Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1096

 

Э.Сансармаад холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Э.Сансармаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сансармаагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908 0415 70665  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Эрдэнэбилэгийн Сансармаа, 1989 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мөнгөн гүүр” эмнэлэгт асрагч, сувилагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны 92 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УЗ89120647/;

            Э.Сансармаа нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 11 цаг 32 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөнгүүр” эмнэлгийн хүлээлгийн танхимд иргэн М.Мөнх-Эрдэнийн гээгдүүлсэн хар өнгийн хэтэвчтэй эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                          

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сансармаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Сансармааг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Сансармаагаас 1.536.400 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнх-Эрдэнэд олгож, Э.Сансармаад авсан хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Э.Сансармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эмнэлгийн шалан дээрээс хэтэвчтэй эд зүйл олсон ба эзэн нь гэх 40-45 орчим насны эмэгтэйд шилжүүлсэн өгсөн. Гэтэл уг этгээд нь хэтэвчний эзэн биш байсан бөгөөд би түүнд шилжүүлэхдээ дотор нь юу байгааг шалгаж үзээгүй. Энэ нь миний буруутай үйлдэл боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэхэд эргэлзэж байна. Би шийтгэх тогтоолд дурдсан шиг санаатайгаар бусдын эд зүйлийг хувьдаа завшсан үйлдэл огт хийгээгүй. Камерын бичлэгт миний гарт харагдаж байгаа эд зүйл үнэхээр хэтэвч мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд тухайн үед би хэтэвчийг эзэн гэх хүнд нь өгөөд гартаа хар өнгийн гэртэй гар утсаа барьж яваад 00-ын өрөө орсон. Хяналтын камерын сохор бүс буюу ханын догол байдаг. Үүнийг хэргийн газар дээр очиж шалгаагүй. Түүнчлэн хохирогчийн хэтэвчинд түүний мэдүүлсэн шиг тийм их хэмжээний мөнгө болон 8 гр алт байсан эсэх нь эргэлзээтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хохирлын тооцоог зөвтгөж, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч М.Мөнх-Эрдэнэ анх цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөлдөө болон удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ “8 грамм алт, 500.000 төгрөг болон бусад эд зүйл байсан” гэдэг. Эдгээр эд зүйлс хохирогчийн хэтэвчинд байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Үүнийг үгүйсгэх баримт байгаагүй учир хохирлын хэмжээг 1.536.400 төгрөгөөр тогтоож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.Сансармаа нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөнгүүр” эмнэлэгт асрагч, сувилагчаар ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 11 цаг 32 минутын үед, тус эмнэлгийн хүлээлгийн танхимд үйлчлүүлэгч М.Мөнх-Эрдэнийн гээгдүүлсэн бэлэн 500.000 төгрөг, 8 гр алт, бичиг баримт бүхий хар өнгийн хэтэвчтэй эд зүйлийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч, завшсаны улмаас 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

            Хохирогч М.Мөнх-Эрдэнэ анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “...2019 оны 8 дугаар сард өвчний учир “Мөнгөнгүүр” эмнэлэгт биеэ үзүүлж явахдаа хэтэвчтэй эд зүйлээ гээсэн. Хэтэвчин дотор 500.000 төгрөг байсныг Баяраа ахаас эмчилгээ хийлгэнэ гэж бэлнээр авсан. 8 гр алт байсныг миний эцэг Монхор надад өвлүүлж өгсөн. Иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. ...” /хх-ийн 13/ гэж,

            мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “... “Мөнгөнгүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр байж байхдаа халааснаасаа бэлэн 500.000 төгрөгтэй, 8 гр алттай, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх хийсэн хэтэвчээ гээгдүүлсэн. Эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд би сандал дээр сууж байгаад босч явах үед өмдний халааснаас хэтэвч газар унасныг уг эмнэлгийн ажилтан эмэгтэй надтай зөрж өнгөрөхдөө авч байгаа бичлэг байсан. ... Миний хэтэвч эрэгтэй хүний бор өнгөтэй, том хэмжээтэй арьсан хэтэвч байсан. ... хэтэвчин дотор байсан 500.000 төгрөгийг энэ зун хамт морь уяан нутгийн хуурай ах Монгол Улсын алдарт уяач Баяраа өгсөн. 1 ширхэг бөөрөнхий загвартай, 8 гр жинтэй цэвэр алт нь миний эцэг Монхороос 1990-ээд оны үед үе залгамжлан ирсэн. Би насанд хүрээд өөрийн хэрэглэдэг хэтэвчиндээ байнга авч явдаг болсон. ...” /хх-ийн 35-36, 37-38, 39/ гэж эд хөрөнгөө гээгдүүлсэн газар, цаг хугацаа, гээгдүүлсэн эд хөрөнгийнхөө шинж онцлог, түүний эх сурвалжийн талаар тогтвортой, тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь:

            - гэрч Ш.Даваажавын “...Сансармаа лабораторын үүдэнд хүнтэй юм яриад үлдсэн. Тэр газар нь яаралтай тусламжийн хүлээлгийн танхим байсан. Тэгээд над руу бууж ирээд “Даваа эгчээ гэдэс өвдөөд байна, ариун цэврийн өрөөний түлхүүрээ өгөөч” гэхээр нь би түлхүүр өгөөд ариун цэврийн өрөө рүү ороход хүн байсан. Сансармаа болиод уутанд юмнуудаа хийгээд аваад явсан. ...” /хх-ийн 28-29/,

            - гэрч Д.Баяраагийн “...Мөнх-Эрдэнэ нь уяач бөгөөд 2019 оны зун миний морийг 2 сар уяж өгөөд 8 дугаар сард хот руу явахад нь миний бие цалин гэж 500.000 төгрөгийг өгч байсан.  

            - гэрч Ө.Хоролмаагийн “...манай нөхрийн хөл нь өвдөөд надаас хоцорч алхаж байснаа гэнэтхэн “Миний хэтэвч алга байна” гэж хэлсэн. Би буцаж очоод хайсан боловч байгаагүй. Тухайн үед камерын бичлэг байгаа болохоор өгчихнө л гэж бодсон. Хэтэвч дотор нөхрийн маань жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, эцэг эхээс нь өвлөж ирсэн алт, 500.000 төгрөг байсан. ...” /хх 159/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн “...тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн танхимын ертөнцийн зүгээр хойд талын 3 ширхэг залгаа ногоон өнгийн порлоноор бүрхсэн сандал дээр сууж байхад халаасанд хэтэвч байсан гэж хохирогч Мөнх-Эрдэнэ заав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/,

- хохирогч М.Мөнх-Эрдэнийн гээгдүүлсэн эд хөрөнгөд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/,

- “Мөнгөнгүүр” эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авах руу харсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...коридорын ногоон өнгийн сандал дээрээс улбар шаргал өнгийн саравчтай малгай, цамцтай, хар бараан өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 32 минут 27 секундэд босох үед өмднийх нь халааснаас хар бараан өнгийн хэтэвч унах ба түүнийгээ анзааралгүй цааш алхахад 11 цаг 32 минут 30 секундэд цэнхэр өнгийн эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хүн хүлээн авах тасгийн танхимын голд унасан хэтэвчийг аваад хар өнгийн хувцастай эмэгтэйтэй 11 цаг 32 минут 38 секундэд юм ярьж зогсох бөгөөд 11 цаг 32 минут 43 секундэд төв хүлээн авах руу эргэсэн коридороор хэтэвчийг гартаа атгасан чигээр ганцаараа ... алхаж байгаад бор өнгийн хаалга татаж орж байгаа дүрс бичигдэв. ... 11 цаг 33 минут 04 секундэд хохирогч Мөнх-Эрдэнэ, түүний эхнэр Хоролмаа нар хүлээлгийн заал руу орж ирэн гээсэн хэтэвчээ хайж байгаа бололтой сандлын доогуур болон цүнхээ үзэж шалгаад зогсож байх үед буюу 11 цаг 33 минут 41 секундэд сувилагч Сансармаа орж ирээд Мөнх-Эрдэнэ, Хоролмаа хоёрыг хараад хажуугаар нь зөрөөд, зүүн баруун гар талын хаалгаар явж байгаа бичлэг байв. ... Мөнх-Эрдэнэ, Хоролмаа хоёр хүлээлгийн заалнаас гарч коридороор нааш алхаад коридорын наад талын үзүүрт зогсоод өмднийхөө халаас, цүнхээ тэмтрээд зогсож байх үед Сансармаа баруун гартаа хар өнгийн хэтэвч барьсан чигээр араас нь явж байгаад зог тусан коридорын баруун талд байх бор өнгийн хаалгыг татаад орж байгаа бичлэг байна. Хохирогч Мөнх-Эрдэнэ халаасаа тэмтрээд буцаад хүлээлгийн заал руу явж байхад Хоролмаа түрүүлж гүйгээд хүлээлгийн заал руу очив. Төд удалгүй 8 секундын дараа Сансармаа бор өнгийн хаалгыг онгойлгон гарч ирээд хүлээлгийн заал руу чиглээд булан тойрч байх ба гартаа ямар нэгэн зүйл бариагүй байв. ...” /хх-ийн 54-55, 56-57/ гэсэн тэмдэглэл,

- шүүгдэгч Э.Сансармаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний хэтэвч олсон гэх газрыг зааж байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 89-91/ зэргээр давхар нотлогдсон бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан тул шүүгдэгч Э.Сансармааг дээрх гэмт хэргийн улмаас бусдад 1.536.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Э.Сансармаа гаргасан давж заалдах гомдолдоо “...гээгдэл эд хөрөнгө болох хэтэвчтэй эд зүйлийг эзэн нь гэх 40-45 насны үл таних эмэгтэйд хүлээлгэн өгсөн...” хэмээн маргах боловч энэ нь хэрэгт цугларч, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй ба анхан шатны шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Сансармааг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар мянган хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, үйл баримт, хохирлын асуудлаар маргасан шүүгдэгч Э.Сансармаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сансармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН