Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/01242

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2018/01242 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  ОХУ-ын иргэн А.А /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:   Я.О

 

Хариуцагч: О.Ө нарт холбогдох

 

2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч О.Ө 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн О.Ө өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15-А тоот хашааны газар (Г-2204005339)-ыг 10,000,000 төгрөгөөр, тус газар дээрх хувийн орон сууц (Ү-2204019905)-ыг 8,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцож, тус өдрөө урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг иргэн О.Ө өгч, нотариатаар батлуулсан. Хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг иргэн О.Ө 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн тул худалдаж авсан газрынхаа өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ... газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн заалтуудын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй байсан тул өөрийн найзын эхнэр болох хариуцагч Я.О амаар хашаа байшингийн газрын өмчлөх эрхийг түүний өмчлөлд түр шилжүүлж, нэхэмжлэгч нь хашаа байшингаа зарах үед худалдан авсан иргэнд газрыг саадгүй шилжүүлэхээр тус тус тохиролцож, хариуцагч Я.О өмчлөлд дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмчлөлд хувийн сууц, хариуцагчийн өмчлөлд газар бүрэн шилжиж, холбогдох гэрчилгээнүүд нь гарсан тул иргэн О.Ө үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлж, тэдгээрийн хоорондох төлбөр тооцоо бүрэн дууссан. Нэхэмжлэгч нь 2013 онд нутаг буцахаар болж өөрийн худалдаж авсан хувийн орон сууц, газраа бусдад худалдах гэтэл хариуцагч Я.О нь би 27,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсний дагуу түүнд худалдахаар тохиролцсон. Нэгэнт газар өмчлөх эрх нь хариуцагчийн нэр дээр байгаа тул 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зөвхөн хувийн орон сууцаа Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлж, тухайн өдрөө урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг авч, үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг талууд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу хариуцагч Я.О нь 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид 24,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь ОХУ-аас 2 удаа ирж хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Нэгэнт хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан хувийн сууц бэлэглэлийн болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2980 дугаар шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 866 тоот магадлалаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц бэлэглэлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хувийн сууц (Ү-2204019905)-ны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон. Ийнхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн өмчлөлд байсан газар өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн боловч тэрээр татгалзсан. О.Ө, Я.О нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ нь гадаадын иргэнтэй хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд мөн татварын асуудлаас зайлсхийх үүднээс 10,000,000 төгрөгийн хэлцлийг 3,000,000 төгрөгийн хэлцэл мэтээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Я.О миний бие ОХУ-ын иргэн *******, түүний төлөөлөгч Ц.Г нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч О.Өр, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ө миний бие 2010 оны намар өөрийн хашаа, хувийн сууцаа худалдах зар өгсний дагуу ОХУ-ын иргэн А.Р өөрийн биеэр ирж үзэж, бид нийт 18,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15 А тоотод байршилтай Ү-2204019905 тоот улсын бүртгэлийн дугаартай 52 м.кв хувийн сууцаа ОХУ-ын харьяат иргэн Абик Алексейд худалдаж түүний нэр дээр шилжүүлсэн. Харин Монгол Улсын Газрын тухай хуулиар газар өмчлөх эрхийг гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхийг хориглодог заалттай тул Абик Алексей Газар худалдах, худалдан авах гэрээг өөрийн найзын эхнэр Я.О нэр дээр хийж, түүнд газар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг тавьсан. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацан 1 дүгээр гудамжны 15А тоотод байршилтай Г-2204005339 тоот улсын бүртгэлийн дугаартай 331 м.кв хашааны газраа Я.О гэрээ байгуулж, түүний нэр дээр шилжүүлсэн. ОХУ-ын харьяат иргэн Алексей надад нийт 18,000,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд харин иргэн Я.О мөнгө төгрөг авч байгаагүй. Дээрх ОХУ-ын харьяат иргэн Алексей, Монгол Улсын иргэн ******* нартай урьд өмнө ямар нэг холбоогүй байсан ба хашаа, байшингаа худалдах асуудлаар анх уулзаж харилцсан болно. Үүнээс хойш энэ хоёр хүнтэй ердөө уулзалдаагүй. Харин 2015 онд Абик Алексейн өмгөөлөгч гэх нэг хүн Абик Алексей, Я.О нарын хооронд орон сууц, газрын маргаан үүсэж шүүхэд дээрх худалдан авах, худалдах гэрээ болон төлбөр тооцооны талаар тодорхойлолт шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тодорхойлолт хийж, нотариатаар батлуулж өгсөн болно. Дээрх хоёр хүний хооронд үүсээд байгаа маргаан нь худалдагч тал миний биеэс хууль журмын дагуу өөрийн эзэмшлийн хашаа байшин болон газрыг худалдан, тэдний эзэмшилд шилжүүлснээс хойш үүссэн тул надад хамааралгүй болно. Харин иргэн Я.О бид хоёрын дунд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авагч тал Абик Алексейн хүсэлтээр хийгдсэн ба энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэхэд надад татгалзах зүйлгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р нь хариуцагч Я.О болон О.Ө нарын хооронд байгуулагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх.... эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна.

Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсны эрх зүйн үр дагавар болох газрыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу маргаан бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагч О.Ө буцаан шилжүүлж өгөхийг, О.Ө нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000 төгөргийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Р нь Я.О, О.Ө нарт холбогдуулан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч О.Ө 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Я.О нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч О.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хариуцагч нар хариу тайлбарыг тэд шүүхэд өгөөгүй болно.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Хариуцагч О.Ө А.Р хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг хариуцагч *******д 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохигчдын хооронд Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Гадаадын иргэн газар өмчлөх эрхгүй байсан тул өөрийн найзын эхнэр Я.О нэр дээр шилжүүлэхээр тохиролцож төлбөрт нь 3,000,000 төгрөгийг хариуцагч О.Ө өгч, тэдний хооронд дээрх гэрээ байгуулагдсан. Хариуцагч нар өөрсдийн хүсэл зориг байгаагүй. гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтад Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч А.Р хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Газар худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын иргэн ******* иргэн О.Ө харилцан тохиролцож, дээрх газрыг худалдан авч өөр этгээдэд худалдах зорилгоор худалдаж авсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэнд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно. гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн А.Р. худалдаж авсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг иргэн *******гийн нэр дээр шилжүүлж, О.Өлзийбаяр нь Я.О. газар худалдах, Я.О  нь О.Ө төлбөр төлөх хэлбэрээр хууль зөрчин хэлцэл хийсэн болох нь зохигчдын шүүхэд , шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг Я.О нь О.Өлзийбаярын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Р нь 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Я.О, О.Ө нарын хооронд хийгдсэн Газар худалдах худалдан авах гэрээ-ний төлбөр 3,000,000 төгрөгийг би О.Ө өгсөн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч тухайн хэлцлийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 115,275 төгрөгийг, хариуцагч О.Ө 115,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч болон өмгөөлөгч нар нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10.30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэсэн болохын дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус заасныг баримтлан О.Ө болон Я.О нарын хооронд 2010 оны 11 сарын 16-ны өдөр байгуулагдсан Газар худалдах худалдан авах гэрээ нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбаданцангийн 1 дүгээр гудамжны 15-А тоотын нэгж талбарын 18645312142544 дугаартай, өмчлөх эрхийн Г-2204005339 дугаарт бүртгэгдсэн 331 м.кв газрыг О.Ө нэр дээр буцаан шилжүүлэхийг Я.О даалгаж, хариуцагч О.Ө 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О 115,275 төгрөгийг, хариуцагч О.Ө 115,275 төгрөгийг тус тус гаргуулж А.Р олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

ы