Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 657

 

                                         Э.С холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.С, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1096 дугаар магадлалтай Э.Сд холбогдох эрүүгийн 1908041570665 дугаартай хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, “Мөнгөн гүүр” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй Б овогт Эийн С

Э.С нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 32 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнгөн гүүр” эмнэлгийн хүлээлгийн танхимд иргэн М.М гээгдүүлсэн хар өнгийн түрийвчтэй эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1,536,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.С гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 1096 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.С гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар тухайн асуудал нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль буцаан хэрэглэж уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж хүндрүүлж шийдвэрлэсэн.

Тухайн асуудал “Г” хэлбэрийн өнцөг давхацсан газар учраас надаас түрийвч авсан хүний бичлэг камерт хаагдаж харагдахгүй нөхцөлд болсон гэх тул намайг газраас олж байгаа бичлэг л байгаа ямар ч гарцгүй надаас түрийвчээ дотор нь байсан алт, мөнгийг 500,000 төгрөг хохирогч нэхээд байдаг. Үүнийг ч нотлоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагааг явуулаагүй. Би ам бүл 5, нөхөр, 5-12 насны 3 хүүхэдтэй, одоо 8 сартай жирэмсэн тухайн байгууллагад 7 жил ажилласан. Миний хувийн байдлыг харгалзан хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Э.Сд холбогдох хэрэг камерын бичлэгээр нотлогддог. Тухайн түрүүвчинд 500,000 төгрөг, 8 грамм алт байсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон. Шүүгдэгч Э.С түрүүвчийг барьж явсаар өрөөнд ороод гарч ирэхдээ түрүүвчгүй байсан нь камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харагддаг. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Шүүх Э.Сд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М.М нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлгийн хүлээлгийн танхимд 1,536,400 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн мөнгөтэй түрийвчээ гээгдүүлсэн үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан бүх арга хэмжээг авч, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрчийн мэдүүлэг, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хоёр шатны шүүх Э.С бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш буюу 1,536,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд дэлгэрэнгүй байдлаар тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчид оногдуулах ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд эдгээр хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул уг хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн байна.

Эдгээр хуулиудаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилж, уг хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолох, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, хөөн хэлэлцэх хугацааны хувьд хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар хуульчлан тогтоосон билээ.

Дээр дурдсан хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э.С прокурор яллагдагчаар татсан байх тул түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй юм.

Түүнчлэн хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноос гадна хэргийн үйл баримтын талаар тэдгээрээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдлийг няцаах, үгүйсгэх баримт сэлт хэрэгт авагдаагүй байна.

Иймд өөрт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1096 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН