Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 924

 

 

 

 

 

 

 

 2020            7            21                                             2020/ДШМ/924

 

О.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

хохирогч О.Удвалцэцэг,

хохирогч QIAO YONG /Чой Юун/-ны өмгөөлөгч Н.Жамъяндорж,

хохирогч Ц.Оюунцацралын өмгөөлөгч О.Баясгалан,

иргэний нэхэмжлэгч Д.Оюунбат,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч QIAO YONG /Чой Юун/-ны өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Б-д холбогдох эрүүгийн 1711 01162 0181 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

М овгийн О-гийн Б, 19.. оны 8 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АЮ................./;

О.Б нь 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Чой Юун /QIAO YONG/-д “Эрдэнэс таван толгой” компаниас “500.000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж хуурч урьдчилгаанд 840.000 юань /1 юань 345.19 төгрөг/ буюу 289.959.600 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Оюунцацралтаас “Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор нүүрсний гэрээ хийлгэхээр болсон тул 3 хоногийн хугацаатайгаар мөнгө зээлээч” гэж хуурч, 14.200 ам.доллар /1 ам.доллар 2.465.28 төг/ буюу 35.006.976 төгрөг,

2017 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд өөрийгөө Сангийн яаманд Бодлогын хэлтсийн даргаар ажилладаг гэж танилцуулан, төслийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Удвалцэцэгээс 43.290.000 төгрөг,

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” төвийн гадна газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Ц.Амарбаясгалангаас 5.000.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд “Авлигатай тэмцэх газраас хаачихсан компанийн дансаа нээхээр хүүтэй нь буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.Эрдэнэчимэгээс 64.730.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сард М.Дорждагвын тоглолтыг зохион байгуулахад тусална, тоглолтын билетийг борлуулж өгнө гэж хуурч тус бүр нь 20.000 төгрөгийн үнэтэй 900 ширхэг буюу 18.000.000 төгрөгийн тасалбар, тоглолтын үеэр 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл төрүүлж 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин авч өгөх нэрээр 7.000.000 төгрөгийг авч, нийт 6 иргэнээс 444.986.576 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг үсдэх цохих, боох, түлхэж унагах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс” хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 33 тоотод түүнийг үсдэж, шанаа руу цохиж “зүүн тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Б-ы  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б-ыг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан мэхлэж их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 1 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, “Тоёота Ланд круйзер 200” маркийн 47-35 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01628133 тоот гэрчилгээ, татвар төлөгчийн ТА№1009146 тоот гэрчилгээ, “Toyota” гэсэн бичигтэй хар өнгийн смарт түлхүүр 1 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Д.Оюунбатад олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ы цагдан хоригдсон 431 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор “Тоёота Ланд круйзер 200 маркийн 47-35 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүлжилсэн” тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-аас нийт 443.228.336 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч Чой Юун /QIAO YONG/-д 289.959.600 төгрөгийг, Ц.Оюунцацралд 15.248.736 төгрөгийг, О.Удвалцэцэгт 43.290.000 төгрөгийг, Ц.Амарбаясгаланд 5.000.000 төгрөгийг, Ц.Эрдэнэчимэгт 64.730.000 төгрөгийг, М.Дорждагвад 25.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.Амаржаргал нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байх дараах үндэслэл байна. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б нь Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Чой Юунаас 840.000 юань залилсан гэх ба шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Хишигбадрах, Гал-Эрдэнэ гэх хүмүүс дээрх ажиллагаанд оролцсон нөхцөл байдал байх бөгөөд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Чой Юунаас авсан 840.000 юаныг дээрх Хишигбадрах гэх хүнд зуучлан өгсөн, мөн ажиллагаанд Гал-Эрдэнэ гэх хүн оролцсон талаарх баримт хэрэгт байдаг. Хохирогч Чой Юун нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Гал-Эрдэнэ гэх хүн танилцуулсан, зуучилсан талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

2. О.Удвалцэцэгээс 43.290.000 төгрөг залилсан гэх асуудлаар анхан шатны шүүх шүүгдэгчийг өөрөө Сангийн яамны Бодлогын хэлтсийн дарга гэж танилцуулсан гэх дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нь О.Удвалцэцэгээс тийм хэмжээний мөнгө бэлнээр аваагүй, Цогзолмаа гэх хүн зуучилж танилцуулсан гэх мэдүүлэг өгдөг бөгөөд энэ нь хохирогч О.Удвалцэцэгийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, хохирогч О.Удвалцэцэг хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Цогзолмаа гэх хүн манай дүү Сангийн яамын Бодлогын хэлтсийн дарга гэж О.Б-ыг танилцуулж мөнгө авсан” гэдэг бөгөөд анхан шатны шүүхээс мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаарх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, гэм буруутай байж болох этгээдүүдэд ял завшуулж байна.

3. Хохирогч Ц.Амарбаясгалангаас 5.000.000 төгрөг залилсан гэх асуудлаар Нарссайхан, Батболд нарт дээрх мөнгийг өгсөн талаарх баримтууд хэрэгт цугларсан бөгөөд хохирогч Ц.Амарбаясгалан “Батболд гэх хүнтэй утсаар ярьсан, мөнгийг чинь өгнө гэдэг байсан” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгдөг. Энэ нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл юм.

4. Ц.Оюунцацралт гэх хүнээс 14.200 ам.доллар залилсан гэх бөгөөд тухайн мөнгөний хагасыг буцааж өгсөн, үлдсэн хэсгийг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Батмөнх гэх этгээд авсан талаарх үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд Батмөнх гэх этгээд дээрх мөнгийг авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгдөг.

5. Дорждагва гэх хүний 900 билет, 2 өрөө байрыг залилсан гэх дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн бөгөөд 900 билет нь үнэт цаас, мөнгөн хөрөнгийн аль болохыг дүгнээгүй, мөн дээрх билетийг Э.Амаржаргал гэх хүнд өгсөн талаарх баримт хэрэгт байдаг бөгөөд Э.Амаржаргал билетийг авсан талаараа мэдүүлэг өгдөг. Мөн 2 өрөө байр нь тухайн этгээдийн тайлан тоглолт дээр өгнө гэж амалсан гэх ба Дорждагва гэх этгээдийн хөрөнгө биш юм. Энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл мөн эсэхэд эргэлзээтэй байна.

6. Хохирогч гэгдэх Э.Амаржаргалыг зодсон үйлдлийн талаар тухайн үед хэрэг болсон гэх цаг хугацаанд хажууд нь байсан хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваагүй. Тухайлбал, Чингис хаан банкны ажилтан Баттулга гэх залуу 2 ажилтны хамт байсан гэх ба дээрх хүмүүс нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй талаарх үйл баримтыг мэдэж байгаа этгээдүүд байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, ялангуяа мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийг зөвхөн яллах талаас хандаж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хишигбадрахыг энэ хэрэгт дахин шалгуулж, хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлмээр байна.” гэв.

Хохирогч QIAO YONG /Чой Юун/-ны өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогч Чой Юун болон түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нараас хэрэгт битүүмжлэгдсэн О.Б-ы барьцаалсан 47-35 УБЭ улсын дугаартай Ланд крузер 200 маркын автомашиныг бидний мөнгөөр авсан гэх үндэслэлээр хохиролд тооцуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хохирогч нь мөнгө өгсөн он, сар, өдрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлдэг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мөнгө өгсөн болох нь гэрч Л.Энхбаярын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр талд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тухайн автомашин нь О.Б-ы эзэмшилд бүртгэгдсэн нь баримтаар нотлогдож байна. ...гэж дүгнэжээ.

Хохирогч Чой Юун болон гэрч Л.Энхбаяр нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анх мэдүүлэг өгөхдөө мөнгө өгсөн он, сараа үнэн зөв мэдүүлдэг бөгөөд харин өдрөө сайн санахгүй байсны улмаас андуурч мэдүүлсэн байдаг. Дараагийн мэдүүлгээрээ өмнө өгсөн мэдүүлгийн эргэлзээг гаргаж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мөнгө өгснөө мэдүүлдэг. Энэ нь шүүгдэгч О.Б-ы мэдүүлэг, түүний ХААН банкны дансны хуулга, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн гүйлгээгээр хангалттай нотлогддог. Мөн шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Чой Юунаас 840.000 юаныг авсан, энэ мөнгөнөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 48.230.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансанд хийж бусдын зээлийг төлсөн тухай мэдүүлдэг. Энэ бичгийн нотлох баримт нь мөнгө өгсөн гэх цаг хугацааг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэдгийг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт юм.

Шүүгдэгч О.Б нь тухайн цаг хугацаанд автомашин худалдан авах санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан бөгөөд дээрх автомашиныг ямар эх сурвалжаас олж авсан мөнгөөр худалдан авснаа нотолж чаддаггүй. Иймд 47-35 УБЭ улсын дугаартай “Ланд крузер 200” маркын автомашиныг О.Б нь хохирогч Чой Юунаас залилан мэхэлж авсан мөнгөөр авсан байх бүрэн боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Иймд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хэрэгт битүүмжлэгдсэн 47-35 УБЭ улсын дугаартай “Ланд крузер 200” маркын автомашинаас хохирогч Чой Юуны хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Удвалцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би О.Б-д бэлнээр болон дансаар мөнгө өгч байсан. Сүүлд би “хүүхдийн минь бие муу сэхээнд байна. Би энэ ажлыг хөөцөлдөхөө болилоо” гэхэд “нэгэнт бүтчихсэн ажлыг нэг мөр хөөцөлдөөд хүүхдээ эмчилгээнд аваад явахаа бод” гэж хэлээд манай хүүхдийг 2 удаа сэхээнээс гаргуулж байсан. Би О.Б-д өгсөн мөнгийг олон хүнээс зээлж авч өгсөн болохоор эгчийнхээ байрыг барьцаалж байгаад бүх өрийг нь төлсөн. Гэтэл одоо байрыг нь буцааж авч чадахгүй байна. Би 6 хүүхэдтэй. Энэ хүнээс болж Сүхбаатар дүүрэгт яллагдагчаар татагдаад хэрэг үүсээд би өөрөө буруутан болоод явж байна.” гэв. 

Хохирогч Ц.Оюунцацралын өмгөөлөгч О.Баясгалан “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунбат “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Б-ы хэрэгт яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Шүүгдэгч О.Б давж заалдах гомдолдоо “Хишигбадрах болон бусад мөнгө авсан хүмүүсээ шалгуулах” хүсэлт гаргасан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж бүх хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан. Хийж болох бололцоотой ажиллагаануудыг хийсэн. Эдгээр нотлох баримтуудын хүрээнд О.Б нь бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. Учир нь, тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө нь эдгээрийн хооронд урьдчилан тохиролцсон шинж байгаагүй. Залилах гэмт хэрэг нь бүлэглэн гүйцэтгэгч гэнэт санаагаар хамтран оролцдог гэмт хэрэг биш. Иймээс залилах гэмт хэргийг хамтран үйлдээгүй. Харин залилсан мөнгөө өгч авалцсан үйлдэл байгаа юм байна гэж дүгнэсэн. Залилах гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болсноор гэмт хэрэг төгсдөг. Тэгэхээр энэ хэргийн тухайд хохирогч нар зөвхөн О.Б-д итгэж мөнгөө өгсөн. Түүнээс хамтран оролцсон гээд байгаа хүмүүст итгэж мөнгө өгөөгүй юм. Хохирогч Э.Амаржаргалын биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулж байсан буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өөр гэмт хэрэг үйлдэгдсэн байсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Харин үүнд үнэлэлт, дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт битүүмжилсэн машины тухайд гэвэл цаг хугацааны хувьд гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө тухайн машиныг авсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ О.Б нь Чой Юун гэдэг хүнээс залилсан мөнгөөр яг энэ машиныг авсан гэх баримт байхгүй учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудлыг шийдвэрлэлгүй машиныг битүүмжилж, уг асуудлыг нээлттэй байдлаар үлдээж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд битүүмжилсэн хөрөнгийг шийдвэрлэсэн учраас зөвхөн Чой Юунд гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

О.Б нь 2017 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Чой Юун /QIAO YONG/-д “Эрдэнэс таван толгой” компаниас “500.000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж хуурч урьдчилгаанд 840.000 юань /1 юань 345.19 төгрөг/ буюу 289.959.600 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Оюунцацралтаас “Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор нүүрсний гэрээ хийлгэхээр болсон тул 3 хоногийн хугацаатайгаар мөнгө зээлээч” гэж хуурч, 14.200 ам.доллар /1 ам.доллар 2.465.28 төг/ буюу 35.006.976 төгрөг,

2017 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд өөрийгөө Сангийн яаманд Бодлогын хэлтсийн даргаар ажилладаг гэж танилцуулан, төслийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Удвалцэцэгээс 43.290.000 төгрөг,

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” төвийн гадна газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Ц.Амарбаясгалангаас 5.000.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд “Авлигатай тэмцэх газраас хаачихсан компанийн дансаа нээхээр хүүтэй нь буцааж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.Эрдэнэчимэгээс 64.730.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сард М.Дорждагвын тоглолтыг зохион байгуулахад тусална, тоглолтын билетийг борлуулж өгнө гэж хуурч тус бүр нь 20.000 төгрөгийн үнэтэй 900 ширхэг буюу 18.000.000 төгрөгийн тасалбар, тоглолтын үеэр 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл төрүүлж 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр автомашин авч өгөх нэрээр 7.000.000 төгрөгийг авч, нийт 6 иргэнээс 444.986.576 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг үсдэх, цохих, боох, түлхэж унагах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 33 тоотод түүнийг үсдэж, шанаа руу цохиж “зүүн тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Чой Юуны “... Би 2017 оны 6 дугаар сард “Эрдэнэс таван толгой” ТӨХК-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж БНХАУ руу гаргах ажлыг төлөвлөөд өөрийн танил Баясаа гэх ахад энэ талаар хэлэхэд Галаа гэж хүнийг танилцуулсан. Тухайн үед Галаатай уулзаж “Эрдэнэс таван толгой” ТӨХК-иас их хэмжээний нүүрс худалдаж авмаар байна, гэрээ хэлцэл байгуулаад өгөх хүн байна уу гэхэд “болно, бичиг баримтыг чинь үзье” гэхээр нь би “Эрдэнэс таван толгой” ТӨХК-д гаргасан өргөдөл, компанийн гэрчилгээний хуулбар, гаалиар нүүрс гаргах зөвшөөрлийн хуулбар, тээврийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлж Галаа, Баясаа хоёрт өгсөн. Ингээд удалгүй Галаа нь Б гэдэг хүнийг надад танилцуулж, энэ хүн бол танил тал ихтэй ажлыг чинь бүтээж өгөх хүн байгаа юм гэсэн. Тэгтэл О.Б нь нүүрс худалдаж авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй, надад 2.0 сая доллар байгаа, чи 1.0 сая юань олчих гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө олчих юм бол гэрээгээ шууд байгуулаад ажил бүтнэ, найдвартай гэж хэлсэн. Ингээд би найзаасаа 840.000 юанийг зээлээр авсан бөгөөд би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө барагцаагаар 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэж хэлсэн байдаг. Одоо бодохоор 2017 оны 6 дугаар сарын дундуур 15-ны үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урд талын автомашины зогсоол дээр О.Бтай уулзаад 840.000 юанийг бэлнээр түүнд өгсөн. О.Б нь мөнгөө нэг бүрчлэн тоолж авсан. Мөнгө өгөх үед Галаа болон Энхбаяр нар хамт байсан. Тэгээд О.Б нь ирэх долоо хоногийн ажлын эхний өдөр гэрээ байгуулна гэж хэлчихээд явсан. Тэгснээ уг гэрээний асуудлыг хойшлуулаад байсан. Удалгүй баяр наадам ч болж хэд хоног бүх нийтээр амарсан. Дараа нь сонгууль болсонтой холбогдуулаад дахиад хойшлоод байна гээд л яваад байсан. Иймэрхүү байдлаар гэрээний асуудлыг хойшлуулсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О.Бтай уулзахад авсан мөнгөө эргүүлж өгнө гэж хэлээд гараар баталгаа бичиж өгчихөөд явсан. Ингээд дахиад тэр чигтээ алга болчихсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Анх О.Бтай Галаа гэж хүнээр дамжуулан танилцсан. “Эрдэнэс таван толгой” ТӨХК-иас 500.000 тн нүүрс худалдаж авах гэрээ хийлгүүлэх зорилгоор танилцаж байсан. О.Б нь өөрийгөө Урт цагааны орчим оффистой, хувиараа барилга барьдаг гэх мэт зүйл ярьж байсан. Түүнд мөнгө өгөхдөө ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, өөрийгөө Засгийн газарт танил тал ихтэй, барилгын тендер авдаг, их л том хүн гэж итгүүлсэн...” /1хх 49-50, 5хх 35-36/,

хохирогч Ц.Оюунцацралын “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний таньдаг Батмөнх гэдэг залуу над руу 88118232 дугаарын утаснаас залгаж, уулзъя гэхээр нь би Төрийн өмчийн хорооны тэнд ойрхон явж байсан болохоор уулзаж машин дотроо ярилцсан. Тэгээд надад О.Б гэх залууг танилцуулаад энэ залуу “Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор нүүрсний гэрээ хийлгэхээр болсон. Та 3 хоногийн хугацаатайгаар мөнгө төгрөг зээлээч гэж гуйгаад ярилцаад өнгөрсөн. Тэндээс гараад би өөрийн ажилладаг “Корпорэйт конвешн центр”-т ажил дээрээ байж байхад орой 20 цагийн үед Батмөнх, Б хоёр хамтдаа ирээд өдөр ярьсан зүйлийнхээ талаар хэлээд надаас 14.200 ам.долларыг 3 хоногийн хугацаатайгаар авч явсан. Удалгүй 3 хоногийн дараа Батмөнх, Б хоёр руу залгаад мөнгөө авья гэж хэлтэл маргааш өгье гэж худлаа хэлж ярьсаар байна. Уг нь бол одоогоос 1 жилийн өмнө манай түнш хятадууд таван толгойгоос нүүрс авмаар байна, тендер зарлагдвал хэлээрэй гэж байсан. Тэгээд Батмөнхийг “Эрдэнэс таван толгой”-д ажилладаг болохоор хэлсэн байсан юм. Тэгээд л Батмөнх надаас нөгөө нүүрс авах хэвээрээ юу гээд хүрээд ирсэн юм. Тэгээд гэрээ чинь бэлэн болсон, урилга нь гарах гээд байна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, эргээд зохицуулаад танд өгнө гэж хэлээд авсан. Батмөнх “Эрдэнэс таван толгой”-д зохион байгуулагч хийдэг, Б нь “Хануй” группын захирал гэж байсан.” /3хх 239-240/,

хохирогч О.Удвалцэцэгийн “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Цогзолмаа эгчтэй таараад хийж байгаа ажил төрөл, ойр зуурын юм яриад салсан. Тэгтэл 4 хоногийн дараа над руу залгаад ярих юм байна, хүрээд ир гэсэн. Тэгэхэд Цогзолмаа нь манай шавь Сангийн яаманд бодлогын хэлтсийн даргаар ирсэн байна, бэлэн төсөл хөтөлбөр бий юу гэсэн. Тэгээд Бтай уулзуулахад өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн даргаар ажилладаг, яамнаас батлагдан ирсэн төсөл манайхаар дамждаг юм гэхээр нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр О.Б-ы цахим хаягаар төслөө явуулсан. Тэгээд төсөл чинь болчихлоо, бичиг хэргийн зардалд урьдчилгаа 1.500.000 төгрөг явуул гэхээр нь 21-ний өдөр бэлнээр 1 сая төгрөг, дансаар 500.000 төгрөг өгсөн. 5 дугаар сарын 20-ны өдөр танай төсөл батлагдаад гүйлгээ хийгдээд бэлэн болно, байшин саваа бэлдэж бай гэсэн. Тэгээд таг чиг байснаа 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б утасдаад танай төсөл болчихлоо, баярын дараа гүйлгээ хийнэ гэсэн. Би гэртээ зурагт үзэж байтал “Өлзий” сувгаар “Хануй” группын ерөнхийлөгч О.Б гээд ярьж байсан. Дараа нь 650.000 төгрөг зээлээч гээд авсан. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамны эрсдэлийн санд 18 сая төгрөг байршуулах хэрэгтэй гэхээр нь нөхөртөө хэлэхэд одоо хоёулаа болье гэсэн. Тэгтэл орой нь утасдаад ах нь 10 саяыг нь олчихлоо, миний дүү 8 саяыг нь олчих гэсэн. Тэгэхээр нь найзуудаасаа зээлээд Б-ы өгсөн дансанд шилжүүлсэн. Тэгснээ маргааш нөгөөдрөөс нь эхлээд Чойжилсүрэн сайд ажлаа өгөх гээд байна, 50 сая төгрөг өгөөд юмаа гялс зуруулаад ав, би 9911-тэй утсаа тавьчихлаа, та 2 ямар хойрго юм бэ гээд байхаар нь 12 сая төгрөг шилжүүлгээр, 3 сая төгрөг бэлнээр, дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авто плазагийн лангууных нь дэргэд 15 сая төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.5 саяыг бэлнээр өгсөн, 500.000 төгрөг эмнэлгээс ирж авсан. Оны өмнө 3 сая, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би ээж Д.Наранцэцэгийн ХААН банкны дансыг шалгаж үзэхэд нийтдээ 40.990.000 төгрөгийг Б-д өгсөн байна. Энэ мөнгөнөөс бэлнээр нийтдээ 19.150.000 төгрөг, 21.840.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Үүнээс гадна танил ах Гансүхээс О.Б-ы 5029568282, 5020801353 дугаарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Яг шилжүүлсэн дансны хуулгаа харахад 43.290.000 төгрөгнөөс 22.140.000 төгрөгийг Б-ы 5020801353, 5029568282 гэсэн дансуудаар өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн дансны хуулгуудаар харагдаж байгаа. Харин үлдсэн 21.150.000 төгрөгийг бэлнээр өгсөн. О.Б энэ мөнгөнүүдийг авахдаа “танай гэрээ чинь сангийн яаман дээр зурагдсан байгаа, би энэ яаманд бодлогын хэлтсийн дарга ажилтай, гүйлгээ хийх гээд байна, сайд ажлаа өгч байгаад гэрээгээ зуруулж ав гээд байна” гэж их л итгүүлсэн. Сүүлд худлаа гэдгийг нь мэдсэн. О.Бтай Сангийн яаман дээр очиж уулзсан болохоор итгэсэн.” /3хх 34-36/,

хохирогч Ц.Амарбаясгалангийн “...Би өөрийн танил ахаараа дамжуулан О.Бтай анх танилцсан. Тэгээд нээх найзалж нөхөрлөөд байдаггүй байсан. Фэйсбүүкээр л харьцдаг байсан. Тэгээд би 2018 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цахилгаан станцын наана байдаг 2840 м.кв талбай бүхий хоосон газрыг авахаар Хан-Уул дүүрэгт хүсэлт гаргасан ч дүүрэг захирамж гаргаж өгөхгүй гэсэн. Тэгээд би энэ талаараа О.Б-д хэлтэл О.Б “наад газрын чинь эзэмших гэрчилгээг Нийслэлийн газрын албанаас гаргадаг юм, би чамд гэрчилгээг нь гаргаж өгч чадна, газраа авахад заавал дуудлага худалдаа болно, тийм учраас дуудлага худалдааны мөнгийг өг” гэсэн. Тэгээд би үнэхээр гаргаж өгч чадах юм уу, дуудлага худалдаа гэж яадаг юм, хэдэн төгрөг хэрэг болох юм гэж асуутал О.Б 10 сая төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би 10 сая төгрөг бол байхгүй, 5 сая төгрөг л байна гэтэл О.Б “тэгвэл наад мөнгөө өгчих, би өөрөө нэмээд өгчихье” гэсэн. Тэгээд 5 сая төгрөгөө өгсөн. О.Б надад хэлэхдээ 2018 оны 2 дугаар сард газрын эзэмших гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Тэгээд О.Б-ы хэлсэн хугацаа нь өнгөрөөд О.Б-аас яасан талаар асуухад удахгүй гарна гэдэг ба би итгээд нилээн хүлээсэн. Тэгтэл над руу Хан-Уул дүүргийн цагдаагаас яриад О.Б-ыг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа талаар хэлсэн. Тэгээд би залилуулсан байна гэдгээ мэдсэн. Би 5 сая төгрөгийг Гандирс төвийн хажууд бэлнээр О.Б-д өгч зээлийн гэрээ хийж, Сүхбаатар дүүрэгт байх нотариатаар баталгаажуулсан. Би Нарссайхан гэж хүнийг огт танихгүй.” /3хх 194-195/,

хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “...О.Бтай 2006 онд өөрийн хуурай эгч Уранбилэг гэж хүнээр дамжуулан танилцаж байсан. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр О.Б нь Орхон аймагт ирж надтай уулзсан. Тэгээд уул уурхайн компанитай болсон, маш амжилттай ажиллаж байгаа гэх зэрэг ойр зуурын юм ярьж байгаад явсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өглөө яриад манай компани дээр Авилгатай тэмцэх газраас шалгалт хийгээд байгууллагын оффисыг хаачихжээ. Ажил төрөл хөөцөлдөх гэсэн мөнгө хэрэг болоод 3 сая төгрөг өгөөч гэхээр нь Гал-Эрдэнэ гэж хүний дансаар 3 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө хэрэг боллоо гээд 2.500.000, 100.000 төгрөгөөр нэг нэг удаа мөнгө авсан. Түүнээс хойш хөдөө машин эвдрээд суучихлаа. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд сургууль барьж байгаа, Авилгатай тэмцэх газрын шалгалт дуусахаар хүүтэй нь буцааж өгнө гэх зэргээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цувуулж авсаар байгаад нийт 64.730.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Бид 2006-2008 оны хооронд эр, эмийн харьцаатай байж байгаад түүнээс хойш холбоо тасарсан боловч түүний ярьж хэлсэн үгэнд нь итгээд тус болох санаатай мөнгө өгч байсан. Хятад хүмүүстэй нийлж ажил хийж байгаа гээд Орхон аймагт хэд хэдэн удаа ирсэн. Би мөнгийг өөрийнхөө данснаас шилжүүлдэг байсан. О.Б болохоор янз бүрийн хүмүүсийн дансаар мөнгөө авдаг байсан. Юунд зарцуулж байгааг хэлээгүй. Завхан аймагт алтны уурхайн хайгуул хийж байгаа гэж хэлээгүй, харин Төв аймгийн Заамар суманд байдаг алтны уурхай дээрээ ажиллаж байна гэж утсаар ярьдаг байсан.” /4хх 233-235/,

хохирогч М.Дорждагвын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнд өөрийн тайлан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хийж байсан юм. Тэр үед манай нутгийн Гэрэлмаа гэж сэтгүүлч охин надад “манай сумын гаралтай О.Б гэж том компаний захирал байдаг юм, та хандив тусламж яриад үзээч” гэж тус болох санаатай хэлсэн байх. Ингээд 99111985 гэсэн утас өгөхөөр нь би түүнтэй холбогдоод учир байдлаа хэлэхэд шууд надад 500 ам.доллар өгсөн. Тэгэхээр нь би итгэж эхэлсэн. Ингээд манайд ирээд ууж идэж байхдаа билетийг чинь зарж өгнө гээд эхлээд 100 ширхэгийг, дараа нь эхнэрээс 300 ширхэгийг, дараа нь манайд ирж 500 ширхэгийг аваад явсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тайлан тоглолтон дээр Гал-Эрдэнэ гээд байнга цуг явдаг сэтгүүлч залуугийн хамт ирээд “ахдаа Зайсанд баригдаж буй барилгаас 2 өрөө шинэ байр өгнө” гэж амлаад 2200 гаруй хүний өмнө хадганд боосон түлхүүр өгч хуурсан. Тэгээд билетний мөнгөө аваад ах нь хүүдээ машин авч өгөх гэсэн юм, одоо 7, 8 сая төгрөг л байна гэхэд “танд орж ирсэн Харрер 15 саяд өгье, байгаа 7 сая төгрөгөө аваад ир” гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар их дэлгүүр дээр очиж мөнгөө өгсөн. Хоёр хоногийн дараа ахаа нэг тус болооч гээд ярьсан. Яасныг асуухад дүү нь эхнэр болох хүнээ гуйх гэсэн юм, таныг очвол баярлана гээд гуйгаад байхаар нээрээ ч 2 өрөө байр өгөх гэж байгаа хүүд тусалъя гээд Увс аймаг руу бэр гуйхаар явсан. Одоо бодоход надаас авсан 7 сая төгрөгөөр эхнэр гуйх гэж явсан юм билээ. Ирэхэд машин бэлэн байна гэсэн байгаагүй. Авто тээврийн газарт таны бичиг баримтыг хөөцөлдөж байсан Батжаргал гэдэг хүн хоригдчихлоо, би зохицуулж өгнө, хүлээж бай гэдэг байсан. Тэгтэл авсан эхнэрээ зодож нүдээд эхнэрийнх нь аав Увсаас ирээд цагдаад шалгуулахад О.Б нь ямар ч компани, эд хөрөнгөгүй хоосон нөхөр байсан ба анхнаасаа л намайг хуурч байсан юм билээ” /4хх 129-130/,

хохирогч Э.Амаржаргалын “...Миний биед учирсан зүүн тавхайн 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хугарал гэмтлийг 2017 оны 12 дугаар сарын 29-ноос 30-нд шилжих шөнө О.Б учруулсан. Тэр өдөр түүний найз Баттулга, 2 согтуу эмэгтэйтэй орж ирэхээр нь би уурласан чинь О.Б намайг элдвээр хэлээд эхэлсэн. Би айгаад угаалгын өрөөнд ороод түгжтэл хаалгыг цөм өшиглөсөн. Тэгээд би гараад иртэл үсдэж шанаа руу цохиод зүүн чих рүү гараараа цохиж доороо хийж байгаад зодсон. Тэгээд би гараад зугтаатал Б араас гарч ирээд шатан дээр барьж аваад ноцолдох явцад шатан дээрээс түлхэхэд уг гэмтэл учирсан. Тэр өдөр би шууд гэртээ хариад өглөө босоход зүүн хөл маш их хавдсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт зураг авхуулахад чигчий хурууны үе хэсгээр хугаралтай гэж гарсан. ... 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн.” /2хх 187-192/,

иргэний нэхэмжлэгч Д.Оюунбатын “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.Б нь манай “Илч Кредит” ББСБ дээр ирж өөрийн эзэмшлийн 47-35 УБЭ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер 200” маркийн машинаа 30 сая төгрөгөнд барьцаалан унаж явахаар гэрээ хийж, машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. 1 сарын хугацаатай 5.5 хувийн хүүтэй 30 сая төгрөгийг зээлсэн. Нэг сарын дараа зээл төлөх хугацаа дуусахад төлж амжихгүй байна гээд зээлийн хүү, алдангитай нь нийлүүлээд 1.700.000 төгрөг төлсөн. Тэгээд 2018 оны 2 дугаар cap хүртэл холбогдож байгаад гэнэт алга болчихсон. Бид сураглаад үзсэн чинь цагдаад шалгагдаад цагдан хоригдсон байсан. Тэгтэл манай байгууллагын нэр дээр байсан Б-ы барьцаалсан 47-35 УБЭ дугаартай “Ланд крузер 200” маркийн машиныг битүүмжилсэн байсан.” /1хх 52-53/,

гэрч Л.Энхбаярын “...Чой Юуны монгол нэрийг Гансүх гэдэг юм. Би Гансүхийг нилээн олон жилийн өмнөөс таньж мэддэг, найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гансүх над руу залгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын урд талын талбайд Гансүхийн автомашин дотор сууж байхад Галаа болон Б гэдэг хүмүүс ирж машин дотор суусан. Тэгээд Гансүх юанийг бэлнээр гаргаж ирээд тоолоод О.Б-д өгсөн. О.Б ч тоолоод аваад явсан. Тухайн үед Чой Юун буюу Гансүх нь “Эрдэнэс таван толгой” ХХК-иас 500.000 тонн нүүрс худалдаж авах зөвшөөрөл авах гээд ажил хөөцөлдөж байсан юм. Ямар учиртай нүүрс авах гэж байгаа гэхлээр Гансүхийн найз нь Хятад улсад нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм байна. Тэгээд Гансүхийг Монгол улсад байгаа учир нүүрс авах гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан юм байна лээ. Түүний дагуу Гансүх энэ ажлыг хөөцөлдөж эхэлсэн байсан. Тэгж байгаад Баясаа, Галаа гэх хүмүүстэй танилцсан. Галаа, Баясаа хоёр нь гэрээг найдвартай хүнтэй ярьсан байгаа, өнөө маргаашгүй гэрээ байгуулагдана гээд О.Бтай уулзуулсан байсан. Ингээд О.Б-д мөнгө өгснөөс хойш 2-3 удаа Гансүх бид хоёр О.Бтай уулзахад өнөө маргаашгүй гэрээ байгуулагдана гэж байснаа наадам баяр болж байна гэж хойшлогдоод дараа нь ээжийн бие муу байна гэж бас хэд хоног хойшлуулсан. Тэр үед О.Б-ыг худал хэлж байна гэж бодоод өөрийнх нь унаж байсан Ланд 200 маркийн автомашиныг барьцаанд авч гражид хадгалсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахад “Илч кредит” компаний нэр дээр байсан ба ямар учиртайг асуухад манай компани гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо барихгүй явсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надтай уулзаад 25-ны өдөр гэхэд найдвартай мөнгийг чинь өгнө гээд баталгаа бичиж өгсөн. Тухайн үед Б нь “Эрдэнэс таван толгой” компаниас 500.000 тонн нүүрс худалдаж авах гэрээ байгуулж өгнө гэж хэлсэн учир нүүрс худалдаж авах мөнгөний урьдчилгаа гэж 840.000 юанийг өгч байсан.” /1хх 57-59/,

гэрч Ж.Гал-Эрдэнийн “...2017 оны 5 дугаар сард миний танил нэг хүн над руу залгаад одоо би нэрийг нь мартчихаад хэлж чадахгүй байна. Тэр хүн нүүрсний гэрээ хийх компани байна, уг ажлыг хөөцөлдөөд өгөх хүн байна уу гэхээр нь би таньж мэддэг хүмүүс байна уу үгүй юу, асуугаад үзье гэсэн. Удалгүй Гансүх гэх хүн ирж уулзаад нүүрс худалдаж авах гэрээг “Эрдэнэс таван толгой” ТӨХК-тай байгуулах гэсэн юм, таньж мэддэг хүн байна уу гэхээр нь хүмүүсээс асууя гээд явуулсан. Тэр орой Гансүхийн ажиллуулдаг “Анужин” нэртэй ресторанд намайг дахин дуудаж уулзсан бөгөөд очиход Гансүх, Энхбаяр болон Гансүхийг анх танилцуулсан хүн гурвуулаа сууж байсан. Тэгээд нөгөө л нүүрс худалдаж авах гэрээний асуудлаа ярилцсан. Хэд хоногийн дараа би Гансүхэд О.Б ахын утасны дугаарыг өгсөн. Ингээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Би гарын үсэг зурж, гэрээ байгуулж өгөх эрх бүхий хүн биш учраас уг гэрээг хийж өгч чадаж магадгүй гэдэг үүднээс О.Б-ыг хэлж өгсөн юм. Тэгээд Гансүх нь О.Б-д бэлнээр мөнгө өгсөн, би мөнгөн дүнг яг хэд байсныг мэдээгүй, тоолж үзээгүй.” /1хх 64-65/,

гэрч И.Батмөнхийн “...2016 онд Ц.Оюунцацралт эгч над руу яриад “чи Эрдэнэс таван толгойд ажиллаж байгаа юу, танайх нүүрсний борлуулалт хийгдэж байгаа юу” гэж асуухаар нь хийгдэж байгаа гэсэн. Тэгээд 2017 онд мөн тэр талаар ярихаар нь сонгон шалгаруулалт хийгддэг юм, би хүнээс асууя гэсэн. Ингээд өөрийн найз О.Бтай холбогдож жагсаалтад оруулах арга байна уу гэхэд сонгон шалгаруулалтаар ордог юм байна, сонгон шалгаруулалт нь дууссан байна, харин надад мөнгөний хэрэг гараад байна, надад мөнгө зээлэх үү гэхээр нь мөнгө төгрөг байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд О.Б-ы хамтаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Оюунцацралт эгчийн ажил дээр очиж уулзаад жагсаалтад оруулж өгье, харин та мөнгө зээлээч гэхэд хэд гэж асуухаар нь боломжоороо гэхэд 14.200 ам.доллар өгөхөөр нь тэр дор нь хажууд нь О.Б-д өгчихөөд гарсан. Уг нь 14 хоногийн хугацаанд төлөх байсан ч чадалгүй одоог хүрсэн. Ингээд 6000 ам.долларыг авсан. Одоо 8.200 ам.доллар өгөх дутуу байгаа. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Дэргэд нь бүгдийг О.Б-д өгсөн. О.Б нүүрсний гэрээ байгуулах жагсаалтад оруулж өгнө гэж хэлсэн юм. О.Б нь “Хануй” группын захирал ажилтай, барилга уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Би “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт ерөнхий зохион байгуулагч хийдэг. Харин нүүрсний гэрээ зэрэг нь Борлуулалтын газарт хамаардаг” /3хх 244-245/,

гэрч Л.Цогтхүүгийн “...2017 оны 4 дүгээр сард эхнэр О.Удвалцэцэг нь О.Бтай танилцсан бөгөөд анх танилцахдаа О.Б нь манай эхнэрт “төслийн зээлэнд хамруулж өгнө” гэж хэлсэн байсан. Тэгээд би 2017 оны 5 дугаар сард эхнэрийн хамтаар О.Бтай Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд уулзаж, О.Б-д шуудайны үйлдвэр барих төсөл үзүүлэхэд болохоор юм байна гэж хэлсэн. Ингэж л анх холбогдсон ба О.Б өөрийгөө Сангийн яаманд бодлогын хэлтсийн дарга гэж танилцуулж байсан. Анх 2017 оны 5 дугаар сард бичиг хэргийн зардал гэж 1.500.000 төгрөг авснаас хойш цувуулж авсаар 40 орчим сая төгрөг болсон. Сангийн яамнаас төслийн зээл гаргуулж өгнө хэмээн авсан.” /3хх 37/,

гэрч Ч.Өлзийнямын “...Дорждагва бол миний гэр бүлийн хүн байгаа юм. О.Б гэх залууг бол 2017 оны 10 дугаар сарын үед зүс үзэж хальт таньдаг болсон. Яаж таньдаг болсон гэхээр тухайн үед манай нөхөр тайлан тоглолт хийх гэж байсан юм. TV8 телевизийн нэг сэтгүүлч эмэгтэй манай нөхрийн нутгийн эмэгтэй гэсэн. Тэр эмэгтэй манай нөхөрт О.Б гэж хүн байдаг, тэр хүнтэй уулзаад үзээрэй, тоглолтыг чинь ивээн тэтгэж тусалж, дэмжиж магадгүй гээд фэйсбүүк хаягыг нь өгөөд манай нөхөр фэйсбүүк рүү нь холбогдож уулзсан. Тэгээд бараг анхны уулзалтан дээрээ О.Б нь 500 доллар өгч ивээн тэтгэж байна гэсэн. Үүний дагуу манай нөхөр О.Б-д итгэж эхлэн, хоорондоо харилцаатай болсон байж байгаад нэг орой О.Б нь манайд ирж, манай нөхөр 200.000 төгрөг аваад үнэтэй виски, архи авч ирээд мах шөл чанаж дайлсан. Тэр орой манайхаас гарахдаа тоглолтын билет зарж өгнө гээд 100 ширхэг билет аваад гарсан. Манайд ирэхийн өмнө тэр өдөртөө том бөхчүүд болон “Алтай” констракшний захирал Бат-Эрдэнэ нартай О.Б нь манай нөхөр Дагваа уулзуулсан байсан. Тэр үед Бат-Эрдэнэ нь 500 ширхэг билет авна гэж хэлсэн байсан. Дараа нь хэд хоногийн дараа 200 ширхэг билет өөрөө ирж манайхаас авсан. Манай гэрийн гадаа ирээд такси бололтой машинд сууж байхдаа билет авсан. О.Б нь одоо билет хэд үлдсэн бэ гэж чатаар хүртэл асууж байсан. Тэр үед 500 ширхэг байгаа гэж хэлэхэд бүх билетийг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд билетээ өгөх болоод тоолоход 600 ширхэг билет байсан. Б нь манай гэрт ирээд 600 ширхэг билетийг нөхрөөс аваад явсан байсан. Би яг хажууд нь байгаагүй, ажилтай байсан учраас сүүлд авсан 600 ширхэг билетийг О.Б-д хүлээлгэж өгч чадаагүй. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тайлан тоглолт болоход О.Б, Гал-Эрдэнэ гэдэг залуутай ирээд хоёр өрөө байр хадганд боосон түлхүүрын хамт тэр олон үзэгчид нарын нүдэн дээр өгсөн. Ингээд үнэхээр итгэл төрсөн юм. О.Бтай утсаар яриад ах нь хүүдээ нэг машин авч өгөх гэсэн билетний мөнгөнөөс өгөх боломж байна уу гэхэд билетний мөнгө өгъе гэхгүйгээр танд хэдэн төгрөг байгаа юм бэ гэхэд 7 сая орчим төгрөг байна гэсэн. Тэгтэл би таньдаг хүнээсээ асууя гэж утсаа таслаад эргээд харрейр, клугер хоёр байна, алийг нь авах вэ гэсэн юм асуусан. Тэр үед чанга яригч дээр тавьсан байсан учраас би Дагваа руу харрейр гэж хэлсэн. Тэгээд О.Б нь 5020801353 гэсэн данс өгсөн. Тэгтэл банкаар дамжуулах болохоор хононо, яаралтай өгчих гэх мэтийн утгатай зүйл яриад байсан учир манай нөхөр бэлнээр 6.800.000 төгрөг авсан. Тэгээд Дагваа Оюунчимэг гээд миний төрсөн эгчээс утсаар мөнгө асуугаад эгч шууд Б-ы данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн байсан. Дараа нь 350.000 төгрөгийг манай нөхөр Дагваа өөрийн данснаасаа эгч Оюунчимэг рүү шилжүүлж төлсөн. Ингээд 25.350.000 төгрөгийн хохирол учирсан байна.” /4хх 134-135/,

гэрч Б.Цэвэлмаагийн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай охиныг О.Б зодоод зүүн хөлний чигчий хурууг хугалсан байсан. Тухайн үед “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.” /2хх 196-197/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 2737 дугаартай:

1. Э.Амаржаргалын зүүн тавхайн 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар шанаа цээжний урд дээд хэсэг, ар нуруу, 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя шилбэ, баруун өгзөг, баруун ташаа хэсгүүдэд олон тооны цус хуралт, хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эдгээрээс зүүн тавхайн 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, зүүн тавхайн 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу зөрөөгүй хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /2хх 212/,

Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /4хх 193/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 196-223/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /2хх 173, 3хх22, 179-180, 224, 4хх 106, 187/, 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх 24/, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол, тэмдэглэл /1хх 26-35/, тээврийн хэрэгслийн эзэмшлийн лавлагаа /1хх 130-131/, хохирогч Ц.Оюунцацралд хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 11/, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /4хх 17/, “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Э.Амаржаргалын талаархи өвчний түүхийн хуулбар /2хх 235-246/, аюулын зэргийн үнэлгээ /2хх 229/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-ыг хуурч, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч О.Б-ы хохирогч нарыг “Эрдэнэс таван толгой” ХХК-тай гэрээ байгуулж өгнө, төслийн зээл гаргаж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө, билет борлуулж, байр бэлэглэнэ” гэх зэргээр залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мөн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 1 жил 5 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин О.Б-ыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг үсдэх, цохих, боох, түлхэж унагах зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс” хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 33 тоотод эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хөнгөн гэмтлийг хүндэд нь багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Амаржаргалын “...намайг 2017 оны 10 дугаар сард О.Б-ы түрээсээр амьдарч байсан Улсын Их Дэлгүүрийн орчимд байх байрны гадна согтуудаа ямар ч шалтгаангүй зодоод гэрт ороод бас зодсон. Дараа нь бас түрээсийн байрандаа зодоход доод айл цагдаад дуудлага өгсөн байсан. Гэнэт хаалга тогшоод 2 цагдаа орж ирээд юу болоод байна гээд шаардлага тавьсан ба би ч цагдаа нарт өөрсдөө учраа олно гээд хэлтэл цагдаа нар гэрт орж ирж харчихаад яваад өгсөн. Тэгтэл О.Б дахиад намайг зодоод цохиод байхаар нь би гэрээс хөл нүцгэн зугтааж гараад зам дээрээс такси барих гээд зогсож байтал нөгөө дуудлагаар ирсэн цагдаа нартай таараад намайг Чингэлтэй дүүрэг дээр авчирсан. 2017 оны 12 дугаар сард бас ариун цэврийн өрөөний хаалга хаачихсан байхад эвдэж орж ирээд үснээс чирээд нөгөө өрөөнд оруулж байгаад зодсон. Миний чихний хэнгэрэг цоорсон. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд 2 өдөр гэрийнхээ хаалгыг цоожилж, миний гар утсыг унтрааж байгаад дуртай цагтаа 2 өдөр зодож өнгөрүүлсэн. Зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэхээр нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй юм байна гэж бодоод 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн.” /2хх 187-192/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №2737 тоот дүгнэлтэд “...Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар шанаа, цээжний урд дээд хэсэг, ар нуруу, 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя шилбэ, баруун өгзөг, баруун ташаа хэсгүүдэд олон тооны цус хуралт, хүзүүнд дарагдлын ором гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /2хх 212/ гэх дүгнэлт,

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1810005140194 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх 175-177/, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2хх 173/,  2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай “мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” прокурорын тогтоол /3хх 99/, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай “Мөрдөн байцаалтыг сэргээх тухай” прокурорын тогтоол /3хх 116/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх /2хх 232, 234-246/, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 124 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /5хх 241-242/, Нийслэлийн цагдаагийн түр хамгаалах байрнаас гарах баталгаа /2хх 223/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагын хамгаалах байранд хамгаалагдаж байгаа гэх баримт /2хх 222/ зэргээр шүүгдэгч О.Б нь өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа хохирогч Э.Амаржаргалын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, түүнчлэн удаа дараа хүч хэрэглэн зодсон нөхцөл байдал байх тул О.Б-д холбогдох эрүүгийн 1711 01162 0181 дугаартай хэргээс О.Б-ы үйлдсэн гэх “2017 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг үсдэх, цохих, боох, түлхэж унагах зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс” хотхоны 535-402 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдлийг тусгаарлан прокурорт буцаах нь зүйтэй байна гэж үзэв.

Прокурорт буцсанаар О.Б-ы уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тусгаарлаж, уг тусгаарласан хэргийг дахин шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй байхаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

Иймд О.Б-ы 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан Хиллс” хотхоны 535-402 тоотод хамтран амьдрагч Э.Амаржаргалыг зодож биед нь биед хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар шанаа, цээжний урд дээд хэсэг, ар нуруу, 2 гарын бугалга, шуу, 2 хөлийн гуя шилбэ, баруун өгзөг, баруун ташаа хэсгүүдэд олон тооны цус хуралт, хүзүүнд дарагдлын ором бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт үйлдэлд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1810005140194 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх 175-177/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.

Мөн анхан шатны шүүх “хохирогч Ц.Оюунцацралаас 14.200 ам.доллар /1 ам.доллар 2,465.28 төгрөг/ авснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 8.000 ам.долларыг хүлээлгэн өгсөн. Одоо О.Б-аас 15.248.736 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан хохирогч Ц.Оюунцацралын “...Үлдэгдэл 7.200 ам.доллар байгаа” /4хх 63/ гэх мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...1.000 ам долларыг хүлээлгэн өгөв.” /4хх 10-11/ гэх хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Оюунцацралд 7.000 ам.доллар төлсөн байх тул шүүгдэгч О.Б-аас үлдэх 7.200 ам.доллар буюу 17.750.016 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Оюунцацралд олгохоор зөвтгөн өөрчлөв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ы урьдчилан цагдан хоригдсон хоногийг 431 гэж буруу тооцсон байх тул шүүгдэгч О.Б-ы урьдчилан цагдан хоригдсон хоногийг 405 гэж залруулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн сэжигтнийг зөвшөөрөлгүй баривчлах тухай прокурорын тогтоол /1хх 80/, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих шүүгчийн захирамж /1хх 84/, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /1хх 104-105/, 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /1хх 93/, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн сэжигтнийг зөвшөөрөлгүй баривчлах тухай прокурорын тогтоол /3хх 211/, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 70-71/, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 76-77/, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 83-84/, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 89-90/, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 120-121/, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /5хх 127/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн цагдан хорих хугацаа сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /5хх 147-149/, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Ерөнхий шүүгчийн захирамж /5хх 198-201/ зэргээс үзэхэд, шүүгдэгч О.Б-ы урьдчилан цагдан хоригдсон хоног 405 болж байна.

Хохирогч Чой Юун /QIAO YONG/-ы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хэрэгт битүүмжлэгдсэн 47-35 УБЭ улсын дугаартай “Ланд крузер 200” маркын автомашинаас хохирогч Чой Юуны хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн “...иргэн Чой Юунаас авсан 840.000 юаныг Хишигбадрах гэх хүнд зуучлан өгсөн, мөн ажиллагаанд Ж.Гал-Эрдэнэ гэх хүн оролцсон талаарх, мөн “Цогзолмаа гэх хүн манай дүү Сангийн яамын Бодлогын хэлтсийн дарга гэж О.Б-ыг танилцуулж мөнгө авсан” гэх талаарх, хохирогч Ц.Амарбаясгалангаас 5.000.000 төгрөг залилсан гэх асуудлаар Нарссайхан, Батболд нарт дээрх мөнгийг өгсөн талаарх, хохирогч Ц.Оюунцацралт гэх хүнээс 14.200 ам.доллар залилсан гэх үйлдэлд гэрчээр мэдүүлэг өгсөн Батмөнх гэх этгээд авсан талаарх, хохирогч Дорждагва гэх хүний 900 билет, 2 өрөө байрыг залилсан гэх үйлдэлд дээрх билетийг Э.Амаржаргал гэх хүнд өгсөн талаарх, хохирогч Э.Амаржаргалыг зодсон үйлдлийн талаар Чингис хаан банкны ажилтан Баттулга гэх залуу 2 ажилтны хамт байсан гэх ба дээрх хүмүүс нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй талаарх үйл баримтыг мэдэж байгаа этгээдүүд гэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч О.Б-ы “...Шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, ялангуяа мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийг зөвхөн яллах талаас анхааран үндэслэлгүй шийдвэр гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хишигбадрахыг энэ хэрэгт дахин шалгуулж, хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ж.Гал-Эрдэнэ, Ж.Хишигбадрах нар энэ хэрэгт оролцсон гэх гомдлын тухайд, хэрэгт авагдсан хохирогч Чой Юуны ”...өөрийн Баясаа гэх танил ахад энэ талаар хэлэхэд Галаа гэж хүнийг танилцуулсан. ...Анх Бтай Галаа гэж хүнээр дамжуулан танилцсан. ...“Эрдэнэс таван толгой” компаниас 500.000 тн нүүрс авч өгнө гэж, худалдаж авах гэрээ хийлгүүлэх зорилгоор танилцаж байсан. ...” /1хх 49-50, 5хх 35-36/, гэрч Л.Энхбаярын “...Тухайн үед Б нь “Эрдэнэс таван толгой” компаниас 500.000 тн нүүрс худалдаж авах гэрээ байгуулж өгнө гэж хэлсэн учир урьдчилгаа гэж 840.000 юанийг өгч байсан. ...Гансүх бэлнээр 840.000 юанийг гаргаж ирээд тоолоод Б-д өгсөн.” /1хх 57-59/, гэрч Ж.Гал-Эрдэнийн “...Би гарын үсэг зурж, гэрээ байгуулж өгөх эрх бүхий хүн биш учраас уг гэрээг хийж өгч чадаж магадгүй гэдэг үүднээс О.Б-ыг хэлж өгсөн юм. Тэгээд Гансүх нь О.Б-д бэлнээр мөнгө өгсөн, би мөнгөн дүнг яг хэд байсныг мэдээгүй, тоолж үзээгүй...” /1хх 64-65/ гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг /6хх 99-105/ зэргээр Ж.Гал-Эрдэнэ хохирогч Чой Юуныг О.Бтай танилцуулж, О.Б “Эрдэнэс таван толгой” компаниас 500.000 тн нүүрс авч, худалдаж авах гэрээ хийж өгнө хэмээн хуурч 840.000 юанийг авсан болох нь тогтоогдож байх тул Ж.Гал-Эрдэнэ, Ж.Хишигбадрах нар энэ хэрэгт оролцсон гэж үзэх,  

Мөн С.Нарссайхан, О.Батболд нарыг энэ хэрэгт оролцсон гэх гомдлын тухайд, хэрэгт авагдсан хохирогч Ц.Амарбаясгалангийн “...Би 5 сая төгрөгийг “Гандирс” төвийн хажууд бэлнээр Б-д өгч зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Би Нарссайхан гэж хүнийг огт танихгүй...” /3хх 194-195/, гэрч Ж.Гал-Эрдэнийн “...Тэр газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж өөр хүнтэй ярьсан, мөнгө болон бичиг баримтыг авсан гэж байсан” /3хх 206/, гэрч С.Нарссайханы “...Би Гал-Эрдэнийн хажууд Б-аас мөнгө авсан асуудал байхгүй. Намайг гүтгэж байна.” /3хх 209-210/, гэрч О.Батболдын “...Би энэ талаар мэдэхгүй. Би Амарбаясгалан гэх хүнийг танихгүй” /3хх 207/ гэх мэдүүлгүүд,  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амарбаясгалангийн “...Их дэлгүүрийн хажууд 5 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулаад өгсөн. Надтай утсаар ярьж байх хугацаанд Батболд гэдэг хүн чиний мөнгийг авсан, чи энэ хүнтэй учраа ол гэдэг байсан. Харин одоо Нарссайхан болсон байна. ...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Б нь хохирогч Ц.Амарбаясгалангаас гэрчилгээ гаргаж өгнө хэмээн хуурч 5 сая төгрөг авсан болох нь тогтоогдож байх тул Нарссайхан, Барсболд нар энэ хэрэгт оролцсон гэж үзэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн И.Батмөнх энэ хэрэгт оролцсон гэх гомдлын тухайд, хэрэгт авагдсан гэрч И.Батмөнхийн “...Б-ы хамтаар Оюунцацралт эгчийн ажил дээр очиж уулзаад жагсаалтад оруулж өгье, харин та боломжоороо гэхэд 14.200 ам.доллар өгөхөөр нь тэр дор нь хажууд нь Б-д өгчихөөд гарсан. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй.” гэх мэдүүлэг /3хх 244-245/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюунцацралтын мэдүүлсэн “...Эрдэнэс таван толгойн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор уулзаж машин дотроо нүүрсний гэрээ хийлгэхээр болсон, та 3 хоногийн хугацаатай мөнгө төгрөг зээлээч гэж гуйгаад ярилцаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /6хх 99-105/, 1000 ам.доллар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 11/, Хан-Уул дүүргийн прокурорт гаргасан “...Г.Батмөнхөөр дамжуулан О.Б нь 14.200 ам.долларыг 3 хоногийн хугацаатайгаар хүүгүй зээлүүлсэн...” гэх гомдол /4хх 23/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Ганхуягтай найз болохоор нүүрсний гэрээ хийлгэхээр болсон, та 3 хоногийн хугацаатайгаар мөнгө зээлээч гээд гуйгаад байсан “ гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Б нь Г.Батмөнхөөр дамжуулан мөнгө зээлээч хэмээн 14.200 ам.долларыг авсан болох нь тогтоогдож байх тул  Г.Батмөнхийг энэ хэрэгт оролцсон гэж үзэх тус тус үндэслэлгүй байна.

Хохирогч Чой Юун /QIAO YONG/-ы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн хэрэгт битүүмжлэгдсэн автомашинаас хохирлыг барагдуулах гомдлын тухайд, хэрэгт авагдсан гэрч Л.Энхбаярын “... 2017 оны 6 дугаар сарын 25 өдөр Чой Юун буюу Гансүх надруу залгаад “би хүнд мөнгө өгөх гэсэн юм, хажууд хамт байлцаад өгөөч ” гэж гуйсан. Тэгээд Батайханд 840.000 юанийг өгсөн... ” гэх мэдүүлэг /1хх 57-59/, гэрч Ж.Гал-Эрдэнийн “...2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гансүх нь Б-д бэлнээр мөнгө өгсөн. Би яг мөнгөн дүнг хэд байсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх 64-65/, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр О.Б-ы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн гэх лавлагаа /1хх 131/, “Илч кредит” ХХК-ийн зээлийн гэрээ /1хх 178-179/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1хх 183-184/ зэргээр хохирогч Чой Юунаас авсан мөнгөөр 47-35 УБЭ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг авсан гэж үзэж, дээрх автомашинаар хохирогч Чой Юуны хохирлыг барагдуулах боломжгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь  хохирогч нарыг “Эрдэнэс таван толгой” ХХК-тай гэрээ байгуулж өгнө, төслийн зээл гаргаж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө, билет борлуулж, байр бэлэглэнэ” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан мэхлэн   бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн хамтран амьдрагч Э.Амаржаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Иймд хохирогч Чой Юуны өмгөөлөгч Н.Жамъяндорж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711 01162 0181 дугаартай хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг тусгаарлаж, тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” гэснийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж,

6 дахь заалтад “...цагдан хоригдсон 431 /дөрвөн зуун гучин нэг/ хоногийг...” гэснийг “...цагдан хоригдсон 405 /дөрвөн зуун тав/ хоногийг...” гэж,

8 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-аас нийт 443.228.336 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах ... хохирогч Ц.Оюунцацралд 15.248.736 төгрөгийг...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-аас нийт 445.729.616 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч ... Ц.Оюунцацралд 17.750.016 төгрөгийг...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогч Чой Юуны өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ