Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00090

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1863 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Ө.Батсүх, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би УБТЗ-ын Баянтүмэн тасагт 2014-05-07-ны өдөр инженер-эдийн засагчаар ажилд орсон. Миний бие нь Баянтүмэн тасагт ажиллах хугацаанд өөрийн ажлын чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчлийг гаргаж байгаагүй. Намайг ажлаа өгөхийг янз бүрийн байдлаар шахаж дарамтлах болсон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний хүсэл зоригоос эсрэг шахаж, ажлын байрны дарамт үзүүлэх байдлаар Баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэн ажлаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг бичүүлэн авсан. 2018 оны 4 дүгээр сард тайлангаа УБ хотод хүлээлгэн өгч байх үед УБТЗ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 тоот тушаалыг гаргасан байна. Тушаалд ажилтны өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн гэх үндэслэлийг гол болгосон байна. Ямар ч хүн албан тушаалын, хөдөлмөрийн болон цалин хангамжийн нөхцлөө сайн дураараа, өөрөө бууруулахаар өргөдөл гаргахгүй нь тодорхой. Би дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй, албан тушаал, ажлын байрны шахалт, дарамтын улмаас аргагүй эрхэнд бичиж өгсөн, өргөдөл өгөхгүй бол ямар ч ажил өгөхгүй шууд ажлаас халах тухай асуудлыг удирдлагаас удаа дараа гаргасан тул учрыг олох зорилгоор, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж өргөдөл бичсэн. 

Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлөөс татгалзаж байгаа бөгөөд дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй тул хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцож, Б.Б-ыг өмнө ажиллаж байсан Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.       Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б- нь ХНН УБТЗ-ын даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-93 дугаар тушаалаар мөн сарын 09-ний өдрөөс эхлэн Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчаар ажилласан. УБТЗ ХНН-ийн Удирдах газар Баянтүмэн тасгийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнг хэлэлцэх хурлыг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хийж, эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүгнэлт, тайлбар, төлөвлөгөөний өссөн, буурсан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, өөрийн өртөг, хөдөлмөрийн бүтээмж зэрэг гол гол зүйлүүдийг тусгаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хангалтгүй өгсөн тул түүнд УБТЗ даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний Б-М-48 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. УБТЗ ХНН-ийн Баянтүмэн тасагт инженер эдийн засагч ажилтай Б.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн албанд ...өөр ажлын байранд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг үндэслэн УБТЗ-ын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, Баянтүмэн тасгийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн алба нь Баянтүмэн тасгийн ахлах нягтлан бодогч Э.Туяасайханы оронд мөнгө, агуулахын нярваар ажиллаж байгаа С.Шинэбаярыг, С.Шинэбаярын оронд инженер эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-ыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Авилгатай тэмцэх газарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18/1012 дугаар бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Хариу ирсэн тохиолдолд С.Шинэбаяр, Б.Б- нарын тушаал гаргахаар төлөвлөсөн байна. Б.Б-ын өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг хүссэн хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан. Түүний уг хүсэлтийг гаргах болсон учир шалтгааныг нотлох баримттай харьцуулан дүгнэж үзэх нь зүйтэй байна. Ажилтан нь зөрчил гаргасан тохиолдол бүрт тодорхойлолт /ажил олгогчид/ гаргаж өгөх үүрэг хүлээжээ. Үүний дагуу Б.Б- нь 2017-2018 онд ажил олгогчид ажлаа сайжруулах тухайд болон үүргээ зохих хугацаанд нь биелүүлж байх талаар удаа дараа буюу нийт 5 удаа ажил олгогчид тодорхойлолт гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан тодорхойлолтууд нь түүнийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлдэггүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддагийг болон сахилгын зөрчлийг давтан гаргаж байсныг нотолж байгаа төдийгүй тус ажилтан өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. УБТЗ ХНН-ийн Удирдах газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.1 болон УБТЗ даргын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тухай А-113 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад зааснаар Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч Б.Б- нь Замын даргын мэдлийн ажилтан мөн тул түүнийг ажилд томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох албадын дарга нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Замын даргын тушаалаар шийдвэрлэдэг. Б.Б- нь өөрийн хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байснаа ойлгоод, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаарх хүсэлтээ сайн дураар, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан байна. Иймд түүний шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02022 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 тоот тушаалыг хүчингүй болгож, Хан хөхийд овгийн Бадарчийн Болдыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5.025.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлээс нэмэгдэл хөлс болон урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 95.358 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1863 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2018.08.20-ны өдрийн 1863-р магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн нотлох баримтыг гаргаагүй, иш татаагүй. Нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдэл болон урамшууллын үнийн дүн тодорхой бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай илэрхий зөрүүтэй байна. Ажилтны авч байсан цалин хөлсний дүн, түүнээс холбогдох татвар, хураамж төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийг нэмэгдэл болон урамшууллыг тооцох бичгийн нотлох баримт биш гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын нэг болох цалин хөлс, нэмэгдэл болон урамшууллыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас тайлбар гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар дахин гаргаж, мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр хангалттай нотлогдоно.

Мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдэгт хэргийн оролцогчдын аль нэг талыг өөрийн байр сууриа хамгаалах, нотлох баримт гаргах эрхийг хангахгүй байх, өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хангахгүй орхих, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцуулахгүй байх, шүүх хуралдаанд тайлбар гаргах боломжийг бүрдүүлэхгүй байх, хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохигчдын гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэхгүй орхих, нэг талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах зэрэг үйл баримтыг ойлгох атал давж заалдах шатны шүүх “мэтгэлцүүлээгүй” байна гэсэн хийсвэр дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжтой бөгөөд тухайн асуудлаар заавал эсрэг байр суурь илэрхийлэх ёстой биш нөгөө талаасаа анхан шатны шүүхэд хариуцагч өөрийн татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн байр сууринаас хандаж, анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс гүйцэтгэх ёстой байсан хуулиар хүлээсэн үүргийг нөхөн гүйцээлгэх гэсэн хэт нэг талын байр сууринаас хандаж байгаад нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй байдлаар тодорхойлсон, энэ асуудлаар талуудыг хангалттай мэтгэлцүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2018.08.20-ны өдрийн 1863 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...зөрчил гаргаж байгаагүй, ажлаа өгөхийг янз бүрийн байдлаар шахаж, дарамталж, Баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэх өргөдлийг бичүүлсэн, өөрийн сайн дураар өргөдөл гаргаагүй...” талаар дурдаад ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил олгогчийн зүгээс нөлөөлсөн ямар нэг шахалт нөлөөлөл байхгүй, ...Б.Б- нь ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан, ажилдаа хариуцлагагүй хандаж байснаа ойлгоод өөр ажилд шилжүүлэх хүсэлтээ өөрийн сайн дурын үндсэн дээр гаргасан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдэл болон урамшууллын үнийн дүн тодорхой бус, энэ талаар мэтгэлцүүлээгүй...” гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь нэмэгдэл болон урамшуулалтай холбоотой баримтыг шүүхэд бүрэн гаргаж өгөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх ба зохигчийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 1.097.950 төгрөг, үүн дээр ажил олгогчоос хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар болон эрх бүхий байгууллагаас олгохоор тогтоосон шагналт цалин 35 хувь буюу 384.282 төгрөг, зам шугамын нэмэгдэл 11 хувь буюу 120.774 төгрөг, хоолны хөнгөлөлт нэг өдөр 3500 төгрөг, унаа сард 10.000 төгрөг, балансын шагнал, ээлжийн амралт, жилийн үр дүн олгоно гэсэн байдал тогтоогдсон боловч ажилтны сарын дундаж цалинг тодорхойлох баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй юм. /хэргийн 8-10 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргахдаа 2018 оны 1 дүгээр сард 2.599.819 төгрөг, 2 дугаар сард 2.617.319 төгрөг, 3 дугаар сард 1.679.506 төгрөгийн цалин хөлс олгогдсон хэсгийг гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг дээрх 3 сарын цалингийн дунджаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 1-2 сард олгосон цалин хөлс нь дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин болон бусад нэмэгдлээс илүү байхад анхаараагүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд заасан балансын шагнал, жилийн үр дүнг хэрхэн яаж олгодог нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2018 оны 3 дугаар сарын 13-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...тус тасагт өөр ажлын байранд шилжүүлэн ажлаар хангах” хүсэлт гаргасан, ажил олгогч ажилтны уг хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн талаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б-1-123 дугаар тушаалд дурджээ /хэргийн 5-6 дугаар тал/.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөр ажилд шилжих өргөдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан дүгнээгүй байна. Тодруулбал, хэргийн 25-29, 36-38 дугаар талд авагдсан “Тодорхойлолт” гэх баримтад Б.Б- нь удаа дараа алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, мөн 2018 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн хуралдаанд зам дээр ажиллаж чадах уу гэхэд хамаагүй гэж хариулж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ба эдгээр баримтыг үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1863 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ