Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/хт2024/00170

 

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/000967 дугаар магадлалтай,

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

В.Б-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Г” ХК нь В.Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХК-ийн хариуцагч В.Б-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/000967 магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч В.Б-өөс 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч В.Б-өөс 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах гэж заасан заалтын хүрээнд анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн үүргийн эрх зүйн харилцаа гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх үүргийн эрх зүйн харилцаа биш гэж үзсэн.

Анхан шатны шүүх иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзсэн харин давж заалдах шатны шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь зөвхөн хүү шаардахад хамаарна гэж хуулийн зүйл заалтыг нэг харилцаан дээр салгаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих хууль зүйн ойлголтод хамаарахгүй гэж үзсэн, харин давж заалдах шатны шүүх хамаарна гэж үзсэн. Ингэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлах замаар хүчээр хамааруулж үзсэн нь анхаарал татаж байна. Шүүх бол дур зоргоор асуудлыг шийдвэрлэдэг газар биш ба хэрэв хууль баримтлахгүй бол буруу жишиг тогтох, үүсэх үр дагавар төсөөлшгүй их.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 3.2, 4, 5 болон иргэний хуулийн албан ёсны нийтэд хэвлэгдэн хэрэглэж байгаа тайлбар, хууль зүйн ойлголтоор хэрэглэж хэвшсэн буюу нэг мөр ойлгож хэрэглэж байгаа ойлголтоос тэс өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхаарал татаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх заалтын хүрээнд зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан ба гэрээг цуцалсан, гэрээг дуусгавар болгосон, гэрээний үүргийн шаардах эрх дууссан бусад үндэслэлээр хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй асуудлыг цаашид Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх нь хууль зүйн хувьд нийцэх эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн заалтыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдлаар цаашид хэрэглэх эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудалд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх, хамаарахгүй бол ямар үндэслэлээр, хамаарах бол шаардах эрхийг хэзээнээс тоолох эсэх асуудал нь нийтлэг байдлаар ач холбогдолтой байна.

Иймд гомдыг хүлээн авч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 000967 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.17-ны өдрийн 001/ШХТ2024/00824 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч В.Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...хариуцагч В.Б-тэй тоног төхөөрөмж худалдах, худалдах авах гэрээ байгуулж мод боловсруулах үйлдвэрийг 300,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар 150,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн боловч үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан авсан ба  150,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч В.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…нэхэмжлэгч Г-тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, модны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар харилцан тохиролцож, уг үйлдвэрийг ажиллуулахад зориулж 150,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад тоног төхөөрөмжүүдийг буцаан авсан, 150,000,000 төгрөг нь үйлдвэрийг шилжүүлэхэд гарсан зардалд зарцуулагдсан, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, зээлийн гэрээ байгуулагдсан байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 150,000,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Талууд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хүлээн авсан талаараа маргаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар маргаж байна. 2012.08.17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээлцсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан,  ... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д … зааснаар нэхэмжлэгч “Г” ХК болон хариуцагч В.Б-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг үүрэг үүсээгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнээс аль алинаас нь татгалзсан, гэрээний харилцаа дуусгавар болсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн боловч зээлийн гэрээг цуцалж байгаа бол энэ талаараа хариуцагчид мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлснээ баримтаар нотлоогүй,  ... нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д …, 76 дугаар зүйлийн 76.1-д … зааснаар гэрээг цуцласан буюу гэрээнээс татгалзсан гэх 2013 оноос хойш 2017 оныг хүртлэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан хариуцагчийг хаягтаа байхгүй тул эрэн сурвалжлуулж байсан гэх баримт нь 2022 оны Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн тодорхойлолт, 2022.07.04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар үндэслэлгүй, ... тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө бусдын буюу В.Б-ийн эзэмшилд байгаа нь үүргийн харилцаанд суурилагдаагүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр анх шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг шаарджээ. Зээлийн гэрээний эдийн засгийн агуулга нь өөрийн өмчлөлийн зүйлийг илүү орлого олох зорилгоор байршуулах явдал юм. Зээлийн гэрээний дагуу байршуулсан өмчлөлийн зүйлийг буцаан шаардах эрхэд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. Зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь зээлийн төлбөр буюу хүү шаардахад хамаарна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болох 150,000,000 төгрөг хариуцагч В.Б-ийн эзэмшилд бодитойгоор байна. Ингэснээр В.Б бусдын 150,000,000 төгрөгийг авснаар түүний өмч энэ хэмжээгээр нэмэгдсэн гэж дүгнэгдэнэ. Ийнхүү нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор тэдгээрийн хооронд уг мөнгөн хөрөнгө нь хариуцагч талд байх эрх зүйн үндэслэл үгүй болсон байна. Дээрх бүх шинж байдлаас дүгнэвэл В.Б-ийн хөрөнгө нь бусдын буюу нэхэмжлэгчийн хөрөнгийн хэмжээгээр нэмэгдсэн, нэхэмжлэгчийн хөрөнгийн хэмжээ энэ хэмжээгээр буурсан, хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн үндэслэл үгүйсгэгдэж байгаагаар тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.” гэж дүгнэсэн.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөрүүтэй тодорхойлж, улмаар хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тоолж, маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

12. Зохигч нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан 150,000,000 төгрөгийг шаардах эрх нь гэрээний үүрэг, эсхүл гэрээний бус үүрэг аль нь болох, улмаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх  асуудлаар маргасан байна.  

13. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэгчийн хөрөнгөө буцаан шаардах эрхэд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэжээ.

14. Давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааны талаарх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй тул магадлалыг хүчингүй болгоно.

15. Нэхэмжлэгч “Г” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо талууд 2012.08.17-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмж худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан авсан ба хариуцагч нь үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан 150,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  гэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар уг шаардаж буй 150,000,000 төгрөг нь зохигчийн хооронд 2012.09.13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамааралтай болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн.

16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

17. Зохигчийн хооронд 2012.08.17-ны өдөр мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 300,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хариуцагч В.Б нь энэхүү худалдан авсан мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор нэхэмжлэгч Г ХК-тай 2012.09.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан, талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, харин зээл 150,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон ба талуудын энэхүү тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн.

Иймээс нэхэмжлэгчийн хариуцагчаас 150,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаагүй нь энэхүү гэрээний үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

18. Нэхэмжлэгч шаардлагаа хэрхэн тодорхойлж шаардах нь түүний эрхийн асуудал боловч зээлийн гэрээний үүрэгт зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хариуцагч буюу зээлдэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

Энэхүү хуульд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

Маргаан бүхий тохиолдолд дээр дурдсан аль ч үндэслэл бий болоогүй бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нөхцөл байдлыг уг гэрээний үүрэгт төлөгдөх төлбөрийн хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

19. Нэхэмжлэгч нь  гэрээнээс татгалзсан тухай нөхцөл байдлыг үндэслэсэн байх боловч энэ нь талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай хариуцагч маргаагүй, харин зээлийн гэрээнээс татгалзсан тухай үйл баримт тогтоогдоогүй байна.

20. Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргээр тодорхойлох ба хариуцагч татгалзалдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан учир энэ талаар дүгнэх шаардлагатай.

Талууд зээлийн гэрээг 2012.09.13-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2015.09.13-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үеийг энэ хугацаанаас эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилээр тоолно.

Зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар энэхүү хугацаа тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзсэн дүгнэлт хуульд нийцсэн, энэ талаарх нотлох баримтыг  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрээний үүрэгт хамаарах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

21. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь оновчгүй байх тул хууль хэрэглээний хувьд залруулж өөрчлөлт оруулна.

22. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/000967 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч В.Б-өөс 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2024.05.30-ны өдөр 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД