Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1862

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К.М ББСБ” ХХК-д холбогдох

 

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 645 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь “К.М ББСБ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас хуульч, хуулийн зөвлөх, тамгын газрын захирлаар ажиллаж байгаад, гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаас халагдсан. Гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан. Үндэслэлгүйгээр ажлаас халсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрээр тогтоож, Б.Б-г ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговорт 17 814 286 төгрөг гаргуулж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа боловч хариуцагч компанийн захирал У.Барсболд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. ...Шүүхийн шийдвэрээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цалин 46 645 680 төгрөгийг нэхэмжилж байна. “Кредит монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж, өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн шаардлагыг тавьдаг. “К.М ББСБ” ХХК-ийн захирал У.Барсболд нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 дугаар тушаал гаргаж тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд томилж, 245 000 төгрөгийн цалин олгох тухай тушаалыг гаргасан боловч ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй, цалин хөлсний талаар зөвшилцөөгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр үзүүлдэг. Иймд “К.М ББСБ” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 46 645 680 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрийг биелүүлж иргэн Б.Батдоржийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 16/45 тоот тушаалаар Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь өөрөө албан тушаал хүлээн авч, ажиллахаас татгалзсан. Түүнчлэн манай байгууллага нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсны улмаас орон тооны цомхотгол хийж нийт ажилтнуудын ихэнх хувь нь цомхотгогдсон бөгөөд Улаанбаатар болон орон нутаг дахь салбаруудаа татан буулгасан. Ийнхүү цомхотгол хийсэнтэй холбоотойгоор байгууллагын ажлын орон тоог 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс шинэчлэн баталсан. Б.Б-ийн эрхэлж байсан Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаал байхгүй, байх шаардлагагүй болсон. Б.Б-ийн хувьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохоор харилцан тохиролцохыг хүссэн боловч Б.Б ийнхүү харилцан тохиролцохыг хүсээгүй юм. Б.Б нь компаниас 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 58 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд эдгээр зээлүүдийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул тус зээлүүдийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр зээлүүдийн хувьд Б.Б нь манай байгууллагад ажиллаж байхдаа өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж өндөр дүнтэй цалингийн зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр авсан байдаг бөгөөд барьцаалсан байсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж байгаад тус хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан. Компанид их хэмжээний хохирол учруулсан, мөн компанид эргэж ирж 1 цагийн ч хөдөлмөр эрхлээгүй байж цалингаа нэхэж байгаа нь хууль, өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү ажилдаа эргэж ороогүй нь Б.Б-ийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул “К.М ББСБ” ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч К.М ББСБ ХХК-иас 46 645 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 469 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б нь Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч бөгөөд "К.М ББСБ" ХХК-д ажиллаж байхдаа өмгөөлөгчөөр давхар ажилладаг байсан нь илэрсэн, тус байгууллагаас гарснаас хойш ч өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн, нэхэмжлэгч Б.Б нь өмгөөлөгчийн эрхээ түдгэлзүүлэхгүй, "К.М ББСБ" ХХК-д дахин ажилласан ч өмгөөлөгчөөрөө давхар ажиллана гэдгээ удаа дараа шүүх хуралд хэлсэн боловч шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заалтыг хэрэглээгүй, холбогдох нотлох баримтыг үнэлж, дүгнэлгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөв хэрэглээгүй. Хариуцагч "К.М ББСБ" ХХК нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө санхүүгийн хувьд эрсдэлд орж, салбаруудаа татан буулган орон тоо, бүтцээ багасгасан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, Б.Б-г ажилд нь эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч нь ажилд орох хүсэл сонирхолгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд шүүх хуралд ч мөн илэрхийлж байсан.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй түүнд холбогдох нотлох баримтыг огт хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг заавал олгоно гэсэн хувийн дотоод итгэл, шүүхийн практикийг харгалзан шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч нь "К.М ББСБ" ХХК-д ажиллаж байгаад гарснаасаа хойш огт хөдөлмөр эрхлээгүй бус өмгөөлөгч, хуульчаар бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК-иас ажил гүйцэтгэх бүртээ байгуулдаг “МИК актив” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр цалин хөлстэйгээр байнга ажилладаг болох нь нийгмийн даатгалын лавлагаа болон бусад баримтаар тогтоогдож байх боловч шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

Монголын хөдөлмөрийн эрх зүйн боловсронгуй бус байдал, компанийн хүний нөөцийн хөгжлийн нийтлэг сул тал нэхэмжлэгч, хариуцагчийн хувийн байдал, маргааны талаарх үйл баримтыг үнэлэх хандлага зэрэг өнөөгийн бодит эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх харгалзан үзэж, холбогдох хуулийг зөв хэрэглэх шаардлага тулгарч байна. Учир нь "К.М ББСБ" ХХК нь хувьцаа эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай хуулийн хүрээнд зээл хэлбэрээр бусдад олгож, түүний орлогоос ажилчдын цалин хөлс, компанийн урсгал зардлыг санхүүжилдэг хуулийн этгээд, нөгөө талаас нэхэмжлэгч Б.Б нь тус байгууллагад хуулийн зөвлөх албан тушаал эрхэлж байхдаа авсан 35 000 000, 58 400 000 төгрөгийн 2 зээлийн үлдэгдлээ төлдөггүй, энэхүү үүргээ биелүүлэхгүй байх үүднээс "К.М ББСБ" ХХК-д холбогдуулан удаа дараа шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хувийн эрх ашгийг хамгаалахын тулд мэргэшлийн ёс зүйг зөрчиж шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг ашиглаж байгааг шүүх анхаарсангүй. Энэхүү хөдөлмөрийн маргаан нь шүүхээр шийдвэрлэгддэг бусад хөдөлмөрийн маргаанаас өөр бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн хувийн байдал, маргааны үйл баримт нь өөрийн гэсэн онцлогтой байх тул шүүх тусгайлан холбогдох баримтыг бүх талаас нь бүрэн дүгнэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “К.М ББСБ” ХХК-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 645 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 дугаар магадлалаар Б.Б-ийг “К.М ББСБ” ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 814 286 төгрөгийг хариуцагч “К.М ББСБ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид  даалгаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.                                                                                                                         /хх-6-12 дахь тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн 5, 13 дахь талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ГХ2016/02940 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/15026 тоот албан бичиг зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 16/45 тоот тушаалаар Б.Б-г тус компанийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн томилсон гэх боловч ажилтныг ажиллах нөхцөл, ажлын байраар нь хангаагүй, цалин хөлсийг дордуулснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй тул дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бодитоор биелэгдсэн гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 21 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 46 685 717 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 21 сар 11 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт        46 250 000 төгрөгийг хариуцагч “К.М ББСБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К.М ББСБ” ХХК-иас 46 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 395 680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “469 900” гэснийг “389 200” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К.М ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА          

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ