Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01086

 

 

 

 

 

 

 

 

2022 06 06 210/МА2022/01086

 

 

 К ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23ы өдрийн 184/ШШ2022/00943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК -ийн хариуцагчХ.С м болон Г ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 186,064,142 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов. 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: ХариуцагчХ.С м нь К ХХК -тай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 135,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан.Х.С м нь Г ХХК -ийн цор ганц хувьцаа эзэмшигч ба зээлийн эргэн төлөлтөө нэмэгдүүлэх зээл авч "Галч" ХХК-ийн өмчлөлийн Ү-2201056125 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлт 18401 гудамжны 129/1 тоот хаягт орших 910 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г ХХК -ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай дээр дурдсан хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нь үндсэн зээл 10,353,194.07 төгрөг, хүү 18,949,225.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,062,467.29 төгрөг төлсөн боловч 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчсөн. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 950 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, 2019 оны 03, 04 дүгээр сард үндсэн зээл төлөх үүрэг хүлээгээгүй, хүү төлөхөөр тохиролцож, хүүг графикийн дагуу төлсөн. МөнХ.С мтай удаа дараа уулзахад ...үйлдвэрийн барилгын рамыг буруу зангидсанаас дотор нь кран явах боломжгүй болж үйл ажиллагаа нь саатсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 124,646,806 төгрөг, хүү 45,542,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,338,397 төгрөг, нийт 174,527,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн хүү 9,613,854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,922,771 төгрөг, нийт 11,536,625 төгрөгөөр ихэсгэж, хамтран хариуцагчаар Г ХХК -ийг татсан. Иймд хариуцагчХ.С маас 186,064,142 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр албадан хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь К ХХК -тай 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулж 135,000,000 төгрөгийн зээл авахад Г ХХК -аас үйлдвэрлэж байгаа галч зуухыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч талд банкнаас лизингээр зээл олгохоор тохиролцож лизингийн хүүгээс хариуцагчХ.С м зээлийн хүүгээ төлөхөөр тохиролцсон. Г ХХК -аас тохиролцооны дагуу удаа дараа галч зуухыг худалдан авах аж ахуй нэгж байгууллагад лизингийн зээл олгох хүсэлтийг банканд гаргасан. Мөн Монгол экологи конкрет ХХК нь үйлдвэрийн цахилгаан тасалснаас болж Г ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2021 оны 09 дүгээр сар хүртэл зуух үйлдвэрлээгүй, орлогогүй болсноос гадна Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүнд байдалд байна. Иймд үндсэн зээл 135,000,000 төгрөгөөс 10,353,194 төгрөг төлсөн, 124,646,086 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 49,880,914 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.Х.С мын зээлийн гэрээний үүргийг зөрчсөн талаар нотлох баримтуудыг гаргаж өгье гэсэн боловч надад байсангүй. 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 08 дугаар сарын 28, 2019 оны 09 дүгээр сарын 28, 2019 оны 10 дугаар сарын 24, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд буй болсон хүүгийн төлбөр ньХ.С мын үүргээ зөрчсөнөөс болж үүсээгүй тул дээрх хугацаанд үүссэн төлбөрийгХ.С м хариуцахгүй, үлдэх 49,880,914 төгрөгийг батлан даагч Г ХХК нь хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 457, 458 дүгээр зүйлд зааснаар батлан даалтын гэрээний үүргийг биелүүлээгүй тул Г ХХК нь батлан даалтын гэрээний хариуцлагыг хүлээх ёстой. Зээлийн үлдэгдэл, тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний тухайд маргах зүйлгүй, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн хүүгээс 30,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчХ.С маас 179,802,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК -д олгож, нэхэмжлэлээс 6,261,168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчХ.С м нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч "Галч" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201056125 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18401 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г ХХК -ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, 129/1 тоот хаягт байрлах 4 668 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчХ.С маас 1,056,964 төгрөг, хариуцагч Г ХХК -аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор коронавирусийн халдвартай холбоотогоор 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд тогтоолуудаар тус тус өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч орлогогүй болж зээлийн хүү төлөх хугацаа хэтрэхэд зээлдэгчийн гэм буруугаас болоогүй болохоор шүүхээс зээлийн хүү төлөх үүргээс 30,000,000 төгрөгөөр багасгуулах хүсэлт гаргасан боловч багасгаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Ковид-19 цар тахалтай холбоотой орлогогүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт гэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчХ.С мын зээлийн хүү төлөх хугацааг хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчХ.С мын гэм буруугаас болоогүй болохоор зээлийн хүү төлөх үүргээс 20,000,000 төгрөгөөр шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тухайн зээлийг авснаас хойш 4 сарын дараагаас эхлээд зээлийн зөрчил үүсгэсэн, өнөөдрийг хүртэл арилгаагүй. Цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэдгээ хариуцагч тал нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагчХ.С м болон Г ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 186,064,142 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч үндсэн зээлд 124,646,086 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

3. К ХХК ньХ.С м нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №3018-2019/15 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 135,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх6-9/

4. Талууд мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон зээлийн батлан даалтын гэрээ тус тус байгуулж, Г ХХК -ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт 18401 гудамж, 129/1 тоот хаягт байрлах, 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 668 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх10, 11-16/

5. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан, гэрээ байгуулсан эсэх талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд гэрээндээ тухайлан тохиролцсон байна.

6. Зохигчид зээлийн гэрээний дагуу 135,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 10,353,194 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан ч зээл, зээлийн хүүг төлөөгүй талаар маргаангүй байна.

7. К ХХК ньХ.С мд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, талаар мэдэгдэл өгч байсан талаар талууд маргаагүй, зээлдүүлэгч нь гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан урьдчилан сануулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ. /хх19-22/

Иймд хариуцагчХ.С м болон Г ХХК нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зээл 124,646,314 төгрөг, зээлийн хүү 55,156,143 төгрөг, нийт 179,802,974 төгрөгийг төлөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 179,802,974 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч К ХХК нь барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Г ХХК -ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт 18401 гудамж, 129/1 тоот хаягт байрлах, 910 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 668 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...коронавирусын цар тахлын улмаас Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор орлогогүй болж зээлийн хүү төлөх хугацаа хэтрэхэд зээлдэгчийн гэм буруугаас болоогүй болохоор зээлийн хүү төлөх үүргээс багасгаж өгөх боломжтой гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Коронавируст халдвар /Covid-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан. Иймд банк эрх бүхий хуулийн этгээд буюу банк санхүүгийн байгууллага болон банк нь зээлийн хүүг бууруулах, зээлдэгчийг зээлийн хүүгээс чөлөөлөх агуулга тусгагдаагүй байх тул К ХХК -тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй зохицуулалт тул дээрх үндэслэлээр зээлийн хүүг 20,000,000 төгрөгөөр бууруулах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч нь коронавирусын цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлийг хугацаанд нь төлж чадаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн хүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23ы өдрийн 184/ШШ2022/00943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 451 дүгээр зүйлийн 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН