Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1846

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М”ХХК-д холбогдох, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны 18/1 тоот хаягт байрлах барилгын 4 давхрын хэсгийг буюу өмчлөлийн зүйлээ ашиглахад саад болж байгаа үйлдлээ зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “М”ХХК-д “Н” ХХК-ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлээ зогсоож, барилгын дэд бүтцийг ажиллагаанд оруулж, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “М”ХХК нь 2015 оны 02 дугаар сард өөрийн эзэмшлийн байр болох 18/1 тоот байранд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоон орхиж гарахдаа тухай байрны цахилгаан холбоо, цэвэр ус, АТС шугамыг салгаснаар тус барилгын 4 давхарт байрладаг манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогсоход хүрсэн нь энэ шаардлагыг гаргах үндэслэл болж байна. “М”ХХК нь 2015 оны 8 дугаар сард дулааны шугам сүлжээг салгаснаар тухайн байранд дулаангүй, усгүй, цахилгаангүй, харилцаа холбоогүй болсноор ашиглах боломжгүй болсон. “М”ХХК-ийн удирдлагуудыг хайсан боловч олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учир маш их цаг алдсан. Тухайн жилийн өвөл дулаан, цахилгаанаа холбох гэж хичнээн оролдсон ч хэвийн ажиллах боломжгүй байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж энэ байрыг ашиглах боломж байгаа эсэхийг тодруулахад боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Ю3 барилгын инженерийн дэд бүтэц болон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбон хэвийн ажиллагаатай болгох замаар өмчлөгчийн өмчлөх эрхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг хариуцагч “М”ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон боловч миний нэрийг бүртгэлээс хасаж өгөхгүй байна. “М”ХХК-ийн ТУЗ-ын дарга Ц.Б гэж хүн байж байгаад нас барсан. Түүний эхнэр, өв залгамжлагч Д.Э хариуцна. Би “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт оролцохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-д оооооо гудамжны 00/0 тоот хаягт байрлах U3 барилгын 4 дүгээр давхрын өмчлөлдөө хамаарах хэсгээ хэвийн ашиглах боломжийг олгож, таслах буюу холболтыг нь салган орхисон дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг эргүүлэн холбож, хэвийн ажиллагаанд оруулан нэхэмжлэгчийн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь сэргээхийг хариуцагч “М”ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй "М" ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, "М" ХХК-ийн хувьд "Н" ХХК-тай ямар нэгэн гэрээний болон бусад эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байхад "Н" ХХК-ийн "М" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Хэдийгээр "Т" ХК болон Д.Э, Ц.Б нарын хооронд хэлэлцээр хийгдэж тус I) III барилгыг "Т" ХК-ийн эзэмшлээс шилжүүлэхээр тохиролцсон боловч уг хэлэлцээр нь "М " ХХК-д тус барилгатай холбоотой үүрэг үүсгэхгүй юм. Тус барилга нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд Ү-220200000 дугаараар "Т" ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн /ХХ-175/ тус компанийн өмч хэвээр байгаа ба МХХК-ийн өмчөөр хараахан бүртгэгдээгүй байгаа юм. Иймд “Н" ХХК нь "Т" ХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, харин "Т" ХК болон "М " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээрийн дагуу үүссэн эрх зүйн харилцааны дагуу уг асуудлаар маргаан гарвал шийдвэрлэх боломжтой юм. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн хариуцах үүрэг "М " ХХК-д үүсэхгүй бөгөөд холбогдох шаардлагыг хариуцахгүй билээ. Үүнийг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. "М " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь "Т" ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх ашиглаагүй зардлыг гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан байдаг. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй үйл ажиллагаа юм. Учир нь “Н” ХХК нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцээ өөрөө холбон үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, дулааны шугам, халаалтын хэсгээ "Н" ХХК нь өөрөө салаалж, тусгаарлаж, дулааны асуудлаа шийдэх бүрэн боломжтой юм. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-07-118/125 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт /XX 13-14/-нд тус барилгын нэг давхар нь төвлөрсөн дулаанаар хангагдан ажиллаж байна гэх дүгнэлтээр батлагдана. “Н” ХХК нь дэд бүтцээ өөрөө холбох боломж байгаа эсэхийг үзлэг хийж эсхүл мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж шүүх дүгнэх боломжтой байсан. Энэ талаарх хүсэлтийг хариуцагчаар оролцож байсан Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлө1чийн зүгээс шүүхэд гаргасан боловч шүүх шийдвэрлээгүй нь шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. "М " ХХК нь өөрийн дэд бүтцээ салгасан нь гарах үргүй зардлаас сэргийлсэн Иргэний хуульд заасан "өөртөө туслах" арга хэмжээ юм. Нэгэнт түрээслэгч байхгүй 2 давхар обьектыг ажиллуулж, хий хоосон зардал буюу их хэмжээний халаалт, дулаан, ус, цахилгааны зардал гарахаас сэргийлж дулаанаа хаалгасан нь МХХК-ийн эрх билээ. Гэтэл “Н” ХХК-ийн эрхийг зөрчсөн гэдгээр МХХК-ийг хий хоосон зардал буюу их хэмжээний халаалт, дулаан, ус, цахилгааны зардал гаргахаар шүүх шийдвэрлэж байгаа нь МХХК-ийн эрхийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дүгнэлт/ХХ 13-14, 15-16/ зэргийг үндэслэн, мөн түүнчлэн уг дүгнэлтүүдэд үндэслэн МХХК-ийн үйл ажиллагааны улмаас “Н” ХХК-ийн өмчлөх эрхэд саад болсон гэж нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн МХХК-д буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дүгнэлт зэрэг нь тус II III барилгын инженөрийн шугам сүлжээ, эрүүл ахуйн нөхцөл нь шаардлага хангаж байгаа эсэхийг л тогтоосон юм. Үүнийг МХХК-ийн үйл ажиллагаатай холбож байгаа нь логик уялдаагүй, ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлд хариу тайлбар авалгүйгээр, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг шүүх хуралд оролцох боломжийг нь олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийг гардаж авсан иргэн С.Д нь 2015 оны 12 дугаар сарны 30-ны өдрөөс хариуцагчийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнийгээ шүүхэд гараар бичиж өгчээ. Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр МХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Мөн тус компанийн захирлаар 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс томилогдож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсоны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэн энэхүү гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч огт оролцоогүй гэх үндэслэлтэй юм. хувьцаа эзэмшигч Д.Э-ийн МХХК-ийн 63 хувийг эзэмшиж байгаа хувьдаа компанийг төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг шүүх ноцтой зөрчсөн. Шүүх үзлэг хийгээгүй, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт байхгүй байхад дан ганц Мэргэжлийн хяналтын албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэгч компани нь Марс төв барилгын дулааныг салаалж тусгаарлаж, МХХК-аас хамаарахгүйгээр өөрөө дулаанаа авах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй, энэ байдлыг шалгаж тогтоогоогүй байж шийдсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг оролцуулах, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох /тухайлбал, үзлэг, шинжээчийн дүгнэлт/ зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэглээгүй байгааг залруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М”ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 00000 хаягт байрлах U3 гэх барилгын 4 дүгээр давхрын тус компанийн өмчлөлд хамаарах хэсгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эс үйлдлийг таслан зогсоож, дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг холбож ажиллагаанд оруулж эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр “Т” ХК болон Д.Э нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. /2хх 15-17, 21-22 дугаар тал/

 

            Хариуцагч “М”ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд нэр дурдагдсан, тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Д нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалын танилцуулах ажиллагааг хийжээ. Тэрээр хариуцагчийг төлөөлөх эрхгүй тул, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч дээрх улсын бүртгэлийг үгүйсгэсэн болон өөр этгээд хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. /1хх 216 дугаар тал/.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 00000 дугаар байшин хаягт байрлах Марс худалдааны төв буюу U-3 гэх барилгын 4 дүгээр давхарт 60,6 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22020000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогдож байна /1хх-ийн 8 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх “Т” ХК, Д.Э, Ц.Б нар нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, уг хэлэлцээрт Д.Э, Ц.Бнарыг төлөөлөн Ц.Б оролцож тэмдэглэлд гарын үсэг зурж, улмаар Ц.Б нь 2007 онд үүсгэн байгуулагдсан “М”ХХК-ийн 63 хувийн хувьцаа эзэмшигч болсны зэрэгцээ Д.Э нь түүний гэр бүлийн хүн болох үйл баримтын талаар зохигчид маргаагүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. /1хх 234 дүгээр тал/

 

            Тус барилга нь нийт 4 давхар, 3118.2 мкв талбайтайгаар анх 2001 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “Т” ХК-ийн өмчлөх эрхэд бүртгэгдэж, улмаар 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Т” ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу барилгын 1 139.8 м.кв талбайг “Г” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжүүлж, тус барилгын 2, 3, 4 дүгээр давхрын холбогдох хэсэг “Т” ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр үлдсэн нь улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтооджээ. /1хх-ийн 175, 189-190, 195 дугаар тал/

 

            Мөн “М”ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Т” ХК-д хүргүүлсэн 8/05 тоот албан бичгээр хариуцагч байгууллага УБДС ТӨХК-д хандаж дулаан таслуулсан нь тогтоогджээ. Уг барилгын 2, 3 давхарыг хариуцагч эзэмшиж байсан болон тус барилгын 2 давхараас дээшхи хэсгийн дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамын холболтыг салгуулсан болохыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Улмаар хариуцагч маргаан бүхий барилгын дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг дангаараа өмчлөх, эзэмших болон тухайн барилгын талбайн бусад өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр уг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зүйлүүдийг салгуулах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн хийсэн дүгнэлт, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн хэмжилт хийсэн дүгнэлтүүдээр уг барилга нь дулааны нэгдсэн шугамтай учраас шугамыг нь тасалснаас үйл ажиллагаа нь доголдсон буюу өмчлөгч эзэмшлийн зүйлээ ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна./1хх 13, 15 дугаар тал/

 

Иймд “Н” ХХК нь өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлж чадахгүй болсон нь “М”ХХК-ийн хууль бус үйлдлээс шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

           

Тухайн барилгад хариуцагч үйл ажиллагаа явуулахгүй болсонтой холбоотойгоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах холбогдох шугам, холболтуудыг тасалсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч шугам, холболтыг шинээр салаалж хийлгэх боломжтой эсэх нь хэргийг хянан хийдвэрлэхэд ач хорлбогдолгүй юм. Түүнчлэн хариуцагч “М”ХХК-ийн зүгээс нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлтийг хэрэг хянан ширйдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлжээ.        Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Н” ХХК нь өмчлөх эрхээ зөрчсөн үйлдлийг зогсоолгохоор “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу “М”ХХК-иас шаардах эрхтэй талаар дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтласан нь буруу болжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР