Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0129/З |
Дугаар | 441 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 441
Д.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Д.О-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0425 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0610 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0425 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-ыг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5469224 (таван сая дөрвөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин дөрвөн) төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0610 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд талууд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг үнэлсэн хариуцагчийн үнэлгээтэй холбогдуулан маргаж байгаа болно.
Нэг. Шүүхүүд үр дүнгийн гэрээний үнэлгээ буюу илтгэх хуудсыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Сэлэнгэ аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд 59F буюу хангалтгүй үнэлгээ авсан тул нэхэмжлэгчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59 оноогоор үнэлэгдэж хангалтгүй үнэлгээ авчээ. Энэхүү үнэлгээг сайд тавихдаа холбогдох үндэслэлээ төсвийн ерөнхийлөн захирагч илтгэх хуудсанд тодорхой дурдсан байдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно, “F” буюу “Хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон юм.
Гэтэл анхан шатны шүүхээс “...гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь журмын 6.1, 6.5-д заасныг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалдаа журмын 7.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний “F” үнэлгээг үндэслэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг үнэлсэн “илтгэх хуудас”-д төсвийн шууд захирагч, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал гарын үсэг зураагүй тул дээрх үнэлгээ нь журмын 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-д талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасантай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна. Гэтэл захиргааны актын нэг шинж болох гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх шинжийг агуулаагүй үр дүнгийн гэрээг дүгнэсэн “илтгэх хуудас”-ыг хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг илтгэх хуудас буюу үнэлгээ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 11.6-д “ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хууль (цаашид “ТАТХ” гэж товчлох)-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ юм.
Мөн уг үнэлгээг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, тайлбарыг авсан бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг захиргааны байгууллагад мэдэгдсэн байтал нэхэмжлэгчээр зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт билээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний үнэлгээгээр ямар үнэлэгдсэн, уг үнэлгээний дагуу төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хариуцлага тооцсон нь зүйтэй эсэхэд дүгнэлт хийгдээгүй үлдсэн, үр дүнгийн гэрээг дахин үнэлэх үү, эсхүл нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэлгүй орхигдох уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Гэтэл шүүх “Зүй нь хариуцагч, ...илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох байжээ” гэж дүгнэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдэж, тайлбар авахад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбар өгсөн нь хэрэгт авагдсан байгаа.
Харин шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний үнэлгээ болох 59 оноо тавьсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эдгээр үндэслэлгүй дүгнэлтүүдийг залруулаагүй. Түүнчлэн анхан шатны шүүх цахим шууданд үзлэг хийгээгүй хэрнээ, цахим нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлж, дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талд сонсох ажиллагааг цахимаар явуулсан бөгөөд үүнтэй холбоотой цахим нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг үнэлсэн гэж үзэж байна.
Хоёр. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хуулийн заалтууд нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохтой хамааралгүй заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно, “F” буюу “Хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон байна.
Гэтэл шүүх ажлаас чөлөөлөхдөө хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “хангалтгүй” буюу F үнэлэгдсэн гэдэг тодорхой үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлах боломжгүй бөгөөд хариуцагч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-д заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон хэм хэмжээг баримталж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Шүүх хариуцагчийг “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасан шийдвэр гаргах процессын зохицуулалтууд болох 6.5, 6.7 дахь зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа явуулах журмын дагуу хариуцагчийн үйл ажиллагаа дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь, хариуцагч хэм хэмжээний эрэмбийн дагуу Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж, нэхэмжлэгчээс тайлбарыг нь авсан байдаг. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.О “төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дүгнэхдээ журмаа зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр миний хийж бүтээсэн ажлыг үгүйсгэн “F” үнэлгээгээр үнэлж ажлаас халсан” гэж марган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий сайдын Б/15 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг баримтлан “2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “F” үнэлгээ авсан” гэсэн үндэслэлээр Д.О-ыг Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх журамд зааснаар төсвийн шууд захирагч болох Д.О-тай ярилцлага хийгээгүй, үнэлгээний талаар танилцуулж, түүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд тайлбар гаргах, маргах боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсанд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, үнэлгээ хүчин төгөлдөр бус зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, дээрх Б/15 дугаар тушаалын үндэслэл болсон үнэлгээ нь “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “...өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. ...”, 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг зөрчсөн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
Мөн захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлан ажиллах бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой байна.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Сонсох ажиллагааны мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: ...”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заажээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь Д.О-д үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ, төрийн албанаас халах шийдвэрийн талаар түүнд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлах боловч хуульд заасан шаардлага болох сонсох ажиллагааны мэдэгдэлд зохих мэдээллийг тусгаагүй, нэхэмжлэгчид тайлбар, саналаа гаргах боломж, хугацаа олголгүйгээр цахим шуудан илгээсэн өдрөө ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээнд тайлбар, саналаа гаргах бодит хугацаа олголгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж хүргүүлсэн, үүнийг сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “...улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарах тул тухайн албан хаагчийн ажлаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг баримтлах нь зүйтэй, иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш, ...Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлахгүй” гэсэн хяналтын гомдол үндэсгүй.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0425 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА