Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01765

 

 

Б.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01627 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 47 337 551 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ү, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцсон.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д хаус ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 38 хоногийн дотор .... 78 м.кв талбай бүхий 4 улирлын зориулалттай амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй, иж бүрэн бие даасан дэд бүтэцтэйгээр барьж, ажлын графиктай уялдуулан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан хөлсийг төлөхөөр тохиролцсон ба 2017 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн. 2019 оны 3 дугаар сарын 30-ны үүрээр орон сууцанд гал гарч шатсан ба Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хэргийг шалгаж, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 220/986 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсэргүүцэл, богино холболт болж гал гарсан байх үндэслэлтэй, галын голомт нь байшингийн дотор тал ертөнцийн зүгээр баруун урд талаас гарч зүүн хойд тал руу тархсан, тухайн гал цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан эсэх нь тогтоогдоогүй, ямар нэг гадны хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн. Мөн амины орон сууцны төсөв 32 474 062 төгрөг, хөдлөх эд хөрөнгө 14 863 489 төгрөг буюу нийт 47 337 551 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ гарсан.  Хариуцагч байгууллага манай байгууллагын тавьсан утас биш гэж маргаж байх боловч энэ талаар нотлоогүй. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас гал гарсан гэж үзсэн. Мөн таамбарыг хариуцагч байгууллага барьж гүйцэтгэсэн. Барилгыг хүлээлгэж өгөхдөө барилгын иж бүрэн зураг, ажлын явцын зураг, танилцуулга зураг, ажлын актууд зэргийг хүлээлгэж өгөөгүй. Техникийн зааварчилгаа, ажлын актад ямар утас ашигласан хаагуураа утас нь явж байгаа, гал хамгаалагч нь хэдэн киловатт байх ёстой гэдгийг хэлж зааварчлаагүй. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д хаус ХХК бүрэн хариуцах үүрэгтэй тул Д ХХК-аас 47 337 551 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Харин хариуцагч Н.Энхдэлгэрэхэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээг Б.Х байгуулж, манай компанийн зүгээс гэрээний дагуу байшинг барьж өгсөн. Гал гарсан нь байшингийн гадна тал буюу /таамбар/ үүдний хэсэгт гарсан. Гал гарснаар цахилгааны шитнээс 2 метрийн зайтай гал гарсан талаар нэхэмжлэгч Б.Хашчимэг цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байсан. Галын голомтод цахилгааны утас байх боломжгүйЭнэ нь Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтэд зааснаар тухайн утсанд бөмбөлөг үүсэх гол шалтгаан нь цахилгааны хэт ачаалал, мөн гал гарсны дараа үүссэнХэргийн материал дотор байгаа тухайн шатсан байшингийн зургаас харахад үндсэн байшингийн цахилгааны шит байгаа хэсэгт гал гараагүй, ямар нэгэн байдлаар цахилгааны утсанд гал хүрсэн гэх боломж байхгүй. Цахилгааны утаснуудын хооронд ямар нэгэн байдлаар богино холболт үүсэхгүй. Залгаагүйгээр хийгдсэн тохиолдолд хоорондоо богино холболт үүсэх боломжгүй юм. Манайх холболтыг БНСУ-ын Санжин брендийн 2.5:4, 4:4 гэсэн 2 утсаар хийсэн. Хэрэгт хавсаргасан цахилгаан утасны зураг нь манайхаас тавьж өгсөн цахилгааны утасны зураг биш. Мөн манайх байшинг хүлээлгэж өгсөнөөс хойш буюу 2017 оны 9 дүгээр сард байшингийн гадуур хөөсөнцөр дулаалга хийсэн. Тухайн дулаалга хийгдсэнээс хойш үндсэн гэрээний 3 жилийн хугацаа Барилгын тухай хуульд зааснаар дуусгавар болсон. Хөөсөнцөр нь шатах материал, гэхдээ хөөсөнцрийн хажууд халаах төхөөрөмж, гал гарах үндэслэл бүхий юм тавьсан байхыг үгүйсгэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Х татгалзсныг баталж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д хаус ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 47 337 551 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 638 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Дхаус ХХК-иас 394 638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т заасан доголдлын талаар бидэнд мэдэгдээгүй. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт холбогдуулан бидэнд мэдэгдсэн бол манай талаас ажлын чанарын шаардлага хангасан байсан гэдгийг нотлох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь гал гарснаас хойш 1 сарын дараа байшингаа засаж орсон гэж тайлбарласан. Хэрэв цахилгааны утаснаас шалтгаалан гал гарч гэрээнд заасан доголдол илэрсэн бол бидэнд энэ талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ба мэдэгдсэн тохиолдолд манай байгууллага тухайн үед үүссэн нөхцөл байдалтай танилцах байсан. Анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Ч2-19-321 дугаартай үнэлгээний тайланг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагчийн зүгээс шүүхээс томилогдоогүй хөрөнгийн үнэлгээнд тусгасан хохирлыг бодит гэж үзэх боломжгүй. Бидний хийж гүйцэтгэсэн ажил нь барилгын суурь, шугам хоолой, цахилгаан, үндсэн барилга, ажилчдын цалин хөлс нийт 29 000 000 төгрөгийн төсөвтэйгөөр хийсэн байхад нүүрэн талыг засварласан зардлыг 32 474 062 төгрөг гэж хэт өндөр гаргасан нь үндэслэлгүй. Хэрэв ажлын доголдлыг манай компанийн буруутай гэж үзвэл Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасны дагуу ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлсийг хариуцахаар заасан. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 893 дугаартай тогтоолд Гамшиг судлалын хүрээлэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 12/72 дугаартай дүгнэлтийг дурдсан. Уг дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийг эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж, гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг... гэж тусгасан байна. Гэтэл томилогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 220/986 дугаартай дүгнэлт гаргахдаа гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтээс үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас шилжилтийн эсрүүцэл, богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлттэй нийцэхгүй байна. Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлт нь цахилгааны эсэргүүцэл богино холболтоос болж түймэр гарсан гэж дүгнээгүй. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д зааснаар 3 жилийн баталгаа гаргасан бөгөөд баталгааны хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссан гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь байшингийн гадна талын дулаалгын материалыг нэмэлтээр өөрчлөн шатах материалаар хийсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхдээ талуудын хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 9.9.2-т заасан гэрээний хавсралт болох план зураг, нэхэмжлэгч Б.Х Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, тамбар шатсан тухай фото зураг зэрэг эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус зааснаар үнэлээгүй. Хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 893 дугаар тогтоолд Б.Хашчимэг мэдүүлэхдээ ...гал байшинтай залгаа байх амбаар дотор гарсан... гэх мэдүүлэг дурдсан. Нэхэмжлэгч нь галд шатсан шалтгаан нь үндсэн байшингаас биш н.Батбаатартай тохиролцож бариулсан үүдний тамбар буюу амбаарнаас гал гарсан. Мөн хавтаст хэргийн 114 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбарласан тайлбараас харагдана. Иймд Б.Х нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.5, 37 дугаар зүйлийн 37.1.14, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийн 4.3-т тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 6 дугаар сарын сүүлээр амины орон сууцыг хүлээлгэн өгсөн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 7 дугаар сард түлхүүрээ гардуулан өгсөн тухай дурдсан ба энэ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар ажлын үр дүнг Б.Х хүлээж авсан болох нь нотлогдож байна. Хавтаст хэргийн 104 дүгээр талд н.Б данс руу Б.Х нь тамбарт гэсэн утгаар 2017 оны 8 дугаар сарын 24 болон 28-ны өдөр тус тус мөнгө шилжүүлсэн байна. Энэ нь н.Б байгуулсан шинэ харилцаа юм. Д хаус ХХК нь Б.Х тамбарын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, гэрээнд тамбарын ажил гүйцэтгэхээр заагаагүй. Иймд Д хаус ХХК нь Б.Х өмнө хүлээсэн гэрээний үүргээ зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Б.Хашчимэг нь Дриймвүүд хаус ХХК, Н.Энхдэлгэрэх нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 47 337 551 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Дриймвүүд хаус ХХК эс зөвшөөрч маргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Энхдэлгэрэхэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ.

Б.Х Д хаус ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, Дхаус ХХК .... 78 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж гүйцэтгэх, Б.Х 29 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, талуудын хэн аль нь гэрээний үүргийг харилцан биелүүлжээ. Уг амины орон сууцанд гал гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй, ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой байсан эсэх, гал үүссэн шалтгааны талаар маргажээ.

Нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компани нь чанаргүй цахилгааны утас тавьснаас болж гал гарч, байшин шатсан гэж, хариуцагч Д ХХК нь татгалзлын үндэслэлээ шатсан утас нь манай компанийн ашигласан утас биш, байшингийн гадуур хөөсөнцөр дулаалга хийснээр гэрээний баталгаат хугацаа дуусгавар болсон, таамбар барих ажлыг манай байгууллага гүйцэтгээгүй гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 893 дугаар прокурорын тогтоолын хүрээнд гал гарахад хариуцагч байгууллагын гэм буруу байсан эсэх, мөн галын улмаас учирсан хохирлын хэмжээний талаар дүгнэлт хийх боломжгүй. /хх13-17/

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.7, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус зааснаар галын дуудлага авсан эрх бүхий этгээд газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн нөхцөл байдлыг бэхжүүлэн авсан гэрэл зураг, галын нотломж, гал түймэр гарсан тухай акт зэрэг анхан шатны баримтууд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой.

Хэргийн 106 дугаар талд авагдсан гал гарахаас өмнөх болон дараах байдлын гэрэл зургийг харьцуулан үзэхэд сууцыг бүхэлд нь сэргээн засварлах зайлшгүй шаардлага байсан эсэхийг тодруулах нь зүйтэй байжээ. Уг гэрэл зургаас орон сууцны нүүрэн хэсэг галд өртсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь орон сууцанд хэдэн төгрөгийн засвар хийж, бодитоор ямар хэмжээний зардал гаргасан нь тодорхойгүй.

Түүнчлэн, зохигчид үүдний хэсэгт таамбар барих ажлыг хэн гүйцэтгэсэн талаар маргаж байх тул уг ажлыг иргэн н.Б хувиараа эсхүл хариуцагч компани хийж гүйцэтгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн гал гарах үед дээрх сууцанд хэдэн төрлийн цахилгаан утас ашиглагдаж байсан, галд шатсан цахилгаан утас /хх.106/ хаана үйлдвэрлэгдсэн, ямар брэндийн утас болох, таамбарт ашиглах зориулалттай цахилгаан утас байсан эсэх, мөн сууцанд хийсэн дулаалга гал гарахад нөлөөлөх эсэх нөхцөл байдлыг тодруулж талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх нь зүйтэй.

Дээр дурьдсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 394 638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ