Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02276

 

 

Т.Д-н нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02321 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-н хариуцагч Н.Б-т холбогдуулан гаргасан автозогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Д миний бие Н......... ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ............8 тоотын 54.41 м.кв, 9 тоотын 100.23 м.кв талбай бүхий орон сууцуудыг 2 автомашины зогсоолын хамт худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэмж 1 автозогсоолыг захиалсан. Дээрх орон сууцнуудын 1 м.кв талбайг 650 ам.доллараар, авто зогсоолыг 16 000 ам.доллар, нэмж захиалсан 1 автомашины зогсоолыг 8 000 ам.доллараар үнийг тохиролцсон. Байр ашиглалтанд ороход төлбөрөө дутуу төлсөн тул авто зогсоолуудыг барилга барьсан тал барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн ажилтан болох Н.Б нэр дээр гаргасан байдаг. Бид төлбөрөө бүрэн төлж дуусаад гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр шилжүүлэхийг шаардахад Н.БГоломт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах хэрэг болоод үүргийн гүйцэтгэлийн барьцаанд таны авто зогсоолыг барьцаалсан байгаа удахгүй чөлөөлөөд өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Дээрх авто зогсоолуудыг гэрээгээр худалдан авч төлбөрийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтын зардлыг төлсөөр байгаа. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар автозогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарт: ............ бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 3 гараажийнхаа төлбөрийг бүрэн төлсөн. 2011 онд тендерийн баталгаанд Голомт банкинд тавьсан. Би энэ компанид ажиллахаа больсон гэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/02 дугаартай албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ216/00816 дугаар тогтоол, 265 дугаар гүйцэтгэх баримт бичигт холбогдох төлбөр төлөгч Н.Б/..../-ын ...дугаарт бүртгэлтэй ... 18 тоот авто зогсоолыг 9 345 000 төгрөгөөр, 19 тоот авто зогсоолыг 9 400 000 төгрөгөөр, 20 тоот авто зогсоолыг 9 400 000 төгрөгөөр, 21 тоот авто зогсоолыг 9 300 000 төгрөгөөр, 22 тоот авто зогсоолыг 9 300 000 төгрөгөөр, 23 тоот авто зогсоолыг 9 300 000 төгрөгөөр 2020 оны 04 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд С.Бялагчаар тодорч, дуудлага худалдааны нийт орлого 56 050 000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлсөн. Иргэн Н.Бнь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг авто зогсоолуудыг чөлөөлж, иргэн С.Бнь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:   Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............... ХД-69 дүгээр байрны зоорийн давхрын улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоож,  нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Н КХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоол захиалагч иргэдтэй байгуулах гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжпэгч нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлбөр бус хэлцэл болжээ. Харин гэрээний зүйл болох .............. 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгчөөр хариуцагч Н.Булсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний болон үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Т.Д болон Н КХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, Н КХХК-д Н.Бнь ажиллаж байсныг үндэслэн хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн автозогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон шүүхийн шийдвэр нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн Н КХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан авто зогсоол захиалагч иргэдтэй байгуулах гэрээг үндэслэн хариуцагч Н.Б шаардах эрх үүсэхгүй, уг гэрээ нь түүнд хамааралгүйгээс гадна түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлүүд хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 243, 112, 110 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Гуравдагч этгээд С.Бнь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/02 дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд ...Төлбөр төлөгч Н.Б/..../-ын дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч С.Б/....-Д шилжүүлсүгэй ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэнийг албадан дуудлага худалдааны ялагч С.Бирваад танилцуулсугай гэж зааснаар автозогсоолуудыг өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болсон бөгөөд энэ тогтоол хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчид хуулийн дагуу өмчлөх эрх үүсэхээргүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон нь гуравдагч этгээдийн хуулийн дагуу олж авсан өмчлөх эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Т.Д ............ ХД/69 дүгээр байрны зоорийн давхарын 18, 19, 20 тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч Н.Б зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Б автозогсоолуудыг албадан дуудлага худалдааны ялагчаар тодорч худалдан авсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Н КХХК-ийн хооронд дээрх хаягийн 8 тоотод байрлах 54.41 м.кв, 9 тоотын 100.23 м.кв орон сууц, зоорийн давхарын 18, 19, 20 дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолыг худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу төлбөр, ашиглалтын зардал төлсөн баримт хэргийн 3-6, 15-18 дугаар талд авагдсан байх ба нэхэмжлэгч нь уг баримтуудыг шаардах эрхийн үндэслэл болгосон байна.

 

Шүүх нотлох баримтын хуулиар заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон байхын зэрэгцээ хэрэгт авагдсан баримтуудаар маргааны зүйл тогтоогдохгүй байна.

 

 

 

Хэргийн 7-8, 12-14, 49-54 дүгээр тал дахь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагад нийцээгүй байхад шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

 

 

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж тухайн баримтад үндэслэж дүгнэлт хийх боломжгүй.

 

Түүнчлэн маргаан бүхий автозогсоолуудын өмчлөх эрх хариуцагч Н.Б-т шилжсэн үйл баримт тодорхойгүй байна.

 

Хэргийн 55 дугаар тал дахь албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор Улсын дээд шүүхийн 2016 оны 001/ХТ2016/00816 дугаар тогтоол, 265 дугаар гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгч Н.Б өмчлөлийн 6 ширхэг автозогсоолын өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч С.Б шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч шүүхийн уг тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гүйцэтгэх баримт бичиг нь хэрэгт байхгүй, тухайн маргаан бүхий автозогсоолууд нь барьцааны зүйл мөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой болно.

 

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

 

А.МӨНХЗУЛ