Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1924

 

 

Б.А-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагч Ц.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие Ц.А-д 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл Ц.А нь үндсэн зээл болон хүүгээ огт төлөөгүй бөгөөд Ц.А-нь гадаад улсад ажиллаж, амьдардаг учраас огт хөөцөлдөж нэхэж авч чадаагүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дахин төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээгээр зээлж авсан 10 000 000 төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Тухайн гэрээний төлбөр 10 000 000 төгрөгийг төлөх хугацаагаа 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр мөн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, гэтэл одоо болтол өгөөгүй сүүлдээ утсаа ч авахгүй байгаа.

Ц.А нь зээлж авсан 10 000 000 төгрөгөө өгнө гэж худал хэлсээр байгаа бөгөөд мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, одоогоор боломж байхгүй байна гэх зэргээр байнга худал хэлж намайг хохироож байна. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийн хамт гаргуулж Б.А надад олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А би 2013 онд Б.Ариунбаяраас 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй /сарын/ зээлж, анх зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Тэгээд би Б.Ариунбаярт 2014 онд 6 500 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 5 000 000 төгрөг төлсөн. Гэтэл жил орчимд /дотор/ Б.Ариунбаяр ахын бие гэнэт муудан бурханы оронд очсон. Миний өгсөн 11 500 000 төгрөгийг Б.А нэхэмжлэгч Б.Ариунаа эд нар мэдэж байгаа. Гэхдээ энэ мөнгийг хүүд тооцож авна. Ах маань нас барсан тул гэрээг нотариатаар орж сунгуулах хэрэгтэй гэж намайг дуудсан. Б.Ааас би 10 000 000 төгрөгийг бэлэн болон данснаар ямар ч мөнгө аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ааас зугатаж, утсаа авахгүй байсан зүйл байхгүй. Би Б.Атай 10 000 000 төгрөгийн гэрээ хийсэн гэж бодоогүй ахынхаа гэрээг сунгасан гэж бодсон, би харахгүйгээр гарын үсэг зурсан. Анх 13 000 000 төгрөгийн гэрээ хийж, тухайн үедээ би хоолны бизнес хийж байсан тул 3 000 000 төгрөг өгч хассан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг мэдэж байгаа. Намайг 13 000 000 төгрөгийг авсан гэдгийг мэдэхгүй. н.Ариунаа нь н.Ганбаяр ахтайгаа холбоотой байсан учир 13 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг барагдуулсныг мэдэж байгаа. Тухайн үед би 35 000 000 төгрөгийн зээл авч, 5 000 000 төгрөгийг н.Ганбаярт өгч, гарын үсэг зуруулж байсан ч дампуурчихсан тул байхгүй болчихсон. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй, надад төлөх мөнгө байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас бүгд 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.А-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэн би нэхэмжлэгч талын дарам шахалтаас үнэхээр айж байсан ба шүүх хуралдаанд намайг өмгөөлөгчтэй оролцох боломжийг шүүх хязгаарласан. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамтаар оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн нь бодит үнэнг огт мэдэхгүй, худал тайлбар шаардлага тавьдаг, өмгөөлөгч нь хууль зүйн мэдлэгээрээ намайг хуулийн наад захын мэдлэггүйг тохуурхан дээрэлхэж байсан. Үүнийг шүүгч нь үл анхаарч, нэхэмжлэгч талд илт давуу байдал үүсгэж, шүүх хуралдааны явцад над руу дайрч хөтөлсөн асуултууд удаа дараа тавьж, надаар хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийсээр байсан. Хариуцагч надад тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломж огт олгоогүй. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч болох надад 10 000 000 зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан буюу хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл нь хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.А нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харилцан хүсэл зоригоо илэрхийлэн 10 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3.5 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэхээр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Учир би Б.Ааас огт мөнгө хүлээн аваагүй, зээлийн харилцаа огт үүсгээгүй үүнийг шүүх анхаараагүй.

Гэрээний 4 дэх хэсэгт зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан. Үүнийг хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд уг гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан ба Б.А нь Б.Ганбаярт итгэмжлэлээр төлөөлж надтай зээлийн гэрээг сунгаж байгуулаагүй буюу нас барагчийн эрх залгамжлагч, түүнчлэн өв залгамжлагчаар тогтоосон баримт байхгүй, ямар ч эрх зүйн харилцааны оролцогч биш байтал түүнийг шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Хавтаст хэрэг авагдсан 2014 оны Б.Атай байгуулсан гэх гэрээ нь Б.А нь манай ах нас барчихлаа, чи түүнд дутуу мөнгө өгсөн тул одоо үүний гэрээг сунгаж, дахин гэрээ байгуулах шаардлагатай гэж намайг нотариат дээр дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ үед яагаад Б.А зурж байгааг асуухад ах нас барсан тул би зурна гэж хэлсэн. Миний мөнгө аваагүй гэдгийг нотариат сонссоор, мэдсээр байж та гарын үсгээ энд зур гэсээр зуруулсан. Нотариатчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Мөн би бүх үйл баримтыг бодитоор нь мэдэх нэхэмжлэгч гээд байгаа Б.А-ныг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх мөн л хүлээн аваагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь бодит байдлыг огт мэдэхгүй байж, худал тайлбар өгч, хуурамч баримтуудаар хэргийг шийдвэрлүүлсэн. Шүүх хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Би шүүх хуралдаанд түрүүлээд ирсэн миний авсан өмгөөлөгч араас орж ирж байгааг хэлсээр байтал шүүх 5 минут хүлээлгүй хуралдаанаа шууд эхлүүлсэн. Би өмгөөлөгчтэйгээ оролцмоор байна гэж зөндөө хэлсэн боловч үл ойшоон, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хүсэлт шийдвэрлэж завсарлахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Би өмнөх шүүх хуралдаанд авчирч өгөхөөр хэлсэн талийгаач Б.Ганбаяртай хийсэн зээлийн гэрээг шүүх хуралдаанд өгсөн боловч шүүгч хүлээн авч хэрэгт хавсаргаагүй.

Б.А нь шаардах эрхгүй этгээд төдийгүй шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох талийгаач Б.Ганбаяртай хийсэн зээлийн гэрээг шүүх хурлын явцад гаргаж өгсөөр байтал шүүгч хүлээн аваагүй, энэ талаараа тэмдэглэлдээ дурдаагүй /шүүх хуралдааны бичлэгт байгаа/, хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.2.2-т заасан эрхийг эдлүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Бодит байдалд Б.А бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн үү, гэрээний зүйл болох мөнгийг тухайн өдөр Б.А нь Ц.А-д шилжүүлсэн үү, Худалдаа хөгжлийн банкнаас авч өгсөн гэж байгаагаа тухайн банкны дансны хуулгаараа нотолсон уу, хариуцагчийн яриад байгаа Б.Ганбаяртай хийсэн зээлийн гэрээ байна уу зэрэгт үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр 2013 оны 9 сард хийгдсэн зээлийн гэрээний сунгалт нэрийдлээр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Ариусайхантай байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд шүүх дүгнэлт хийн хэрийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн нь бодит байдалд эсрэгээрээ байгаад туйлын гомдолтой байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь татгалзлаа 2013 онд Б.Ариунбаяраас 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан, 2014 онд Б.Ариунбаярт 6 500 000 төгрөг, дараа нь 5 000 000 төгрөгийг түүний машин дотор өгсөн, жилийн дараа Б.Ариунбаяр нас барсан тул Б.А гэрээг нотариатаар орж сунгуулна гэж дуудсан,  Б.А-аас 10 000 000 төгрөг бэлнээр болон дансаар аваагүй гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт зохигчдын хооронд бичгээр 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ авагджээ.

 

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний дагуу бодитойгоор мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлж өгөөгүй гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн талууд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл хариуцагч Ц.А нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан 10 000 000 төгрөгийн үлдэгдэл 10 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Ааас 10 000 000 төгрөг зээлээгүй гэх хариуцагч Ц.А-ын тайлбар нь төлбөр барагдуулах гэрээгээр няцаагдсан гэж үзнэ.

 

Иймээс талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгний зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэхь хэсэгт заасны дагуу байгуулагдсан гэж үзэх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлж дууссан байх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.А-аас зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг заасан нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардуулж, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохигчдод хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөнөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагчийн өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан ба шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ