Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 910

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг Хас банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг Г- Б- ХХК ,

Хариуцагч Д.Э- ,

Хариуцагч П.Б - нарт холбогдох

 

24 444 347,94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг  хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М - , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарын захирал А.С - , итгэмждлэгдсэн төлөөлөгч Э.М -  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г- Б- ХХК , П.Б-  нар нь 2014.03.07-ны өдөр Хас банктай Барьцаат зээлийн 1070014516 дугаар гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн тогтмол хүүтэйгээр авсан. 2014.03.07-ны өдрийн Баталгаат ипотекийн 1070014516-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003008836 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, 1-р хороолол 7-р байрны 3 тоот, 45 мкв талбайтай орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн 1070014516 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгөөр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 1 сараас хойш энэхүү гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Г- Б- ХХК  болон П.Б-  нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр банкны зүгээс зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийг сунгасан боловч гэрээний үүргээ биелүүлэхийн төлөө тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Г- Б- ХХК  болон П.Б-  нарын зээлийн үлдэгдэл 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 23 731 913,94 төгрөг, хүү 705 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 978 төгрөг нийт 24 444 347,94 төгрөгийг Гоё бэлэг, П.Б-  нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г- Б- ХХК -ны захирал Д.Э-  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. 2021 он хүртэл бага багаар төлөөд банкийг ямар ч гэсэн хохироохгүй гэж бодож байгаа. Хэрэв барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм бол миний бие гудамжинд гарах болчхоод байна. Гадуур эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа нь надад нөлөөлөх юм бол уг төлбөрийг хурдан хугацаанд төлье гэж бодож байгаа. Хэрэв эдийн засаг сайжраад миний үйлдвэрлэсэн зүйл сайн зарагдаад байвал заавал 2021 он хүртэл хүлээх шаардлага ч байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч Г- Б- ХХК , Д.Э- , П.Б-  нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 23 731 913,94 төгрөг, хүү 705 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 978 төгрөг нийт 24 444 347,94 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Э-  нь зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй, би гэрээний хугацаанд төлбөрийг төлж барагдуулна гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар хариуцагч Гоёбэлэг ХХК, хамтран зээлдэгч П.Б-  нартай харилцан тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №1070014516 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, олгосон байх бөгөөд мөн өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Д.Э- ын өмчлөлийн, Дархан сумын 15-р баг, 1-р хороолол, 7 байр 3 тоот, 45 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг  барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд харилцан тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1070014516 дугаартай барьцаат зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Г- Б- ХХК -ны захирал Д.Э- т мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 20-ноос хойш төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал нь гэрээний хугацааг сунгасан боловч хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Г- Б- ХХК , хариуцагч П.Б-  нараас зээлийн үндсэн төлбөр 23 731 913,94 төгрөг, хүү 705 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 978 төгрөг нийт 24 444 347,94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Э-  нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №1070014516 дугаартай, Барьцаат зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй тул хариуцагч Д.Э- т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Хас банк нь №1070014516 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Э- ын өмчлөлийн Дархан сумын 15-р баг, 1-р хороолол, 7 байр 3 тоот, 45 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар, хариуцагч Г- Б- ХХК , П.Б-  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 24 444 347,94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгож, хариуцагч Д.Э- т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 15-р баг, 1-р хороолол, 7 байр 3 тоот, 45 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280172 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 280172 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА