Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00172

 

Б.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1924 дүгээр магадлалтай

Б.Аы нэхэмжлэлтэй,

Ц.Ад холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие Ц.Ад 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл Ц.А нь үндсэн зээл болон хүүгээ огт төлөөгүй бөгөөд Б.Ань гадаад улсад ажиллаж, амьдардаг учраас огт хөөцөлдөж нэхэж авч чадаагүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дахин төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээгээр зээлж авсан 10 000 000 төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Тухайн гэрээний төлбөр 10 000 000 төгрөгийг төлөх хугацаагаа 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр мөн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, гэтэл одоо болтол өгөөгүй сүүлдээ утсаа ч авахгүй байгаа. Ц.А нь зээлж авсан 10 000 000 төгрөгөө өгнө гэж худал хэлсээр байгаа бөгөөд мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, одоогоор боломж байхгүй байна гэх зэргээр байнга худал хэлж намайг хохироож байна. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийн хамт гаргуулж Б.А надад олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.А би 2013 онд Б.Ариунбаяраас 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй /сарын/ зээлж, анх зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Тэгээд би Б.Ариунбаярт 2014 онд 6 500 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 5 000 000 төгрөг төлсөн. Гэтэл жил орчимд /дотор/ Б.Ариунбаяр ахын бие гэнэт муудан бурханы оронд очсон. Миний өгсөн 11 500 000 төгрөгийг Б.А нэхэмжлэгч Б.Ариунаа нар мэдэж байгаа. Гэхдээ энэ мөнгийг хүүд тооцож авна. Ах маань нас барсан тул гэрээг нотариатаар орж сунгуулах хэрэгтэй гэж намайг дуудсан. Б.Ааас би 10 000 000 төгрөгийг бэлэн болон дансаар ямар ч мөнгө аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ааас зугтаж, утсаа авахгүй байсан зүйл байхгүй. Би Б.Атай 10 000 000 төгрөгийн гэрээ хийсэн гэж бодоогүй ахынхаа гэрээг сунгасан гэж бодсон, би харахгүйгээр гарын үсэг зурсан. Анх 13 000 000 төгрөгийн гэрээ хийж, тухайн үедээ би хоолны бизнес хийж байсан тул 3 000 000 төгрөг өгч хассан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг мэдэж байгаа. Намайг 13 000 000 төгрөгийг авсан гэдгийг мэдэхгүй. н.Ариунаа нь н.Ганбаяр ахтайгаа холбоотой байсан учир 13 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг барагдуулсныг мэдэж байгаа. Тухайн үед би 35 000 000 төгрөгийн зээл авч, 5 000 000 төгрөгийг н.Ганбаярт өгч, гарын үсэг зуруулж байсан ч дампуурчихсан тул байхгүй болчихсон. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй, надад төлөх мөнгө байхгүй, Ганбаярын нэрийг андуурч Ариунбаяр гэж тайлбартаа бичсэн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ааас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Аы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1924 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Аы нэхэмжлэлтэй Ц.Ад холбогдох иргэний хэрэгт холбогдуулан гарсан 2018.08.31-ний өдрийн 1924 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

Иргэний хуулийн 281.1, 282.4-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 40.1, 40.2, 38.9-ийг хэрэглээгүй байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Хянавал: “Түүнчлэн талууд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл хариуцагч Ц.А нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан 10 сая төгрөгийн үлдэгдэл 10 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Ааас 10 сая төгрөг зээлээгүй гэх хариуцагч Ц.Аын тайлбар нь төлбөр барагдуулах гэрээгээр няцаагдсан гэж үзнэ. Иймээс талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 сая төгрөгийн зээлийн гэрээг ИХ-ийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан гэж үзэх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 сая төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24- ний өдрийг хүртэл хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн байна Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ” гэжээ. Шүүх юуны түрүүнд 281.1-д заагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, ИХ-ийн 40.1-т заасан хэлцэл талуудын хооронд хийгдсэн эсэхийг шүүх тогтоох байсан. Гэтэл шүүх 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хариуцагч Ц.А нь Б.Атай ямар нэгэн зээлийн гэрээ хийх, 10 сая төгрөг авах хүсэл сонирхол, шаардлага байхгүй байхад хүсэл сонирхолын илэрхийлэлийг тогтоолгүй зээлийн гэрээг шууд байгуулагдсан гэж үзсэн байна. Нөгөөтэйгүүр ИХ-ийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Гэтэл 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээнд 10 сая төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгч авсан тухай нотлох баримтанд тусгагдаагүй байхад 2014 оны хэлцлийг бататгасан буюу 10 сая төгрөг зээлсэн гэж гэдгийг 2017 онд хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл нотолж байна гэж үзсэн үндэслэлгүй бөгөөд 2014 оны гэрээг талуудын хүсэл зориг нэгдэж байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байхад 2017 оны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь мөнгө аваагүй байхад Нэхэмжлэгч талын дарамтаас болж хийгдсэн 2017 оны гэрээг үндэслэлтэй, 10 сая төгрөгийг зээлсэн гэдгийг нь нотолж байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Б. Ань Ц.Ад 10 сая төгрөгийг бэлэн болон дансаар өгсөн бол мөнгийг өгсөн гэх дансны хуулга эсвэл тухайн үеийн талуудын хооронд мөнгө өгч авч байсан баримтууд үлдсэн байх ёстой гэтэл тийм баримт нотлох баримтанд байхгүй байхад мөнгө зээлдүүлсэн нь нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, өөрийн худалдаа хөгжлийн банкны данснаас 10 сая төгрөгийг авч, Б. Ариунсайханд бэлнээр шилжүүлж өгсөн гэж тайлбарласан байдаг.

Хоёр: хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Ц.А нь Б.Атай байгуулсан гэх 2014 оны зээлийн гэрээг төөрөгдлийн үндсэн дээр байгуулсан бөгөөд тухайн үед Ц.А нь төөрөгдсөн гэдгээ мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үед ойлгож мэдсэн байдаг.

Анхан шатны шүүхэд 2014 оны зээлийн гэрээг баталсан нотариатчийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүгч гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Нотариат ч тухайн үед Б.Ааас бэлнээр мөнгө авсан эсэх, Ц.А нь ямар ойлголттойгоор 2014 онд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх зэргийг тодруулж асуух асуулт байсаар байхад шүүгч гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн нь хэт нэг талыг баримталж Ц.Аын хүсэлтийг хангаагүй байна. Мэтгэлцэх боломжийг бүрдүүлээгүй байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3, 43.3-ийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, хэргийг хяналтын журмаар дахин хянаж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Ц.А нь аваагүй мөнгийг гаргуулахаар шийдвэрүүд гарсан байх тул тус шийдвэрийг хянан үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж дутуу нотлох баримтуудыг бүрдүүлж мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.А нь Ц.Ад холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Б.Ааас мөнгө зээлээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна.

 Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, Б.Амарсайхан нь Ц.Ад 10 000 000 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заагдсан хугацаанд зээл, түүний хүүг эргүүлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ./хх-5/

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, төлбөр төлөгч Ц.А зээлж авсан 10 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 13-ны дотор төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон /хх-6/ боловч төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй, шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь зээл аваагүй, нэхэмжлэгчийн дарамтаас болж гэрээ байгуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэж, хэрэгт цугларсан баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж зохицуулсан.

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Ц.Аын “нотлох баримт гаргах, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах” хүсэлт гаргаснаар хойшлуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үед “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, хэрэгт нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, шүүх хариуцагчид боломж олгож шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан, дахин шүүх хуралдааны үед хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээ нотлоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2. дахь заалтыг зөрчөөгүй, “...шүүх мэтгэлцэх боломжийг бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01403 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1924 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э.Халиунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР 

ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД