Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2021/00094/И |
Дугаар | 101/ШШ2021/03762 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/03762
2021 11 17 | 101/ШШ2021/03762 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-д холбогдох
Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Мөнгөнсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Отгонбаярын Мөнгөнсүх миний бие 2017 оны 12 сарын 18-ны өдөр иргэн Ганбатын Батбуянтай автомашин худалдах худалдан авах №8056 тоот гэрээ байгуулсан. Автомашин нь Honda Inspire маркийн UC1-1050360 арлын дугаартай хар өнгийн 0446УБҮ улсын дугаартай авто тээврийн газраас 2010 оны 10 сарын 11-ний өдөр олгосон №0046157 тоот бүхий гэрчилгээгээр нотлогдоно. Дээрх автомашины үнийг талууд 7,000,000 (долоон сая) төгрөгөөр тохиролцсон. Уг худалдах худалдан авах гэрээний 3-р зүйлд төлбөрийг 2017 оны 12 сарын 18-ны төлж дууссан болно гэж заасан. Тухайн үед төлбөрийг дараа төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон байсны үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон юм. Энэхүү гэрээний дагуу О.Мөнгөнсүх миний бие уг автомашины төлбөрт одоо хүртэл бэлнээр болон бэлэн бусаар огт төлбөр аваагүй байгаа болно. Иймд дээрх автомашины төлбөрийг нэхэмжилж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Учир нь гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн болно. Ганбатын Батбуянаас Honda Inspire маркийн UC1-1050360 арлын дугаартай 0446УБҮ улсын дугаартай автомашин худалдах худалдан авах гэрээний дагуу тохиролцсон 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Машин худалдсан үнэнд 7 саяыг гаргуулна. 2017.12.18-нд гэрээ хийсэн. 7 хоногийн дараа машины нэр шилжүүлсэн. Танилууд тул төлбөр тооцоо дууссан гэсэн. Цар тахлаас болж шуудангаар нэхэмжлэл гаргасан. Төлбөр тооцоо дуусаагүй. Машины үнийг аваагүй. Иймд нэхэмжлэлээ дэмжинэ. Давах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх ёстой гэсэн. 2017.12.25-нд машины нэр шилжсэн. Иймд би нэхэмжлэлээ 2020.12.22-нд гаргасан байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёсгүй. Цар тахлаас болоод хугацааг сунгах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч талын яриад байгаа орон сууц нь надтай холбоогүй. Би харин уг орон сууцны ажлыг хариуцаж байсан. Миний орон сууц биш. Барилга барьсан этгээдэд нь мөнгийг өгч байсан ба энэ талаар гэрч хэлдэг. Урьдчилгааны төлбөр нь бүгд байрны мөнгөнд тооцогдсон байдаг. Урьдчилгаа гэж төлсөн мөнгийг машины мөнгө гэдэг нь буруу юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хүний хөрөнгийг үнэгүй авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байна. Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг банк татаж авсан болох нь хуулгаар харагддаг. Үүнийг надад төлсөн гээд байдаг юм гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ану нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Мөнгөнсүх нь 2020.12.22-ны өдөр машин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөгийг хариуцагч Г.Батбуянаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. О.Мөнгөнсүхийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон талаар
Нэхэмжлэгч О.Мөнгөнсүхээс 32.04 м.кв бүхий нэгж талбартай орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцож, 1м.кв-ийг 1,350,000 төгрөг нийт /32.04 * 1350000 = 43254000/ төгрөгөөр авахаар болж улмаар 2016.03.17 өдрөөс 2017.12.08-ны өдрийг хүртэл нийт 30 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийтдээ 18 302 800 төгрөгийн үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрт шилжүүлээд байсан бөгөөд үлдэгдэл 24 951 200 төгрөгийг төрийн банкнаас зээл гаргуулж барагдуулахаар болсон тул талууд орон сууц захиалгын гэрээг 2017.12.05-ны өдөр нөхөн үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн юм. Мөн түүнчлэн О.Мөнгөнсүх өөрийн автомашинаа худалдана хэмээн санал тавьж, худалдан авахаар тохиролцож автомашины үнийг байрны зээл дээрээ нэмж гаргуулахаар ярилцаж “орон сууц захиалгын гэрээ” байгуулахдаа машины үнийг нэмж гаргахын тулд байрны 1 м.кв үнийг 1 570 000 төгрөг болгон нэмж гэрээ хийсэн бөгөөд Төрийн банкнаас 2017.12.18-ны өдөр зээл гарч мөн өдөр 32 000 000 төгрөгийг төрийн банкны 340004104358 тоот дансанд шилжүүлснээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болсон билээ. Гэрээний үүргийг худалдан авагч талаас бүрэн төлж барагдуулсныг 2017.12.18-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлд тусгасан “ Автомашиныг худалдах үнийг талууд 7 000 000 /долоон сая/ төгрөг байхаар 2 тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2017 оны 12 сарын 18-ы өдөр төлж дууссан.” хэмээн үүрэг дуусгавар болсныг тогтоосон байна.
2. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар
Талууд “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г 2017.12.18-ны өдөр байгуулсан билээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгасан билээ. Иргэн О.Мөнгөнсүхийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн боломжит хугацаа 2020.12.18-ны өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2020.12.22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж гэрээтэй холбоотой харилцаа бүрэн дуусгавар болсон байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрнө. Нэхэмжлэгчтэй байгуулагдсан машин худалдах худалдан авах гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс машин болон орон сууц худалдаж авсан. Орон сууц худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхдээ машины 7 саяыг хамтад нь төлсөн. Нэхэмжлэгч нь ХХБ-с данс уруу шилжүүлүүлсэн. Нэхэмжлэгчээс 1 350 000 төгрөгөөр м.кв-г нь авахаар тохироод нийт үнэ нь 43 254 000 төгрөг болно. Энэ тохиролцооны дагуу 2017.12.8-ны өдөр хүртэл нийт 30 удаагийн шилжүүлгээр нийт мөнгийг шилжүүлсэн. Хэрэгт 29 үйлдлээр 18 302 800-г нэхэмжлэгчийн ээж Оюунчимэгийн болон нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Голомтын дансанд 10 550 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. 2017.12.5-нд үлдсэн төлбөр 24 950 200 төгрөгийг зээл авч төлнө гэсэн. Зохигчид бол найзууд юм. Энэ үед машинаа зарах болоод мөнгөгүй гэхэд байрны гэрээг үнийн дүнг нэмж бичээд илүү зээл аваад мөнгийг нь төлчих гэсэн. Улмаар байрны мөнгийг 1 500 000 төгрөг болгож нөхөж гэрээ хийсэн. Ингээд зээл аваад мөн машины худалдах гэрээ хийгдсэн. Ингээд 32 сая төгрөгийг нэхэмжлэгчийн санал болгосон данс уруу шилжүүлсэн. Орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулсан байдаг. Ингээд орон сууцны үнийн дүнг өсгөөд төлбөрөө бүрэн дуусгасан. Машин худалдах үед нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээний 3-т заасан төлбөрийг төлж дуусгасан. Мөн 7-д төлбөр дууссан гэдгийг талууд зөвшөөрсөн. Үүний дагуу машины нэрийг шилжүүлж өгөх талаар бичсэн. Хариуцагч нь машиныг хүлээн авсан. Төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 75-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн гэсэн баримт гаргаагүй. Мөн шүүхээр хугацаагаа сэргээлгэсэн баримтгүй. Мөн хоорондоо бичиж байсан чатаар бичсэн баримт хэрэгт байдаг. Худалдах худалдан авах гэрээний үнийг авсан гээд гэрээнд гарын үсэг зурсан. Машин нь эвдэрсээр байгаад засварын хүн нь 2 саяар авчихсан. Нэхэмжлэгч нь 7 саяар зараад буцаагаад 2 саяар авчихсан. Энэ нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь эхнэртэй нь муудсанаас болоод нэхэмжлэл гаргасан. Энэ хэрүүлээс болоод хариуцагч нь авсан орон сууцандаа амьдардаггүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр тооцоогүй гэдгийг нэхэмжлэгч нь мэдэж гэрээнд зурсан бөгөөд нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай. Төлбөр тооцоо дууссан гэсэн бөгөөд хэрэв дуусаагүй юм бол өмнө нь мөнгөө шаардаж байсан баримт хэрэгт байхгүй. Нэг ч удаа төлбөрөө төл гэсэн мессеж бичсэн гэх зүйлгүй. 7 саяыг төлсөн бөгөөд түүнд ногдох хүүг авахгүй гэсэн мессежийг уншсан байдаг. Хэрэв төлөөгүй бол энэ талаар нотолсон баримтгүй. Нэхэмжлэгч нь төлбөр аваагүй гэдгээ нотлох ёстой гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнсүх нь автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Батбуян нь автомашин худалдах худалдан авах гэрээний төлбөрийг орон сууц худалдан авах гэрээний хамт төлж дуусгасан, мөн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх дуусан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах худалдан авах тухай 7,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан байна. (хэргийн 2 дугаар тал)
Улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан 04-46 УБҮ улсын дугаартай Хонда Инспайр маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 244 дугаар лавлагаа, түүний хавсралтаар тогтоогдсон. (хэргийн 47-49 дүгээр тал)
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 1 м.кв-н үнийг 1,350,000 төгрөгөөр тохиролцсон боловч илүү зээл авч маргаж буй автомашины төлбөрийг төлөх зорилгоор гэрээний үнийг 1 м.кв нь 1,570,000 төгрөгөөр нөхөн гэрээ хийсэн гэж тайлбарласан. (хэргийн 15-16 дугаар тал)
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлдог.
Мөн хэрэв орон сууц захиалгын гэрээг нөхөн хийсэн бол хариуцагчийн тайлбарт дурдсанаар 1 м.кв-н үнийг 1,350,000 төгрөгөөр тохиролцсон гэх өмнөх гэрээг шүүхэд ирүүлэх боломжтой юм. Гэвч хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд хариуцагчийг автомашины үнийг оролцуулан орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Хариуцагч нь маргаж буй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээний 3-т төлбөрийг бүрэн төлсөн талаар заасан гэж тайлбарласан. Мөн ийнхүү төлөхдөө хэргийн 17-19 дүгээр талд байх орон сууцны зээлийн гэрээний дагуу авсан 32,000,000 төгрөгөөр төлсөн гэж тайлбарлаж байна. Гэвч энэхүү орон сууцны зээл нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон нь С.Өлзийсайханы Төрийн банк дахь 360000212034 тоот дансны хуулгаар нотлогдож байх тул автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулах үед төлбөр төлөгдөөгүй байжээ. (хэргийн 20 дугаар тал)
Түүнчлэн дээрх 32,000,000 төгрөгийг С.Өлзийсайхан нь О.Оюунчимэгт 27 тоот байрны төлбөр гэсэн зориулалтаар төлсөн байна. Энэхүү төлбөрийг хүлээн авсан Төрийн банк дахь 340601448202 тоот дансны эзэмшигч нь О.Оюунчимэг болох нь Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 026/4773 дугаар албан тоотоор тогтоогдсон. (хэргийн 152 дугаар тал)
Улмаар дээрх 32,000,000 төгрөг нь О.Оюунчимэгийн данснаас зээлийн төлбөрт суутгагдсан болох нь хэргийн 153 дугаар талд байх О.Оюунчимэгийн дансны хуулгаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд энэхүү 32,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид автомашины төлбөр болох 7,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхээргүй байна.
Үүнээс гадна хариуцагчаас нэхэмжлэгч О.Мөнгөнсүх болон түүний эх О.Оюунчимэгийн дансанд төлсөн бусад төлбөрүүдийг Худалдаа хөгжлийн банкны хуулга, Голомт банкны хуулга, Төрийн банкны хуулга болон холбогдох банкнаас ирүүлсэн баримтаас үзэхэд байрны төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн байх бөгөөд төлсөн хугацаа нь маргаж буй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн гүйлгээ байна. (хэргийн 172-194, 206-209, 215, 233-242 дугаар тал )
Иймд эдгээр төлбөрийг автомашины төлбөр гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.Батбуян нь автомашины үнэ болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Мөнгөнсүхэд төлсөн гэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
Энэхүү гэрээний талуудын үүрэг нь нөгөө талд үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид автомашины өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш үнийг шаардах эрх үүсэхгүй, харин гэрээ байгуулагдсанаар үнийг шаардах эрх үүснэ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид автомашины үнийг шаардах эрх гэрээ байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байна.
Харин нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн дугтуй дахь шуудангийн дардас, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. (хэргийн 4 дүгээр тал)
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хугацааг хоногоор тоолно. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолох бөгөөд 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсжээ.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Г.Батбуянд холбогдох 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД