Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00410

 

НЭСЮ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1846 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: НЭСЮ ХХК

Хариуцагч: Марстөв ХХК

Өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Марстөв ХХК-д НЭСЮ ХХК-ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлээ зогсоож, барилгын дэд бүтцийг ажиллагаанд оруулж, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Марстөв ХХК нь 2015.02 сард өөрийн эзэмшлийн байр болох 18/1 тоот байранд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоон орхиж гарахдаа тухайн байрны цахилгаан холбоо, цэвэр ус, АТС шугамыг салгаснаар тус барилгын 4 давхарт байрладаг манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогсоход хүрсэн нь энэ шаардлагыг гаргах үндэслэл болж байна. Марстөв ХХК нь 2015.08 сард дулааны шугам сүлжээг салгаснаар тухайн байранд дулаангүй, усгүй, цахилгаангүй, харилцаа холбоогүй болсноор ашиглах боломжгүй болсон. Марстөв ХХК-ийн удирдлагуудыг хайсан боловч олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учир маш их цаг алдсан. Тухайн жилийн өвөл дулаан, цахилгаанаа холбох гэж хичнээн оролдсон ч хэвийн ажиллах боломжгүй байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж энэ байрыг ашиглах боломж байгаа эсэхийг тодруулахад боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд U-3 барилгын инженерийн дэд бүтэц болон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбон хэвийн ажиллагаатай болгох замаар өмчлөгчийн өмчлөх эрхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг хариуцагч Марстөв ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дамдиндоо тайлбартаа: ...Миний бие Марстөв ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон боловч миний нэрийг бүртгэлээс хасаж өгөхгүй байна. Марстөв ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батжаргал гэж хүн байж байгаад нас барсан. Түүний эхнэр, өв залгамжлагч Д.Энхтуяа хариуцна. Би НЭСЮ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт оролцохгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч НЭСЮ ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны 18/1 тоот хаягт байрлах U3 барилгын 4 дүгээр давхрын өмчлөлдөө хамаарах хэсгээ хэвийн ашиглах боломжийг олгож, таслах буюу холболтыг нь салган орхисон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг эргүүлэн холбож, хэвийн ажиллагаанд оруулан нэхэмжлэгчийн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээхийг хариуцагч Марстөв ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1846 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна: 1. Нэхэмжлэгчийн зүгээс тасалсан гээд байгаа шугам холболтыг засварлаж янзлуулж байж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээлгэх гээд байна уу эсхүл шугам холболтыг шинээр суурилуулж хийлгэх гээд байна уу гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байхад үүнийг тодруулахгүй шийдвэрлэснээрээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд алдаа гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017.02.24-ний өдрийн 02-07-118-125 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд ...Шалгалтаар 4 дүгээр давхарт байрлах /нийт 6/ өрөөнүүдийн дулааны шугам сүлжээ, халаах хэрэгсэл /радиатор паар/ хөлдөж хагарсан... байлаа гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээ холболтууд ийм байдалтай байхад эдгээрийг шинээр суурилуулж өг гэх шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас чухам яг ямар үйлдэл хийхийг шаардаж байгаа нь тодорхойгүй байгааг шүүх огт анхаараагүй. 2. Нэхэмжлэгч нь 60.6 м.кв талбайтай Ү-2202015944 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд өөр ямар нэгэн хөрөнгийг хариуцагч Марстөв ХХК-тай дундаа хамтран эсхүл хэсгээр өмчилдөггүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах холбогдох шугам, холболтуудыг тасалсан... гэж зохигчдын тус тусдаа өмчилдөг үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 3. Марстөв ХХК-ийн хувьд НЭСЮ ХХК-тай ямар нэгэн гэрээний болон бусад эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад НЭСЮ ХХК-ийн Марстөв ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр Тахько ХК болон Д.Энхтуяа, Ц.Баярмаа нарын хооронд хэлэлцээр хийгдэж тус II III барилгыг Тахько ХК-ийн эзэмшлээс шилжүүлэхээр тохиролцсон боловч уг хэлэлцээр нь Марстөв ХХК-д тус барилгатай холбоотой үүрэг үүсгэхгүй юм. Тус барилга нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд Ү-2202008606 дугаараар Тахько ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн /ХХ-175/ тус компанийн өмч хэвээр байгаа ба Марс төв ХХК-ийн өмчөөр хараахан бүртгэгдээгүй байгаа юм. Иймд НЭСЮ ХХК нь Тахько ХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, харин Тахько ХК болон Марстөв ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2000.04.22-ны өдрийн Хэлэлцээрийн дагуу үүссэн эрх зүйн харилцааны дагуу уг асуудлаар маргаан гарвал шийдвэрлэх боломжтой юм. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн хариуцах үүрэг Марстөв ХХК-д үүсэхгүй бөгөөд холбогдох шаардлагыг хариуцахгүй билээ. Үүнийг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 4. Марс Төв ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Тахько ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх ашиглаагүй зардлыг гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан байдаг. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй үйл ажиллагаа юм. Учир нь НЭСЮ ХХК нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцээ өөрөө холбон үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл дулааны шугам, халаалтын хэсгээ НЭСЮ ХХК нь өөрөө салаалж, тусгаарлаж, дулааны асуудлаа шийдэх бүрэн боломжтой юм. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017.02.24-ний өдрийн 02-07-118/125 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт /XX 13-14/-нд тус барилгын нэг давхар нь төвлөрсөн дулаанаар хангагдан ажиллаж байна гэх дүгнэлтээр батлагдана. НЭСЮ ХХК нь дэд бүтцээ өөрөө холбох боломж байгаа эсэхийг үзлэг хийж эсхүл мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж шүүх дүгнэх боломжтой байсан. Энэ талаарх хүсэлтийг хариуцагчаар оролцож байсан Д.Энхтуяагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй нь шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. Марстөв ХХК нь өөрийн дэд бүтцээ салгасан нь гарах үргүй зардлаас сэргийлсэн Иргэний хуульд заасан өөртөө туслах арга хэмжээ юм. Нэгэнт түрээслэгч байхгүй 2 давхар объектыг ажиллуулж, хий хоосон зардал буюу их хэмжээний халаалт, дулаан, ус, цахилгааны зардал гарахаас сэргийлж дулаанаа хаалгасан нь Марстөв ХХК-ийн эрх билээ. Гэтэл НЭСЮ ХХК-ийн эрхийг зөрчсөн гэдгээр Марстөв ХХК-ийг хий хоосон зардал буюу их хэмжээний халаалт, дулаан, ус, цахилгааны зардал гаргахаар шүүх шийдвэрлэж байгаа нь Марстөв ХХК-ийн эрхийг ноцтой зөрчиж байна. 5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дүгнэлт /XX 13-14, 15-16/ зэргийг үндэслэн, мөн түүнчлэн уг дүгнэлтүүдэд үндэслэн Марстөв ХХК-ийн үйл ажиллагааны улмаас НЭСЮ ХХК-ийн өмчлөх эрхэд саад болсон гэж нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Марстөв ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дүгнэлт зэрэг нь тус II III барилгын инженерийн шугам сүлжээ, эрүүл ахуйн нөхцөл нь шаардлага хангаж байгаа эсэхийг л тогтоосон юм. Үүнийг Марстөв ХХК-ийн үйл ажиллагаатай холбож байгаа нь логик уялдаагүй, ойлгомжгүй байна. 6. Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлд хариу тайлбар авалгүйгээр, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг шүүх хуралд оролцох боломжийг нь олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийг гардаж авсан иргэн С.Дамдиндоо нь 2015.12.30-аас хариуцагчийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнийгээ шүүхэд гараар бичиж өгчээ. Д.Энхтуяа нь 2019.05.16-ны өдөр Марстөв ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Мөн тус компанийн захирлаар 2019.09.07-с томилогдож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэн энэхүү гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч огт оролцоогүй гэх үндэслэлтэй юм. Хувьцаа эзэмшигч Д.Энхтуяагийн Марстөв ХХК-ийн 63 хувийг эзэмшиж байгаа хувьдаа компанийг төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүх ноцтой зөрчсөн. Энэхүү нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүх мөн буруу дүгнэсэн. 7. Шүүх үзлэг хийгээгүй, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт байхгүй байхад дан ганц Мэргэжлийн хяналтын албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэгч компани нь Марс төв барилгын дулааныг салаалж тусгаарлаж, Марстөв ХХК-иас хамаарахгүйгээр өөрөө дулаанаа авах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй, энэ байдлыг шалгаж тогтоогоогүй байж шийдсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 8. Мөн ХХША-ны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг Марстөв ХХК-ийн 63 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтуяа нь компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү хүсэлтийг гаргаагүй гэж байгаа нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг оролцуулах, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох /тухайлбал, үзлэг, шинжээчийн дүгнэлт, нотлох баримт гаргуулах/ зорилгоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

НЭСЮ ХХК нь Марстөв ХХК-д холбогдуулан өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, Марстөв ХХК нь үйл ажиллагаагаа зогсоохдоо барилгын инженерийн дэд бүтэц болох халаалт, цэвэр, бохир усны болон цахилгааны шугам, суурин холбоог бүхэлд нь тасалснаас 4 дүгээр давхарт байрлах өмчлөлийн байрандаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дамдиндоо миний бие 2015 оноос Марстөв ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон боловч миний нэрийг бүртгэлээс хасаж өгөхгүй байна, Марстөв ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батжаргал нас барсан, түүний эхнэр, өв залгамжлагч Д.Энхтуяа хариуцна, би оролцохгүй гэсэн хариу тайлбар гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэсю ХХК нь Тахько ХК болон Д.Энхтуяаг хамтран хариуцагчаар татсан, Тахько ХК тайлбартаа Марстөв барилгын үйл ажиллагаа манай компанид хамааралгүй, үйл ажиллагаа явуулж ашиг орлого авч байгаагүй, хөрөнгө тусгаарлан авсан хувь нийлүүлэгч нар хэлэлцээрийн дагуу үүргээ биелүүлээгүй, ...хувьцааны асуудлаар урт хугацаанд шүүхэд маргаантай байснаас өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдөөгүй гэж, Д.Энхтуяа ...Марстөв ХХК нь барилгын бүх талбайг өөр компанид түрээслэхээр өмнөх түрээслэгч нараа гаргасан боловч түрээслэхээр тохирсон компанийн хөрөнгө оруулалт бүтээгүйн улмаас дахин ажиллах боломжгүй болсон, сар бүр ашиглалтын зардал төлж чадахгүйгээс дэд бүтцээ холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж албан ёсоор салгуулсан, нэхэмжлэгч нь дэд бүтцээ тусдаа шийдвэрлүүлэх арга замыг хайх нь зүйтэй байх гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нэсю ХХК нь хариуцагч Тахько ХК болон Д.Энхтуяа нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тул анхан шатны шүүх Марстөв ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Нэсю ХХК-д 4 дүгээр давхрын өмчлөлдөө хамаарах хэсгээ хэвийн ашиглах боломжийг олгож, таслах буюу холболтыг нь салган орхисон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг эргүүлэн холбож, хэвийн ажиллагаанд оруулан нэхэмжлэгчийн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээхийг хариуцагч Марстөв ХХК-д даалгасан, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүйгээс шүүх маргааны зүйлийг тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үүний улмаас шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх арга, журам тодорхой бус үлджээ. Мөн шүүх хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээдийг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй тул зохигчийн мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 а/ Марс худалдааны төв гэх 4 давхар барилгын 3 дугаар давхар болон 2, 4 дүгээр давхрын хэсгийг Тахько ХК, 4 дүгээр давхрын 6 өрөө буюу 60,6 м.кв талбайг Нэсю ХХК тус тус өмчлөх эрхтэй тухай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан, 1 давхарыг Ганжжав ХХК өмчилдөг талаар зохигч маргаагүй байна.

Харин Тахько ХК-ийн өмчлөлд буй 3 давхрын болон 2, 4 дүгээр давхрын хэсгийг тус компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000.04.22-ны өдрийн гэрээний дагуу компаниас тусгаарлан гарсан Марстөв ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч өмчлөх эрхийн бүртгэл шилжээгүй, уг компани үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 2 дугаар сар хүртэл эзэмшиж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон нь тогтоогджээ.

Дээрхээс үзвэл Нэсю ХХК болон Марстөв ХХК нь инженерийн нэг дэд бүтэц бүхий барилгын өмчлөгч болон эзэмшигч байна.

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулсан шаардлагаа өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоох түүнчлэн эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх гэж тодорхойлсон бөгөөд шаардлагын үндэслэлийг болон эдгээрийг тусдаа шаардлага гэж үзэх, ямар агуулгатай үр дагавар нэхэмжлэгч хүссэнийг шүүх тодруулаагүй байна. Иймээс нэхэмжлэлийг хангасан шийдвэр хэрхэн биелэгдэх нөхцөл ойлгомжгүй болсон гэж үзэв.

 б/.Зохигч, инженерийн нэг дэд бүтэц бүхий барилгын өмчлөгч боловч халаалт, цэвэр, бохир усны болон цахилгааны шугам, суурин холбоог тусдаа холбуулах боломжгүй, нэг нь нөгөөгөөс хамааралтай гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд ...Нэсю ХХК ...2015.03 сард Марс худалдааны төв-ийн үйл ажиллагаа зогссоноос уг байрыг ашиглахгүй болсон, барилга 4 давхар бөгөөд зөвхөн 1 давхрыг төвлөрсөн дулаанаар хангадаг, ...4 давхрын нийт 6 өрөөний дулааны шугам сүлжээ, халаах хэрэгсэл /радиатор паар/ хөлдөж хагарсан, халаалт, цэвэр, бохир усан хангамж зогссон, харилцаа холбооны сүлжээг тасалсан байлаа гэсэн, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2017.10.04-ний өдрийн 8а/629 тоот албан бичигт Нэсю компанийн 4 телефон утас 2015.02 сараас ажиллагаагүй нь үнэн, ...хэвийн ажиллагааг хангах боломжгүй техникийн нөхцөл байхгүй болсон байна, хэрэглэгчийн дотор монтаж босоо болон хэвтээ шугамын магистраль байхгүй байсан болно гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон эдгээр баримт нь Нэсю ХХК инженерийн дэд бүтцээ тусдаа холбуулах боломжгүй нөхцөлийг тогтоогоогүй ба энэ байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой.

в/. Хариуцагч Марстөв ХХК-ийг бүрэн төлөөлөх этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, Марстөв ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон С.Дамдиндоо хэдийгээр тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэлтэй боловч тэрээр бодит байдалд тухайн компанийн үйл ажиллагаанд оролцохоо больсон гэх тайлбар өгсөн, хэрэгт авагдсан тус компанийн дүрэмд зааснаар Ц.Батжаргал 63.07 хувийн, Ч.Батбилэг, Л.Эрдэнэбат нар тус бүр 18.47 хувийн хувьцаа эзэмшигч байх ба ТУЗ-ийн дарга бөгөөд 63.07 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Батжаргал нас барсан, түүний эхнэр Д.Энхтуяа тухайн 63.07 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан ба эдгээр байдалд шүүх дүгнэлт хийж, хариуцагчийг бүрэн төлөөлөх этгээдийг тодруулах байжээ.

2. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх дурдсан нөхцөлийг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1846 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ЦОЛМОН

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД