Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 36

 

          С.А-т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолтой, С.А-т холбогдох, 2035000510064 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Т.Уянга нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Н ургийн овогт С-гийн А /,

Шүүгдэгч С.А нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дэх “Увсад тавтай морил” фейсбүүк хаягт өөрийн С-гийн А гэх фейсбүүк хаягаас Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Ц-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн хялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх явцад өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн баримт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Ц.Ц-ын зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н ургийн овогт С-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгон С.А-ыг цагаатгаж,

шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.А нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж, хохирогч Ц.Ц нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч С.А-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнд:

Уг цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Шүүгдэгч С.А нь дээрх 3 ширхэг мэдээлэл бүхий зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх болсон нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь цуглаан зохион байгуулж, цуглааны үеэр С.А-ын нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар гэрч Ч.Ч-ийн нэр хүндэд халдах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах санаа зорилго байгаагүй болох нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын эцэг/ эх-ийн нэр, нэр, регистрийн дугаар гэсэн хэсэгт гараар бичигдсэн Ц, Ц  бичвэрийг цагаан өнгийн зүйлээр дарсан байгаагаас тогтоогдож байна. Мөн фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлд гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн 3 ширхэг зураг болон бичсэн сэтгэгдлүүдэд хохирогч Ц.Ц-ын нэр дурьдагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Шүүгдэгч С.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “.. тухайн Ц.Ц гэх хүний мэдээлэл нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр надад ирсэн бөгөөд би хадгалсан байсан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь жагсаал цуглаан зохион байгуулж, миний нэр хүндэд халдаж ялтан, заазуур гэх мэт мэдээллийг олон нийтэд тараасан учраас би 2016 онд надад ирсэн байсан, түүний эхнэр Н.Б нь үр хөндөлт хийсэн талаарх 2 хуудас баримтыг тухайн баримт дээр байсан хүний нэр, хаягыг дарж байгаад фейсбүүкт тавьсан” гэж мэдүүлдэг.

Шүүх дүгнэхдээ “2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь цуглаан зохион байгуулж, цуглааны үеэр С.А-ын нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар гэрч Ч.Чийн нэр хүндэд халдах зорилготой байсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах зорилго агуулаагүй...” байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтын хувьд шүүгдэгч С.А нь тухайн иргэнийг буюу хохирогч Ц.Ц-ын хувийн байдлыг, өөрөөр хэлбэл үр хөндөлт хийлгэсэн эсэх, хэрэв хийлгэсэн бол ямар зайлшгүй шалтгаан нөхцөл, үр дагавар үүсээд хагалгаанд орсон болохыг, тухайн хагалгааг Б гэх эмч хийсэн эсэхийг лавтай сайн мэдэхгүй атлаа Ардчилсан намын дарга Чимэдийн зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр өөрийнх нь талаарх ”...ялтан, заазуур..” гэх мэт тавьсан мэдээлэлд хариу болгож, өөрийнхөө улс төрийн ашиг сонирхолд жирийн иргэний талаарх баримтыг ашигласан байдаг.

Шүүгдэгч С.А-т “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт” нь 2016 онд нүүр хэсэгт бичигдсэн бичвэр нь бүрэн эхээрээ буюу Улаангом 10 дугаар баг, Цэзэн овогтой Цэнгэлбаяр гэх нэртэй ирсэн байсан гэж С.А нь өөрөө мэдүүлдэг ба тухайн иргэний талаарх мэдээллийг С.А нь бүрэн мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А нь тухайн мэдээллийг Ардчилсан намын дарга Ч.Чийн эсрэг ашиглахдаа хохирогч буюу Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц-ийн Ц-аас өөрийнх нь өвчний талаарх баримт олон нийтийн сүлжээнд тавьж болох эсэхийг асууж, зөвшөөрөл авч байж тухайн мэдээллийг тавих ёстой байсан боловч өөрөөс нь зөвшөөрөл аваагүй болох нь хохирогч Ц.Ц-ын өгсөн мэдүүлгээр нотлогддог.

2. Хувь хүний нууцыг задруулах нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэдий ч хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг урчуулж болзошгүй шинжийг агуулсан эсэхээс хамаарч нийгэмд аюултай үйлдэл эсэх нь тодорхойлогдон гэж үзсэн нь мөн үндэслэлгүй болжээ.

Учир нь хувь хүний нууц гэдэг ойлголт нь хүн бүрт хамаарах ойлголт бөгөөд  хувь хүн, иргэний хувьд задруулсан тохиолдолд өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйл байхаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шүүгдэгч С.А-ын тавьсан мэдээлэлд мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн фейсбүүк-т хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...мэдээлэл бичиж, улмаар эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зураг нийтэлсэн нь бэхжүүлэгдсэн бөгөөд харин хохирогч Ц.Ц нь тухайн тавигдсан мэдээллийн талаар мэдүүлэг өгөхдөө “..би энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэх бүү хэл, гэр бүл нөхрөөсөө нууж явсан..” гэх хэлснээс үзэхэд тухайн мэдээлэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй мэдээлэл юм.

Түүнчлэн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Д, Н.Ш, Н.Б, Ч.Ч нар нь Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувь хүний нууцыг тайлбарлах, тодорхойлох эрхтэй субъект биш боловч гэрч Н.Б, Н.Ш нар нь хөндлөнгийн буюу иргэн хүнийхээ хувьд хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг мэдэж, эмч Н.Б нь тухайн фейсбүүкт тавигдсан мэдээллийн талаар хохирогч Ц.Ц-т мэдэгдсэн, эмч Н.Ш нь тухайн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж болохгүй, хувь хүний нууц тул устга гэх мэдээлэл бичсэн зэргээр хохирогч Ц.Цын өвчний талаар хөндлөнгийн хүмүүс мэдсэн гэдгийг илтгэж байна.

3. ...Шүүх “шүүгдэгч С.Аын үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. Учир нь шүүгдэгч С.А нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын 2 ширхэг зургийг нийтлэхдээ хохирогчийн эцгийн, нэр, регистрийн дугаар зэргийг нууцлаж тавьсан нь хохирогчийн нууцыг задруулах зорилгогүй, зөвхөн хууль бус үр хөндөлтийн талаар мэдээлэх зорилготой байсан байна” гэж дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.А-ын хийж буй үйлдэл, өөрөөр хэлбэл хэн нэгний өвчний түүх, оношыг задруулж болохгүй гэдгийг мэдэж байсан боловч зориуд хүсч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хохирогч Ц.Ц-ын өвчний оношийг олон нийтэд тавьж байгаа нь санаатай үйлдэл байна.

Мөн шүүх шүүгдэгч С.А-ын хохирогч Ц.Ц-ын өвчний оношийн талаар өөрөө тайлбар хийж, улмаар өвчний онош бичсэн баримтыг олон нийтэд тараахдаа нэрийг нь дарж тавьсан нь “гэрч Ч.Ч-ийн нэр хүндэд халдах зорилготой байсан байна, хууль бус үр хөндөлтийн талаар мэдээлэх зорилготой байсан байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн шүүх шүүгдэгч С.А-ын гэм бурууд дүгнэлт хийхдээ 1. “2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ч.Ч нь цуглаан зохион байгуулж, цуглааны үеэр С.А-ын нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар гэрч Ч.Ч-ийн нэр хүндэд халдах зорилготой байсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах зорилго агуулаагүй...” байна гэж,

2. Шүүгдэгч С.А нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтын хоёр ширхэг зургийг нийтлэхдээ хохирогчийн эцгийн нэр, регистрийн дугаар зэргийг нууцлаж тавьсан нь хохирогчийн нууцыг задруулах зорилгогүй, зөвхөн хууль бус үр хөндөлтийн талаар мэдээлэх зорилготой байсан байна” гэж хоёр өөр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхээр дахин хянан хэлэцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга: “Шүүгдэгч С.А нь хохирогч Ц.Ц-ын нууцтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн боловч энэ мэдээлэл нь хохирогч Ц.Ц-ын мэдээлэл гэдгийг мэдэх боломжгүй байдлаар нэр регистрийн дугаарыг нууцалж нийтэлсэн тул Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр алдар хүндэд илт хохирол учруулах шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн гэх шинж үгүйсгэгдэж байгаа тул тухайн гэмт хэргийн санаатай гэх шинж хангагдахгүй байна.

Шүүгдэгч С.А-ын үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндийн нууцыг задруулах, нэр хүндэд нь халдах зорилгыг агуулаагүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна гэж үзэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Улс төрийн хэрүүл маргаанд жирийн иргэнийг оролцуулж байгаа буруугаа ойлгож байна. Би “ гэмт хэрэг үйлдээгүй, намайг цагаатгаж өг гэсэн асуудлыг анхан шатны шүүхэд гаргаагүй. Миний үйлдэл нь гэмт хэрэг бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэсэн тайлбараа гаргаж байсан. Чимэд нь манай эхнэрийн нэр төрд халдлаа гэж цагдаагийн байгууллагад гомдол гарснаас энэ хэрэг анх зөрчлийн хэргээр нээгдсэн боловч хэрэг шалгагдах явцад хувь хүний нууц задруулсан байна гэж мэдэгдэл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хохирогч Ц.Ц-ыг би танихгүй. Миний үйлдлийг Чимэд дарга буруугаар олон нийтийн сүлжээгээр цацдаг, жагсаал цуглаан дээр хэлдэг боловч өөрсдийнх нь үйлдлийг хэлсэн хүн гэмт хэрэгт холбогддог, ийм байж болохгүй гэдэг шалтгаанаар тухайн мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй. Жирийн иргэнийг улс төрийн маргаанд оролцуулсандаа гэмшиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.А-т холбогдох 2035000510064 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос С.А-ыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олон нийтийн цахим сүлжээ болох “Увсад тавтай морил” фейсбүүк хаяганд өөрийн Сайнбилэгийн Анхбаяр гэх хаягнаас хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц буюу Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ц.Ц-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт перитонит буюу хэвлийн гялтангийн үрэвсэл гэх оношоор 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж эмчилгээ хийгдэх үед өвчтөнтэй холбоотой хөтлөгдсөн маягт болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ыг хохирогч Ц.Ц-ын зөвшөөрөлгүйгээр задруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд С.А-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

С.Ат холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

С.А нь хохирогч Ц.Ц-ын 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэн хагалгаа хийлгэж эмчлүүлсэнтэй  холбоотой хөтлөгдсөн баримт бичиг болох “эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт”-ын 2 хуудас материал /өвчтөний овог, нэр, регистрийн дугаарыг дарсан/-ыг  “...үр хөндөх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө хууль бусаар 30-хан хэдэн настай залуу эмэгтэйд ашиг хонжооны төлөө үр хөндөж, умай савыг нь давхар цоолж, зүрх судасны хурц дутагдалд оруулж Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Онош нь: үр хөндөлт хийх явцад умай болон гэдэс цоорсон перитонит болсон бүх бие хордлогонд орсон. Хамгийн харамсалтай нь энэ залуу эмэгтэй дахиж насан туршдаа төрж чадахгүй болсон. Ийнхүү хууль зөрчиж үр хөндөлт хийж, эхийг эндүүлэх шахсан ноцтой хэргийг Чимэд хурлын даргынхаа эрх мэдлээр тухайн үеийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, чимээгүй дарсан. Асууя даа! Ураг хүүхэд биш юмуу, Мөнгөний төлөө алж болдог юм уу....гэх агуулга бүхий мэдээлэл бичиж  цахим сүлжээнд тавьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл С.Аын задруулсан гэх эхийн эндэгдэл ба ноцтой хүндрэлийг мэдээлэх АМ-17 хуудас буюу Ц.Цын эрүүл мэндтэй холбоотой  хөтлөгдсөн  баримт бичиг нь хувь хүний эрүүл мэндийн нууцад хамааарч, өвчтөний харьяалагдах нутаг дэвсгэрийн төрийн байгууллага буюу Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хадгалагдаж байдаг, энэхүү баримтыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн этгээд олж авах боломжгүй талаар гэрч Н.Ш /Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн их эмч/-ийн “ Үйлчлүүлэгчийн өвчний тухай бүх мэдээлэл нууцад хамаарна, жишээ нь өвчний түүх, карт, эрүүл мэндийн маягт гэх зэрэг нь бүгд хувь хүний нууцад хамаарна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд ч заасан бий. Үүнд : “Үйлчлүүлэгчийн өвчний түүх болон нууцтай холбоотой бусад бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад дамжуулах буюу бусдад ашиглуулахгүй байх” гэж заасан байдаг. Би тухайн үед С.Аын фэйсбүүк-д тавьсан мэдээллийг хараад “ хувь хүний нууцтай холбоотой ийм мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж болохгүй, устга, энэ бол хувь хүнд өгдөг баримт биш, цагдаа прокурорын зөвшөөрлөөр гаргадаг баримт бичиг шүү, чамд дамжуулж өгсөн хүн ч буруутай” гэж бичсэн ” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Отгонбаяр / Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга /-ын “ Би Ц.Ц гэх хүнтэй холбоотой эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягтыг хэн нэгэнд олгох, гаргах зөвшөөрөл олгоогүй. Шаардлагатай тохиолдолд албан тоот, зөвшөөрлийг үндэслэн бусдад олгодог” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Ч/ Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шалгалт, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга/-ийн “ Увс аймагт бүртгэгдсэн эхийн эндэгдэл ба ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт буюу АМ-17 хуудас нь Увс аймгийн Эрүүл мэндийн газарт хадгалагддаг бөгөөд тухайн материалыг гадагш бусдад дамжуулж болохгүй. Учир нь хувь хүний мэдээлэл агуулсан баримт учир Эрүүл мэндийн газрын даргын зөвшөөрлөөр гаргадаг” гэх мэдүүлэг,

гэрч Д.Д/ Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга / -ын “ Би Ц.Ц гэх хүний өвчний талаархи мэдээллийг хэн нэгэнд олгох зөвшөөрөл өгөөгүй. Тэр мэдээллийг  гаргуулах талаар хэн нэгэн надад хандаж байгаагүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд дарга, орлогч, чанарын албаны дарга нар судалгаа хийх зорилгоор авч болно. Хувь хүнд өөрт нь олгодоггүй, прокурорын зөвшөөрлөөр, эсхүл авахыг хүсч буй байгууллагын даргын албан тоотыг үндэслэж олгох эсэхийг шийдвэрлэдэг. Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг мэдээлэх маягт нь хувь хүний мэдээлэл агуулагдсан учир нууцад хамааруулж ойлгоно” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Гэтэл төрийн байгууллагад хадгалагдаж, хамгаалагдаж байх ёстой уг баримт бичгийг С.А нь хэрхэн олж авсан, энэхүү олж авсан арга зам нь хууль ёсны дагуу байсан эсэх, эсхүл хадгалах, хамгаалах эрх бүхий этгээд, албан тушаалтан нь  холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн үү, хэрэв зөрчсөн бол уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, албаны эрх мэдлээ ашиглан бусдад дамжуулсан, албан тушаалын байдалдаа хайнга хандсан зэрэг нөхцөл байдал байгаа эсэхийг  нарийвчлан шалгаагүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй  байна.

Хууль тогтоогч “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлд зааснаар, харин хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд зааснаар тус тус хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг задруулсан гэх мэдээллийг ямар арга замаар олж авсан, өөрөөр хэлбэл уг мэдээллийг хэрхэн олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хувь хүний нууцыг зардуулсан гэх үйл баримтанд дүгнэлт хийх нь хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг тус тус зөрчиж, нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоогоогүй байхад яллах дүгнэлт үйлдсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж, прокурорын “хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.А-т холбогдох эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ