Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00167

 

 

 

 

 

 

 

 

 

О.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03762 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М-ийн хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Б-тай автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, 04-46 УБҮ улсын дугаартай автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан болно гэж заасан. Тухайн үед төлбөрийг дараа төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон байсны үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон юм. Энэхүү гэрээний дагуу О.М- миний бие уг автомашины төлбөрт одоо хүртэл бэлнээр болон бэлэн бусаар огт төлбөр аваагүй. Иймд дээрх автомашины төлбөрийг нэхэмжилж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон талаар Нэхэмжлэгч О.М-ээс 32.04 м.кв бүхий нэгж талбартай орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцож, 1 м.кв-ийг 1,350,000 төгрөг нийт /32.04 * 1350000 = 43,254,000/ төгрөгөөр авахаар болж урьдчилгаанд нийт 18,302,800 төгрөг төлж, үлдэгдэл 24,951,200 төгрөгийг Төрийн банк ХХК-аас зээл гаргуулж барагдуулахаар болсон тул талууд орон сууц захиалгын гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөн үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн юм. Мөн түүнчлэн О.М- өөрийн автомашинаа худалдах санал тавьж, худалдан авахаар тохиролцож автомашины үнийг байрны зээл дээрээ нэмж гаргуулахаар ярилцаж орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа машины үнийг нэмж гаргахын тулд орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,570,000 төгрөг болгон нэмж гэрээ хийсэн бөгөөд Төрийн банкнаас 32,000,000 төгрөгийг авч, гүйцэтгэгчид шилжүүлснээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн төлж барагдуулан, үүрэг дуусгавар болсон. Гэрээний үүргийг худалдан авагч талаас бүрэн төлж барагдуулсныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд тусгасан. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Талууд автомашин худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгасан билээ. Иргэн О.М-ийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн боломжит хугацаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Г.Б-д холбогдох 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа дараах байдлаар хууль буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдаж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг Г.Б-гийн өмчлөлд шилжүүлснийг шүүх ойлгож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэрээ хэрэгжиж дууссан өдрөөр биш гэрээ байгуулсан өдрөөс тоолсон нь иргэний эрх зүйн харилцааны хэлбэр болох гэрээ байгуулсан өдөр, гэрээ үргэлжилсэн өдөр хоног болон хугацаа, гэрээ дуусгавар болсон өдрийг тогтоож ойлголгүй хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Хариуцагч болон хариуцагчийн гэр бүлийн хүн болох гэрч нь төлбөр төлсөн гэж гэрчийн мэдүүлэг өгөөд Төрийн банкны 340601448202 тоот дансанд төлбөр төлсөн гэж мэдэгдэж байгааг Төрийн банкнаас ирүүлсэн данс эзэмшигчийн тухай тодорхойлолт болон дансны хуулгаар тухайн шилжүүлсэн гэх мөнгө нь өөр зориулалтаар өөр тийш шилжиж зарцуулагдсаныг шүүх нотлох баримт дээр үндэслэн автомашины төлбөр төлөгдөөгүй гэж нотлон тогтоосон. Монгол Улсад болон дэлхий нийтийг хамарсан цар тахал халдварт өвчин гарч давагдашгүй хүчин зүйл бий болсон тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдахыг хуульд заасан байтал шүүх энэхүү давагдашгүй хүчин зүйлийг анхааран авч үзээгүй нь хуулийг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг үндэслэн шийдвэрлэх ёстой байтал хөрөнгөнд учирсан гэм хор гэж үзэлгүй шийдвэр гаргаж байгаа нь шүүх өөрөө практикт бусдын эд хөрөнгийн үнийг төлөлгүй /гэм хор учруулан/ 3 жил болоогүй байхад тухайн хөрөнгийг үнэ төлбөргүй авч болдог гэх ойлголтыг бий болгож байгаа нь буруу жишиг тогтоож байна гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэл болгон шийдвэр гаргаж буй боловч хариуцагч Иргэний хуулийн 261 дүгзэр зүйлийн 261.1 дэх заалтын дагуу худалдах худалдан авах гэрээний нэг тал буюу хариуцагч Г.Б- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгч талд учруулсан гэм хорыг арилгах талаар хууль хэрэглээгүй нь гэрээний үүргээ зөрчсөн талын үйлдлийг дүгнэлгүй хууль бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.М- нь 04-46 УБҮ улсын дугаартай, хонда инспайр /Honda inspire/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Г.Б- нь автомашиныг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 2-р тал/. Улмаар нэхэмжлэгч О.М- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Г.Б-гийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 2, 47-49-р тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх учиртай.

 

Хэрэгт нэхэмжлэгч О.М-, иргэн С.Өлзийсайхан /хариуцагч Г.Б-гийн эхнэр/ нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр С.Өлзийсайхан нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 32,04 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч О.М-ээс худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 15-16-р тал/

 

Нэхэмжлэгч О.М- нь автомашиныг хариуцагч Г.Б-гийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн боловч хариуцагч нь үнийг төлөөгүй гэх үндэслэлээр 7,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр /32,04 х 1,350,000 = 43,254,000/ авахаар тохиролцож, урьдчилгаа 18,302,800 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 24,951,200 төгрөг дээр автомашины үнэ 7,000,000 төгрөгийг нэмж банкнаас зээл гаргуулахын тулд орон сууцны 1 м.кв-ыг 1,570,000 төгрөг болгон гэрээ байгуулсан, нийт 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж төлбөр тооцоо дууссан гэж тайлбарлажээ. /хх-ийн 13-14-р тал/

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч Г.Б-, иргэн С.Өлзийсайхан нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 32,000,000 төгрөгийн зээл авч, тус 32,000,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээний гүйцэтгэгч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 17-20, 152-р тал/

 

Түүнчлэн талуудын байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний 3-т ... төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хэн аль нь төлбөр тооцоо дууссан талаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байх тул хариуцагч Г.Б- нь автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.М-эд төлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөртэй хамт автомашины төлбөрийг хариуцагч төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь төлбөр төлж дууссан тохиролцоо болох талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлээр нотлогдсон гэж үзлээ. Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал, зохигчдын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөлд ... Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 14-д заасны дагуу 7 хоногийн дотор бүртгүүлж, өөрчлөлт хөдөлгөөнийг хийлгэх үүрэгтэй гэж заажээ. /хх-ийн 2-р тал/. Нэхэмжлэгч О.М- нь автомашины өмчлөлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Г.Б-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөлийг шилжүүлэн өгснөөр шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч О.М- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан Монгол шуудан ХХК-ийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч хариуцагч Г.Б- нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлсэн болох нь талуудын байгуулсан гэрээ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн боловч нэгэнт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ