| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/01470/И |
| Дугаар | 181/ШШ2021/01790 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2021/01790
| 2021 10 01 | 181/ШШ2021/01790 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б,
Хариуцагч: Н К ХХК -д тус тус холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Б
Авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаартай 18, 19, 20 дугаар зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч Н К ХХК-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Д нь Н К ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны 8 тоотын 54,41 м.кв, 9 тоотын 100,23 м.кв талбай бүхий орон сууцуудыг 2 автомашины зогсоолын хамт захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэмж 1 авто зогсоолыг захиалсан. Дээрх орон сууцнуудыг 1 мкв талбайг 650 ам доллараар, авто зогсоолыг 16,000 ам доллар, нэмж захиалсан 1 автомашины зогсоолыг 8000 ам доллараар үнийг тохиролцсон. Нэхэмжлэгч Т.Д нь авто зогсоолуудын үнийг бүрэн төлж дуусаад гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр шилжүүлэхийг шаардахад Н.Б Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах хэрэг болоод үүргийн гүйцэтгэлийн барьцаанд таны авто зогсоолыг барьцаалсан байгаа удахгүй чөлөөлөөд өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн.
Дээрх авто зогсоолуудыг гэрээгээр худалдан авч төлбөрийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтын зардлыг төлсөөр байгаа болно.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Үндсэн нэхэмжлэлийн тухайд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг авто зогсоолуудын өмчлөгчөөр Т.Д ийн нэр дээр болгохыг хүлээн зөвшөөрч байна.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Намжилын Батбаяр миний бие Нэмүүт констракшн ХХК-д 2008-2012 он хүртэл няраваар ажиллаж байсан. Нэмүүт констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрнаас иргэн Т.Д 2 байрыг 3 авто зогсоолын хамт худалдан авч байсан бөгөөд тухайн үед мөнгөө бүрэн төлөөгүй мөн миний ажиллаж байсан компанид дараагийн барих барилгын ажилд хэрэглэгдэх баталгаанд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан тул Т.Д ийн худалдан авсан улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар автозогсоолуудыг миний нэр дээр гэрчилгээг гаргасан. Тэр Голомт банканд барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөгдөх үед нь шилжүүлж өгнө гэсэн болзолтой байсан боловч тийм боломж олдоогүйн улмаас миний хувь хүний өрөнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан.
Тиймээс дээрх автозогсоолууд нь Т.Д ийн хөрөнгө бөгөөд надад огтхон ч хамаагүй учраас худалдаж авсан гэх С.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Миний бие Т.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг л хүлээн зөвшөөрч байна. С.Б гийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх автозогсоолууд нь миний эд хөрөнгө биш юмаа. Т.Д анх барилга баригдаж байхад л захиалаад төлбөр мөнгөө бүрэн төлсөн одоо ч тэр хүн ашиглаад явж байгаа болно ” гэв.
Хариуцагч Н К ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н К ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Т.Д нь анх Н К ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө орон сууц, 2 гараашийг захиалсан. Үүний дараа нэмэлтээр дахин нэг гарааш захиалж нийт 5 үл хөдлөх хөрөнгийг захиалсан. Орон сууцны гэрчилгээ гарсан боловч автозогсооолуудын гэрчилгээ төлбөр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй үйл баримт байгаа. Тухайн үед хариуцагч байгууллага зээл авахдаа н.Мөнхбатын төрсөн дүүгийн нэр дээр шилжүүлээд Голомт банк ХХК-аас зээл авсан. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө шүүхийн шийдвэр дээр битүүмжлэгдсэн байсан учраас нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгч чадахгүй удсаар өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, Т.Д тэй холбоотой төлбөр тооцооны асуудал дууссан. Т.Д нь 2009 оноос өнөөдрийг хүртэл 12-13 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийг шударгаар эзэмшиж, ашиглаад ашиглалтын зардал зэргийг төлөөд явж байгаа. Бид нарын хувьд төлбөр тооцооны асуудал дууссан тул Т.Д ийн өмч гэдэгт маргахгүй” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нь Н.Б гэдэг хүнээс өр авлагатай байсан, үүнийхээ хүрээнд албадан дуудлага худалдаа явуулсан. Албадан дуудлага худалдаагаар С.Б нь хуулийн дагуу бүх үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд дэнчин байршуулж, мөн үнийг нь бүрэн төлж 3 гараашийн өмчлөгч болсон. Гэтэл үүнтэй холбоотой өмнөх асуудлыг ярьж байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бие даасан шаардлагын тухайд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/02 дугаартай албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, дэслэгч М.Үүлэнсолонго нь Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00816 дугаар тогтоол, 265 дугаар гүйцэтгэх баримт бичигт холбогдох төлбөр төлөгч Н.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 18, 19, 20, 21, 22, 23 тоот автозогсоолуудыг 2020 оны 04 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд С.Б нь ялагчаар тодорч, авто зогсоолуудын төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлсөн тул төлбөр төлөгч Н.Б 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг автозогсоолуудыг чөлөөлж, иргэн С.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн.
Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасны дагуу С.Б нь тухайн дуудлага худалдааны үнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулсан тул Н.Б ын өмчлөлийн 18, 19, 20 тоот зогсоолуудыг албан ёсны өмчлөгч болсон гэж тодорхойлж болно. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгчөөр С.Б г тогтоож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэлийн байгууллага бүртгэл үнэн зөв байх шаардлагыг л тавьдаг. Бүртгэлийн зүйл нь үнэн зөв байх ёстой. Хавтатс хэрэгт авагдсан баримтаар иргэн Н.Б гэдэг хүний нэр дээр маргаан бүхий өмчлөлийн 3 авто зогсоолын гэрчилгээ гарсан. Иргэн Н.Б бусдад өр төлбөртэй байгаад үүнд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийсэн байна. Энэ урт хугацаанд нэхэмжлэгч Н К ХХК-аас өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхтэй холбоотой шаардах эрхээ яагаад хэрэгжүүлээгүй юм. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө өмч гэх зүйлийг ашиглаж байсан юм бол тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг хэний нэр дээр байгаа талаар лавлаж, тодруулах ёстой. Мөн гэрээний үүргийн биелэлтийг Н К ХХК-аас шаардаж эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Эрх зүйн маргаанд Н.Б хариуцагчаар оролцох ёсгүй. Гэрээний үүргийг Н К ХХК л биелүүлэх ёстой.
Ах дүү гэх хоёр хүн хуулийн этгээдийн нэр дээр байх ёстой гэрчилгээг хэн нэгний нэр дээр гаргаж, түүнийгээ бусдад зарж дараа нь төлбөрийн баталгаа буюу барьцаанд бусдад нэрийг нь шилжүүлж байгаа нь хууль бус үйл ажиллагаа юм. Хэрэв өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн хувьд Н К ХХК-ийг залилангаар өгч шалгуулах боломжтой байсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмч гэдгийг баталж байгаа тохиолдолд дээрх хоёр хүн Улсын бүртгэлийн ерөнхий хуультай холбоотой бүртгэл үнэн зөв байх зарчим болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зарим нэг хууль бус буруу үйл ажиллагаанаас болоод үнэгүйдэх асуудал үүсдэг. Албадан дуудлага худалдаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бүх л арга хэмжээ хийгдсэн. Иймээс хууль бус үйлдлийг өөгшүүлж нуун дарагдуулж болохгүй.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад төлбөртэй этгээд дээр шүүхийн шийдвэр гарч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Гэтэл уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйл баримт байхгүй байна гэдэг байдлаар хандаж байгаад нь гайхаж байна. Иргэн, хуулийн этгээдийн төлбөртэй холбоотой асуудлыг тухайн хүн хувийнхаа өмчөөр л барагдуулна. Энэ нь барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой үүргийн асуудал биш, зөвхөн баталгаатай холбоотой асуудал юм. Н.Б гэх хүн Мөнгөн зоос ББСБ ХХК-д өртэй, үүнийхээ төлбөрийг төлөхгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд бусад нэр дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Улсын бүртгэлийн хууль, Иргэний хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж өөрийнхөө өмчлөлийг бусдын нэр дээр шилжүүлээд миний өмч биш гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуульд улсын бүртгэлийн гэрчилгээ гараад тухайн хүний нэр дээр байгаа үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг өмч гэж хэлнэ гээд тодорхойлсон байгаа. Гэтэл Н К ХХК болон тус компанийн захирлын дүү Н.Б нь миний өмч биш гэж хэлэхээр өмч байхаа болихгүй. Хуульд анхны өмчлөгч ч бай, шударга өмчлөгч ч бай С.Б гэх иргэний хувьд тухайн өмчлөх эрхийг олж авахдаа хууль зөрчөөгүй. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож, өөрийнхөө өмчийг олж авах хууль эрх зүйн орчмыг бүрдүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрх нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв..
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Н.Б , Н К ХХК-д тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох үндсэн шаардлагатай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын албадан дуудлага худалдаанд ялагч болсон тул нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н К ХХК нарын хооронд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Авто зогсоол захиалагчтай байгуулах гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Н К ХХК нь “Нэхэмжлэгч Т.Д нь авто зогсоолын үнийг бүрэн төлсөн тул зогсоолын өмчлөгчөөр тогтоох боломжтой” гэж, хариуцагч Н.Б нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг зээл авах зорилгоор миний нэр дээр шилжүүлсэн. Уг авто зогсоол Т.Д ийн өмч тул надад хамааралгүй” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд ялагч болж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг өмчлөх эрх үүссэн. Дуудлага худалдаанд дуудагдсан үнийг төлсөн” гэж бие даасан шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-д “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж заасан бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ялагч болсон тул дээрх зохицуулалтаар өмчлөх эрх шууд үүсэх боломжгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.15-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд зүйлс худалдан авагчийн өмчлөлд нэгэн адил шилжинэ”, 71.1.16-д “Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ” гэж тус тус заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ялагч болсон нь шууд өмчлөх эрх үүсэхгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өмчлөх эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалттай.
Иймд, дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
С.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өмчлөх эрх шилжүүлэн авахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Д ийг тогтоож, дээрх авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б , Н К ХХК-аас 210,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХБАЯР