Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1788

 

 

ОХУ-ын иргэн А-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.О, О.Ө нарт холбогдох

 

2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот, нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.Отгонтуяад даалгах, О.Ө-с нэхэмжлэгчийн төлсөн 3 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Я.О-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Хариуцагч Я.О-ийн өмгөөлөгч С.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Ө-ын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газар (Г-2204005339)-ыг 10 000 000 төгрөгөөр, тус газар дээрх хувийн орон сууц (Ү-2204019905)-ыг 8 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, тус өдрөө урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөгийг иргэн О.Ө-т өгсөн.

Хувийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг иргэн О.Ө-тай 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн тул худалдаж авсан газрынхаа өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ...газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн заалтуудын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй байсан тул өөрийн найзын эхнэр болох хариуцагч Я.О тай амаар хашаа байшингийн газрын өмчлөх эрхийг түүний өмчлөлд түр шилжүүлж, нэхэмжлэгч нь хашаа байшингаа зарах үед худалдан авсан иргэнд газрыг саадгүй шилжүүлэхээр тус тус тохиролцож, хариуцагч Я.О гийн өмчлөлд дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмчлөлд хувийн сууц, хариуцагчийн өмчлөлд газар бүрэн шилжиж, холбогдох гэрчилгээнүүд нь гарсан тул иргэн О.Ө-т үлдэгдэл төлбөр болох 12 000 000 төгрөгийг төлж, тэдгээрийн хоорондох төлбөр тооцоо бүрэн дууссан. Нэхэмжлэгч нь 2013 онд нутаг буцахаар болж өөрийн худалдаж авсан хувийн орон сууц, газраа бусдад худалдах гэтэл хариуцагч Я.О  нь би 27 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсний дагуу түүнд худалдахаар тохиролцсон.

Нэгэнт газар өмчлөх эрх нь хариуцагчийн нэр дээр байгаа тул 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зөвхөн хувийн орон сууцаа Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлж, тухайн өдрөө урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг авч, үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг талууд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу хариуцагч Я.О  нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид 24 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь ОХУ-аас 2 удаа ирж хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Нэгэнт хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан хувийн сууц бэлэглэлийн болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 866 тоот магадлалаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хувийн сууц (Ү-2204019905)-ны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн өмчлөлд байсан газар өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн боловч тэрээр татгалзсан. О.Ө, Я.О  нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ нь гадаадын иргэнтэй хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд мөн татварын асуудлаас зайлсхийх үүднээс 10 000 000 төгрөгийн хэлцлийг 3 000 000 төгрөгийн хэлцэл мэтээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсны эрх зүйн үр дагавар болох газрыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагч О.Ө-т буцаан шилжүүлж өгөхийг, О.Ө-с нэхэмжлэгчийн төлсөн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Я.О  миний бие ОХУ-ын иргэн Абик Алексей Рудольфович, түүний төлөөлөгч Ц.Г-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч О.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Ө миний бие 2010 оны намар өөрийн хашаа, хувийн сууцаа худалдах зар өгсний дагуу ОХУ-ын иргэн А.Р ирж үзэж 18 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

Газрын тухай хуулиар газар өмчлөх эрхийг гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхийг хориглодог заалттай тул Абик Алексей газар худалдах-худалдан авах гэрээг өөрийн найзын эхнэр Я.О гийн нэр дээр хийж, түүнд газар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг тавьсан. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15А тоотод байршилтай Г-2204005339 тоот улсын бүртгэлийн дугаартай 331 м.кв хашааны газраа Я.О тай гэрээ байгуулж, түүний нэр дээр шилжүүлсэн.

ОХУ-ын иргэн А надад 18 000 000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд иргэн Я.О гаас мөнгө төгрөг авч байгаагүй. 2015 онд Абик Алексейн өмгөөлөгч гэх нэг хүн А, Я.О  нарын хооронд орон сууц, газрын маргаан үүсч шүүхэд дээрх худалдах-худалдан авах гэрээ болон төлбөр тооцооны талаар тодорхойлолт шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тодорхойлолт хийж, нотариатаар батлуулж өгсөн. Дээрх хоёр хүний хооронд үүсээд байгаа маргаан нь би өөрийн эзэмшлийн хашаа байшин болон газрыг худалдан, тэдний эзэмшилд шилжүүлснээс хойш үүссэн тул надад хамааралгүй. Харин иргэн Я.О  бид хоёрын дунд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ нь худалдан авагч тал А.А-н хүсэлтээр хийгдсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус заасныг баримтлан О.Ө болон Я.О  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.О д даалгаж, хариуцагч О.Ө-с 3 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 293 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О гаас 115 275 төгрөгийг, хариуцагч О.Ө-с 115 275 төгрөгийг тус тус гаргуулж А.Р-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Я.О гийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу сонирхогч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн сонирхогч этгээд дээрх хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн байхыг шаардсан байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх газар худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор ямар эрх зөрчигдсөн нь тодорхойлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн хүсэл зориг нөхцөлдөхгүй байна гэж үзэж байна.

Шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар төрлийн эрх зөрчигдсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь дээрх шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр буюу хуульд бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р нь хариуцагч Я.О , О.Ө нарт холбогдуулан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үр дагаврыг арилгуулж Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот, нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.О д даалгах, О.Ө-с нэхэмжлэгчийн төлсөн 3 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газар худалдах-худалдан авах гэрээг гадаад улсын иргэнтэй хийх боломжгүй байснаас Я.О тай байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч О.Ө нь газар худалдах-худалдан авах гэрээг А.Р-тай хийсэн, гадаад улсын иргэнтэй газар худалдах-худалдан авах гэрээг хийхийг хуулиар хориглосон учир Я.О тай гэрээ байгуулсан, түүнээс мөнгө аваагүй, А.Р хувийн сууц болон газрын төлбөр тооцоог хийсэн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р хариуцагч О.Ө-с 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газар болон хувийн сууцыг 18 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэргийн 7-17 дугаар тал дахь баримтаас үзвэл нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р нь хариуцагч Я.О д 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15А тоотод байрлах 000122725 тоот сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2204019905 дугаартай 52 м.кв 10 000 000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг 27 000 000 төгрөгөөр худалдаж, уг төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөхөөр тохирсон боловч төлбөр төлөгдөөгүйгээс маргаан үүсч улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 866 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцан 1-15 а тоот хаягт байршилтай, өмчлөх Г-2204019905 дугаарт бүртгэгдсэн, 52 м.кв талбай бүхий хувийн орон сууцны өмчлөгчөөр Абик А.Р-ийг тогтоож, дээрх 2 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч Я.О  нь нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р болон хариуцагч О.Ө нарын шүүхэд гаргасан “маргааны зүйл болох газрын үнийг нэхэмжлэгч төлсөн, гадаадын иргэнтэй газар худалдах-худалдан авах гэрээ байгуулахыг хуулиар зөвшөөрдөггүй учир Я.О тай гэрээ байгуулсан” гэх үгүйсгээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газар худалдах худалдан авах гэрээг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Р, О.Ө нарын хооронд амаар байгуулагдсан гэж үзнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэлд холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг зааж нотариатаар гэрчлүүлэх гэж тус тус заасан байна.

 

Иймээс зохигчдын хооронд амаар байгуулсан дээрх хэлцэл нь хууль зөрчсөн, бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

 

Хариуцагч Я.О , О.Ө нарын хооронд бичгээр 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Я.О нь газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч тэрээр газрын үнийг төлөөгүй, газар худалдаж авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж О.Ө, Я.О  нарын хооронд дээрх хэлцэл хийгдсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь газрын үнийг төлсөн тул сонирхогч этгээдийн хувьд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүх О.Ө, Я.О  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Гэхдээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.О д даалгуулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн ажиллагааг Я.О  гүйцэтгэх боломжгүй. Газар худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсноор уг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл газрын Я.О гийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох учиртай.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Я.О д төлсөн 3 000 000 төгрөгийг О.Өлзийбаярын өмнөөс Я.О гаас шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан О.Ө, Я.О  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот, нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.О д даалгах, О.Ө-аас нэхэмжлэгчийн төлсөн 3 000 000 төгрөг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Ү-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ