Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2021/02530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  байрлах Н ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, М ХХК,

 

Хариуцагч: өөрийн байр хаягт байрлах, Т ХК-нд холбогдох

 

 дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах барилгын 4 давхрын хэсгийг буюу өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мөнхбаатар, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч Т ХК-ийн төлөөлөгч Ц.Доржготов, өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК  шүүхэд болон төлөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээМ ХХК нь 2015 оны дугаар сард дулааны шугам сүлжээг салгаснаар тухайн байранд дулаангүй, усгүй, цахилгаангүй, харилцаа холбоогүй болсноор ашиглах боломжгүй болсон. Иймд  барилгын инженерийн дэд бүтэц болон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбон хэвийн ажиллагаатай болгох замаар өмчлөгчийн өмчлөх эрхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг хариуцагч М ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч М ХХК, Т ХК-д холбогдуулан  дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах  гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг даалгахаар өөрчилж байна. М ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтаа зогсоохдоо цахилгаан, дулаан, суурин холбоо цэвэр усны шугамыг тасалж ажиллагаагүй болгосны улмаас манай байгууллага өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах боломжгүй босон бөгөөд өөрийн хөрөнгөө ашиглахын тулд өөрийн өмчлөлийн хэсгийг цахилгаан болон дулааны  шугамд холбосон. Гэвч цахилгаанаар хэвийн хангаж байгаа боловч дулааны шугам нь төв шугамаас тусдаа явсан учраас хөлдөж хагарсан. Тиймээс дундын эзэмшлийн  талбайг дулаанаар ханган, дулааны шугамыг дамжин өнгөрүүлж байж дулаанаар хангах шаардлага үүсээд байна. Мөн цэвэр усны шугам хөлдөж хагарч байхын зэрэгцээ хариуцагч компани үйл ажиллагаагаа зогсоохдоо суурин холбооны магистрал шугамын үүргийг бүхэлд нь салгасан тул ашиглах боломжгүй болсон. Иймээс тухайн барилга нь  нэг техникийн нөхцөлтэй өөрийн өмчлөлийн хэсгийг тусад нь дэд бүтцийн шугамд холбуулах боломжгүй гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 00410 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрчилж өгсөн ч шаардлага нь тодорхой бус хэвээрээ байна. Хариуцагч өөртөө туслах арга хэмжээ авсан бөгөөд өөртөө ашиглаагүй зардал бий болгож дэд бүтцийг холбох боломжгүй юм. Түүнчлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт Дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам, Засгийн газрын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын хавсралт Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зэрэг холбогдох дүрэм журмуудад зааснаар дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр байна. Нэхэмжпэгч тал инженерийн дэд бүтцээ хариуцагчаас хамааралгүйгээр тусдаа холбуулах Мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай. М ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Т ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх объектыг ашиглаагүй байж үр ашиггүй зардлыг гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан байдаг. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Н ХХК нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцээ өөрөө холбон үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-07-125 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэнд тус барилгын нэг давхар нь төвлөрсөн дулаанаар хангагдан ажиллаж байна гэх дүгнэлтээс үзвэл дулааны шугам, халаалтын хэсгээ Н ХХК нь өөрөө салаалж, тусгаарлаж, дулааны асуудлаа шийдэх бүрэн боломжтой гэв.

 

Хариуцагч Т ХК шүүхэд болон төлөөлөгч Ц.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  дүүргийн  дугаар хороо,  гудамж,  тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, М худалдааны төв буюу  барилга нь анх 4 давхар, 3118.2 м.кв талбайтайгаар 2001 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Т ХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийн дагуу 1139,8 м.кв талбайг Ганжжав ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус барилгын 3 давхар болон 2, 4 давхрын холбогдох хэсэг нь Т ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн гэрээ, хэлэлцээр, мөн өдрийн 08 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Энхтуяа, Ц.Баярмаа, Ч.Батбилэг, Л.Эрдэнэбат нарт хувьцаанд хувь тэнцүүлэн М худалдааны төвийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хувьцаа эзэмшигч нар нь гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, Т ХК-ийн хувьцааны асуудлаар урт хугацааны туршид шүүхэд маргаантай байсан зэргээс үүдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. М ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/05 дугаар албан бичигт “...Манай М ХХК нь уг барилгын 2, 3-р давхар буюу  барилгыг эзэмшдэг. 2015 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн  барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн...", мөн Д.Энхтуяа нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...ашиглалтын зардал .. төлж чадахгүй болсон тул дэд бүтцээ манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж албан ёсоор салгуулсан..." гэжээ. Дээрх зүйлээс үндэслэн маргаан бүхий хугацаанд  барилгын ажиллагаатай холбоотой асуудлыг М ХХК бүрэн хариуцаж байна. Иймд Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Т ХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан  дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах  гэх барилгын 4 дүгээр давхрын тус компанийн өмчлөлд хамаарах хэсгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эс үйлдлийг таслан зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК, Т ХК-д холбогдуулан  дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах  гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, цахилгаанаа өөрсдөө залгуулсан.  гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Т ХК-ийн өмчлөлд буй 3 давхрын болон 2, 4 дүгээр давхрын хэсгийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу эзэмшиж үл хөдлөх хөрөнгийн татвар, тус барилгын дулааны төлбөр зэргийг хариуцах болсон тул ашиглаагүй байж үйл ажиллагааны зардал гаргахгүй, уг зардлыг төлөх боломжгүй болсон тул өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан гэж маргажээ.

 

Хариуцагч Т ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  барилгын ажиллагаатай холбоотой асуудлыг М ХХК нь бүрэн хариуцаж, уг барилгын 2-3 давхрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг тул Т ХК нь хариуцагч биш гэж маргаж байна.

 

            Хариуцагч М худалдааны төв гэх 4 давхар барилгын 3 дугаар давхар болон 2, 4 дүгээр давхрын хэсгийг Т ХК, 4 дүгээр давхрын 6 өрөө буюу 60,6 м.кв талбайг Н ХХК тус тус өмчлөх эрхтэй тухай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан, харин 1 давхрыг Ганжжав ХХК өмчилдөг талаар зохигч маргаагүй.

Хариуцагч Т ХК-ийн өмчлөлд буй 3 давхрын болон 2, 4 дүгээр давхрын хэсгийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу компаниас тусгаарлан гарсан М ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч өмчлөх эрхийн бүртгэл шилжээгүй, уг компани үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 2 дугаар сар хүртэл эзэмшиж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч М ХХК нь инженерийн нэг дэд бүтэц бүхий барилгын өмчлөгч болон эзэмшигч гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Өөрсдөө дулааны шугамыг залгаж дулаан авахад  М ХХК-ийн талбайгаар өнгөрөхдөө хүйтэнг даахгүй хагарч хөлдсөн. М ХХК 2015 оноос тус барилгад эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоон гарч явахдаа өөрийн эзэмшлийн хэсэгт байх барилгын инженерийн дэд бүтцийг бүхэлд нь тасалж орхисонтой холбон тайлбарлав.

 

          Хариуцагч М ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/05 дугаартай “...Манай М ХХК нь уг барилгын 2, 3-р давхар буюу  барилгыг эзэмшдэг. 2015 оны 02-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 06-р сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн  барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн. Иймд дулаан ирэхээс өмнө дулааны шугамаа янзлах асуудлаар танай компанитай тохирох хэрэгтэй байна. Дулааны шугам янзлах зардлыг манай компани гаргах болно” гэх албан бичгийг Т ХК-д хүргүүлжээ. /хх-ийн 12 тал/

Хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд ...Н ХХК ...2015.03 сард М худалдааны төв-ийн үйл ажиллагаа зогссоноос уг байрыг ашиглахгүй болсон, барилга 4 давхар бөгөөд зөвхөн 1 давхрыг төвлөрсөн дулаанаар хангадаг, ...4 давхрын нийт 6 өрөөний дулааны шугам сүлжээ, халаах хэрэгсэл /радиатор паар/ хөлдөж хагарсан, халаалт, цэвэр, бохир усан хангамж зогссон, харилцаа холбооны сүлжээг тасалсан байлаа гэсэн, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2017.10.04-ний өдрийн 8а/629 тоот албан бичигт Н компанийн 4 телефон утас 2015.02 сараас ажиллагаагүй нь үнэн, ...хэвийн ажиллагааг хангах боломжгүй техникийн нөхцөл байхгүй болсон байна, хэрэглэгчийн дотор монтаж босоо болон хэвтээ шугамын магистраль байхгүй байсан болно гэжээ. /хх-ийн 13-14 тал/

Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа “Өөрийн өмчлөлийн хэсгийг цахилгаан болон дулааны  шугамд холбосон” гэж дурдсан байх ба шүүх хуралдааны үед цахилгааны асуудлаа шийдвэрлэсэн тухайд маргаагүй, мөн халаалт, цэвэр, бохир усны  шугам, суурин холбоог тусдаа холбуулах боломжгүй, нэг нь нөгөөгөөс хамааралтай гэх нотлох баримт гаргаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н ХХК инженерийн дэд бүтцээ тусдаа холбуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогоогүй тул хариуцагч М ХХК, Т ХК-д холбогдох  дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах  гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны  шугамыг  тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг  даалгах  тухай нэхэмжлэгч Н ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М ХХК, Т ХК-д холбогдох  дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах  гэх барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны  шугамыг тасалсан зөрчлийг арилгаж шугамд буцаан холбохыг  даалгах  тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ