Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01797

 

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/02871 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 174,527,517 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, С.Бямбацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Зээлдэгч Х.С- нь тус банктай 2019 оны 02 сарын 28-ны өдөр 3018-2019/15 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон зээлийн батлан даалтын гэрээ тус тус байгуулан 135,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд “Галч” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлт 18401 гудамжны 129/1 тоот хаягт байршилтай 910 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн гэрчилгээтэй 4,668 м.кв талбайтай газар зэргийг барьцаалуулсан.Зээлдэгч нь тус зээлийг авснаас хойш нийт 31,364,886.82 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 сарын 28-ны өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 124,646,806 төгрөг, хуримтлагдсан хүү 45,542,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,338,397 төгрөг, нийт 174,527,517 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгч банктай 2019 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн батлан даалтын гэрээ байгуулан 135,000,000 төгрөгийн зээлийг авсан. К Бтай зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа “Галч” ХХК-аас үйлдвэрлэж байгаа “Галч” зуухыг худалдан авагч талд банкнаас зээл олгохоор тохиролцсон. Ийм тохиролцоо байсан болохоор “Галч” зуухыг худалдан авах аж ахуйн нэгж байгууллагад лизинг олгож өгөхийг “Галч” ХХК-аас удаа дараа банканд гаргасан байдаг. “Галч” ХХК нь “Монгол Экологи Конкрет” ХХК-аас үйлдвэрийн цахилгаан тасалснаас болж 2021 оны 09  сар хүртэл “Галч” зуух үйлдвэрлээгүйн улмаас, мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор орлогогүй болсон. Иймээс үндсэн зээл 135,000,000 төгрөгөөс 10,353,194 төгрөгийг төлсөн болохоор 124,646,086 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 49,880,914 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 174,527,517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.5.1, 460.5.5-д зааснаар хариуцагч Х.С- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу 174,527,517 төгрөгийг батлан даагч “Галч” ХХК-аас гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд “Галч” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201056125 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлт 18401 гудамжны 129/1 тоот хаягт байршилтай 910 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “Галч” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18617308090813 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлт 18400 гудамжны 129/1 тоот хаягт байршилтай 4,668 м.кв талбайтай газрыг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,100,788 төгрөгийн улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас 1,100,788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн гаргуулан шийдвэрлэсэн 174,527,517 төгрөгөөс 149,527,517 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 25,000,000 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

          а/. Нэхэмжлэлийн шаардлагын 49,880,914 төгрөгийг батлан даагч “Галч” ХХК-аас нэхэмжлэх ёстой гэсэн тайлбарт шүүгч хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хоёр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн гэрээний хүү төлөх үүргийг багасгаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

          б/. Хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг шүүхээс татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Х.С-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 124,646,806 төгрөг, хуримтлагдсан хүү 45,542,314 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,338,397 төгрөг, нийт 174,527,517 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

Хариуцагч Х.С- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас 124,646,086 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 49,880,914 төгрөгийг эс зөвшөөрнө гэж тайлбар гаргасан бол давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас 149,527,517 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 25,000,000 төгрөгийг эс зөвшөөрнө гэж тайлбар гаргасан бөгөөд өөрийн татгалзлын үндэслэлээ “анх зээл авахдаа “Галч” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Галч” зуухыг худалдан авагч нарт банкны зүгээс зээл олгохоор харилцан тохиролцсон боловч банк энэ үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн цахилгаан тасалсны улмаас 2020 оны 01 сараас 2021 оны 09 сар хүртэлх хугацаанд “Галч” зуухыг үйлдвэрлэж чадаагүй, Ковид-19 цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөл байдалд орсон, 49,880,914 төгрөгийн үүргийг батлан даагч “Галч” ХХК хариуцах ёстой” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

  1. Хэрэгт авагдсан 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 3018-2019/15 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” /хх 11-13/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000672652 дугаартай гэрчилгээ /хх 15/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000321891 дугаартай гэрчилгээ /хх 16/ зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “К Б” ХХК нь барьцааны гэрээг “Галч” ХХК-тай байгуулсан байхаас гадна барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн өмчлөгч, эзэмшигч нь “Галч” ХХК болох нь тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, улмаар барьцааны гэрээний нэг тал, барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигч болох “Галч” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “Галч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Х.С- гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 25 дугаар зүйлийн 25.1  дэх хэсэгт зааснаар иргэн нь өөрийн үйлдлээр эрх олж авч, үүрэг бий болгодог, хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг тус тусдаа эрх зүйн этгээд учир хариуцагч Х.С- иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг “Галч” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар оролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

  1. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь нотлох баримтаар 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 3018-2019/15 дугаар “Зээлийн батлан даалтын гэрээ”-г шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. /хх 11-13/

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар батлан даагч “Галч” ХХК-аас мөнгөн хөрөнгө гаргуулан шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзнэ.

 

  1. Талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/02871 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.С-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ                                                        

                           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР