Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2117

 

 

 

 

 

 

 

 

2021         07          19                                       101/ШШ2021/02114             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Фидес тауэр, 3 дугаар давхарт оршин байх С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170б байр, 35 тоотод оршин суух Ц /,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 170б байр, 35 тоотод оршин суух Н нарт холбогдох,

 Үндэслэлгүй хөрөнгөжсөн 46,922,012 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О, хариуцагч Н, Ц, өмгөөлөгч Л.О, нарийн бичгийн дарга С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард хариуцагч Ц, Н нар манай эмнэлэгт хандаж, үр шилжүүлэн суулгуулахаар тохирсон, 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхлүүлж, 2 ихэр үр тогтсон. 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас ЭХО зураг авахад хэвлийд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ц хэвлийгээр өвдөж байна гэж эмнэлэгт ирсний дагуу үзлэг хийж олгой байх магадлалтай тул өөр эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлсэн. 12 дугаар сарын 20-ны өдөр ЭХО-д харахад үрэвсэл үүссэн байх магадлалтай гэсэн учраас нарийн шинжилгээ хийлгэхээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхийг санал болгож, тус эмнэлгийн эмч нар умайд өндгөвчинд үрэвсэл, ургацаг үүссэн байна, дурангийн хагалгаа хийх боломжгүй, умай, өндгөвчийг авч болзошгүй, ургийн аюулгүй байдалд баталгаа өгөхгүй гэсэн учир ар гэртэй нь зөвлөлдөн Бүгд Найрамдах Солонгос улс руу яаралтай авч явсан.

Үр шилжүүлэн суулгаад амжилттай болоод хоёр ураг тогтсон байхад үр хөндөлт хийлгэнэ гэдэг харамсалтай байна гэж хэлээд манайх дотроо яаралтай хуралдаад Солонгос улс руу авч явж эмчилгээ хийлгэе гэж шийдсэн. Монгол улс оношилж чадахгүй байгаа юм чинь Солонгост очиж яг үр шилжүүлэн суулгаснаас болсон уу үгүй юу гэдгийг нь тодорхойлуулъя гээд тэр шөнөдөө визийг нь гаргаад маргааш өглөө нь Солонгос улсын Жусоны их сургуулийн Гансип гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Монгол эмч нар үр шилжүүлэн суулгаснаас болоод гэдсэнд гялтан үүсээд ингэж байгаа гэсэн учраас шууд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд энэ асуудал ямар ч эмэгтэйчүүдийн оноштой хамааралгүй байна, энэ чинь мухар олгой ургаад хагарсан байна гэдэг онош тавиад мэс заслын тасагтаа шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 29-нд дурангийн хагалгаанд оруулж, мэс заслын тасагт нь эмчилгээ хийж мухар олгойг нь авахдаа нээлттэй биш дурангийн хагалгаагаар шимэгдүүлэх маягаар урагт нөлөөлөхгүйгээр эмчилгээг хийж энэ хүнийг цоо эрүүл болгож өгсөн. Манай эмнэлгийн буруугаас болж олгой ургаагүй байна гэдгийг тухайн үед хагалгаа хийсэн эмнэлгийн эмч нар дүгнээд бичээд өгсөн байгаа. Тэр нь хавтас хэрэгт байгаа.

Гэтэл хэт сэдээснээс болоод олгой ургуулсан байна гэж хариуцагч ярьдаг. Нэгэнт байгалийн жамаар өөрөө хүүхэдтэй болж чадахгүй байгаа тохиолдолд өндгөн эсийг сэдээж байж гаргаж авна шүү дээ. Сэдээсний хүчинд өндгөн эс авсан. Түүнээс нь хоёр ураг бий болсон. Манай эмнэлэг гэрээнд заасан ажлаа хангалттай сайн биелүүлж энэ хүний эрүүл мэндийг хамгаалсан. Энэ хүмүүс манай эмнэлгийг андуураад байх шиг байгаа юм. Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгах эмнэлэг. Түүнээс биш мэс засал хийдэг эмнэлэг биш. Гэтэл энэ хүмүүс андуураад та нар л бүгдийг эмчилж өгөх ёстой гэдэг байдлаар хандаад байдаг. Хэрвээ Монголын эмнэлэг олгой гэдгийг оношилсон бол энэ хүмүүс Монгол улсад олгойгоо эмчлүүлж болох байсан шүү дээ. Оношилж чадаагүйгээс ийм өндөр зардал гарсан.

Хариуцагч Цийн эмчилгээний зардал 35,112,012 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7,610,000 төгрөгийн зардлыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх бүх зардлыг тэдний өмнөөс төлж барагдуулсан. Иймд Манай эмнэлгийн буруутай үйлдэл гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас Солонгос улсад эмчилсэн эмчилгээний зардал болон онгоцны тийзний зардал нийт 42,722,012 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ц, Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хүүхэдтэй болох гэж олон жил хичээсэн. 2017 оны 10 дугаар сард СХХК-д очиж үр шилжүүлэн суулгахаар шинжилгээнд орж улмаар 2017 оны 11 дүгээр сараас өндөр тунгаар дааврын эм хийж, өндгөвчний сэдээлт хийж эхэлсэн. Тэр үед эмчид миний өндгөвч маш хурдан сэдээгддэг шүү гэж сануулахад огт тоогоогүй, хэсэг хугацааны дараа 2 өндгөвчиндөө тариа тариулж, 6 дахь хоногоос эхлэн хэвлийгээр хүчтэй өвдсөн учраас эмчид үзүүлэхэд их хэмжээгээр өндгөн эс ялгаруулсан тул өвдөж байгаа гэсэн. Тухайн сардаа 23 өндгөн эсийг надаас соруулж авсан ба үүнээс 21 үр хөврөл бий болж, улмаар 2 эсийг суулгасан. Би амьдралын эрүүл хэмнэлтэй учраас миний биеийн байдал маш сайн байсан.

Ийнхүү үр суулгаснаас хойш 8 хоногийн дараа эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсон байсан боловч 2 дахь удаагийн шинжилгээ хийхэд миний хэвлий 4-5 сартай жирэмсэн хүнтэй адил томорсон байсан. Үүнийг тодруулахаар ЭХО-д харуулахад хэвлийд шингэн хуримтлагдсан байсныг 12 дугаар сарын 04, 8-ний өдөр тус тус 2 литр гаран ус соруулж авсан. Гэвч биеийн байдал дээрдэхгүй байсан тул эмч гаднаас халдвар орж, хэвлий үрэвссэн тул нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэж үзээд намайг Амгалан амаржих газар руу шилжүүлэх гэтэл уг эмнэлэг манай эмнэлэг ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Цэргийн госпитал дээр очиход жижүүр эмч нь олгой байх магадлалтай, гэхдээ одоогоор манайд хагалгааны заал байхгүй гэсэн.

 Тэгээд Сэмнэлэгт буцаж очсон бөгөөд тус эмнэлэг намайг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд дурангаар эхлээд харна, тэгээд оношлогдохгүй бол нээлттэй хагалгаа хийнэ гэсэн юм. Гэвч нээлттэй хагалгаа хийсэн тохиолдолд ургийг аврах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэгч тал намайг Бүгд Найрамдах Солонгос улс руу авч явсан. Би Солонгос улсад хагалгаанд ороход юу болсныг сайн мэдэхгүй, хагалгааны дараа өндгөвчний хэт сэдээлт гэж тайлбарласан. Би, энэ хугацаанд сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон, цаашид надад ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй нисэх дээр байхад нэхэмжлэгч СХХК-ийн эмч нар өөрсдөө хэвлийн гаднаас халдвар орсон гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Солонгос улсад очих эмнэлэг бол манай төв эмнэлэг, төлбөр мөнгө дээр та нар санаа зоволтгүй, битгий санаа зов гэж хэлснийг эмнэлгийн дарга болон орчуулагч нар гэрчилнэ. Хувь хүний биеийн онцлог өөр өөр байдаг, бид нар эмнэлэгт итгэж өнөөдрийг хүрсэн. Төлбөр мөнгөний талаар бид нарт нэг ч зүйл урьдчилж хэлээгүй, хэрвээ төлбөрийн талаар мэдэж байсан бол ийм их зардал гаргаж Солонгос улс руу явахгүй, мухар олгой гэдгийг мэдэж байсан бол Монгол Улсад авахуулж болох байсан. Мөн Солонгос улсад эмчилгээ хийсэн эмч нар манай хүүхдүүдийг дауны өвчтэй гэж хэлсэн боловч Монгол Улсад хүүхдүүдээ үзүүлэхэд эрүүл байсан.  Нэхэмжлэгчийн эмч нар Солонгос тал шийднэ, юунд ч битгий санаа зов гэж хэлсэн атлаа одоо бид нараас мөнгө нэхэж байна, шинжээчийн дүгнэлтээр өндгөвчний хэт сэдээлтээс үүдэн олгой ургах боломжтой гэж гарсан. Энэ хугацаанд цаашид ямар өвчин тусах нь тодорхойгүй, хүүхдүүд эрүүл саруул 1 нас хүрсэн тул баярласан, гэхдээ ирээдүйд гарах бүх асуудлыг Сэмнэлэг хариуцах ёстой.

Анх өндгөвчний хэт сэдээлт гэж өөрсдөө оношилсон. Энэ хугацаанд өвчтөнд бүхэлд нь хяналт тавих ёстой байсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчээс өөр газар оношлуулсан бол Монгол Улсад олгойг авах боломжтой байсан. Хэвлийд үрэвсэл орсон тул төв эмнэлэг рүү авч явна гэсэн байдаг. Хариуцагч нарын өмнөөс өөрсдөө мөнгө төлсөн.

 Хариуцагч нарын хүүхдүүд эрүүл саруул төрсний дараа Сэмнэлэг дээр очиход нэхэмжлэл өгсөн, гэвч энэ бол нэхэмжлэх болохоос зардлыг бодитоор төлсөн баримт биш. Эмчийн ёс зүйг зөрчсөн, мөнгөө төлсний дараа эмчилгээ хийдэг дэлхийн стандарт байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө Солонгос улс дахь манай төв эмнэлэг, төлбөрт санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаагаа мэдээд хугацаа алдалгүй арга хэмжээ авсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч СХХК, хариуцагч Ц, Н нарт холбогдуулан хариуцагч нарын өмнөөс Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардалд 35,112,012 төгрөг, тийзний үнэд 7,610,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,200,000 төгрөг, нийт 46,922,012 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс 4,200,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан 42,722,012 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжсэнийг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой бий болсон эмчилгээний тул хариуцахгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд хариуцагч Ц, Н нар 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэгч СХХК-д хандан үр шилжүүлэн суулгуулах хүсэл зоригоо илэрхийлж, улмаар эмнэлгийн аргаар зохиомлоор үр тогтоолт хийлгэхээр талууд тохиролцсон талаар маргаагүй. Хариуцагч Ц 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндгөн эсийг сэдээх эмчилгээнд орж өндгөвчийн үйл ажиллагааг сайжруулах, сэдээх тариаг 8 удаа хийлгэсэн, 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбар буюу эхийн умайн хөндийд үр хөврөлийг шилжүүлэн суулган жирэмслэлт тогтоох мэс ажилбарыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэн үр суулгасны дараа хариуцагч Ц, Н нар хоёр ихэр хүүхэдтэй болох боломжтой болж үр тогтжээ. Үр шилжүүлэн суулгах мэс ажилбарын талаар хариуцагч нар зохих зөвшөөрлийн хуудастай танилцан зөвшөөрчээ. /1-р ХХ-ийн 6, 7 дахь тал/

Хариуцагч Цийн биед үр шилжүүлэн суулгаж жирэмслэлт тогтсооны дараа түүний хэвлийн хөндийн хэсэгт их хэмжээний шингэн үүссэнийг нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 04, 11-ний өдрүүдэд соруулж тус бүр 2,200, 2,000 литр шингэн соруулж авсан гэж хариуцаагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан.

Хэргийн 71-73 дахь талд нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч СХХК-ийн өвчтөн шилжүүлэн эмчлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтэд дурдсанаар, хариуцагч Цийн биеэс 2017 оны 12 дугаар сарын 08-нд 2,100 литр, 11-нд 2,100 литр шингэнийг түүний хэвлийн хэсгээс соруулж авсан, улмаас 14-ний өдрөөс Цийн биеийн байдал муудаж хэвлийгээр өвдөж халуурсан, шээсний гарц багасаж, хоолонд дургүй болсон, гүйлгэсэн зэрэг шалтгаан нь OHSS буюу өндгөвч хэт сэдээгдэх хам шинж үүсч хэвлийд их хэмжээний шингэн үүссэн тухай урьдчилсан оноштойгоор дээд шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүсэлт гаргаж байжээ. /1-р ХХ-ийн 10-12, 62, 64, 71-73, 81-84 дэх тал/

Хариуцагч Цийн хэвлийн хөндийд үүсч, хуримтлагдаж буй шингэний эмнэл зүйн шалтгаан, оношийг Монгол Улсад тодорхойлох, эмчлэх боломжгүй шалтгаанаар нэхэмжлэгч СХХК-ийн зүгээс хариуцагч нарыг Бүгд Найрамдах Солонгос Улсад оношилж эмчлүүлэхээр явуулжээ. Улмаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жусоны Их сургуулийн эмнэлэгт хариуцагч Цийг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвсэл”-ийн хагалгааг хийсэн, мөн хагалгааны дараа хэвлийн гялтангийн үрэвслийн улмаас үүссэн хэвлийн хөндийн буглааг мэс ажилбараар авсан эмчилгээ хийгджээ. Тухайн эмчилгээний талаар Жусоны Их сургуулийн эмнэлгээс “мухар олгойн үрэвслийн улмаас хэвлийн хөндийн үрэвсэл болон хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл тархсан” оноштой, “хэвлийн гялтангийн үрэвслийн гол шалтгаан нь мухар олгойн цоорлоос үүддэг өвчин тул эмэгтэйчүүдийн тасаг болон мэс заслын тасгийн эмчилгээтэй хамааралгүй”, “мухар олгойн үрэвсэл нь ямар ч үед үүсэх боломжтой байдаг ба үрэвсэлт өвчин тул үр шилжүүлэн суулгах, хам шинж илэрсэн болон жирэмслэлтээс үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй” болохыг тодорхойлжээ. /1-р ХХ-ийн 21-27 дахь тал/

Хариуцагч Ц Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлж биеийн байдал нь сайжирч эдгэрсэн, нэхэмжлэгчийн үр шилжүүлэн суулгах ажиллагаа амжилттай болж хариуцагч нар хоёр ихэр хүүхэдтэй болжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Жусоны Их сургуулийн эмнэлгийн онош, эмчилгээ, тодорхойлолтыг үндэслэн хариуцагч нараас эмчилгээ, замын зардлын төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар Цийн өвчний шалтгаан нь нэхэмжлэгч өндгөвчний үйл ажиллагааг хэт сэдээснээс үүдэлтэйгээр хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж мухар олгой үрэвссэн гэх тайлбарыг шүүхэд тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Цийн хэвлийн хөндийд 2017 оны 12 дугаар сарын эхээр үүсч хуримтлагдсан шингэн нь нэхэмжлэгчийн үр шилжүүлэн суулгах ажиллагаатай хамааралгүйгээр үүссэн өвчин болохыг шүүхийн өмнө хөдөлбөргүй нотлох баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Жусоны Их сургуулийн эмнэлгийн тодорхойлолтоор мухар олгойн үрэвслийн улмаас үүссэн цоорол, гялтангийн үрэвсэл нь үрэвсэлт бөгөөд ямар ч үүсэх боломжтой, түүнчлэн үр шилжүүлэн суулгах, жирэмслэлттэй холбоотой гэж дүгнэх боломжгүйг тодорхойлсон нь хэргийн бусад буюу дараах баримтуудаар үгүйсгэгдэж, тус тодорхойлолтод дурдсанаар хариуцагч Ц нь мухар олгойн үрэвслээс үүдэлтэй цоорол, хэвлийн гялтангийн үрэвсэл болсныг оношлон эмчилсэн байх боловч түүний хэвлийн хөндийд үүсч хуримтлагдсан шингэний шалтгааныг нарийвчлан тодорхойлж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл мухар олгойн үрэвслээс үүдэлтэй цоорол, хэвлийн гялтангийн үрэвслийн улмаас Цийн хэвлийн хөндийд шингэн ихээр хуримтлагдсан болохыг батлаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудасны 3-т: өндгөвчний үйл ажиллагааг сайжруулах дааврын эмчилгээ хийх явцад ... өндгөвч хэт томорсноос болж хавдах, гэдэс дүүрэх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах шинж тэмдгүүд илэрдэг, шинж тэмдэг хүнд хэлбэрээр тохиолдох боломжтойг сануулж байжээ. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийг хэвтэн эмчлүүлж хэвлийн хөндийд хуримтлагдсан усыг авах, шаардлагатай тохиолдолд үр тогтоох мэс ажилбарыг хойшлуулах хүртэл арга хэмжээ авах заалттайг дурдсан байна. Энэ нь үр шилжүүлэн суулгах үйл явц, ажилбарын явцад хариуцагч Цийн биед үүссэнтэй адил дээрх шинж тэмдэг илэрдэг, хүндэрдэг байж болохыг илэрхийлж байна. /1-р ХХ-ийн 7 дахь тал/

Хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч СХХК нь тус эмнэлэгт хандан хариуцагч Ц нь өндгөвч хэт сэдээгдэх хам шинжийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуралдсан тухай оношоор шилжүүлэх хүсэлт гаргасан, мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэг нь хариуцагч Цийн өвчний оношийг: “үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа өндгөвч хэт сэдээлт хам шинж хүнд хэлбэрээр үүсч, эмчлэх явцад бага аарцагны гялтангийн үрэвсэл хүндэрсэн” гэж тодорхойлжээ. Мөн хариуцагч Цийг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь хэвлийд хатгалт хийж хуримтлагдсан шингэн авах ажилбарыг хийж байжээ. /1-р ХХ-ийн 117-(146-147)-152 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 596 тоот дүгнэлтээр “Цид үр шилжүүлэн суулгах ажилбарын явцад өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн үүссэн ... өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсан нь мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой, мөн хоол хүнс, биеийн эсэргүүцэл ... мухар олгой үрэвсэх боломжтой” гэжээ. /2-р ХХ-ийн 34-35 дахь тал/

Иймд хариуцагч Цт үр шилжүүлэн суулгахтай холбоотой ажилбарын явц 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд түүний хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үүссэн нь мухар олгойн үрэвслээс шууд шалтгаалсан, нэхэмжлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүйгээр бие даасан өвчний хэлбэрээр зэрэгцэн үүссэн гэж дүгнэх боломжгүй байна. Хариуцагч Ц хэдийгээр БНСУ-д мухар олгойн үрэвсэл өвчний оношоор Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлсний дараа биеийн байдал нь эдгэрсэн ч мухар олгойн үрэвслийн шалтгаан нь Цийн үр шилжүүлэн суулгуулах цаг хугацаанд үүссэн өндгөвчний хэт сэдээлт, улмаар хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэний нөлөө байгаагүйг нэхэмжлэгч нотлоогүй.

Эдгээр дүгнэлтээс үүдэн нэхэмжлэгчийн хариуцагч нараас нэхэмжилсэн эмчилгээний зардал 35,112,012 төгрөг, онгоцны тийзний үнэ 7,610,000 төгрөгийг хариуцагч нар төлөх хууль зүйн үндэслэлтэй буюу хариуцагч нар нэхэмжлэгчээр зардлаа төлүүлэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзлээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг өөрөө мэдэж сайн дураараа төлснөөр тийнхүү төлүүлсэн этгээд өрөөс чөлөөлөгдсөн байвал өрийг нь төлсөн этгээд тухайн этгээдээс зардлаа буцаан шаардах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, хариуцагч нартай байгуулсан гэрээ, тохиролцооны дагуух үүргээ гүйцэтгэх явцад нь үүссэн ажилбарын хүндрэлийн улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах, эмчлүүлэхийн тулд гаргасан зардал гэж үзэх учир хариуцагч нар нь нэхэмжлэгчээр төлбөрөө төлүүлж дээрх байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч СХХК-ийн хариуцагч Ц, Н нараас эмчилгээний зардал 35,112,012 төгрөг, тийзний үнэ 7,610,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СХХК-ийн хариуцагч Ц, Н нараас 42,722,012 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,565 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ