Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00061

 

 ОХУ-ын иргэн А ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01242 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1788 дугаар магадлалтай,

ОХУ-ын иргэн А ийн нэхэмжлэлтэй,

Я , О  нарт холбогдох

Худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 331 м.кв газрыг О ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я д даалгах, О аас нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000.00 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Я гийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О ын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газар (Г-2204005339)-ыг 10,000,000 төгрөгөөр, тус газар дээрх хувийн орон сууц (Ү-2204019905)-ыг 8,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, тус өдрөө урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг иргэн О т өгсөн. Хувийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг иргэн О тай 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн тул худалдаж авсан газрынхаа өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ...газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн заалтуудын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй байсан тул өөрийн найзын эхнэр болох хариуцагч Я тай амаар хашаа байшингийн газрын өмчлөх эрхийг түүний өмчлөлд түр шилжүүлж, нэхэмжлэгч нь хашаа байшингаа зарах үед худалдан авсан иргэнд газрыг саадгүй шилжүүлэхээр тус тус тохиролцож, хариуцагч Я гийн өмчлөлд дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн өмчлөлд хувийн сууц, хариуцагчийн өмчлөлд газар бүрэн шилжиж, холбогдох гэрчилгээнүүд нь гарсан тул О т үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлж, тэдгээрийн хоорондох төлбөр тооцоо бүрэн дууссан. Нэхэмжлэгч нь 2013 онд нутаг буцахаар болж өөрийн худалдаж авсан хувийн орон сууц, газраа бусдад худалдах гэтэл хариуцагч Я  нь би 27,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсний дагуу түүнд худалдахаар тохиролцсон. Нэгэнт газар өмчлөх эрх нь хариуцагчийн нэр дээр байгаа тул 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зөвхөн хувийн орон сууцаа Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлж, тухайн өдрөө урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг авч, үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг талууд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу хариуцагч Я  нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид 24,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 866 тоот магадлалаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн өмчлөлд байсан газар өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн боловч тэрээр татгалзсан. О , Я  нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ нь гадаадын иргэнтэй хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд мөн татварын асуудлаас зайлсхийх үүднээс 10,000,000 төгрөгийн хэлцлийг 3,000,000 төгрөгийн хэлцэл мэтээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсны эрх зүйн үр дагавар болох газрыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагч О т буцаан шилжүүлж өгөхийг, О аас нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.         

Хариуцагч Я  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ОХУ-ын иргэн А ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 оны намар өөрийн хашаа, хувийн сууцаа худалдах зар өгсний дагуу ОХУ-ын иргэн А  ирж үзэж 18,000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.Газрын тухай хуулиар газар өмчлөх эрхийг гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхийг хориглодог заалттай тул Абик Алексей газар худалдах-худалдан авах гэрээг өөрийн найзын эхнэр Я гийн нэр дээр хийж, түүнд газар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг тавьсан. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15А тоотод байршилтай 331 м.кв хашааны газраа Я тай гэрээ байгуулж, түүний нэр дээр шилжүүлсэн. ОХУ-ын иргэн Алексей надад 18,000,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд Я гаас мөнгө төгрөг авч байгаагүй. 2015 онд Абик Алексейн өмгөөлөгч гэх нэг хүн Абик Алексей, Я  нарын хооронд орон сууц, газрын маргаан үүсч шүүхэд дээрх худалдах-худалдан авах гэрээ болон төлбөр тооцооны талаар тодорхойлолт шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тодорхойлолт хийж, нотариатаар батлуулж өгсөн. Дээрх хоёр хүний хооронд үүсээд байгаа маргаан нь би өөрийн эзэмшлийн хашаа байшин болон газрыг худалдан, тэдний эзэмшилд шилжүүлснээс хойш үүссэн тул надад хамааралгүй. Харин иргэн Я  бид хоёрын дунд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээ нь худалдан авагч тал Абик Алексейн хүсэлтээр хийгдсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01242 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус заасныг баримтлан О  болон Я  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я д даалгаж, хариуцагч О аас 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я гаас 115,275 төгрөгийг, хариуцагч О аас 115,275 төгрөгийг тус тус гаргуулж А ид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1788 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан О , Я  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот, нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я д даалгах, О аас нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000 төгрөг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмжийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я гийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 06 -ний өдрийн 1788 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь иргэн Я  болон О  нарын хооронд байгуулсан газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж тооцсон бөгөөд энэ нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна. Учир нь Я , О  нар нь иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ нэхэмжлэгч нь тухайн хэлцлээс болж ямар эрх ашиг нь зөрчигдсөн тодорхойгүй байхад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

Иймд нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1788 тоот магадлал болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 30 -ний өдрийн 181\ШШ2018\01242 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А  нь хариуцагч Я , О  нарт холбогдуулан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, хэлцлийн үр дагаврыг арилгуулж Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот, нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я д даалгах, О аас 3,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь газар худалдах-худалдан авах гэрээг гадаад улсын иргэн хийх боломжгүй байснаас Я гийн нэр дээр гэрээг байгуулсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд хариуцагч О  нь үүнийг зөвшөөрч, гэрээг А тай хийж, хувийн сууц болон газрын төлбөрийг нэхэмжлэгчээс авсан, гадаад улсын иргэнтэй газар худалдах-худалдан авах гэрээг хийхийг хуулиар хориглосон учир Я тай гэрээг байгуулсан боловч түүнээс мөнгө аваагүй гэсэн тайлбар гаргажээ.

ОХУ-ын иргэн А  О аас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газар болон хувийн сууцыг 18,000,000.00 төгрөгөөр худалдан авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А  нь хариуцагч Я д өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15А тоотод байрлах 000122725 тоот сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2204019905 дугаартай 52 м.кв 10,000,000.00 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг 27,000,000.00 төгрөгөөр худалдаж, уг төлбөрийг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөхөөр тохирсон боловч төлбөр төлөгдөөгүйгээс маргаан үүсч, Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 866 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1-15 а тоот хаягт байршилтай, өмчлөх Г-2204019905 дугаарт бүртгэгдсэн, 52 м.кв талбай бүхий хувийн орон сууцны өмчлөгчөөр А ийг тогтоож, дээрх 2 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Я  нь ОХУ-ын иргэн А  болон хариуцагч О  нарын шүүхэд гаргасан тайлбарыг үгүйсгээгүй, газрын үнийг нэхэмжлэгч төлсөн тухайд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоот нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газар худалдах-худалдан авах гэрээг А , О  нарын хооронд амаар байгуулагдсан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь дээрх газрын үнийг О т төлсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд амаар байгуулсан дээрх хэлцэл нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх О , Я  нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Я д даалгуулах нь буруу, улсын бүртгэлийн ажиллагааг Я  гүйцэтгэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1788 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,000.00 /жаран дөрвөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН