Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00355

 

“Х банк ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ГБ” ХХК, Д.Э-, П.Б-нарт холбогдох,

24 444 347,94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч “ГБ” ХХК, П.Б-нар нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Х банк тай барьцаат зээлийн 1070014516 дугаар гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй авч, 45 м.кв талбайтай орон сууц барьцаалсан. ...Хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 23 731 913,94 төгрөг, хүү 705 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 978 төгрөг, нийт 24 444 347,94 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Би 2021 он хүртэл зээлээ бага багаар төлөөд банкийг хохиролгүй болгоно. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулбал би орох оронгүй гудамжинд гарна. Эдийн засаг сайжраад миний үйлдвэрлэсэн зүйл сайн зарагдвал 2021 оноос өмнө төлбөрийг барагдуулна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ны Дархан салбар, хариуцагч Г Б ХХК, П.Б-нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 24.444.347,94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ны Дархан салбарт олгож, хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 15-р баг, 1-р хороолол, 7 байр 3 тоот, 45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.172 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 280.172 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г Б ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.179 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж дахин 24 сар хугацааг сунгах тухай хүсэлт тавьсан байсныг тухайн сан дэмжиж байсан. Гэтэл Х банк ны Дархан салбар дээрх эрх бүхий газрын зөвшөөрлийг хүлээн аваагүйд миний бие Д.Э- нь маш их гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхэд шийдүүлэхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК нь хариуцагч “ГБ” ХХК, иргэн Д.Э-, П.Б-нараас зээлийн гэрээний үүрэгт 24 444 347 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч “Х банк ” ХХК-ны Дархан салбар нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “ГБ” ХХК, П.Б-нарт 40 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгох зээлийн, Д.Э-ын өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ тус тус байгуулсан байна.

Зохигч нь харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгажээ.

Зээлдэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Харин үүнээс өмнө 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс төлбөр төлөх хугацааг 104 хоног хэтрүүлж, сар бүрийн төлбөрийн хугацааг хэтрүүлэхэд банк зээлдэгчид мэдэгдэх хуудас хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хугацааг сунгажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч тал зээлдэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Х банк ” ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Зээлийн гэрээний үүргийг дахин сунгах тухай хүсэлтийг “Х банк ” ХХК хангаагүй талаарх хариуцагчийн гомдол анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй юм. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 910 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 280 179 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН