Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 965

 

     2020        08           04                                            2020/ДШМ/965

Ц.Нд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Энхбуйр,

хохирогч Б.Ариунбаяр, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Нд холбогдох эрүүгийн 2005005740409 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

................................, 19...........оны .........дугаар сарын ..............-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ........ дүүргийн .............дүгээр хороо, ............ хотхон, .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 53 тоотод түр оршин суух, /РД:................../,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулсан,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3.795.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки 21” нэртэй бааранд иргэн Б.Ариунбаярын толгой руу вискиний шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.Нгийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 180 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 180.000 төгрөгийг эдлэх ялаас хасч, Ц.Нгийн биечлэн эдлэх торгох ялыг 9.820.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Нд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг тус тус баримтлан хохирогч Б.Ариунбаярын нэхэмжлэлийн шаардлага 23.169.524 төгрөгөөс 20.720.223 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 2.449.301 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.Ариунбаярт хохиролд тооцож 3.660.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Ариунбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ариунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ял завших боломж олгож, үндэслэлгүй шийдвэрлэсэн. Хэргийн 9 дүгээр тал “...Ингээд маргаан намжаад байж байтал ариун цэврийн өрөөнд Ариунбаяр ухаан алдаад унасан байна гэсэн. ...”, гэрч С.Эрдэнийн “...Ариунбаяр шээсэн байсан. Юу болсныг мэдэхгүй гээд хэлчих гэсэн Булгантамир...”, шүүгдэгч Ц.Нгийн “...Булгантамир цагдаа дуудуулаагүй...” гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд Б.Ариунбаярыг хүнд гэмтэл учирсан аюултай нөхцөл байдалд байхад нь Булгантамир болон Наранхүү нар ашиг орлогоо бодож тусламж дуудаагүйгээс хохирогчийн биед хүнд хор уршиг учирсан байна. Бусдыг аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх нь бие даасан гэмт хэргийн шинжтэй байхаас гадна бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргээс тусдаа зүйлчлэгдэхээс гадна хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн үзсэн нь бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүх хуралдааны явцад шүүгдэгч бодит хохирол, хор уршгийг 7 хоногийн дотор төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан боловч биелүүлээгүй байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Ариунбаярын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийг аюултай байдалд байхад нь тусламж үзүүлэлгүй явсан гэдэг нь гэрч Булгантамир, шүүгдэгч Ц.Н, гэрч Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Үйл ажиллагааг нь зогсооно гээд шөнийн 02 цагаас маргааш өглөөний 11 цаг хүртэл цагдаад дуудлага өгөөгүй байдаг. Шүүгдэгч Ц.Н хохирогчийг орхиод явсан байдаг. Хохирогчийг аюултай байдалд орхисон үйлдэл нь тусдаа зүйлчлэгдэх ёстой. Тархинд цусан хураа үүсч байгаа нь цаг хугацаанаас шалтгаалсан байдаг.” гэв.

Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгч Ц.Н нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрт нийт 8.640.000 төгрөг өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс гомдолгүй гэсэн байдаг. Шүүгдэгч Ц.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч Ц.Н учруулсан. Орхиж явсан гэх үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжгүй. Учир нь, шүүгдэгч Ц.Н мэдсээр байж хохирогчийг хаяж яваад тусламж үзүүлээгүй бол тусдаа бие даасан гэмт хэргийн шинж агуулагдаж болно. Гэхдээ энэ тохиолдолд шүүгдэгч Ц.Нгийн хохирогч Б.Ариунбаярыг орхиж явсан үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки 21” нэртэй бааранд иргэн Б.Ариунбаярын толгой руу вискиний шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ариунбаярын “...Булгантамир, Наранхүү хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр бие биенээ ална гээд барилцаад авсан. Тэгээд бие биенээ цохисон. Тэгэхээр нь би боль гээд салгасан чинь салахгүй улам даамжраад бие бие рүүгээ асаад дайраад миний үгийг сонсохгүй, бие биенээсээ цус гартал цохилцсон. Гэтэл Наранхүү ширээн дээр байсан вискиний шилийг аваад миний толгойн баруун тал хэсэгт 1 удаа цохисон. Би ухаан балартаад унасан. ...” /хх 29-31/,

гэрч Д.Булгантамирын “...Наранхүү бид хоёр бие биерүүгээ асаад дайраад байсан. Тэр үед Ариунбаярын толгой руу Наранхүү архины шил шидээд оносон. Ариунбаяр “миний толгойг оночихлоо шүү дээ” гэсэн. Ариунбаярын толгойноос цус гарсан зүйл байхгүй, хавдаж овойсон зүйл ч байгаагүй. ...Маргаан намжаад байж байтал ариун цэврийн өрөөнд Ариунбаярыг ухаан алдаад унасан байна гэж тэнд байсан нэг хүүхэн хэлсэн. Наранхүү бид хоёр ариун цэврийн өрөө рүү ороход Ариунбаяр шалан дээр хэвтчихсэн байсан бөгөөд Эрдэнэ хажууд нь зогсож байсан. Эрдэнэ, Наранхүү бид хоёрт хандан “Ариунбаяр ах эвгүй болчихлоо” гэхээр нь Ариунбаярыг баашлаад байна гэж бодоод би “босооч” гэтэл Ариунбаяр “би босч чадахгүй байна” гэж хэлсэн. ...” /хх 6-7/,

гэрч Х.Эрдэнийн “...Наранхүү, Булгантамир хоёр маргалдсан бөгөөд Булгантамирын толгойг вискиний шилээр цохисон, бас хундага шидсэн. Ариунбаярын толгойг Наранхүү вискиний шилээр цохиж гэмтээсэн. ...Би хамгийн түрүүнд ариун цэврийн өрөө ороход босоо суултуурыг налаад уначихсан байсан. Мөн өмдөндөө шээчихсэн байсан. Тэгэхээр нь би явж очоод “ахаа, та босооч, жүжиглээд байгаа юм уу” гэхэд “ах чинь нээрээ босч чадахгүй байна” гэж хэлсэн. ...” /хх 11-15/,

гэрч Б.Дэлгэрцэцэгийн “...Наранхүү ширээн дээр байсан вискиний шил аваад Ариунбаяр гэх залуугийн толгой руу цохисон. ...” /хх 17/,

шинжээч Ц.Номинцэцэгийн “...тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2117 дугаартай “...Б.Ариунбаярын биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” /хх 62-63/ гэх дүгнэлт,

өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хх 64-77/ зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Ц.Нгийн хохирогч Б.Ариунбаярын толгой руу вискиний шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хальсан доорх цусан хураа, шулуун болон сагитал синуст аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн сарвуу, баруун шуунд шарх, баруун сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Б.Ариунбаяр “...Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ял завших боломж олгож, үндэслэлгүй шийдвэрлэсэн. ...Бусдыг аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх нь бие даасан гэмт хэргийн шинжтэй байхаас гадна бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргээс тусдаа зүйлчлэгдэхээс гадна хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн үзсэн нь бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүх хуралдааны явцад шүүгдэгч бодит хохирол, хор уршгийг 7 хоногийн дотор төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан боловч биелүүлээгүй байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, гэрч Х.Эрдэнэ “...Би хамгийн түрүүнд ариун цэврийн өрөөнд ороход босоо суултуурыг налаад уначихсан байсан. Мөн өмдөндөө шээчихсэн байсан. ...Наранхүү “за ахын дүү чи хөлнөөс нь өргөчих, би толгойноос нь өргөчихье, караоке руу оруулаад хэвтүүлье” гэж хэлсэн. ...3 цаг өнгөрч байхад Ариунбаяр ахыг ямар байгааг харах гээд ороход Ариунбаяр ах хэвтчихсэн, Наранхүү суучихсан юм яриад байж байсан. ...” /хх 12-15/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Нгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Ц.Н нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул хохирогч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ