Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 130/2022/00219/И |
Дугаар | 001/ХТ2024/00126 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2024/00126
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дүгээр шийдвэртэй,
Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2024/00008 дугаар магадлалтай,
Ж.Эод холбогдох
Гэм хорын хохирол 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч О.Ү нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.О, хариуцагч Ж.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч О.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “М Д” ХК нь Ж.Эод холбогдуулан гэм хорын хохирол 56,918,027 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2024/00008 дугаар магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ... хариуцагч Ж.Эоос даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56,847,827,09 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бүгд 56,918,027 төгрөгийг гаргуулж М Д ХК-д олгосугай” гэж, 2 дугаар заалтад хариуцагч Ж.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 442,541 төгрөгийг гаргуулж М Д ХК-д олгосугай тус тус өөрчилж, нэхэмжлэгч М Д ХК-ийн давж заалдсан гомдлыг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М Д ХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,541 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч Ж.Э давж заалдах гомдолдоо: Миний бие Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 8 дугаартай магадлалтай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497.1, 443 дугаар зүйлд заасныг баримтлан “М Д” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Эод холбогдох хэргийг “бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497.1, 443.7 заасныг баримтлан “М Д” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Эндээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх нэг хуулийн нэг зүйл заалтуудыг өөрөөр тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг үүсгэсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх 497.1, 443.7-д заасныг баримтлан “М Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээс үзэхэд талуудын хооронд үүссэн харилцааг “гэм хорын харилцаа үүссэн” гэж дүгнэсэн нь харагдаж байгаа. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг “Иргэний хуулийн 75.1, 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа хэтрээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75.2.4-т зааснаар гэм хортой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж тодорхойлсон.
“М Д” ХК-ийн шаардах эрх Иргэний хуулийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорын нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгуулагчид шилжинэ” гэж тодорхойлсон. Эндээс үзэхэд 2017 онд “М Д” ХК нь ХААН банкинд “гэм хорын даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр "М Д” ХК-ийн Ж.Эод холбогдуулан шаардлага гаргах шаардах эрх нь 2017 онд үүссэн гэж үзэж байна. Гэтэл “М Д” ХК нь энэ асуудлаар 2023 онд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна.
Мөн “М Д” ХК нь тухайн хэрэг явдал гарсан цаг хугацаа буюу 2016 оноос нэхэмжлэл гаргах 2023 он хүртэл Ж.Эод холбогдуулж “даатгалын нөхөн төлбөрийн асуудлаар” өөрт нь ганц ч удаа хандаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэх үндэслэлгүй. “М Д” ХК нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснээ “Ж.Эыг ял эдлэж дуусахыг хүлээсэн” гэж тайлбарлаж байгаа боловч “М Д” ХК-аас хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, мөн Ж.Э нь ял эдэлж байгаа нь түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг хориглох үндэслэл болохгүй тул Ж.Эыг ял эдэлж байсан ч нэхэмжлэлийг гаргах бүрэн боломжтой байсан юм. Иймд Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 12-ны өдрийн 202/МА2024/00008 дугаартай магадлалыг 04-р сарын 02-ны өдөр гардан авч, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна.
1. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул хурлыг хойшлуулах, биечлэн оролцуулах хүсэлт /эмнэлэгийн баримт/-ийг 2024.03.11-ний өдрийн 21 дугаартай албан хүсэлт /хх 152/-ээр хүргүүлсэн. Шүүхээс хүсэлтийг шийдвэрлэсэн үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай нийцээгүй, хамааралгүй асуудлаар татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.3.12 дахь заалтыг зөрчсөн. Шүүхээр хэлэлцэж буй гомдолд эсрэг талын байр суурь, тайлбар хийх эрхийг талуудад тэгш олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчим зөрчигдөж, зөвхөн нэхэмжлэгч талд давуу байдлыг олгож түүний тайлбараар хэргийг хэлэлцээд гаргасан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 12-ны өдрийн 202/МА2024/00008 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Дээрх нөхцөл байдалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үүссэнээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн үзэж хариуцагч талаас магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлийг бий болгож байгаа.
2. Хавтаст хэргийн 33-р талд “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2015.12.16-ны өдрийн 36-3/4192 дугаар албан бичиг”, 34-р талд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017.01.12-ны өдрийн 40-1/123 дугаар албан бичгээр Замын-Үүд сумын М Дд “...эрүүгийн 201510000283 дугаартай хэрэгт Б.Г хохирогчоор оролцоод хохирогч түүний болон өмгөөлөгчийн хүсэлтээр амь хохирогч Д.Мөнх-Эрдэний ээж Ц.Оюунгэрэл нь уг хэрэгт цаашид хохирогч, иргэний нэхэмжпэгчээр оролцсон” болохыг мэдэгдсэн байгаа. Мөн 37-43-р хуудсанд “хариуцагчийн холбогдсон эрүүгийн 201510000283 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 22-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолд, /хх 42 тал/ “Хохирогч Ц.Оийн нэхэмжилсэн байрны зээлийн үлдэгдэл төлбөр 58,234,123 төгрөгийн хохирлыг шийдвэрлэхэд даатгалтай холбоотой болон бусад тооцоог бүрэн хийх боломжгүй тул хохирогчийн нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй” гэж зааснаар Ц.О нь Д.М-ийн амь нас хохирсон асуудлаар шаардах, нэхэмжлэх эрхтэй болсон.
Үйл баримтыг судлаж анхан шатны шүүхийн хуралдаанд тайлбарлаж оролцсоныг шүүхээс үнэлж хууль ёсны шийдвэрийг гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэсэн нь Иргэний хууль, хуулийн 8-р зүйлийн 8.1.2, 8.1.5 дахь заалтыг зөрчсөн шийдвэр болсон. Энэхүү асуудлыг анхан шатны шүүхийн хуралдаанд тайлбарлаж оролцсоныг давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд маргаагүй үндэслэлийг шүүх үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж дүгнэсэн нь хариуцагчийн эрх ашгийг илтэд зөрчиж, хууль хэрэглээний алдааг гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар гомдлыг гаргаж байна.
3. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “М Д” ХК даатгуулагчийн банкны зээлийн төлбөрийг төлсөн тул “М Д” ХК өөрт учирсан хохирлоо хариуцагч Ж.Эоос шаардах эрх шилжсэн хэмээн үзэхдээ үндэслэлгүй, хавтаст хэргийн баримтаас илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Хавтаст хэргийн 20-р хуудасд авагдсан нотлох баримтаар 2017.02.22-ны №2017/02/01 дугаартай “Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл”-д эрх шилжүүлэн авагчийг “М Д” ХХК хэмээн тодорхойлсон байхад нэхэмжлэлийг “М Д” ХК /хувьцаат компани/-иас гаргаж буй нь нэхэмжпэх эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
Мөн 2017 оны “Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл”-д 90С1520014244 тоот гэрээ /90С1520014244 тоот даатгалын гэрээ хэргийн материалд байхгүй/-ний дагуу даатгуулсан гэх, М Д компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 17/05 тогтоолд даатгалын 90С1520014244 тоот гэрээ /хх 11-р хуудас/-ээр нөхөн төлбөрийг олгосон байгаа нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхийг тодорхойлно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4 дэх заалтыг хэрэглэж буй нь маргааны үйл баримттай нийцээгүй болно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “... гэм хорын даатгалын тохиолдол үүссэн гэж “М Д” ХК үзэж 2017.03.13-ны өдөр Хаан банкны Замын-Үүд салбарт 56,847,827.09 төгрөгийн хохирлыг маргалгүйгээр төлж даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй гэж гэрээний үүрэгтэй холбоотойгоор дүгнэлтийг хийсэн атал буцаагаад үгүйсгэж шийдвэрлэсэн.
Дээрх гомдлын агуулгыг тодруулан үзвэл 11-р хуудас дахь нотлох баримтанд М Д компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 17/05 тогтоолд даатгалын 90С1520014244 тоот гэрээг, 20-р хуудас дахь 2017 оны “Нэхэмжпэх эрх шилжүүлэх хэлцэл”-д 90С1520014244 тоот гэрээ / 90С1520014244 тоот даатгалын гэрээ хэргийн материалд байхгүй, нэгэнт үүрэг дуусгавар болсон байхад 9-р хуудас дахь 2015 оны Зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээт баталгааны дугаар нь №10514406080 дугаартай байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагч талаас нэхэмжлэх эрх хэрхэн үүсэж буйг дүгнээд, даатгалын өөр төрлийн гэрээний үндсэн дээр Б.Гаас нэхэмжлэх эрх шилжүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа баримтлах нь зүйтэй, ёстойг анхан шатны шүүхийн хуралдаанд тайлбарласныг анхаараагүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалд "М Д” ХК-ийг “. . . . даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн” хэмээн дүгнэж үзсэн хэрнээ магадлалын хянавал хэсгийн 9-р заалтад “ . . . . Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1, 75.2.4-д заасан ерөнхий болон тусгай хугацаа тус тус хэтрээгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна” гэжээ. Давж заалдах шатны шүүх “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байна хэмээн хуульчилсан заалтыг үндэслэж буй нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул шүүх хууль хэрэглээний алдааг гаргасан гэж үзэх үндэслэл болно.
4. Даатгуулагч Д.М-ийн хууль ёсны өв залгамжлагч Б.Г шаардах эрхээ М Д ХК-д 2017.02.22-ны өдөр шилжүүлсэн нь ХХК, ХК-ийн алин болох, эдгээрийн аль алинд нь дээрх хэлцлээр нэхэмжлэл гаргах эрх 2020.02.22-ны өдрөөс дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн зүйлгүй, харин эрэн сурвалжлах нэхэмжлэлийг шүүхэд 2023.06-р сард гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн 21-р хуудас дахь нотлох баримтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 160 дугаар байр, үйлчилгээтэй 16 айлын 12 тоот орон сууц нь Нэр мөр овогт Д.М /нэг хүний өмч/-ийн өмч болохыг нотолж байх, харин хавтаст хэрэгт хууль ёсны өв залгамжпагчаар Б.Ганзулыг тогтоосон шийдвэр болон өвлөх эрхийн гэрчилгээгүй, энэ талаар нотолсон гэж үзэх хууль ёсны баримтгүй байхад давж заалдах шатны шүүх “Даатгуулагч Д.М-ийн хууль ёсны өв залгамжлагч Б.Гшаардах эрхээ шилжүүлсэн" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Дээрх бүхий л асуудлыг нотлох баримтаар үнэлж, талуудын мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүхэд хэрэгжүүлж гарсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024.01.11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, талуудад шүүх хуралдаанд оролцох тэгш эрхийг олгоогүй шийдвэрлэсэн, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 202/МА2024/00008 дугаар магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлүүлэхээр гомдлыг гаргаж байна гэжээ.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/00608 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч О.Ү нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч О.Ү нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч “М Д” ХК нь хариуцагч Ж.Эод холбогдуулан шилжүүлэн авсан шаардах эрхийн дагуу 56,918,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “М Д” ХК нь Д.М, Б.Г нартай 2015.06.19-ний өдөр орон сууцны зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээ байгуулсан. ... 2015.10.19-ны өдрийн шөнө болсон зам тээврийн ослын улмаас Д.М-ийн амь нас хохирч даатгалын тохиолдол үүссэн. ... даатгалын нөхөн төлбөрт 56,847,827 төгрөгийг шилжүүлсэн. ... Шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон Ж.Эыг эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. ... гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2015 онд даатгалын нөхөн төлбөрийг барагдуулсан тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тодорхойлсон.
10. Анхан шатны шүүх хариуцагч Ж.Эод холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Д.М болон “М Д” ХК хоёрын хооронд эрсдлийн даатгалын эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй. Хариуцагч Ж.Э нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн боловч “М Д” ХК болон Д.М нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Ж.Эоос шаардах эрхгүй..” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Эоос 56,918,027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүх ... Д.М болон “М Д” ХК-ийн хооронд эрсдэлийн даатгалын эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас илтэд зөрүүтэйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, талуудын хооронд маргаагүй үндэслэлийг шүүх үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч “М Д” ХК даатгуулагчийн банкны зээлийн төлбөрийг төлсөн тул “М Д” ХК өөрт учирсан хохирлоо хариуцагч Ж.Эоос шаардах эрх шилжсэн гэж үзнэ. Даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн нь нэхэмжлэгч “М Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Ж.Э нь “М Д” ХК-д учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Даатгуулагч Д.М-ийн хууль ёсны өв залгамжлагч Б.Г шаардах эрхээ “М Д” ХК-д 2017.02.22-ны өдөр шилжүүлсэн нь нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцлээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.4-д заасан ерөнхий болон тусгай хугацаа тус тус хэтрээгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хугацааны дотор байх тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үндэслэлээ огт тайлбарлаагүй нь үндэслэлгүй, ойлгомжгүй болсон...” гэж дүгнэсэн байна.
12.Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн заалт зөрүүтэйн зэрэгцээ хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болох Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч энэ талаар гомдол гаргасан нь хэргийг хяналтын журмаар хэлэлцэх үндэслэл боллоо.
13. “М Д” ХК, иргэн Д.М нарын хооронд зээлийн эрсдлийн даатгалын гэрээ байгуулсан, зам тээврийн ослын улмаас даатгуулагч Д.М нас барж даатгалын нөхөн төлбөрт 56,847,827 төгрөгийг даатгагчаас Д.М-ийн гэр бүлд төлж барагдуулсан, зам тээврийн осолд хариуцагч Ж.Э гэм буруутай талаарх үйл баримтын тухайд зохигч маргаагүй.
Гэтэл зохигчийн маргаагүй асуудлаар буюу даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, даатгалын эрх зүйн харилцаа даатгагч, даатгуулагч, эрх ашиг бүхий гуравдагч этгээдийн хооронд бий болсон тухайд зохигчийн хэн аль маргаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Д.М ба “М Д” ХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг залруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
14. Зохигчийн маргааны зүйл даатгагчаас эрх бүхий этгээдэд төлсөн даатгалын нөхөн төлбөрийг даатгалын эрсдэл бий болгоход нөлөөлсөн гэм буруутай этгээд болох Ж.Эоос шаардан гаргуулах үндэслэлтэй эсэх асуудал байх ба энэ маргаанд даатгагч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу болон Б.Ганзулаас шаардах эрхээ шилжүүлэх хэлцлийн дагуу гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхийг “М Д” ХК шилжүүлэн авсан гэж маргаж байх бол хариуцагч шилжүүлэн авсан уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, банкны зээлийн төлбөрийг төлсөн тул “М Д” ХК өөрт учирсан хохирлоо Ж.Эоос шаардах эрхгүй гэж тайлбарлан мэтгэлцжээ.
Иймд тус маргааныг шийдвэрлэхэд “М Д” ХК-д шаардах эрх бий эсэхийг эхлэн тодорхойлох нь зүйтэй.
“М Д” ХК хохирогчийн банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг эрсдлийн даатгалын хүрээнд нөхөн төлсөн байна. Тодруулбал, даатгуулагч өөрийн амь нас хохирсон үед түүний банктай байгуулсан зээлийн өрийн үлдэгдлийг даатгагч түүний өмнөөс төлж барагдуулахаар даатгалын гэрээ байгуулсныг даатгагч маргаагүй бөгөөд тус гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болж эрсдэл учирсан тул зээлийн үлдэгдэл төлбөр 56,847,827 төгрөгийг төлжээ.
Дээрх даатгалын гэрээ нь гэм хорын болон амь насны даатгалын төрөлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нас барж, түүний бусдад өгөх зээл төлөгдөхгүй болох эрсдэл нь гэм хорын төрөл биш, харин зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байх эрсдэл гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар гэм буруутай этгээдээс шаардан нэхэмжлэх гэм хорын төрөлд хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл хамаарахгүй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг нь даатгагч даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авах зохицуулалт мөн хэдий ч ийнхүү шилжүүлэн авах шаардах эрх нь гэм хорын эрх зүйн шаардах эрхтэй байх учиртай. Тодруулбал, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд ...” шаардах эрх түүнд шилжихээр зохицуулснаас үзвэл энэ зүйл заалтын дагуу шаардах эрх шилжихийн тулд даатгуулагч, түүнд учирсан гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байх урьдчилсан нөхцөл тавигджээ. Гэтэл зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрийг хүлээн авсан Б.Ганзулд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Д.М-ийн банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч Ж.Эоос шаардах эрх байхгүй. Өөрт үүсээгүй шаардах эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй.
15. Дээрх үндэслэлээр буюу зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрийг хүлээн авсан Б.Гд үүсээгүй шаардах эрхийг “М Д” ХК хүлээн авсан байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
16.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь заалт нь шаардах эрх даатгалын компанид хуулийн дагуу шилжих зохицуулалт тул шаардах эрхийг шилжүүлсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал, уг хэлцэлтэй холбоотой асуудлаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй. Харин улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Түүнчлэн шаардах эрх анхнаасаа эрх шилжүүлэгчид үүсээгүй гэх дүгнэлтэд суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар энд тухайлан дүгнэх нь ач холбогдолгүй болохыг дурдаж байна.
17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ба түүний өмгөөлөгчийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухай гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 202/МА2024/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 137/ШШ2024/00014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.1” гэснийг “443.7” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.12-ны өдөр 442,541 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
П.ЗОЛЗАЯА