дарж боосон үүнээс нь болоод амьсгал боогдож, нүд бүрэлзсэн тул гарыг нь түлхээд босгох гэтэл улам тонгойж, чангалаад байсан болохоор гараа явуулж ямар нэг юм хайхад гарт тааралдсан аягаар шууд цохиход толгой хэсэгт нь таарсан. Намайг цохих үед Эрдэнэ-Очир хоолойг боосон хэвээрээ л байсан ба би болъё гэхэд өөрөө гараа тавьж өндийхөд нь би цуг боссон үүнээс хойш дахиж цохисон асуудал байхгүй.

 

Би Э.Эрдэнэ-Очирт санаатайгаар гэмтэл учруулаагүй, аргагүй эрхэнд түүний үйлдлээс өөрийгөө хамгаалж, түүнийг цохисон үйлдэл хийсэн. Үүнийг гэрч Нарантуяа дэргэд хараад зогсож байсан.

 

Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарыг бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 7-18 тоот хашаанд байрлах Ш.Даариймаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто центр” төвд Э.Эрдэнэ-Очиртой архидан согтуурч улмаар маргалдан толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь гавал тархины ил гэмтэл, гавлын орой ясны зүүн талын цөмөрсөн хугарал, тархины тал бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Даариймаа, Э.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Отгонцэцэг, Нарантуяа, гэрч О.Эрдэнэтуяа, Н.Сандуй, А.Амарсайхан нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 831 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ..

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь шилэн аягийг авч хохирогчийн толгойн тус газар нь цохиж байх үед Эрдэнэ-Очир халдлага довтолгоогоо үргэлжлүүлж байсан, шүүгдэгч хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэ-Очир нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар, Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сараар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нар нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө ял шийтгүүлсэн байх ба шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн ялын хэмжээнд дүйцүүлэн хасах,

 

Мөн Г.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд нь багтааж шийдвэрлэснийг шинэ Эрүүгийн хуулиар хорих ялыг багтааж шийдвэрлэх заалт хасагдсан тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас нь чөлөөлж тус тус эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Г.Болд-Эрдэнийн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг  шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан ялтай дүйцүүлэн хасахад 2 жил 3 сар 20 хоногийн хорих ял болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байна.

 

Шинээр мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар хорих ял эдлэх дэглэм өөрчлөгдсөн тул Г.Болд-Эрдэнийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1.д зааснаар  нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна.

 

Харин шүүгдэгч Э.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэнийг шинэ Эрүүгийн хуулиар ялтны эрх зүйн байдал нь дээрдэхгүй байх тул Э.Эрдэнэ-Очирт шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтуудад  дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

- Шүүгдэгч  Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2 жил 3 сар 20 хоногийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй гэж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА  

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                          С.ЦЭЦЭГМАА