Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 111

 

Хас банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00788/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Б” ХХК,

Хариуцагч Д.Э-,

Хариуцагч П.Б- нарт холбогдох

          “24.444.347,94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Д.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсарангаас:

Зээлдэгч “Гоё билэг” ХХК, П.Б- нар нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хас банктай Барьцаат зээлийн 1070014516 дугаар гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн
тогтмол хүүтэйгээр авч, 45 м.кв талбайтай орон сууц барьцаалсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 01 дүгээр сараас хойш энэхүү гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч “Г Б” ХХК болон хариуцагч П.Б- нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр банкны зүгээс зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийг сунгасан боловч гэрээний үүргээ биелүүлэхийн төлөө тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрч байна. Хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 23.731.913,94 төгрөг, хүү 705.456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.978 төгрөг, нийт 24.444.347,94 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э-аас:

Би 2021 он хүртэл зээлээ бага багаар төлөөд банкийг хохиролгүй болгоно. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулбал би орох оронгүй гудамжинд гарна. Эдийн засаг сайжраад миний үйлдвэрлэсэн зүйл сайн зарагдвал 2021 оноос өмнө төлбөрийг барагдуулна гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар, хариуцагч “Г Б” ХХК, П.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 24.444.347,94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгож, хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 15-р баг, 1-р хороолол, 7 байр 3 тоот, 45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.172 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 280.172 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхээс хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарсанд гомдолтой байна. Миний эрүүл мэндийн шалтгааныг хүлээж авалгүй Хас банк бусдыг илтэд үл хүндэтгэн шүүхэд хандаж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө  үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсаран хариу тайлбартаа:

            Хариуцагч Д.Э- анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болсон үйл баримт, нөхцөл байдлын талаар гомдолд дурдаагүй байна. Гомдолд дурдагдсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/322 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/03 дугаартай албан бичгүүд нь зохигчдын хоорондын харилцаанд ач холбогдолтой болохоос бус хариуцагчийн зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлсөн агуулгагүй юм. Мөн Хас банк дахин судалгаа хийж, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн бол зээл төлөх хугацааг 24 сараас хэтрэхгүй хугацаагаар сунгах саналтай бөгөөд хариуцагчийг үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломжгүй тухай дурдсан байдаг. Хариуцагч Д.Э-ын эрүүл мэнд, компани үйл ажиллагаанд учирсан хүндрэлтэй байдал, харилцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагч Д.Э-т ашигтайгаар шийдвэрлэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч Хас банк өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандсан, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа, хариуцагч нар үүргээ зөрчсөн байдал, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй тухай болон барьцаа хөрөнгийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн тул хууль ёсны шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар хариуцагч “Г Б” ХХК, Д.Э-, П.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 23.731.913,94 төгрөг, хүү 705.456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.978 төгрөг нийт 24.444.347,94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй, гэрээний хугацаанд төлбөрөө төлж барагдуулна гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

Хас банкны Дархан салбар “Г Б” ХХК, хамтран зээлдэгч П.Б- нар 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон бөгөөд зээлийн барьцаанд Д.Э-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан байна.

Зээлдэгч “Г Б” ХХК, П.Б- нар 2017 оны 12 дугаар сарын 20-ноос хойш зээлийн төлбөрийн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Г Б” ХХК, П.Б- нараас зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 175.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар  борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч “Г Б” ХХК-ийн захирал Д.Э-ын шүүх хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан, нэхэмжлэгч Хас банк бусдыг илтэд үл хүндэтгэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Г Б” ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 168 дугаар зүйлийн 168.1-д заасан ямар үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь тодорхойгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г Б” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.179 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                     ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                   

                                                                                                                        Л.АМАРСАНАА