Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01714

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01714

 

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 181/ШШ2021/01790 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б , Н ХХК-д холбогдох авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаартай 18, 19, 20 дугаар зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч Б.Т , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь Н ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны 8 тоотын 54,41 м.кв, 9 тоотын 100,23 м.кв талбай бүхий орон сууцуудыг 2 автомашины зогсоолын хамт бариулахаар захиалгын гэрээ байгуулсан.

Мөн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэмж 1 авто зогсоолыг захиалсан. Дээрх орон сууцнуудыг 1 м.кв талбайг 650 ам.доллараар, авто зогсоолыг 16 000 ам.доллар, нэмж захиалсан 1 автомашины зогсоолыг 8000 ам.доллараар үнийг тохиролцсон.

Нэхэмжлэгч Т.Д нь авто зогсоолуудын үнийг бүрэн төлж дуусаад гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардахад Н.Б Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах хэрэг болоод үүргийн гүйцэтгэлийн барьцаанд таны авто зогсоолыг барьцаалсан, удахгүй чөлөөлөөд өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн.

Дээрх авто зогсоолуудыг гэрээгээр худалдан авч төлбөрийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтын зардлыг төлсөөр байгаа болно.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Т.Д нь анх Н ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө орон сууц, 2 гараашийг захиалсан. Үүний дараа нэмэлтээр дахин нэг гарааш нэмж нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийг захиалсан.

Орон сууцны гэрчилгээ гарсан боловч авто зогсоолуудын гэрчилгээг төлбөр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Тухайн үед хариуцагч байгууллага зээл авахдаа н.М-ын төрсөн дүүгийн нэр дээр авто зогсоолуудыг шилжүүлээд Г ХХК-аас зээл авсан.

Зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгө шүүхийн шийдвэр дээр битүүмжлэгдсэн байсан учраас нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгч чадахгүй удсаар өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, Т.Д-тэй холбоотой төлбөр тооцооны асуудал дууссан.

Т.Д нь 2009 оноос өнөөдрийг хүртэл 12-13 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар эзэмшиж, ашиглаад ашиглалтын зардал зэргийг төлөөд явж байгаа. Бидний хувьд төлбөр тооцооны асуудал дууссан тул Т.Д-ийн өмч гэдэгт маргахгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг авто зогсоолуудыг Т.Д-ийн нэр дээр болгохыг хүлээн зөвшөөрч байна.

Н.Б миний бие Н ХХК-д 2008-2012 он хүртэл няраваар ажиллаж байсан. Н ХХК-ийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрнаас иргэн Т.Д 2 орон сууцыг 3 авто зогсоолын хамт худалдан авч байсан бөгөөд тухайн үед мөнгөө бүрэн төлөөгүй, мөн миний ажиллаж байсан компанид дараагийн барих барилгын ажилд хэрэглэгдэх баталгаанд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан тул түүний худалдан авсан улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18,19,20 дугаар авто зогсоолуудын гэрчилгээг миний нэр дээр гаргасан.

Голомт банканд барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөгдөх үед нь шилжүүлж өгнө гэсэн болзолтой байсан боловч тийм боломж олдоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан.

Тиймээс дээрх автозогсоолууд нь Т.Д-ийн хөрөнгө бөгөөд надад хамаагүй учраас худалдаж авсан гэх С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Учир нь дээрх автозогсоолууд нь миний эд хөрөнгө биш. Т.Д анх барилга баригдаж байхад л захиалаад төлбөр мөнгөө бүрэн төлсөн, одоо ч тэр хүн ашиглаад явж байгаа болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлагадаа: Гуравдагч этгээд нь Н.Б гэдэг хүнээс авлагатай байсан, үүнийхээ хүрээнд албадан дуудлага худалдаа явуулсан. Албадан дуудлага худалдаагаар С.Б нь хуулийн дагуу бүх үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийн дэнчинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулж, үнийг нь бүрэн төлж 3 гараашийн өмчлөгч болсон.

Гэтэл үүнтэй холбоотой өмнөх асуудлыг ярьж байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7/02 дугаартай албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, дэслэгч М.Ү нь Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00816 дугаар тогтоол, 265 дугаар гүйцэтгэх баримт бичигт холбогдох төлбөр төлөгч Н.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 18, 19, 20, 21, 22, 23 тоот автозогсоолуудыг 2020 оны 4 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд С.Б ялагчаар тодорч, авто зогсоолуудын төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлсөн тул төлбөр төлөгч Н.Б 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр уг авто зогсоолуудыг чөлөөлж, иргэн С.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн.

Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт заасны дагуу С.Б нь тухайн дуудлага худалдааны үнийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулсан тул Н.Б ын өмчлөлийн 18, 19, 20 тоот зогсоолуудын өмчлөгч болсон гэж тодорхойлж болно. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгчөөр С.Б г тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Д-ийг тогтоож, дээрх авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б , Н ХХК-аас 210 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий авто зогсоолууд нь Н.Б гэх хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогддог.

Н.Б нь бусдад өр, төлбөртэй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тус албадан дуудлага худалдаагаар С.Б нь ялагчаар тодорч, маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж, худалдан авсан байдаг.

Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б нь 18, 19, 20 тоот авто зогсоолуудын өмчлөгч болсон.

Талуудын тайлбараас бусад байдлаар гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн талаар нотлох баримт авагдаагүй байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааны хүрээнд авч үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Учир нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсгийг үндэслэн албадан дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж авсан болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийн үнийг төлснөөс хойш өмчлөлдөө шилжүүлэн авах, гүйцэтгэж дуусгасан ажлыг хүлээн авах нь захиалагчийн үүрэг байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2009 онд гэрээ байгуулагдсанаас хойш өөрийн өмчлөлдөө авч чадахгүй явсаар ийнхүү төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр гарч хуулийн дагуу өөр иргэний өмч болсны дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хэрэгжүүлэх ёстой эрхээ хэрэгжүүлээгүй, цаг хугацаа болон эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийг илтэд хохироосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Н.Б , Н ХХК-д холбогдуулан 3 авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б нь дээрх 3 авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Д, Н ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц болон авто зогсоол захиалах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион ХД-69 дүгээр байрны 8 тоот 54.41 м.кв талбай бүхий орон сууц, 9 тоот 100.23 м.кв талбай бүхий орон сууц, зоорийн давхарт байрлах 2 авто зогсоолыг, мөн тус өдөр дахин авто зогсоол захиалах нэртэй гэрээ байгуулж, зоорийн давхарт байрлах 1 автозогсоолыг худалдан авахаар тус тус тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 3-6 дахь тал/

 

Уг гэрээний зүйл болох авто зогсоолууд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион ХД-69 дүгээр байрны, зоорийн давхарт оршин байдаг, улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй, эхний гэрээний 3.10-т Улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх бөгөөд орон сууц эзэмших эрхийн бичгийг олгоно гэж, дараагийн гэрээний 3.9-д Улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх бөгөөд орон сууц эзэмших эрхийн бичгийг олгоно гэж тус тус тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагчид хариуцагч Н ХХК нь гэрээгээр тохиролцсон 2 орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн, харин 3 автозогсоолыг өмчлөлд нь шилжүүлэн өгөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүсчээ.

 

Улсын бүртгэлийн байгууллагаас дээрх 3 авто зогсоолын өмчлөгчөөр 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Н.Б ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон үйл баримт талуудын тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Талуудын маргаж буй 3 автозогсоолын төлбөрийг нэхэмжлэгч буюу худалдан авагч төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 181/ШЗ2021/03788 дугаар шүүгчийн захирамжаар маргааны зүйл болох 3 авто зогсоолуудын төлбөрийг төлөгдсөн талаарх баримтыг Н ХХК-аас гаргахыг даалгасан боловч тус компанийн архивт байсан санхүүгийн болон бусад баримт бичиг үгүй болсон гэх хариу ирүүлсэн байна. Ийнхүү шүүхээс 3 авто зогсоолын төлбөрийг төлсөн цаг хугацааг тодорхойлох ажиллагаа хийсэн боловч баримт ирүүлээгүй тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий 3 авто зогсоолын төлбөр төлсөн цаг хугацааг тодорхойлон хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 192, 214 дүгээр тал, 2 дугаар хавтасны 36-43, 54 дүгээр талд авагдсан Г ХХК, Н.Б нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл нь маргаан бүхий 3 авто зогсоол байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2016/00816 дугаар тогтоолоор Н.Б аас зээлийн гэрээний үүрэгт 144 680 000 төгрөгийг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ-д олгож шийдвэрлэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 115-123 дахь тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 265 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16280972 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Н.Б ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион ХД-69 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 18, 19, 20 тоот авто зогсоолыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16280972/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 226/1929 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна. Уг ажиллагааг хуулийн дагуу барьцаа үүсгэсэн гэж үзэх бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчинтэй байна.

 

Улмаар дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий 3 автозогсоол худалдан борлогдож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/02 тоот албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор маргаан бүхий 3 авто зогсоолын өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч С.Б д шилжүүлжээ. Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол хүчинтэй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 160-167,172 дахь тал/

 

Иймд Т.Д нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй тул нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/02 тоот албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын үндсэн дээр маргаан бүхий 3 авто зогсоолын өмчлөгч болсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн, С.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд бүртгэл хийлгэх боломжтой бөгөөд тэрээр маргаан бүхий 3 авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхэд Т.Д , Н.Б , Н ХХК-ийн саад болсон үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Иймд С.Б нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаартай 18, 19, 20 дугаар зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хариуцах этгээд нь Т.Д , Н.Б , Н ХХК биш тул түүний гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Б , Н ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэл болон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд С.Б-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 181/ШШ2021/01790 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Б , Н ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэл болон Т.Д , Н.Б , Н ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ХД/69 байрны зоорийн давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд С.Б-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ