Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: МОХНН-УБТЗ

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э

                                хариуцагчийн төлөөлөгч Д.Э

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие УБТЗ-ын Баянтүмэн тасагт 2014-05-07-ны өдөр инженер-эдийн засагчаар ажилд орсон. Ажилд орсон хугацаанаас дараах үндсэн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Үүнд: Норм, нормативыг хянан үйл ажиллагаанд хяналт тавих, ААН байгууллагаас гаргасан гэмтэл, шинээр хийгдэх ажлын бүтээмжийг сайжруулах, засварлах талаарх актыг үндэслэн төсөв зохиож зардлыг хянах, ажлыг зөв зохион байгуулах, түүнд гарах зардалд хяналт тавих, хуваарилах, тасгийн даргын гаргасан тушаалын комиссын бүрэлдэхүүнд оролцох, гадны байгууллагатай худалдах, худалдан авах гэрээ, тээврийн гэрээ, зам арчилгааны гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээ, түрээсийн гэрээ г.м бүх гэрээ хэлцлийг боловсруулж танилцуулах, батлуулах, хяналт тавих цалин хөлсний ХЦ-1, ХЦ-1А, орон тооны хэтрэлт хэмнэлт, өвчлөлт, чөлөө авалт, \цалинтай, цалингүй\, баяр ёслол, илүү цаг, ТТХ-4, БО-19, БҮ-19-ын задаргаа, ТТХ-10 маягтын дагуу тухайн ААН дээр гарсан гүйцэтгэлд зүйл бүрээр зардалд суусан эсэх, төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, түүний хэтрэлт, хэмнэлт шалтгааны тодруулах, дээрх ажилбарыг батлагдсан маягтанд буулган хуваарийн дагуу УБ хотод улирал, жилийн эцэст эдийн засагч нарт төлөвлөгөө, гүйцэтгэл зэргийг хянуулан зөвлөн туслах үйлчилгээг авах, нэмэлтээр тодруулах зүйлсийг балансын тайлбарлахаар тайлбарлан тайланг тушаадаг ба эдийн засагч нь цаашид ямар ажлыг зөв зохион байгуулах ямар материал, юу хэрэгтэй зэргийг тооцоолол, үндэслэл, судалгаа, шинжилгээн дээр түшиглэн тайлбарлаж тайлангаа хамгаалдаг. Миний бие нь Баянтүмэн тасагт ажиллах хугацаанд дээр дурдсан өөрийн ажлын чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчлийг гаргаж байгаагүй. Баянтүмэн тасгийн даргын албан тушаалтны ажлын байрны ялгавар гадуурхалтын хандлага өнгөрсөн оноос эхлэн ихээхэн хүчтэй явагдаж эхэлсэн ба ажлаа өгөхийг янз бүрийн байдлаар шахаж дарамтлах болсон бөгөөд 2018-03-13-нд миний хүсэл зоригоос эсрэг шахаж, ажпын байрны дарамт үзүүлэх байдлаар баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэн ажлаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг бичүүлэн авсан. Тухайн үед миний бие бүүр ажлын байргүй үлдэхээс эмээсэн, мөн удирдлагын шахалт дарамтаар дээрх өргөдөлийг бичсэн юм. Ажил үүргээ миний хувьд өдөр бүр зохих ёсоор хэрэгжүүлэхдээ тасгийн даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу биелүүлж байсан боловч намайг алдаа гаргасан мэтээр удирдах байгууллагад ташаа мэдээллийг өгч байсан гэж үзэж байна. 2018 оны 04-р сард балансын тайлбарлах ажиллагаанд тасгийн даргын хамт оролцсон бөгөөд тухайн хурал дээр тасгийн дарга тайланг тайлбарласан нь удирдах байгууллагын удирдлагуудад хангалттай үнэлэгдээгүй улмаар намайг шууд удирдах албан тушаалтанд мэдээлэл, арга зүйг өгөөгүй гэж тухайн үед буруутгасан. Гэтэл 2018.04-р сард тайлангаа УБ хотод хүлээлгэн өгч байх үед УБТЗ-ын даргын 2018-04-11-ний өдрийн Б-1-123 тоот тушаалыг гаргасан байна. Тушаалд ажилтны өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн гэх үндэслэлийг гол болгосон байна. Ямар ч хүн албан тушаалын, хөдөлмөрийн болон цалин хангамжийн нөхцлөө сайн дураараа, өөрөө бууруулахаар өргөдөл гаргахгүй нь тодорхой юм. Хэрвээ өргөдлийг үндэслэсэн бол ажил, албан тушаалын нөхцөлтэй дүйцэх ажлын байраар хангах талаар шууд шийдвэрлэх ёстой байсан гэтэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд намайг ямар нэгэн албан тушаалд томилоогүй зөвхөн Баянтүмэн тасгийн мэдэлд үлдэхээр шийдвэрлэсэн байна. Миний бие дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй, албан тушаал, ажлын байрны шахалт, дарамтын улмаас аргагүй эрхэнд бичиж өгсөн, өргөдөл өгөхгүй бол ямар ч ажил өгөхгүй шууд ажлаас халах тухай асуудлыг удирдлагаас удаа дараа гаргасан тул учрыг олох зорилгоор, хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж дээр өргөдлийг бичсэн. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд миний хөдөлмөрлөх эрхийг шууд үндэслэлгүй зогсоож, ажлын байраар хангагдах баталгаагүй нөхцөл байдлаар шийдвэр гаргасан нь миний эрх ашгийг ноцтой хохироож байна. Б.Б миний бие шахалт дарамтын улмаас 2018-03-13 өдөр гаргасан өргөдлөөс татгалзаж байгаа бөгөөд дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй тул хариуцагчийн 2018-04-11-ны өдрийн Б-1-123 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүйд тооцож, Б.Б миний биеийг өмнө ажиллаж байсан Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас ажиллаагүй хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.         

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг эс зөвшөөрч байгаа. Б.Б нь УБТЗын Баянтүмэн тасагт 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр инженер эдийн засагчаар ажилд орсон. Ажилд орсон хугацаанаас дараах үндсэн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Үүнд норм, нормативыг хянах үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуй нэгж байгууллагаас гарсан гэмтэл, шинээр хийгдэх ажлын бүтээмжийг сайжруулах, засварлах талаарх актыг үндэслэн төсөв зохиож зардлыг хянах, ажлыг зөв зохион байгуулах түүнд гарах зардалд хяналт тавих, хувиарлах, тасгийн даргын гаргасан тушаалын комиссын бүрэлдэхүүнд оролцох, гадны байгууллагатай худалдах, худалдан авах гэрээ, тээврийн гэрээ, зам арчилгааны гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээ, түрээсийн гэрээ зэрэг бүх гэрээ хэлцлийг боловсруулж танилцуулах, батлуулах, хяналт тавих, цалин хөлсний ХЦ-1, ХЦ-1А, орон тооны хэтрэлт хэмнэлт, өөрчлөлт, чөлөө авалт, баяр ёслол, илүү цаг, ТТХ-4, БО-19, БҮ-19-ын задаргаа, ТТХ-10 маягтын дагуу тухайн аж ахуй нэгж дээр гарсан гүйцэтгэлд зүйл бүрээр зардалд суусан эсэх, төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, түүний хэтрэлт, хэмнэлт шалтгааныг тодруулах, дээрх ажилбарыг батлагдсан маягтанд буулган хуваарийн дагуу Улаанбаатар хотод улирал, жилийн эцэст эдийн засагч нарт төлөвлөгөө гүйцэтгэл зэргийг хянуулан засварлах туслах үйлчилгээг авах, нэмэлтээр тодруулах зүйлсийг тайлбарлахаар тайлбарлан тайланг тушаадаг ба эдийн засагч нь цаашид ямар ажлыг зөв зохион байгуулах ямар материал, юу хэрэгтэй зэргийг тооцоолол, үндэслэл, судалгаа, шинжилгээн дээр түшиглэн тайлбарлаж тайлангаа хамгаалдаг. Б.Б нь Баянтүмэн тасагт ажиллах хугацаанд дээр дурдсан өөрийн ажлын чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчлийг гаргаж байгаагүй. Баянтүмэн тасгийн дарга, албан тушаалтны ажлын байрны ялгавар гадуурхалтын хандлага өнгөрсөн оноос эхлэн ихээхэн хүчтэй явагдаж эхэлсэн ба ажлаа өгөхийг янз бүрийн байдлаар шахаж дарамтлах болсон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 13-нд Б.Бын хүсэл зоригоос эсрэг ажлын байрны дарамт, шахалт үзүүлэх байдлаар Баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэн ажлаар хангаж өгөхийг хүссэн өргөдлийг бичүүлэн авсан. Тухайн үед Б.Б ажлын байргүй үлдэхээс эмээсэн мөн удирдлагын шахалт дарамтаар дээрх өргөдлийг бичсэн байдаг. Ажил үүргээ Б.Б өдөр бүр зохих ёсоор хэрэгжүүлэхдээ тасгийн даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу биелүүлж байсан боловч алдаа гаргасан мэтээр удирдах байгууллагад ташаа мэдээллийг өгч байсан гэж үзэж байна. Тухайн үед Б.Бын гаргасан алдаа зөрчлүүдийг тухай бүр бичгийн хэлбэрт буулгаж, ерөнхий нягтлан, тасгийн дарга нарт хянуулж байсан. Энэ үед чиглэл өгч, засч залруулах үүрэг өгч байгаагүй хирнээ 2017 оны 10 дугаар сараас хойш үйлдэл болгон дээр нь миний буруу, миний алдаатай зүйл, би заавал засна гэдэг үгийг албан хүчээр бичүүлж байсан. 2018 оны 3 дугаар сард баланс тайлбарлах ажиллагаанд тасгийн даргын хамт оролцсон бөгөөд тухайн хурал дээр тасгийн дарга тайланг тайлбарласан байдал удирдах байгууллагын удирдлагуудад хангалттай үнэлэгдээгүйн улмаас Б.Быг шууд удирдах албан тушаалтанд мэдээлэл, арга зүй өгөөгүй гэж тухайн үед буруутгасан. Өөрөөр хэлбэл тухайн жилийн тайланг тайлагнах үүрэг нь байгууллагын даргын үүрэг. Харин мэдээ, тооцоо судалгаагаа тухай бүрт нь өгсөн байдаг. 2018 оны 4 дүгээр сард тайлангаа Улаанбаатар хотод ирж хүлээлгэн өгч байх үед УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 дугаар тоот тушаал гарсан. Тухайн үед Б.Б нь ажил үүргээ хэрэгжүүлээд явж байсан. Үүнээс хойш ч 10 гаруй хоног ажил үүргээ хэрэгжүүлсэн. Тушаалыг гарсан өдөр нь Б.Бод мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Б.Бын хүсэл зоригийн эсрэг зүйлийг бичүүлж авснаар тушаал гаргасан. Тушаалд ажилтны өөрийн гаргасан өргөдлийг үндэслэсэн гэх үндэслэлийг гол болгосон байна. Ямар ч хүн албан тушаал, хөдөлмөрийн болон цалин хангамжийн нөхцлөө сайн дураараа, өөрөө бууруулахаар өргөдөл гаргахгүй. Орон зайн хувьд гэр бүл нь хол байгаагүй л бол сайн дураараа өөрийн цалингаа бууруулах хэмжээний ажлын байрны саналыг хүлээн авч өргөдөл гаргах ажилтан байхгүй. Хариуцагч тал тайлбартаа ажилгүй болгоогүй, няравын ажил хийлгэхээр болсон гэж байна. Гэтэл Б.Бын би өөр ажилд шилжье гэсэн өргөдөлд няравын ажилд шилжье гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Хөдөлмөрийн хуулинд ч ажилтныг өөр ажилд шилжүүлж байгаа бол хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг бууруулж болохгүй гэсэн зохицуулалттай. Б.Б нь дээрх өргөдлийг өөрийн сайн дураар гаргаагүй, албан тушаал, ажлын байрны шахалт, дарамтын улмаас аргагүй эрхэнд бичиж өгсөн, өргөдөл өгөхгүй бол ямар ч ажил өгөхгүй шууд ажлаас халах тухай асуудлыг удирдлагаас удаа дараа гаргасан тул учрыг олох зорилгоор хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж дээрх өргөдлийг бичсэн. Иймээс УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар тушаал нь Хөдөлмөрийн хууль болон бусад эрхийн актуудыг зөрчсөн, ажилтны хүсэл зоригийн эсрэг хөдөлмөрийн ялгаварлан гадуурхалт байдлаар гаргасан тушаал. Иймд УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь ХНН УБТЗ-ын даргын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б-1-93 дугаар тушаалаар мөн сарын 09-ний өдрөөс эхлэн Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчаар ажилласан. УБТЗ ХНН-ийн Удирдах газар Баянтүмэн тасгийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнг хэлэлцэх хурлыг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хийж, эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүгнэлт, тайлбар, төлөвлөгөөний өссөн, буурсан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, өөрийн өртөг, хөдөлмөрийн бүтээмж зэрэг гол гол зүйлүүдийг тусгаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланг хангалтгүй өгсөн тул түүнд УБТЗ даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний Б-М-48 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр УБТЗ-ын Удирдах газраас Баянтүмэн тасгийн 2017 оны жилийн эцсийн үйлдвэрлэл, санхүүгийн үр дүнг хэлэлцэх хурлыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга /НЗ-1/ Милостных И.В удирдан хийж, тус хурлаар Б.Бын ажлыг өөрчлөн, тасгийн мэдэлд өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. УБТЗ ХНН-ийн Баянтүмэн тасагт инженер эдийн засагч ажилтай Б.Б нь 2018.03.13-ны өдөр Хүний нөөцийн албанд ...өөр ажлын байранд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг үндэслэн УБТЗ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-123 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, Баянтүмэн тасгийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тушаалаар ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор байхаар тогтоожээ. УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албанаас түүнийг улирлын тайлан бланс тушаахаар Улаанбаатар хотод ирсэн үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дээрхи тушаалыг гардуулсан нь тушаал бүртгэх бүртгэлийн 192-рт бүртгэгдсэнээр нотлогдоно. Б.Бод мөнгөний нярав, бэлтгэн нийлүүлэгчээр ажиллах санал болгоход тухайн үед зөвшөөрсөн атлаа 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргана гэсэн хариуг утсаар өгсөн байна. УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн алба нь Баянтүмэн тасгийн ахлах нягтлан бодогч Э.Туяасайханы оронд мөнгө, агуулахын нярваар ажиллаж байгаа С.Шинэбаярыг, С.Шинэбаярын оронд инженер эдийн засагчаар ажиллаж байсан Б.Быг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд С.Шинэбаярыг ахлах нягтлан бодогчоор ажиллуулахаар Авилгатай тэмцэх газарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 18/1012 дугаар бичгээр хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Хариу ирсэн тохиолдолд С.Шинэбаяр, Б.Б нарын тушаал гаргахаар төлөвлөсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт: ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-т Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар цуцална гэжээ. Б.Бын өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг хүссэн хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан. Түүний уг хүсэлтийг гаргах болсон учир шалтгааныг нотлох баримтттай харьцуулан дүгнэж үзэх нь зүйтэй байна. Баянтүмэн тасгийн дарга П.Түвшинжаргалын зүгээс ямар нэг шахалт шаардлага, зүй бусаар нөлөөлөлсөн зүйл байхгүй, харин ч ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан нь дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд: 1.Ажил олгогч болон Б.Б нарын хооронд 2017 онд байгуулсан Хөдөлмөрийн /хугацаагүй/ гэрээний 3.6-д Ажил олгогч нь ... ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг ажилтнаар тодорхойлолт бичүүлж авах, хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж, 4.2-т ажилтан нь ... хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж, ажилтан нь ажил олгогчийн шаардсанаар гаргасан зөрчил болон эрхэлж буй ажилтай холбоотой тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй. Тодорхойлолт гаргаж өгөөгүй нь зөрчлийг гаргаагүйд тооцох үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Ийнхүү ажилтан нь зөрчил гаргасан тохиолдол бүрт тодорхойлолт /ажил олгогчид/ гаргаж өгөх үүрэг хүлээжээ. Үүний дагуу Б.Б нь 2017-2018 онд ажил олгогчид ажлаа сайжруулах тухайд болон үүргээ зохих хугацаанд нь биелүүлж байх талаар удаа дараа буюу нийт 5 удаа ажил олгогчид тодорхойлолт гаргасан байх ба эдгээрээс дурдахад: Зүтгүүрийн депогоос 6 зүйлийн захиалгын хуудас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Үнийн судалгааг 2017.07.07-нд Ми мён ХХК-иас, 07 дугаар сарын 26-нд бусад 5 зүйлийн судалгааг Электрон монтаж, Барилгачин дэлгүүрээс тус тус гаргаж, нярав С.Шижир-Эрдэнэд өгсөн. 2017.07.14-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 3 дугаар улирлын тайлан тушааж ирсэн гэсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт гаргасан байх бөгөөд уг тодорхойлолт дээр тасгийн дарга нь 08 дугаар сарын 03-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй 10 нэгж хасах гэж цохолт хийснээр, мөн тэрээр тасгийн даргадаа танилцуулахгүй, түүнээс санал авахгүйгээр дур мэдэн 2018 оны их засварын төлөвлөлтийг гаргасан, үүнийг гаргахдаа дутуу хийсэн, мөн оны орон тооны судалгаа, батлуулах саналыг дутуу боловсруулсан нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тодорхойлолтоос харагдах бөгөөд тэрээр өөрийн гаргасан алдаа дутагдлаа ойлгоод ..... цаг хугацаатай тайлан судалгааг гаргаж өгч, танилцуулж байх, түүнчлэн дахин ийм алдаа гаргахгүй гэсэн амлалт өгч байсан атлаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд ...10 дугаар сарын 02-ны өдөр их барилга, их засвар, хөрөнгө оруулалт болон орон тооны урьдчилсан саналын талаарх тодорхойлолтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн. Цаашид тодорхойлолтыг нэхсэн өдөрт нь гаргаж өгч ажиллана гэж, мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Замын нэгдүгээр орлогч даргын удирдсан намрын Замын даргын үзлэгийн үеэр өгөгдсөн нийт 107 ажилчдынг шагнах тухай санхүүгийн тооцоог буруу гаргасан нь түүний 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ..НН албаны дарга, Н-ийн үзлэгээр зуны ажилд сайн ажилласан ажилчдын судалгааг гаргаж нэг сар 30 хувиар нэмэгдуулсэн жагсаалт гаргаж явуулах үүрэг өгсөн. Үүний дагуу 107 хүний нэрсийн жагсаалт, үндсэн болон тариф зэргийн цалинг гаргаж нийлбэрийг нь үндсэн болон тариф зэргийн цалин дээр нэмэгдэх 30 хувийг нэмж,1.3 дахин харагдуулж явуулсан миний алдаа байсан. Дахин засаж факсаар явуулсан. Нийт 24336161.37 төгрөг НДШ-ийн 18 хувиар тооцон гаргасан гэжээ. Ийнхүү эдгээр тодорхойлолтууд нь түүнийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлдэггүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддагийг болон сахилгын зөрчлийг давтан гаргаж байсныг нотлож байгаа төдийгүй тус ажилтан өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн /40 дүгээр зүйлийн 40.1.4/-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, зөрчил тус бүр нь тогтоогдсон боловч ажил олгогчийн зүгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй байна. Үүнийг сахилгын шийтгэлийг зөрчил бүрт заавал ногдуулсан байх шаардлагагүй гэсэн зарчмыг үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй юм. Баянтүмэн тасгийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын багц дүрэм, журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтын заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гаргасанд тооцно. Уг журмын 12.2.1, 12.2.2-д зааснаар Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж Хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлж ажиллах, тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний горимыг чанд сахин биелүүлэх, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэг хүлээсэн байна. Мөн журмын 13.1.1-д зааснаар ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байна. УБТЗ ХНН-ийн Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 болон УБТЗ даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тухай А-113 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад зааснаар Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагч Б.Б нь Замын даргын мэдлийн ажилтан мөн тул түүнийг ажилд томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох албадын дарга нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Замын даргын тушаалаар шийдвэрлэдэг. Б.Б нь Баянтүмэн тасгийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.6-д заасны дагуу тус тасгийн үйл ажиллагааны эцсийн үр дүнг УБТЗ-ын даргын өмнө бүрэн хариуцах албан тушаалтны нэг мөн. Тэрээр Ажлын байрны тодорхойлолтын 1.2-1.7, 1.9-1.12, 2.3, 2.6-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон дүрэм, зааврыг биелүүлж ажиллах, мэргэжил ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачлагатай ажиллах үүрэг хүлээсэн төдийгүй тасгийн шуурхай ажлын мэдээ, тайланг нэгтгэн дараа сарын 10-ны дотор төлөвлөгөөний гүйцэтгэлийг гарган тайлан тэнцэлд тусгах, тасгийн ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, техник хэрэгслийг үр ашигтай ашиглах, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, үргүй зардлыг багасгах, цалингийн санг хэмнэх, тээвэрлэлтийн өөрийн өртгийг хямдруулахад чиглэсэн техник зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд оролцох, тасгийн удирдлагатай хамтран хөдөлмөрийн болон зардлын нормд дүн шинжилгээ хийх, тасгийн үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөний төслийгжил, улирлаар боловсруулан тасгийн удирдлага, Төлөвлөгөө эдийн засгийн албаны инженер эдийн засагчтай зөвшилцөн батлуулах ба төлөвлөгдсөн зардлыг ангилан хувааж, сар улирлын биелэлтийг гаргаж өгөх, биелэлтийг хангаж тасгийн удирдлагад танилцуулна, төлөвлөгөөний гүйцэтгэлийг гаргаж, дүн шинжилгээг улирал тутамд хийж, тайлан тэнцлийн тайлбар бичигт тусган улирлын тайлан баланс гарсны дараа 3 хоногийн дотор буюу 20-ны дотор Төлөвлөгөө эдийн засгийн албаны Инженер эдийн засагч, тасгийн удирдлагад өгөх, Их барилга, их засвар, хөрөнгө оруулалт, баяр ёслолын болон бусад арга хэмжээний төсөв хийж, тасгийн удирдлагаар батлуулан төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, ажлын цагийн бүртгэл, цалингийн нэгтгэлийг шалгах, илүү цагийн судалгаанд хяналт тавих, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, ажиллагсдад сард олгох шагналын дүрмийг боловсруулахад саналаа өгөх, түүний биелэлтэд хяналт тавих, шагналт цалинг хэлэлцүүлэхэд тодорхойлолтуудыг нэгтгэж, захиргааны зөвлөлд танилцуулах, жил бүр тасгийн ажиллагсдын орон тооны төслийг Хүний нөөцийн менежертэй хамтран боловсруулан тасгийн захиргаанд танилцуулан хянуулж, Замын комиссоор батлуулан удирдлага болгон ажиллах зэрэг үүрэг хүлээсэн. Гэвч Б.Б нь зүтгүүрийн дизель түлшний тооцооллыг хийдэггүй, санхүүгийн тайлангийн дүн шинжилгээг хийхдээ тоо, тооцоо, график үзүүлэлтүүдийг буруу хийдэг /тухайлбал 2017 оны балансын тайлбарыг 2 өөрөөр хийсэн ба энэ 2 нь алдаатай, тоо тайлбарууд зөрүүтэйд болон зардал орлого өмнөх оноос болон төлөвлөснөөс хэтэрсэн, нэмэгдсэн, өссөн үзүүлэлтүүдийн шалтгааны дүн шинжилгээ хийдэггүй, балансын тайланг үг, найруулгын алдаатай бичдэг/, дүн шинжилгээг хийхдээ графикийг ашиглах ёстой байхад графикийг оновчгүй, ойлгомжгүй сонгож, хэмжих нэгжээр илэрхийлдэггүй,байгууллагын эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болох өөрийн өртгийг бодож чаддаггүй, хөдөлмөрийн бүтээмжийн тооцоог хийдэггүй байна. Ийнхүү балансын тайлбар зөв хийхгүй хариуцсан ажилдаа хангалтгүй байгаа талаар 2015 оны үр дүнг 2016 оны 3-р сард хэлэлцсэн хурлаар хэлж, ажлаа сайжруулахыг сануулж, хэрэв ажлаа сайжруулж чадахгүй бол цаашид ажиллуулах боломжгүй гэдгийг урьдчилан сануулж байсан. Түүнийг одоогийн болон өмнөх дарга /ЭнхБ/ нар ажлаа хийж чадахгүй тул өөр хүнээр сольж өгөх талаар ч хүсэлт гаргаж байсан. 2.Баянтүмэн тасаг нь УБТЗ-д тээвэрлэлт, туслах үйлдвэрийн чиглэлийн бүх салбарын байгууллагын цогц үйл ажиллагаа явагдаж байдаг онцлогтой ганц байгууллага тул төмөр замын тээврийн мэргэжлийн эсхүл санхүү эдийн засгийн өндөр ур чадвар, мэдлэгтэй ажиллах ёстой бөгөөд энэ тавигдаж буй шаардлагад Б.Б нийцэхгүй байгаа болно. Энэ байдал нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр УБТЗ-ын Удирдах газарт болсон Баянтүмэн тасгийн 2017 оны баланс тайлбарлах хурлаар түүнийг 4 жил ажиллаад ажлаа сайжруулаагүй, ахиц гаргаагүй, ажлын шаардлага хангалтгүй гэж дүгнэснийг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд хурлын төгсгөлд хурал удирдсан Замын нэгдүгээр орлогч дарга /НЗ-1/Милостных И.В нь Б.Бын ажлын байрыг өөрчлөх, өөр ажилд шилжүүлэх талаар ярьж, түүнийг гэр бүлийн байдлыг асуугаад гэр бүл, 4 хүүхдээ яаж тэжээх бэ гээд Зам дээр ажиллаж чадах эсэхийг асуухад тэрээр хамаагүй гэж хариулсан байх бөгөөд өөрийн алдаа дутагдлаа ухамсарлан ойлгож, дүгнэлт хийн хүлээн зөвшөөрч, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг сайн дураар гаргасан нь тухайн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон УБТЗ-ын удирдах газрын төлөвлөлт, эдийн засгийн албаны ашиглалтын зардал хариуцсан инженер /ННи/ Б.Баярмагнайгийн хууль зүйн албанд ирүүлсэн тайлбар, Баянтүмэн тамгын дарга /НОД/П.Түвшинжаргалын ...хүчээр тулгаж бичүүлээгүй, тухайн үед зөвшөөрч, өөрөө өргөдлөө бичиж өгсөн, өргөдөл бичиж өгөх үед хуралд оролцсон хүмүүс байсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэж, хүсэлт гаргасан учир шалтгааныг нотлох баримттай харьцуулахад гомдол гаргагч Б.Б нь өөрийн хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж байснаа ойлгоод, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаарх хүсэлтээ сайн дураар, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан байна. Иймд түүний шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Дээрх хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасныг баримтлан ажилтны санаачилгаар цуцласан гэж үзэн дуусгавар болгожээ. Ажилтан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тушаалыг үндэслэлгүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэсэн гэж маргаж байх ба харин нэхэмжлэгч өргөдлийг сайн дураараа гаргаагүй, ажлын байрны шахалт, дарамтын улмаас гаргасан, ажлаас чөлөөлж өгөөч гэж хүсээгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Б 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр УБТЗын Хүний нөөцийн албанд миний бие Баянтүмэн тасагт 2014 оноос одоог хүртэл инженер-эдийн засагчаар ажиллаж байна. Тус тасагт өөр ажлын байранд шилжүүлж ажлаар хангаж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний харилцааг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болгосон үйл баримтад талууд маргаагүй, харин ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажилтан өөрийн сайн дураар гаргасан эсэх, ажил олгогчийн оролцоотойгоор гаргасан эсэхэд маргаж байна. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр УБТЗын нэгдүгээр орлогч даргын удирдан явуулсан 2017 оны баланс тайлбарлах хурлаар Б.Быг ажилдаа ур чадвар муу талаар яригдаж, уг хурлаар түүний ажлыг өөрчлөх, Баянтүмэн тасагт өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар болон хурлын тэмдэглэл /ХХ-ийн 36-38-р хуудас/-ээр тогтоогдож байна. Уг хурлын тэмдэглэлд замын нэгдүгээр орлогч даргаас: зам дээр ажиллаж чадах уу, ...хийж чадахгүй ажлыг энэ хүнд хариуцуулсан байна, төмөр замаас хөөж байгаа юм биш, ажил олж өг гэж тасгийн даргад нь үүрэг өгсөн талаарх мэдээлэл тусгагдсан байна. Хариуцагчийн төлөөлөгчийн Б.Б нь удаа дараа алдаа, дутагдал гаргаж, үүнийгээ хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгч байсан, сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд ажилдаа хариуцлагагүй хандаж байснаа ойлгоод өөр ажилд шилжин ажиллах хүсэлтээ өөрөө сайн дураараа, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан гэсэн тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал Б.Б хариуцлагагүй байдлаа ухамсарлан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлан хэлэлцэх хурлаас өмнө гаргасан болохыг нотлоогүй болно. Дээрх байдлаас дүгнэвэл Баянтүмэн тасгийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хэлэлцэх хурлаар Б.Быг ажил, мэргэжилдээ ур чадвар муу үндэслэлээр өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэж, тухайн шийдвэрт нийцүүлэн Б.Б ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг гаргасан үйл баримт тогтоогдсон гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг ажил олгогчийн оролцоогүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдгийг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно. Б.Бын ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд шилжих өргөдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзнэ. Иймд УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Б.Бын ажилгүй байсан хугацааны ажлын 47 өдрийн /2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /6896644 : 3 сар = 2298881 төгрөг, 2298881 төгрөг : 21.5 ажлын өдөр= 106925 төгрөг, 106925 төгрөг х 47 өдөр = 5025475 төгрөг/ 5025475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 4 сарыг оруулахгүй 1-3 дугаар сарын цалингийн дундажаар тогтоосон болно. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал нь ялгаатай ойлголтууд бөгөөд энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50-54 дүгээр зүйлд зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд ажиллаагүй хугацаанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгогдохгүй, харин нэмэгдэл нь ажилтны мэргэжлийн ур чадвар /мэргэшлийн зэрэг/, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран тогтоосон цалин хөлс ба урьд нь нэмэгдэл авч байсан бол ажиллаагүй хугацааны цалин хөлс 5025475 төгрөгт орсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ажиллаагүй хугацааны цалин хөлсийг урьд авч байсан буюу 2018 оны 1-3 дугаар сарын цалин хөлсний дундажаар тооцсон тул нэмэгдэл орж бодогдоно. Иймд ажиллаагүй хугацааны нэмэгдэл хөлс, урамшуулал авах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь тогтоосон хувь хэмжээгээр ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг үүрэг болгох нь зохистой байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5025475 төгрөгт ногдох 95358 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар МОХНН УБТЗын даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-123 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Быг МОХНН УБТЗын Баянтүмэн тасгийн инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч МОХНН УБТЗаас 5025475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлээс нэмэгдэл хөлс болон урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч МОХНН УБТЗд үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХНН-УБТЗ нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 95358 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ГАНДИЙМАА