Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01214

 

 

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01214

 

О.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01661 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Б-тай автомашин худалдах-худалдан авах №8056 тоот гэрээ байгуулсан. Автомашин нь Honda Inspire маркын UC1-1050360 арлын дугаартай хар өнгийн 04-46УБҮ улсын дугаартай авто тээврийн газраас 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон №0046157 тоот бүхий гэрчилгээгээр нотлогдоно. Дээрх автомашины үнийг талууд 7 000 000 төгрөгөөр тохиролцсон. Уг худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан болно гэж заасан. Тухайн үед төлбөрийг дараа төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон байсны үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон юм. Энэхүү гэрээний дагуу О.М миний бие уг автомашины төлбөрт одоо хүртэл бэлнээр болон бэлэн бусаар огт төлбөр аваагүй байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд миний хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ковид19 цар тахалын улмаас хөл хорио тогтоосон зэргээс үүдэн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй байгааг харгалзан үзнэ үү. Иймд Г.Б-аас Honda Inspire маркын UC1-1050360 арлын дугаартай хар өнгийн 04-46УБҮ улсын дугаартай автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу тохиролцсон 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон талаар. Нэхэмжлэгч О.М ээс 32.04 м.кв бүхий нэгж талбайтай орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцож, 1 м.кв-ийг 1 350 000 төгрөг нийт /32.04*1 350 000=43 254 000/ төгрөгөөр авахаар болж улмаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 30 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийтдээ 18 302 800 төгрөгийн үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрт шилжүүлээд байсан бөгөөд үлдэгдэл 24 951 200 төгрөгийг Төрийн банкнаас зээл гаргуулж барагдуулахаар болсон тул талууд орон сууц захиалгын гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөн үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн түүнчлэн О.М өөрийн автомашинаа худалдана хэмээн санал тавьж, худалдан авахаар тохиролцож автомашины үнийг байрны зээл дээрээ нэмж гаргуулахаар ярилцаж орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа машины үнийг нэмж гаргахын тулд байрны 1 м.кв үнийг 1 570 000 төгрөг болгон нэмж гэрээ хийсэн бөгөөд Төрийн банкнаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээл гарч, мөн өдөр 32 000 000 төгрөгийг Төрийн банкны 340004104358 тоот дансанд шилжүүлснээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ болон автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болсон билээ. Гэрээний үүргийг худалдан авагч талаас бүрэн төлж барагдуулсныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд тусгасан автомашиныг худалдах үнийг талууд 7 000 000 төгрөг байхаар 2 тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан хэмээн үүрэг дуусгавар болсныг тогтоосон байна. Талууд автомашин худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгасан. Иргэн О.М-ийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн боломжит хугацаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээтэй холбоотой харилцаа бүрэн дуусгавар болсон байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2021/03370 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн 3 дахь заалтаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт автомашин худалдах-худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийсэн бөгөөд уг автомашин нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл О.М-ийн эзэмшилд байсан нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан боловч гэрээ хэрэгжиж эхэлсэн өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгааг шүүх буруу ойлгож хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэрээ хэрэгжсэн өдрөөр биш гэрээ байгуулсан өдрөөс тоолсон нь иргэний эрх зүйн харилцааны хэлбэр болох хэлцэл хийсэн гэж үзэх өдрийг ойлгоогүй хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Хариуцагч болон хариуцагчийн гэр бүлийн хүн болох гэрч нь төлбөр төлсөн гэж гэрчийн мэдүүлэг өгөөд Төрийн банкны 340601448202 тоот данс нэрлэсэн боловч энэ нь хэний данс гэдгийг тодорхойлоогүй буюу тогтоохгүйгээр шийдвэр гаргасан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ. Монгол Улсад болон дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 халдварт өвчин гарч давагдашгүй хүчин зүйл бий болсон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдахыг хуульд заасан байтал шүүх энэхүү давагдашгүй хүчин зүйлийг анхааран авч үзээгүй нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гарахад нөлөөлсөн. Шүүх Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дах заалтуудыг үндэслэл болгон мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т үндэслэн шийдвэрлэх ёстой байх атал хөрөнгөд учирсан гэм хор гэж үзэлгүй шийдвэр гаргаж байгаа нь шүүх өөрөө практикт бусдын эд хөрөнгийн үнийг төлөлгүй /гэм хор учруулан/ гурван жил болсон бол тухайн хөрөнгийг үнэ төлбөргүй авч болдог гэх ойлголтыг бий болгож байгаа нь буруу жишиг тогтоож байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэл бүхий нотлох баримт болон бодит нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Г.Б-д холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 8056 тоот автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр О.М нь Honda Inspire маркын UC11050360 арлын дугаартай, хар өнгийн 04-46 УБҮ улсын дугаартай автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдах, Г.Б нь автомашины үнийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь автомашин худалдах-худалдан авах гэрээний 7 дах заалтад нэмэлт нөхцөл, төлбөр тооцоо дууссан. Энэхүү гэрээг 2010 оны 01 дүгээр сарын 19-ний 019 тоот Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 14-д заасны дагуу 7 хоногийн дотор бүртгүүлж, өөрчлөлт хөдөлгөөнийг хийлгэх үүрэгтэй гэж тохиролцсон бөгөөд гэрээний нэмэлт нөхцлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн, С.Ө , Г.Б нар нь Төрийн банктай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 89/05 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 32 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зорилгоор авсан бөгөөд хариуцагч нь дээрх 32 000 000 төгрөгт нэхэмжлэгч О.М тэй байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 7 000 000 төгрөг багтсан гэх тайлбарыг гаргасан.

 

Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнд автомашины үнэ 7 000 000 төгрөг багтсан эсэх, дээрх 32 000 000 төгрөг шилжүүлсэн дансны эзэмшигч хэн болохыг тодруулах, орон сууц худалдах-худалдан авах гэрээний оролцогч бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тогтоосон хугацаанд гаргаагүй нөхцөл байдлаа коронавируст халдварын цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосны улмаас шүүхэд хандаж чадаагүй гэж тайлбар гарган хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахад коронавируст халдварын цар тахалын нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх учиртай.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ