| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2019/0811/Э |
| Дугаар | 984 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 984
2020 8 6 2020/ДШМ/984
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Анар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЗ/1232 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 201626023135 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Б-, 19...... оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;
Б.Б- нь 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Ш-тай харилцан ярилцаж, “дутуу баригдсан барилгад чинь Хонгконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ц.Б- 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр итгэмжлэлээр Ш.Ш-гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.С-оос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилж иргэн Ц.Б- 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас дүгнэхэд: Ц.Шаарийбуу П.С- нар нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, нийт 32.500.000 төгрөгийг П.С- нь Ц.Ш- зээлдүүлэхээр харилцан тохиролцож байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 105 дугаар хуудас/
Мөн Ц.Шаарийбуу нь зээлийн барьцаанд гэрчилгээний дугаар 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг барьцаалж “Барьцааны гэрээ”-г 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байна. /1хх 196/
Гэтэл П.С- нь мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ ... зээлийн гэрээн дээр Шаарийбуу надаас 32.500.000 төгрөг зээлсэн гэх гарын үсэг байгаа тэр 32.500.000 төгрөг бол зөвхөн миний машины л мөнгө байгаа юмаа, тухайн үед надаас Бадарчийн Б.Б- нь аваад 32.500.000 төгрөг дутуу өгсөн ба тухайн мөнгөн дээр нь зээлийн гэрээ хийж би Шаарийбууд 32.500.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ хийж байрны гэрчилгээг барьцаанд авч байсан”, “ ... 32.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байхгүй. Гэхдээ гэрээн дээр Шаарийбуу нь мөнгө бэлнээр авсан мэтээр надад гарын үсэг зурж өгөөд гэрээ үйлдсэн ба тийм гэрээ хийж өгөөд л миний машины гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлж авах боломжтой гэж хэлээд л аваад явсан” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас/
Ц.Шаарийбуу, П.С- нарын хооронд байгуулсан гэрээнүүдээс үүссэн маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэрээр /хэргийн 1 дүгээр хавтас 86-88 дугаар хуудас/ шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт:
“1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ц.Шаарийбуугаас 48.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.С-т олгож, хариуцагч Ц.Б- холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Шаарийбуу нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 16102 товчооны зам 25-р байрны 3-р орц 3 давхарт байрлах 64 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрт заасан “зээлийн болон барьцааны” гэрээнээс үүдэж Ц.Б- үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүссэн байна.
Иймд Ц.Шаарийбуу, П.Саруул-Эрдэнэ нар нь ямар санаа зорилгоор энэ гэрээнүүдийг байгуулсан, гэрээ байгуулахад Б.Б- ямар оролцоотой болох, энэ гэрээнүүд нь гэмт хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.
Хэрэгт нотлох баримтаар цуглуулсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэрт “П.Саруул-Эрдэнэ нь Ц.Ш- зээл өгч, барьцааны гэрээ байгуулсан” гэж тайлбар гаргасан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ ... би Шаарийбууд 32.500.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ хийж байрны гэрчилгээг барьцаанд авч байсан ... “ гэж мэдүүлэг өгсөн байгаа нь хоорондоо эрс зөрүүтэй байна.
Гэтэл дээрх “Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 16102 товчооны зам 25-р байрны 3-р орц 3 давхарт байрлах 64 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хохирогч Ц.Б- орон сууцыг дуудлага худалдаанд оруулах нөхцөл байдал үүсчээ.
Тийм учраас хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь залилах гэмт хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн, уг гэрээнүүдийг байгуулахдаа бусдыг залилах санаа зорилготой байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх, гэмт хэрэг үйлдэхэд гэрээг хэрхэн ашигласан зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэв.
Мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээг хууль ёсны дагуу үйлдсэн эсэхийг уг гэрээнүүдийг гэрчилж баталсан нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай.
Шүүгдэгч Б.Б- нь П.С-т нийт 18.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх бөгөөд уг мөнгөны талаарх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай, шүүгдэгч Б.Б-гаас П.С-т төлсөн мөнгө нь түүнээс авсан автомашины үнийг төлж байгаа юу эсхүл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэрт заасан зээлийн төлбөрт төлж байгаа юу гэдгийг шалгаж тогтоох нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Б.Б-г “яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд” /хэргийн 3 дугаар хавтас, 79-80 дугаар хуудас, 87-92 дугаар хуудас/ Ц.Б- өмчлөх эрх хэрхэн зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй зөвхөн “их хэмжээний хохирол” учруулсан гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнэсэн нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг дүгнээгүй байна гэж үзэхээр болжээ.
Прокуророос дээр дурдсан нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01152 дугаартай шийдвэрийг хянаагүй харин нотлох баримтын хэмжээнд шинжлэн судалж агуулгыг нь үнэлсэн болохыг дурдвал зохино.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүхээс энэ хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлэг хийх боломжтой боловч урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно” гэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс хэргийг прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад...” мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачлагаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”
6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол.”,
6.15-т “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт”
12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.15, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ба хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ”,
1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж тус тус заажээ. Гэтэл “нотлох баримт цуглуулах бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаарх асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд бус хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалгаж дүгнэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй. Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг урьд анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Давж заалдах шатны шүүхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дээд шүүхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж тус тус үзээд 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1232 дугаартай захирамжид заасан ажиллагааны талаар дурьдаагүй, энэ талаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхийн шийдвэрээр гарсан 32.500.000 төгрөгийг бүгдийг нь төлж дууссан байгаа. Би өөрийнхөө буруутай үйлдлээс болж найзынхаа итгэлийг алдсан. Надад залилан хийх санаа зорилго байгаагүй. Би тэр чигтээ алга болоогүй. Би Саруул-Очирын хохирлыг байнга төлж явж байсан. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ч.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тухайн хөрөнгийн өмчлөх эрх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар / 2хх 155 ху/ хохирогч Баярсайханы өмчлөлд байна гэж гарч ирдэг. Уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2016 онд гарсан. Тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт Саруул-Очир эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэгт мэдүүлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн. Иргэний хэрэгт зээлийн гэрээ байгуулсан нь үнэн гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Иймээс иргэний хэргийн шүүхийн шийдвэр түтгэлзсэн байдаг. Түтгэлзсэн талаарх мэдээллийг хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хэлсэн. Шүүгдэгч Б.Б-гийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж уг гэмт хэрэг болов. Нотолбол зохих байдлын хүрээнд хохирлын шинж чанар юунаас болов гэдгийг тухайн хурал дээр хэлэлцүүлгийн хүрээнд дүгнэх гэхээр хохирогчийн өмгөөлөгчөөс Саруул-Очир гэх хүн худал мэдүүлэг өгснөөр байрыг нь гаргуулах нөхцөл байдал үүссэн гэх хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Шүүгдэгч Б.Б- гэх хүний залилах үйлдлээс болж хохирол учирсан уу, эсхүл Саруул-Очир гэх хүн нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгч буй үйлдлийн улмаас болж хохирол учраад байна уу гэдгийг тодруулахаас өөр аргагүй байдал үүссэн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй, шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Б-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Учир нь, уг шүүгчийн захирамжаар “Ц.Шаарийбуу, П.С- нар нь ямар зорилгоор иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн гэрээнүүдийг байгуулсан, энэ явцад Б.Б- ямар оролцоотой байсан, гэрээнүүд нь гэмт хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн, П.С- нь эрүүгийн болон иргэний хэргийн шүүхэд гэрээнүүдийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн, гэрээнүүдийг гэрчилсэн нотариатчаас мэдүүлэг авах, 18.0 сая төгрөг төлөгдсөн эсэх, төлөгдсөн бол юуны төлбөрт төлөгдсөн” зэргийг шалгах талаар дурьджээ.
Шүүгчийн захирамжинд заасан ажиллагаануудыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хугацаанд хангалттай мөрдөн шалган тодруулж, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт цуглуулжээ.
Энэ цугларсан нотлох баримтуудыг шүүх харьцуулан шинжлэн судлах замаар өөрийн дотоод итгэлээр хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан хохирлын хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр нотлогдон тогтоогдсон хэмжээгээр гэмт хэргийн хохирлыг тодорхойлох боломжтойн дээр шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хохирогчоор болон гэрчээр тогтоогдож зохих мэдүүлэг өгч байсан хохирогч Ц.Шаарийбууг нэмж хохирогчоор оролцуулах эсэхийг, шүүгчийн захирамжиндаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай” гэж үзсэн нотариатч Т.Насанжаргал нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах замаар өөрийн тодруулах гэсэн зүйлээ тодруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин нэгэнт хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн талаар эрүүгийн хэрэгт дахин шалгуулах нь зохимжгүйн дээр хууль зүйн боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/1232 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ