Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01627

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01627

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.Э,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 47.337.551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д  ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 38 хоногийн дотор **** дүүргийн 19 дүгээр хороо, ** гудамжид байрлах, 78 м.кв талбай бүхий 4 улирлын зориулалттай амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй, иж бүрэн бие даасан дэд бүтэцтэйгээр барьж, ажлын графиктай уялдуулан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлсийг төлөхөөр тохиролцсон ба 2017 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн. Миний бие тухайн орон сууцандаа амьдарч байтал 2019 оны 3 дугаар сарын 30-ны үүрээр гал гарч шатсан ба *** дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хэргийг шалгаж, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 220/986 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал гарсан байх үндэслэлтэй, галын голомт нь байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас гарч зүүн хойд тал руу тархсан, тухайн гал цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, ямар нэг гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн. Мөн амины орон сууцны төсөв 32.474.062 төгрөг, хөдлөх эд хөрөнгө 14.863.489 төгрөг буюу нийт 47.337.551 төгрөгийн хохирол учирсан гэдгийг үнэлгээний байгууллага гаргасан. Миний Д ХХК-тай байгуулсан гэрээний 5.5-д гүйцэтгэсэн ажлын чанарт Монгол Улсын Барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн баталгаа гаргана, 6.4-т доголдол гэдэгт чанарын шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэх, ажлыг батлагдсан зураг төслөөс өөр байдлаар хийх, барилгын улсын стандарт, нормыг зөрчин гүйцэтгэхийг ойлгоно гэж тус тус заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай буруугаас болоогүй, мөн гэрээний баталгаат хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т түлхүүр гардуулах нөхцөлтэй гэж заасан ба хариуцагч Д  ХХК нь захиалгын гэрээний дагуу бүх материал, орц, технологи нь чанарын шаардлага хангасан байх, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэж ойлгож байна. Иймд зураг төслийн дагуу барилгаа бариулж, түлхүүрээ гардаж авсан гэж үзэж байгаа. Дээр нь цахилгааны утас нэмж хасаад цахилгааны утас татаад байсан юм байхгүй. Хариуцагч манайхаас тавьсан утас биш гэж байна, түүнийгээ юугаар нотлох вэ, Б.Х-г өөрөө ийм утас нэмээд тавьсан байна гэдгийг юугаар нотлох вэ, энэ талаар ямар ч баримт байхгүй. Цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас гал гарсан гэдэг нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай *** дүүргийн Прокурорын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 822 дугаар тогтоолын  хохирогч Б.Х-ийн мэдүүлэгт гал гарсан хэсэгт ханын завсраар манай байшингийн цахилгааны утас явдаг байсан юм байна лээ гэсэн мэдүүлэг байгаа. Тэрнээс биш гадна талаас гарсан гэсэн юм байхгүй. Байшин дотор талаасаа үндсэн цахилгааны утаснаас гал гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэрээний дагуу Д  ХХК нь хариуцах ёстой. Тухайн гүйцэтгэгч компани барилгын стандартыг зөрчсөн гэж үзэж байна. Таамбарыг хариуцагч компани барьж өгсөн. Манайх яагаад таамбар бариулж, дулаалсан бэ гэхээр дээвэр тэр чигтээ мөстсөн нэг өрөө мөөгөнцөртсөн байсан. Онцгой байдлын хүн ирээд үзэхэд баруун урд зүгт бөөгнөрсөн утас байсан. Би өөрөө хаанаас гал гарсныг мэдээгүй хүүхдээ тэврээд гал дундуур гарсан. Угаалгын өрөө плитатай учир бага шатсан байсан, тэндээсээ таамбар руу гарсан. Гал командын хоёр хүн бөөгнөрсөн цахилгааны утаснаас гарсан байна, ийм цахилгааны утсаар хийсэн юм чинь эндээс гал гарахгүй яах юм, энэ утсыг шалгуулъя гээд дээж болгож цахилгааны утаснаас тасдаж аваад явсан. Мөн 3 дугаар сарын 30 гэдэг нь харьцангүй дулаан болсон байсан учир нэмэлт тень залгаагүй байсан, яагаад гэвэл тогны мөнгө нилээн өндөр гарсан байсан.  Бид нарт хэдэн киловаттын чадалтай тийм юм залгана, цахилгааны утас энүүгээр явж байгаа гэсэн ямар ч зөвлөгөө өгөөгүй. Ямар цахилгааны утсаар хийсэн гэдгийг нь ч мэдэхгүй. Бид хадаас зоож юм өлгөж чаддаггүй. Яагаад гэхээр даацын ханаа мэддэггүй. Даацын хананы зургийг өгөөч гэхээр өгнө л гэдэг тэгээд тэр чигтээ алга болсон. Бид нар юунд ч хүрээгүй,  илүү юм залгах шаардлагагүй байсан. Гал гарсан тохиолдолд пускатель буюу гал хамгаалагч буух ёстой байсан. Тэгээд надаас гал хамгаалагч нь буугаагүй юм уу гэж асууж байсан. Хана дотор байгаа утаснуудыг мэддэггүй байсан. Ил байдаггүй учраас бөмбөлөг үүссэн байсныг нь мэдээгүй. Барилгыг хүлээлгэж өгөхдөө барилгын иж бүрэн зураг, ажлын явцын зураг, танилцуулга зураг, ажлын актууд зэргийг хүлээлгэж өгөөгүй. Техникийн зааварчилгаа, ажлын актад ямар утас ашигласан хаагуураа утас нь явж байгаа, гал хамгаалагч нь хэдэн киловатт байх ёстой гэдгийг хэлж зааварчлаагүй. Масс үүсэхэд л гал хамгаалагч буух ёстой. Гал хамгаалагч буухгүй байна гэдэг нь масслаад байсан ч буухгүй байсаар бөмбөлөг үүсээд гал гарсан байх гэж бодож байна. Тухайн  барилгыг барьсан, ажил гүйцэтгэсэн компани хариуцах ёстой. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д  ХХК бүрэн хариуцах үүрэгтэй тул Д  ХХК-иас 47.337.551 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Харин хариуцагч Н.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээг Б.Х-тэй байгуулж, манай компанийн зүгээс гэрээний дагуу байшинг барьж өгсөн. Гал гарсан нь байшингийн гадна тал буюу /таамбар/ үүдний хэсэгт гарсан. Гал гарснаар цахилгааны шитнээс 2 метрийн зайтай гал гарсан талаар нэхэмжлэгч Б.Х  цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байсан. Галын голомтод цахилгааны утас байх боломжгүй. Энэ нь Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтэд зааснаар тухайн утсанд бөмбөлөг үүсэх гол шалтгаан нь цахилгааны хэт ачаалал, мөн гал гарсны дараа үүссэн. Хэргийн материал дотор байгаа тухайн шатсан байшингийн зургаас харахад үндсэн байшингийн цахилгааны шит байгаа хэсэгт гал гараагүй, ямар нэгэн байдлаар цахилгааны утсанд гал хүрсэн гэх боломж байхгүй. Цахилгааны утаснуудын хооронд ямар нэгэн байдлаар богино холболт үүсэхгүй. Залгаагүйгээр хийгдсэн тохиолдолд хоорондоо богино холболт үүсэх боломжгүй юм. Манайх холболтыг БНСУ-ын Санжин брендийн 2.5:4, 4:4 гэсэн 2 утсаар хийсэн. Хэрэгт хавсаргасан цахилгаан утасны зураг нь манайхаас тавьж өгсөн цахилгааны утасны зураг биш. Галын шинжээчийн дүгнэлтэд дурдсан утас нь манай зүгээс хийсэн утас биш байна. Мөн манайх байшинг хүлээлгэж өгсөнөөс хойш буюу 2017 оны 9 дүгээр сард байшингийн гадуур хөөсөнцөр дулаалга хийсэн. Тэр дулаалга хийгдсэнээс хойш үндсэн гэрээний 3 жилийн хугацаа дуусгавар болсон. Гүйцэтгэгч талын зурагт өөрчлөлт орсон бол гэрээ дуусгавар болно гэсэн заалт Барилгын тухай хуульд байдаг. Түүний дагуу ямар нэгэн байдлаар гал гарах болсон үндэслэл манай компаниас шалтгаалаагүй. Бидний цахилгаан хийх үндсэн зарчим нь байшингийн хана нь 60:60 см үндсэн босоо боолтууд явдаг. Үүнийг цоолж хооронд нь цахилгааны утас гаргадаг. Дээврээр буюу давхар дундын хучилтаар цахилгааны утаснууд явдаг. Хэрэгт авагдсан зураг дээрх үндсэн хана буюу цахилгааны шит нь галд шатсан өөдөөс харсан зураг дээр бүрэн бүтэн байна. Хэрвээ цахилгааны утас дээр гал гарсан гэж үзвэл гадагшаа биш дотогшоо гал гарна. Яагаад гал гарах боломжгүй гэж үзэж байгаа вэ гэхээр гадна талдаа ОСП хавтан, үүний гадуур ус чийг тусгаарлагч буюу галаас тусгаарласан материал, тэгээд гадна фасад байгаа. Тэгэхээр ОСП хавтан шатаагүй байгаа тохиолдолд цахилгааны утаснаас гал гараагүй гэсэн үг юм. Урд зүгээс гал гарах үндэслэл, боломж байхгүй. Гал гарах үндэслэлтэй ямар нэгэн материал хийгээгүй. Энэ хүн өөрөө дараа нь нэмэлтээр хөөсөнцрөөр байшингаа дулаалсан. Хөөсөнцөр нь шатах материал, гэхдээ хөөсөнцрийн хажууд халаах төхөөрөмж, гал гарах үндэслэл бүхий юм тавьсан байхыг үгүйсгэхгүй юм. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй гэсэн болохоос яг цахилгааны утаснаас гарсан гэсэн нотолсон юм байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Х  нь Н.Э  Д  ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 47.337.551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Э  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Х хариуцагч компани нь чанаргүй материалаар буюу чанаргүй цахилгааны утас тавьснаас болж гал гарч, миний байшин шатсан, өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний гэрээний 6.4-т доголдол гэдэгт чанарын шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэх, ажлыг батлагдсан зураг төслөөс өөр байдлаар хийх, барилгын улсын стандарт, нормыг зөрчин гүйцэтгэхийг ойлгоно гэж заасан ба дээрх орон сууцыг барьснаас хойш 3 жилийн хугацааны дотор гарсан зөрчил, хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж тайлбарлан Д  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Д  ХХК Б.х-ийн амины орон сууцанд гал гарсан нь манай буруугаас болоогүй, гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболтоос болсон байх магадлалтай гэж дүгнэсэн боловч шатсан утас нь манай компанийн ашигласан утас биш, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээнд заасан баталгааны хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Б.Х  2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Д ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээг байгуулж, гүйцэтгэгч Д  ХХК нь ***дүүргийн 19 дүгээр хороо, *** гудамжид байрлах, 78 м.кв талбай бүхий 4 улирлын зориулалттай, амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй иж бүрэн бие даасан дэд бүтэцтэйгээр ажлын графиктай уялдуулан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч Б.Х гэрээ хийгдэх үед 17.400.000 төгрөг, түлхүүр гардуулахад 11.600.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, амины орон сууцыг түлхүүрийн хамт 2017 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгсөн, авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Б.Х-ийн Д  ХХК-иар бариулсан*** дүүргийн 19 дүгээр хороо, **** гудамжид байрлах, 78 м.кв талбайтай амины орон сууцанд 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 цаг 11 минутад гал гарч, **** дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шинжээч томилсон байх ба Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон дүгнэлтэд ...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал, гэрчүүдээс авсан мэдүүлэг, фото зураг, гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтүүдээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна, гал түймрийн голомт нь тухайн байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас эхлэн гарч зүүн хойд тал руу тархсан байна, тухайн гал түймэр нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, хэргийн материал, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүдэн гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй... гэж дүгнэжээ.

 

Гал гарсны улмаас Б.Х  амины орон сууц, эд хөрөнгө шатаж учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК барилгын төсөв 32.474.062 төгрөг, хөдлөх эд хөрөнгийг 14.863.489 төгрөг гэж үнэлсэн нь тус компанийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №ЧД2-19-321 дугаар тайлангаар тогтоогдож байна.

 

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ...Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна... гэж, 14.6-д ...Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна... гэж, 14.7-д ...Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна... гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээний 5.5-д ...Гүйцэтгэсэн ажлын чанарт Монгол Улсын Барилгын тухай хуулийн дагуу 3 жилийн баталгаа гаргана... гэж заасан байх ба 3 жилийн баталгааны хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дуусахаар байна.

 

Хариуцагч Д ХХК гэрээнд заасан баталгаат хугацаа дууссан гэж тайлбарласан боловч 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гал гарснаас үзэхэд хугацаа дуусаагүй байх бөгөөд амины орон сууцанд гал гарсан нь манай буруутай үйл ажиллагаа биш, орон сууцанд тавьсан, ашигласан цахилгааны утас нь манайх биш гэж тайлбарласан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.10-д ...Ажил хүлээлгэж өгөх явцад барилгын иж бүрэн зураг, ажлын явцын танилцуулах зураг, ажлын акт, техникийн зааварчилгаа, төсөв зэрэг материалуудыг захиалагчид хүлээлгэж өгнө... гэж заасан байх боловч хариуцагч тал гэрээний дагуу дээрх үүргээ биелүүлээгүй, тодруулбал техникийн зааварчилгаа, ажлын актад ямар утас ашигласан, хаагуураа явж байгаа, гал хамгаалагч нь хэдэн киловатт байх ёстой гэдгийг ажил гүйцэтгэсэн компани зааварчлаагүй, тайлбарлаж өгөөгүй, тухайн компанийн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн таамбарыг манай компани бариагүй гэж тайлбарласан боловч Б.Х тухайн үед /таамбарыг барих үед/ хариуцагч Д  компанийн удирдлагатай холбогдож, байшинг урьд барьж байсан хүмүүс барьснаас гадна захирал н.Б  дансанд Б.Х  данснаас таамбарын хөлс гэж мөнгө шилжүүлсэн нь түүний Худалдаа хөгжлийн банкны ****** тоот дансны гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал цахилгаан дамжуулах утсыг БНСУ-ын Санжин брендийн 2.5:4, 4:4 гэсэн хоёр утсаар хийсэн, галын шинжээчийн дүгнэлтэд дурдсан утас нь манай компанийн хийсэн утас биш гэж тайлбарласан боловч түүнийгээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т ...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр төлж болно... гэж заажээ.

 

Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд Д  ХХК-ийн буруутай үйлдэл, нэхэмжлэгч Б.Х-т учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх тул Б.Х  гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Д  ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 47.337.551 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Х татгалзсныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дриймвүүд хаус ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 47.337.551 /дөчин долоон сая гурван зуун гучин долоон мянга таван зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394.638 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д  ХХК-иас 394.638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН