Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2115

 

 

 

 

 

 

 

    2021         07          19                                 101/ШШ2021/02115             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, 10/1, Твин тауэр-1, 13 давхарт оршин байрлах И ББСБ ХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 40 байр 22 тоот хаягт оршин суух Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,687,258 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, хариуцагч Б, нарийн бичгийн дарга С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр И ББСБ ХК-тай В10020030501 тоот зээлийн гэрээ, С10020030501 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 27,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Уг барьцаанд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 байрны 22 тоот хаягт байршилтай, Ү-2204024398 улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргаж, зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй болно. Зээлдэгчид зээлийн төлбөрийг хүүгийн хамтаар төлөх тухайд мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх тухай огт санаачилга гаргахгүй, төлбөр төлөгдөхгүй байх тул 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 26,997,966 төгрөг, зээлийн хүү 8,568,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,202 төгрөг, нийт 35,687,258 төгрөгийг Бгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И ББСБ ХК-иас 27,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн хүүг 2 сар дараалан төлсөн Ковидын улмаас төлж чадахгүйд хүрсэн. Одоо нэхэмжилж байгаа 35,687,258 төгрөгийг зөвшөөрч байна, гол нь надад төлөх хугацаа хэрэгтэй байна. Мөнгийг 2021 оны 09 дүгээр сараас эхлээд сар бүр 2,000,000 төгрөгөөр тооцоод төлөх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК, хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,687,258 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс 17 сарын хугацаанд буюу сар бүр 2,000,000 төгрөг төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр В10020030501 тоот Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 27,000,000 төгрөгийг, нэг сарын 3.50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлжээ. Талууд мөн өдөр С10020030501 тоот Барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 40 дүгээр байр 22 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024398 дугаартай, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ.

Талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид олгосон, энэ талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ. Мөн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтаар хариуцагч зээл авсан хугацаанаас хойш зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөх үндэслэл болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавсарган ирүүлсэн баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн гэж үзэх бөгөөд хариуцагч мөн энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 35,687,258 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч Бгаас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлээгүй бол түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 40 дүгээр байр 22 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024398 дугаартай, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцэх учир зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б ТГ75060501/-аас 35,687,258 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК /6060854/-д олгож, хариуцагч шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 40 дүгээр байр 22 тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024398 дугаартай, 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,587 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Бгаас 406,587 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ