Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/02871

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/02871

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, Усны гудамж, өөрийн байр хаягт байрлах ******* банк ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, москва хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/

Зээлийн гэрээний үүрэгт 174 527 517 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, А.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.******* нь ******* банк ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 3018-2019/05 тоот зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 135 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Х.******* нь Галч ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч ба зээлийн эргэн төлөлтөө нэмэгдүүлэх зээл авч "Галч" ХХК-ийн өмчлөлийн дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18401 гудамжны 129/1 тоот хаягт орших 910 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Галч ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай дээр дурдсан хаягт байрлах 4668 м.кв талбайтай газрыг тус тус зээлийн гэрээний барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нь үндсэн зээл 10 353 194.07 төгрөг, хүү 18 949 225.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 062 467.29 төгрөг төлсөн боловч 2019 оны 07 сарын 28-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчсөн, 2020 оны 12 сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 950 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг сайн анзаараагүй байна, 2019 оны 03, 04 дүгээр сард үндсэн зээл төлөх үүрэг хүлээгээгүй, хүү төлөхөөр тохиролцож, хүүг графикийн дагуу төлөөд явж байсан. Мөн Х.*******тай удаа дараа уулзахад үйл ажиллагаа нь явагдаж байсан, хятадуудаар барилга бариулаад үйлдвэрийн барилгын рамыг буруу зангидсанаас дотор нь кран явах боломжгүй болж үйл ажиллагаа нь саатсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1-т зааснаар үндсэн зээл 124 646 806 төгрөг, хүү 45 542 314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 338 397 төгрөг, нийт 174 527 517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь ******* банк ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 135 000 000 төгрөгийн зээл авахад Галч ХХК-аас үйлдвэрлэж байгаа Галч зуухыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талд банкнаас лизингээр зээл олгохоор тохиролцож лизингийн хүүгээс хариуцагч Х.******* зээлийн хүүгээ төлөхөөр тохиролцсон байдаг. Галч ХХК-аас тохиролцооны дагуу удаа дараа Галч зуухыг худалдан авах аж ахуй нэгж байгууллагад лизингийн зээл олгох хүсэлтийг банканд гаргасан байдаг. Мөн Монгол экологи конкрет ХХК нь үйлдвэрийн цахилгаан тасалснаас болж Галч ХХК нь 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс хойш 2021 оны 09 сар хүртэл зуух үйлдвэрлээгүй, орлогогүй болсноос гадна Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүнд байдалд байна. Иймд үндсэн зээл 135 000 000 төгрөгөөс 10 353 194 төгрөг төлсөн, 124 646 086 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх 49 880 914 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Х.*******ын зээлийн гэрээний үүргийг зөрчсөн талаар нотлох баримтуудыг гаргаж өгье гэж бодсон боловч надад байсангүй. 2019 оны 03 сарын 28, 2019 оны 08 сарын 28, 2019 оны 09 сарын 28, 2019 оны 10 сарын 24, 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд буй болсон хүүгийн төлбөр нь Х.*******ын үүргээ зөрчсөнөөс болж үүсээгүй тул дээрх хугацаанд үүссэн төлбөрийг Х.******* хариуцахгүй, үлдэх 49 880 914 төгрөгийг батлан даагч Галч ХХК нь хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 457, 458.1 дүгээр зүйлд зааснаар батлан даалтын гэрээний үүргийг биелүүлээгүй тул Галч ХХК нь батлан даалтын гэрээний хариуцлагыг хүлээх ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124 646 806 төгрөг, хүү 45 542 314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 338 397 төгрөг, нийт 174 527 517 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.******* 124 646 086 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх 49 880 914 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

******* банк ХХК /зээлдүүлэгч/, Х.******* /зээлдэгч/ нар нь 2019 оны 02 сарын 28-ны өдөр № дугаар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч нь 135 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч нь 135 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 6-9 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зээлдүүлэгч нь 135 000 000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн, зээл авсан тухай зохигчид маргахгүй байх тул талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3.1.3-т зээлийн хүүгийн хэмжээг жилийн 20.4 хувь, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна.

Талууд 2019 оны 02 сарын 28-ны өдөр № дугаар зээлийн батлан даалтын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж "Галч" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18401 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Галч ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 10-16 тал/

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ. Барьцааны гэрээнд барьцаалуулагч Галч ХХК нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК нь үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

Зээлийн батлан даалтын гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан ба гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна. Батлан даалтын гэрээний 1.2-д батлан даагч Галч ХХК нь зээлдэгч Х.*******ын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцан төлөхөөр батлан даасан, нөгөө талаар зээлдэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал банк нь батлан даагч Галч ХХК-аас үүргийн гүйцэтгэл нэхэмжлэх эрхтэй байна.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124 646 806 төгрөг, хүү 45 542 314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 338 397 төгрөг, нийт 174 527 517 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 100 788 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас 1 100 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124 646 806 төгрөг, хүү 45 542 314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 338 397 төгрөг, нийт 174 527 517 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.5.1, 460.5.5-д зааснаар хариуцагч Х.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу 174 527 517 төгрөгийг батлан даагч Галч ХХК-аас гаргуулсугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд "Галч" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18401 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Галч ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газрыг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 100 788 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас 1 100 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР