Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00059/И |
Дугаар | 134/ШШ2021/00128 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2021/00128
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч: 1980 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигин овогт ********* /РД:ЕЙ***********, утас ***********/,
Хариуцагч: 1988 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн ...... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигин овогт ************** /РД:НВ***********, утас ***********/-д холбогдох
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч*******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******г төлөөлж, нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч******* нь******* миний харгалзан дэмжүүлэгч *******гийн эрүүл мэндийн байдал, өндөр насны доройтлын улмаас үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, өөрийгөө удирдан жолоодох, илэрхийлэх эрх, үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн 23 тоотод байх Улсын бүртгэлийн Г-1900200005511, 000193086 дугаартай 759 метр квадрат гэр бүлийн зориулалт бүхий газрыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан байна. *******г аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 36 сарын хугацаатай Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт-оор Психоз /өтлөлтийн үеийн дэмийрэл/ оношоор бусдын асаргаанд байх шаардлагатайг тодорхойлсон. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар ******* нь******* миний асрамжинд байдаг болно. Иймд *******гийн үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй, эрх, үүргээ хэрэгжүүлэх чадваргүй байдлыг ашиглан газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч*******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байнгын асаргаа шаардлагатай, F6 гэсэн оноштойгоор 36 сарын хугацаанд харгалзан дэмжигч шаардлагатай гээд эмч нар болоод бусад албан тушаалтнууд тодорхойлолт гаргасан байна лээ. F6 гэдэг нь өтлөлтийн үеийн дэмийрэл гэсэн онош. Үүний дараа*******г Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар *******гийн харгалзан дэмжигчээр тогтоосон. Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвөөс *******г F2,8 гэсэн сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай гэсэн тушаал дээр F02,8 гэсэн оношийг тайлбарласан байдаг. Энэ хоёр онош нь нэршлийн хувьд өөр боловч томъёоллын хувьд хоорондоо таарч байна гэж үзэж байгаа. Цэцэгмаа эмчийн бичсэн насны доройтол, титэм судасны хатуурал, нарийсал гэсэн онош нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлттэй таарч байгаа. Эдгээрийг үндэслэж эрх зүйн чадамжгүй гэсэн дүгнэлтийг шүүх гаргаж, асран хамгаалагчаар*******г тогтоосон. Гэрээн дээр газрыг 1 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж бичсэн байсан. Миний тухайд тэр бэлэн мөнгөний асуудлуудыг ерөөсөө мэдэхгүй. ******* гуайн төрсөн хүү нь архи, дарс байнга хэрэглэж, ээжийгээ зоддог байсан учраас намайг харгалзан дэмжигчээр тогтоосон. Дараа нь шүүхийн шийдвэрээр асран хамгаалагчаар тогтоогдсон. 4 ханатай гэрийн дан мод л байгаа. Шал, дээвэр туургийг нь зарсан байсан. Мотоциклийг нь буцаагаад авсан гэж Насантогтох амьд байхдаа хэлж байсан. Худалдах худалдан авах гэрээ нь 2020 оны 10 дугаар сард хийгдсэн. Тэрнээс өмнө *******г эрүүл мэндийн байгууллагаас өтлөлтийн үеийн дэмийрэл гэсэн оношоор харгалзан дэмжигч шаардлагатай гэж үзээд харгалзан дэмжигч тогтоосон байсан. Тийм учраас 2020 оны 10 дугаар сар гэхэд энэ хүн өөрийнхөө үйлдлийг ойлгох боломжгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмчлөгч ******* гуайн төрсөн хүү Насантогтохтой 2020 оны 09 дүгээр сард Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот газрыг худалдан авахаар тохиролцож 5 сая төгрөгөөр үнэлж, ашигладаггүй гэж 55 метр квадрат 2 өрөө байшинтай нь хамт авсан. Байшингийн гэрчилгээ байхгүй гээд өв залгамжлах гэрчилгээг нь өгсөн. 4 ханатай гэрээ 800,000 төгрөгөөр үнэлж, хужаа мотоциклоо 700,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Мөн хөдөө найзаасаа мал авч байгаа гэх зэргээр мөнгөө авч дуусгасан, төлбөрөө төлж дууссан тул гэрчиргээг шилжүүлж авсан. Ямар ч мөнгөний маргаангүй байсан. 2021 оны 05 дугаар сард гэхэд хашаа байшингаа чөлөөлж өгнө гээд тохиролцсон. Нэхэмжлэгч******* гэдэг хүний нэхэмжлэлийг үндэслэлгүй хүний өмчинд шунаж байна гэж үзэж байна. ******* нь надтай нотариат орохдоо юу ярьж байгаагаа мэддэг, хүн таньдаг, ухаан санаа нь эрүүл байсан. Нийт өмчлөлийн 759 метр квадрат газраас зүүн айл болох Түнээ гэдэг ахад 4 метр квадрат зарж мөнгө авч нотариат орсон байсан. Үлдэгдэл 754 метр квадрат газрыг худалдаж авсан би хуулийн дагуу өгөх юмаа өгөөд албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан. *******, түүний төрсөн хүү Насантогтох бид 3 нотариат орсон. Хажууд нь асран халамжлагч гэх өөр хүн байгаагүй. 2020 онд ач нь гэх Сувдаа нь Сүрэнхүү гуайн асран халамжлагч гэж байсан ба асран халамжлахгүй мөнгө төгрөгийг нь өөртөө зарцуулаад байна гэх үндэслэлээр асаргаа нь цуцлагдсан гэсэн. Насантогтох нь би өөрийнхөө юмыг мэдэж байна, хэл ам байхгүй гэр авч ээжийгээ дулаан байлгана гэж хэлээд наймаа хийсэн. Би энэ хүмүүсийг төрсөн хүү нь байхгүй хэл, ам хийх хүнгүй гэж бодоод зарсан газрыг нь булаацалдаж байна гэж үзэж байна. Иймд Зараагийн 23б тоот газрыг миний өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээ байгуулж байх үед ******* гуайгаас нотариатч та энэ газраа шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байна уу зөвшөөрч байна уу гэж асуухад хүний юмыг авсан бол би шилжүүлээд өгнөө, өгөхөд татгалзахгүй гээд гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу нотариатаар ороод гэрээ байгуулж, мөнгө төгрөгийг нь өгч авсан. Надтай наймаа хийж байх үед ******* гуай Аймгийн захиргааны гадаа хүмүүстэй юм яриад биеийн байдал нь маш сайн байсан. Хүүгээ өнгөрснөөс хойш л биеийн байдал нь муудсан. Шээж баахаа хянаж чадахгүй, памперсандаа хүртэл баачихдаг тийм л байдалтай байсан. Би Насантогтоход газрын үнэд тооцож хужаа мотоцикль, шалтай, давхаргатай 4 ханатай гэр, 2 500 000 төгрөг цувуулаад өгсөн. ******* гуайд үлдсэн 500 000 төгрөгийг нотариат дээр бэлнээр өгсөн. Миний харснаар ухаан санаа нь эрүүл, хүн таних чадвар сайтай, өөрөө гадуур дотуур явчихдаг л хүн байсан. Би тэр үед нь л наймаа хийсэн гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь харгалзан дэмжүүлэгч *******г төлөөлөн, түүний нэрийн өмнөөс хариуцагч*******ад холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* нь нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд түүний эрх залгамжлагчаар******* өөрийгөө солиулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, захирамжаар шийдвэрлэсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
*******,******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах бичгийн гэрээ хийгдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд улмаар*******ыг тус газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 000610425 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар ...******* нь өндөр настай, байнгын асаргаанд байдаг гэсэн үндэслэлээр*******г харгалзан дэмжигчээр тогтоосон байх ба Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/298 дугаар тодорхойлолтоор ...******* нь насны доройтол, тархины болон зүрхний титэм судасны хатуурал нарийсал, үе мөчний үрэвсэл үйл ажиллагааны алдагдал, шээс задгайрах хамт шинж өвчний учир байнгын асаргаанд байдаг болно гэжээ.
Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2021/00111 дугаар шийдвэрээр *******г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар*******г тогтоосон байна.
Дээрх нотлох баримтуудыг гэрч Б.Болорцэцэгийн ...******* гуайн асаргааны асуудал 2019 оны 10 дугаар сараас эхэлж яригдсан. 2020 оны 02-08 дугаар сарын сүүл хүртэл хүүгийнх нь хүүхэд Сувд-Эрдэнийг асран хамгаалагчаар тогтоосон. Гэтэл Сувд-Эрдэнэ нь үүргээ гүйцэтгээгүй орхиж явсан учир 2021 оны 02 дугаар сараас*******г асран хамгаалагчаар тогтоосон. Өндөр насны доройтол гэсэн оноштой, өөрийгөө тэжээн тэтгэх, асрах боломжгүй гэдгээр асаргаа тогтоосон гэсэн мэдүүлэг, хариуцагч*******ын ...Би ******* гуайн төрсөн хүү Насантогтохтой 2020 оны 09 дүгээр сард энэ газрыг худалдаж авахаар тохиролцож, гурвуулаа хамт нотариат орж гэрээ байгуулсан гэсэн тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Эрүүл мэндийн карт зэргийг харьцуулан үзэхэд газар худалдах худалдан авах гэрээ байгуулах үед ******* нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хэлцлийн нэг тал болох худалдагч *******гийн хүсэл зоригоо илэрхийлэх хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдлыг авч үзвэл үнэхээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр газраа худалдсан гэдэг нь эргэлзээтэй байна.
Тухайлбал, өөрөө тухайн газартаа амьдардаг, бусдын асрамжинд байдаг хэрнээ өөрт нь зайлшгүй шаардлагатай газраа сайн дураараа бусдад худалдсан гэдэг нь гэрч Б.Болорцэцэгийн ...Ерөнхийдөө бол хашаандаа ганцаараа байдаг байсан. Хүү Насантогтох нь ээжийгээ ерөөсөө асардаггүй, хөдөө айлын мал дээр байдаг, ирэхээрээ хүмүүс авчирч архи уудаг, эсхүл гадуур архи уугаад явдаг байсан гэсэн мэдүүлэг, хариуцагч*******ын ...Сүрэнхүү гуайгаас нотариатч та энэ газраа шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байна уу зөвшөөрч байна уу гэж асуухад хүний юмыг авсан бол би шилжүүлээд өгнөө, өгөхөд татгалзахгүй гээд гарын үсэг зурсан гэсэн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн, эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэснийг баримтлан *******,******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч*******гийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759м.кв газрыг хариуцагч*******ын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, *******гийн өмчлөлд бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгалаа.
Харин хариуцагч******* нь газар худалдах-худалдан авах гэрээний төлбөрт хэнд, юу шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул энэ асуудлаар шаардлага гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч*******гийн шаардлагыг хангаж, *******,******* нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 759 м.кв газрыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 23б тоот 070200323 нэгж талбарын дугаартай, 759 м.кв газрыг хариуцагч*******ын өмчлөлд бүртгэсэн Г-1902000511 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, ******* /РД:ЕЙ80050503/-ийн өмчлөлд бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгалаа.
3.Хариуцагч******* нь гэрээний төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, эрх залгамжлагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ