Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1863

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02022 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБТЗ ХНН-д холбогдох

 

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ө.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие УБТЗ-ын Баянтүмэн тасагт 2014-05-07-ны өдөр инженер-эдийн засагчаар ажилд орсон. Миний бие нь Баянтүмэн тасагт ажиллах хугацаанд өөрийн ажлын чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчлийг гаргаж байгаагүй. Баянтүмэн тасгийн даргын албан тушаалтны ажлын байрны ялгавар гадуурхалтын хандлага өнгөрсөн оноос эхлэн ихээхэн хүчтэй явагдаж эхэлсэн ба ажлаа өгөхийг янз бүрийн байдлаар шахаж дарамтлах болсон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний хүсэл зоригоос эсрэг шахаж, ажлын байрны дарамт үзүүлэх байдлаар Баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэн ажлаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг бичүүлэн авсан. Тухайн үед миний бие бүүр ажлын байргүй үлдэхээс эмээсэн, мөн удирдлагын шахалт дарамтаар дээрх өргөдлийг бичсэн. Ажил үүргээ миний хувьд өдөр бүр зохих ёсоор хэрэгжүүлэхдээ тасгийн даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу биелүүлж байсан боловч намайг алдаа гаргасан мэтээр удирдах байгууллагад ташаа мэдээллийг өгч байсан. 2018 оны 4 дүгээр сард балансын тайлбарлах ажиллагаанд тасгийн даргын хамт оролцсон бөгөөд тухайн хурал дээр тасгийн дарга тайланг тайлбарласан нь удирдах байгууллагын удирдлагуудад хангалттай үнэлэгдээгүй улмаар намайг шууд удирдах албан тушаалтанд мэдээлэл, арга зүйг өгөөгүй гэж тухайн үед буруутгасан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сард тайлангаа УБ хотод хүлээлгэн өгч байх үед УБТЗ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 тоот тушаалыг гаргасан байна. Тушаалд ажилтны өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн гэх үндэслэлийг гол болгосон байна. Ямар ч хүн албан тушаалын, хөдөлмөрийн болон цалин хангамжийн нөхцлөө сайн дураараа, өөрөө бууруулахаар өргөдөл гаргахгүй нь тодорхой юм. Хэрвээ өргөдлийг үндэслэсэн бол ажил, албан тушаалын нөхцөлтэй дүйцэх ажлын байраар хангах талаар шууд шийдвэрлэх ёстой байсан гэтэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд намайг ямар нэгэн албан тушаалд томилоогүй зөвхөн Баянтүмэн тасгийн мэдэлд үлдэхээр шийдвэрлэсэн байна. Миний бие дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй, албан тушаал, ажлын байрны шахалт, дарамтын улмаас аргагүй эрхэнд бичиж өгсөн, өргөдөл өгөхгүй бол ямар ч ажил өгөхгүй шууд ажлаас халах тухай асуудлыг удирдлагаас удаа дараа гаргасан тул учрыг олох зорилгоор, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж өргөдөл бичсэн. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд миний хөдөлмөрлөх эрхийг шууд үндэслэлгүй зогсоож, ажлын байраар хангагдах баталгаагүй нөхцөл байдлаар шийдвэр гаргасан нь миний эрх ашгийг ноцтой хохироож байна. Б.Б миний бие шахалт дарамтын улмаас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлөөс татгалзаж байгаа бөгөөд дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй тул хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцож, Б.Б-ыг өмнө ажиллаж байсан Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь ХНН УБТЗ-ын даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-93 дугаар тушаалаар мөн сарын 09-ний өдрөөс эхлэн Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчаар ажилласан. УБТЗ ХНН-ийн Удирдах газар Баянтүмэн тасгийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнг хэлэлцэх хурлыг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хийж, эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүгнэлт, тайлбар, төлөвлөгөөний өссөн, буурсан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, өөрийн өртөг, хөдөлмөрийн бүтээмж зэрэг гол гол зүйлүүдийг тусгаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хангалтгүй өгсөн тул түүнд УБТЗ даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний Б-М-48 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр УБТЗ-ын удирдах газраас Баянтүмэн тасгийн 2017 оны жилийн эцсийн үйлдвэрлэл, санхүүгийн үр дүнг хэлэлцэх хурлыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга /НЗ-1/ Милостных И.В удирдан хийж, тус хурлаар Б.Б-ын ажлыг өөрчлөн, тасгийн мэдэлд өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. УБТЗ ХНН-ийн Баянтүмэн тасагт инженер эдийн засагч ажилтай Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн албанд ...өөр ажлын байранд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг үндэслэн УБТЗ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, Баянтүмэн тасгийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тушаалаар ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор байхаар тогтоожээ. 

УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албанаас түүнийг улирлын тайлан бланс тушаахаар Улаанбаатар хотод ирсэн үед буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дээрх тушаалыг гардуулсан нь тушаал бүртгэх бүртгэлийн 192-рт бүртгэгдсэнээр нотлогдоно. Б.Б-д мөнгөний нярав, бэлтгэн нийлүүлэгчээр ажиллах санал болгоход тухайн үед зөвшөөрсөн атлаа 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргана гэсэн хариуг утсаар өгсөн байна. УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн алба нь Баянтүмэн тасгийн ахлах нягтлан бодогч Э.Туяасайханы оронд мөнгө, агуулахын нярваар ажиллаж байгаа С.Шинэбаярыг, С.Шинэбаярын оронд инженер эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-ыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд С.Шинэбаярыг ахлах нягтлан бодогчоор ажиллуулахаар Авилгатай тэмцэх газарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18/1012 дугаар бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Хариу ирсэн тохиолдолд С.Шинэбаяр, Б.Б нарын тушаал гаргахаар төлөвлөсөн байна. 

...Б.Б-ын өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг хүссэн хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан. Түүний уг хүсэлтийг гаргах болсон учир шалтгааныг нотлох баримтттай харьцуулан дүгнэж үзэх нь зүйтэй байна. Баянтүмэн тасгийн дарга П.Түвшинжаргалын зүгээс ямар нэг шахалт шаардлага, зүй бусаар нөлөөлөлсөн зүйл байхгүй, харин ч ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан нь тогтоогдож байна. Ажилтан нь зөрчил гаргасан тохиолдол бүрт тодорхойлолт /ажил олгогчид/ гаргаж өгөх үүрэг хүлээжээ. Үүний дагуу Б.Б нь 2017-2018 онд ажил олгогчид ажлаа сайжруулах тухайд болон үүргээ зохих хугацаанд нь биелүүлж байх талаар удаа дараа буюу нийт 5 удаа ажил олгогчид тодорхойлолт гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан тодорхойлолтууд нь түүнийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлдэггүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддагийг болон сахилгын зөрчлийг давтан гаргаж байсныг нотлож байгаа төдийгүй тус ажилтан өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, зөрчил тус бүр нь тогтоогдсон боловч ажил олгогчийн зүгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй байна. Үүнийг сахилгын шийтгэлийг зөрчил бүрт заавал ногдуулсан байх шаардлагагүй гэсэн зарчмыг үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй юм. Баянтүмэн тасгийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын багц дүрэм, журам, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гаргасанд тооцно. Уг журмын 12.2.1, 12.2.2-д зааснаар ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлж ажиллах, тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний горимыг чанд сахин биелүүлэх, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэг хүлээсэн байна. Мөн журмын 13.1.1-д зааснаар ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байна. УБТЗ ХНН-ийн Удирдах газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.1 болон УБТЗ даргын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тухай А-113 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад зааснаар Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч Б.Б нь Замын даргын мэдлийн ажилтан мөн тул түүнийг ажилд томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох албадын дарга нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Замын даргын тушаалаар шийдвэрлэдэг.

...Б.Б нь зүтгүүрийн дизель түлшний тооцооллыг хийдэггүй, санхүүгийн тайлангийн дүн шинжилгээг хийхдээ тоо, тооцоо, график үзүүлэлтүүдийг буруу хийдэг /тухайлбал 2017 оны балансын тайлбарыг 2 өөрөөр хийсэн ба энэ 2 нь алдаатай, тоо тайлбарууд зөрүүтэйд болон зардал орлого өмнөх оноос болон төлөвлөснөөс хэтэрсэн, нэмэгдсэн, өссөн үзүүлэлтүүдийн шалтгааны дүн шинжилгээ хийдэггүй, балансын тайланг үг, найруулгын алдаатай бичдэг/, дүн шинжилгээг хийхдээ графикийг ашиглах ёстой байхад графикийг оновчгүй, ойлгомжгүй сонгож, хэмжих нэгжээр илэрхийлдэггүй, байгууллагын эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болох өөрийн өртгийг бодож чаддаггүй, хөдөлмөрийн бүтээмжийн тооцоог хийдэггүй байна. Ийнхүү балансын тайлбар зөв хийхгүй хариуцсан ажилдаа хангалтгүй байгаа талаар 2015 оны үр дүнг 2016 оны 3 дугаар сард хэлэлцсэн хурлаар хэлж, ажлаа сайжруулахыг сануулж, хэрэв ажлаа сайжруулж чадахгүй бол цаашид ажиллуулах боломжгүй гэдгийг урьдчилан сануулж байсан. Түүнийг одоогийн болон өмнөх дарга /Энхболд/ нар ажлаа хийж чадахгүй тул өөр хүнээр сольж өгөх талаар ч хүсэлт гаргаж байсан. Баянтүмэн тасаг нь УБТЗ-д тээвэрлэлт, туслах үйлдвэрийн чиглэлийн бүх салбарын байгууллагын цогц үйл ажиллагаа явагдаж байдаг онцлогтой ганц байгууллага тул төмөр замын тээврийн мэргэжлийн эсхүл санхүү эдийн засгийн өндөр ур чадвар, мэдлэгтэй ажиллах ёстой бөгөөд энэ тавигдаж буй шаардлагад Б.Б нийцэхгүй байгаа болно. Энэ байдал нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр УБТЗ-ын Удирдах газарт болсон Баянтүмэн тасгийн 2017 оны баланс тайлбарлах хурлаар түүнийг 4 жил ажиллаад ажлаа сайжруулаагүй, ахиц гаргаагүй, ажлын шаардлага хангалтгүй гэж дүгнэснийг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд хурлын төгсгөлд хурал удирдсан Замын нэгдүгээр орлогч дарга /НЗ-1/Милостных И.В нь Б.Б-ын ажлын байрыг өөрчлөх, өөр ажилд шилжүүлэх талаар ярьж, түүнийг гэр бүлийн байдлыг асуугаад гэр бүл, 4 хүүхдээ яаж тэжээх бэ гээд Зам дээр ажиллаж чадах эсэхийг асуухад тэрээр хамаагүй гэж хариулсан байх бөгөөд өөрийн алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож, дүгнэлт хийн хүлээн зөвшөөрч, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг сайн дураар гаргасан нь тухайн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон УБТЗ-ын удирдах газрын төлөвлөлт, эдийн засгийн албаны ашиглалтын зардал хариуцсан инженер /ННи/ Б.Баярмагнайгийн хууль зүйн албанд ирүүлсэн тайлбар, Баянтүмэн тамгын дарга /НОД/П.Түвшинжаргалын ...хүчээр тулгаж бичүүлээгүй, тухайн үед зөвшөөрч, өөрөө өргөдлөө бичиж өгсөн, өргөдөл бичиж өгөх үед хуралд оролцсон хүмүүс байсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Б.Б нь өөрийн хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байснаа ойлгоод, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаарх хүсэлтээ сайн дураар, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан байна.

Иймд түүний шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 тоот тушаалыг хүчингүй болгож, Хан хөхийд овгийн Б.Б-ыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5 025 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдэл хөлс болон урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 95 358 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс Б.Б-ыг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлан хэлэлцэхээс өмнө өөр ажилд шилжүүлэх өргөдөл гаргасан болохыг хариуцагч тал нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн хуучин ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг мөн хариуцагчийн адил хүлээсэн байдаг. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамаралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь нягталж үзсэнүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох ажилгүй байсан хугацааны олговор, нэмэгдэл шагнал урамшуулал гаргуулах гэх шаардлагын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хичнээн төгрөг гаргуулахаар тооцоолсоныг тодруулж нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй, энэ талаарх үйл баримтыг огт авч хэлэлцэхгүйгээр хариуцагчаас 5 025 475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн хичнээн төгрөгийн нэмэгдэл хөлс болон урамшуулалын шаардлагыг хэрэгсэхгүй болгоссон нь тодорхойгүй, үүнийг тооцоог хийгээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн, түүнчлэн шүүх хуралдааны явцад зохигчдын мэтгэлцэх зарчмыг бүрэн хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сард бүтэн 1 176 870 төгрөг, 5 дугаар сард 87 515 төгрөгийн цалин авсан байхад эдгээрийг хасаж тооцоогүй, мөн олговор тооцохдоо 2018 оны 1, 2 дугаар сард олгосон жилийн үр дүнгийн шагналыг оруулж тооцсон, сар бүр олгодог үр дүнгийн шагнал, хоол, унааны зардлыг хасаж тооцоогүй байна. Шүүх ажил олгогчийн цалингийн тодорхойлолт буюу цалингийн тооцооллыг үндэслэн олговрыг тооцон бодох ёстой боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн олговрыг тооцож бодсон нь учир дутагдалтай болно. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УБТЗ ХНН-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдэл болон урамшууллын үнийн дүн тодорхой бус байх тул тодорхой бус шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй юм. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах байжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсанаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх талууд хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдэл болон урамшууллын талаар тохирсон эсэх, хэрэв тохирсон бол зохигчдыг хэдий хугацаагаар хэдэн төгрөгийн нэмэгдэл болон урамшуулал авах байсан талаар мэтгэлцүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ